Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 7

 

Х.Д-гийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                            Г.Банзрагч,

                                                        Б.Мөнхтуяа,

                                                        Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Х.Д-гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0553 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль (1996 он)-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2002 он)-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2-т заасныг тус тус баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ...” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох, Х.Д-гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэгч Х.Долгормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0553 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ...” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Д-гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал нэхэмжлэгчийг цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тогтоохгүй гэж маргаагүй бөгөөд гагцхүү цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэж тайлбарласан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй” гэж заасны дагуу Х.Д-г цэргийн алба хаасан хугацааны хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргасан.

4. Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, /20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй/, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гээд 3 дахь заалтаар “цэргийн алба хаах нас хэтэрч” гэж заасан.

5. Тухайлбал, Х.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн цолтой ажиллаж, алба хаасан хугацаа нь дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн цолтой 10 жил 5 сар 29 хоног ажилласан ба 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаах нас хэтэрсэн, мөн 10-аас доошгүй жил цэргийн цолтой алба хаасан тул цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэрт тогтоолгохоор чөлөөлсөн байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулиар шийдвэр гүйцэтгэгч цэргийн цолгүй энгийн болж, гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнийн дүнгээс хамаарч 0,5-10 хувиар урамшуулах тогтолцоо бий болж, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно”, 3 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус нийгмийн даатгал төлсөн хугацааг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан байна.

7. Нийгмийн даатгалын байгууллага нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг дээрх хуулийн зохицуулалтын дагуу бодон түүнийг цэргийн албанд 19 жил, 10 сар, 16 өдөр ажилласнаар тооцож, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг олгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж буй офицер, ахлагч нарт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгодог.

8. Гэтэл иргэн Х.Д нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цэргийн цолтой 10 жил 05 сар 29 хоног ажиллаж, цэргийн алба хаах насны дээд хязгаарыг хэтэрсэн тул түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэл байхгүй юм.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Х.Д-гийн ажилласан жилийн тооцоог гаргахдаа цэргийн цолтой ажилласан хугацаанд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар ажлаас халсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/186 дугаар тушаал хүртэл хугацааг оруулан тооцсон. Өөрөөр хэлбэл иргэн Х.Долгормаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт анх томилогдсон буюу 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5 жил, 7сар, 27 хоног цэргийн цолтой ажилласнаар тооцсон байхад тухайн жилийг цэргийн цолтой ажилласан хугацаанд оруулаагүй гэсэн үндэслэлгүй байна.

10.  Иргэн Х.Д нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр 10 жил 1 сар 20 хоног, нийт 20 жил 7 сар 19 хоног ажилласан байхад давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласнаар тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

11.  Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12.  Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

13.  Нэхэмжлэгч Х.Д-гаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаалын 1 дэх заалтын “цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэсэн хэсгийг болон 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, Х.Долгормаагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт биеэр 23 жил 1 сар 17 хоног, хуулиар олгох нэмэгдэл 2 жил 4 сар, нийт 25 жил 5 сар 17 хоног ажилласан хугацааг цэргийн албанд ажилласнаар бүрэн тооцоолохгүй, зөвхөн 10 жил 3 сар 29 хоногоор тооцсон байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, цэргийн тэтгэвэр бүрэн тогтоох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэгч нар анх цэргийн цолтой ажиллаж байгаад 2002 онд хуульд өөрчлөлт орсноор цэргийн цолгүй болж, 2012 онд хууль өөрчлөгдсөнөөр буцаад цэргийн цолтой ажиллах болсон, ийнхүү хууль өөрчлөгдсөн нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, цэргийн тэтгэвэр тооцох хугацаанд оруулан тооцно” гэж тодорхойлжээ.

14.  Маргааны гол үйл баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр цолгүй буюу энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох эсэхэд оршиж байх бөгөөд хариуцагчийн “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийнээр, цолгүй ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр тооцохдоо оруулаагүй, хасч тооцсон” үйлдлийг дараах үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж үзлээ.

15.  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ” гэж,  135 дугаар зүйлийн 135.2-т “хорих байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж /2007 онд өөрчлөгдсөн/, улмаар мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-т “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн ...137.2-т /цэргийн цол, зэрэг, дэвийн нэмэгдэл олгох/ зааснаас бусад баталгааг эдэлнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд шийдвэр гүйцэтгэгчийн цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацааг “цэргийн алба хаасан” хугацаанд оруулан тооцохгүйгээр ялгаатай зохицуулсан байна. 

16.  Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1992 оны Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ” гэж, 7 дугаар зүйлийн 2-т “цэргийн албан хаагч ... цэргийн цолтой байна” гэж тус тус заасан байна.

17.  1994 оны Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заасан, хуулийн энэ зохицуулалтын “цэргийн алба хаасан” гэх урьдчилсан нөхцөлийг хангах шаардлагатай, тодруулбал, цэргийн цолтой ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд тооцох зарчмаар хязгаарлагдах бөгөөд дээр дурдсан байгууллагад цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацаа хамаарахгүй юм.

18.  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “цэргийн алба хаагч … эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шийдвэр гүйцэтгэгчээр, энгийнээр ажилласан хугацаа нь “цэргийн алба хаасан” хугацаанд хамаарахгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

19.  Давж заалдах шатны шүүхээс “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг цэргийн цолтой байсан эсэхээс үл хамааран цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд тооцохоор тухайлан зохицуулсан заалт байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, цэргийн албанд энгийнээр болон цэргийн цолтой ажилласан хугацааг адилтган хэрэглэхгүй байна.

20.  Нэхэмжлэгчийн “хууль өөрчлөгдсөн нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, цэргийн цолгүй боловч адил чиг үүрэг гүйцэтгэж байсан” гэсэн тайлбараар нэхэмжлэлийг хангах боломжгүй, захиргааны байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг үндэслэн шийдвэр гаргах ба шийдвэр гүйцэтгэгч нар нь буцаад цэргийн цолтой ажиллах болсон хуулийн өөрчлөлт нь өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэгдэхгүй, харин хууль тогтоогчоос хууль батлах замаар зохицуулалт хийхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүй.

21.  Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0553 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0514 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ