Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 868

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г******* ” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, С.М******* нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №210217 тоот “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар “Г*******” ХХК-д ногдуулсан татварын үлдэгдэл болох 411,250,000 (дөрвөн зуун арван нэгэн сая хоёр зуун тавин мянган) төгрөгийн нөхөн татвар, 123,375,000 (нэг зуун хорин гурван сая гурван зуун далан таван мянган) төгрөгийн торгууль, 95,344,200 (ерэн таван сая гурван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун) төгрөгийн алданги буюу нийт 629,969,200 (зургаан зуун хорин есөн сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун) төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* Б.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсээс манай банкны 2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн шалгаад 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2102117 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 843992,5 мянган төгрөгийн нөхөн татвар, 253017,8 мянган төгрөгийн торгууль, 330965,3 мянган төгрөгийн алданги, нийт 1427375,5 мянган төгрөгийн нөхөн татвар төлүүлэх шийдвэр гаргасан.

Г******* нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч, гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр дээрх актаар ногдуулсан төлбөрөөс 629969,2 мянган төгрөг төлүүлэхээр багасгасан бөгөөд Г******* энэхүү бууруулсан дүнг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 207 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 335 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 273 тоот тогтоолын дагуу тус тус Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийн 1.1-д “...зарим этгээдийн захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна”, 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь ... Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ”, 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2400 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасны дагуу өршөөлд хамруулах боломжтой байна. 

Банк нь дээрх хуулийг үндэслэн Гааль, татварын ерөнхий газарт “Г*******ны төлөх татварын актын төлбөр буюу захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч албан бичгийн хариуд “татварын улсын байцаагчийн актын төлөгдөөгүй хүү, торгууль, алданги нь уг хуульд хамрагдах боломжтой, харин татварын улсын байцаагчийн дээрх актаар ногдуулсан нөхөн татварыг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье” гэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гээд тодорхой заасан байтал Татварын ерөнхий газар нь манай хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзаж хуулийг буруу тайлбарлаж байна” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Б*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2102117 дугаартай татварын улсын байцаагчийн актаар нийтдээ 1,427,375,500 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгууль тавьсан. Г*******наас актыг эс зөвшөөрч маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Үүний дагуу 1,4 тэрбум төгрөгийн алданги торгуулийг 629.969.200 төгрөг болгож багасгасан. Г*******наас энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн бүх шатны шүүхэд хандсан. Гэвч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд 411,250,000 төгрөгийн нөхөн татвар, 123,375,000 төгрөгийн торгууль, 95,345,250 төгрөгийн алданги тооцсон. Бүх шатны шүүхийн шийдвэр гарсан учир маргах боломжгүй болсон. Шийдвэр гарсны дараагаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Бидний гол хүсэлт нь өмнөх актыг багасгаад хэвээр үлдээсэн учраас хуульд заасан боломжуудыг хэрэгжүүлье. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1-д “...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад  оршино”, 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтооомж нь Монгол Улсын Үндсэн Хууль , Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ”, 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоодсон байна” гэжээ. Бид улсын төсвийн орлого, хяналтын газарт олон удаа хандсан. Бидний хувьд шүүхэд хандсан гол шалтгаан нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага гэсэн олон төрлийн хариуцлага чөлөөлөгдөж байна. Шүүхэд нөхөн татвар, алданги, торгуулийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөөч гэсэн шаардлагыг гаргаж байна. Актыг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлагаас бидний зүгээс татгалзсан. Уг нь хууль нь шүүхийн шийдвэрүүд гарснаас хагас жилийн дараа гарсан” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өршөөл үзүүлэх тухай тухай хууль зогсоогүй. Байгууллагуудтай харьцдаг тул мэйл хаягаар харьцаад явдаг. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад мэйл ирсэн. Бидний зүгээс уг хариуцлагыг өршөөлд хамрагдаж байгаа гэдгийг сайн мэдэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т зааснаар “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байдаг. Хуулийн хэрэгжилтийг харахад захиргаа болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна. Энэ хуулийн үзэл баримтлалыг харахаар үндсэн хариуцлагыг чөлөөлөх боломжтой. Бидний зүгээс өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т зааснаар нөхөн татварыг өршөөлд хамруулж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Х..А*******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах тухай үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын 2016 оны 03/2456 тоот албан бичгийг үндэслэн татварын улсын байцаагчийн актын төлөгдөөгүй хүү, торгууль, алдангий нь уг хуульд хамрагдахаар байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, С.М******* нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №210217 тоот “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар “Г*******” ХХК-д ногдуулсан татварын үлдэгдэл болох 411.250.000 (дөрвөн зуун арван нэгэн сая хоёр зуун тавин мянган) төгрөгийн нөхөн татвар, 123.375.000 (нэг зуун хорин гурван сая гурван зуун далан таван мянган) төгрөгийн торгууль, 95.344.200 (ерэн таван сая гурван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун) төгрөгийн алданги буюу нийт 629.969.200 (зургаан зуун хорин есөн сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун) төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д*******, С.М******* нарт холбогдох “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д*******, С.М******* нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210217 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 335 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210217 дугаар актаар төлөх 1.427.375.5 мянган төгрөгийн төлбөрийг 797.406.3 мянган төгрөгөөр багасгаж, нийт төлөх төлбөрийн хэмжээг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар тогтоолд заагдсан 629.969.2 мянган төгрөгөөр тогтоон, уг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...629.969.200 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах”-ыг хүссэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь ... Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ”, 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна”, 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд шалган тогтоосон байна”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...бүх нийтээр ... дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ”, 4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1-д “торгох” гэж тус тус зааснаас үзвэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөн тогтоосон 629.969.200 төгрөгийн төлбөрийн нөхөн татварыг өршөөлд хамруулах үндэслэлгүй байна. 

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчил буюу торгуульд өршөөл үзүүлэхээр заагдсан байх тул нэхэмжлэгчийн төлбөл зохих 1.645.000.000 төгрөгийн зөрчилд ногдуулсан төлбөрийн нөхөн татвар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй, харин нийт төлөх төлбөрийн торгууль, алдангийг нь өршөөн хэлтрүүлэх нөхцлийг хуульд зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 48 дугаар тогтоолоор “Г*******” ХХК-д 1.645.000.000 төгрөгийн зөрчилд ногдуулсан 629.969.200 төгрөгийн төлбөрийн нөхөн татвар болох 411.250.000 төгрөгийг өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зөрчилд ногдох 123.375.000 төгрөгийн торгууль, 95.344.200 төгрөгийн алданги, нийт 218.719.200 төгрөгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 2.1, 4.3, 10.2, 10.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “Г*******” ХХК-ийн 411.250.000 төгрөгийн нөхөн татварыг өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт 218.719.200 төгрөгийн торгууль, алдангийн хариуцлагаас нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, энэ хэмжээгээр актын төлбөрийн хэмжээг багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН