Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

   2018          7            24                                     609

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  А.Арай,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Ж.Төмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Төмөрт холбогдох эрүүгийн 1805 0297 20649 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 700 000 төгрөгийн орлоготой, ам бүл 2, Төмөр.

 

Шүүгдэгч Ж.Төмөр нь 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвэр Грин” зочид буудалд М.Баттай үл ойлголцсоны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ж.Төмөр мэдүүлэхдээ:

Манай найз Пүрэвсүрэн нь хохирогч Батгийн оюутан ангийн найз юм. Тухайн өдөр би найзтайгаа уулзаад 2 пиво уусан. Дараа нь нэлээн согтсон байсан ба гайгүй болоод Пүрэвсүрэнг зочид буудалд нь хүргэж өгсөн юм. Би тэнд хэсэг хугацаанд сууж байгаад явахдаа найз Пүрэвсүрэнд хандаж “юмаа хямгадаж, янзлаарай, найз нь явлаа” гэхэд хохирогч надад “чи л хулгайч царайтай байна, чамаас өөр хулгай хийх хүн байхгүй” гэхээр нь би уурлаад, түүний нүүрэн тус газар нь гараараа 1 цохиод гараад явсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 300 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Прокуророос санал болгосон 450 000 төгрөгийн торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед манай ангийн найзууд уулзсан. Тэгээд хороололд ахуй үйлчилгээний автобусны буудлын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй пабад орсон. Тэгэхэд манай найз Пүрэвсүрэн өөрийн найз Адъяа гэх залууг дагуулж ирсэн байсан. Бид танилцаад хамт хоёр шил 0.75 литр хэмжээтэй Соёрхол архийг зургуулаа хувааж уулсан. Тэгээд бид нар уг пабаас шөнийн 01 цагийн үед гарахад Пүрэвсүрэн согтсон байсан. Манай ангийн хоёр хүүхэд харьлаа гээд явчихсан. Пүрэвсүрэн, Эрдэнэ, Адъяа бид дөрөв Пүрэвсүрэнгийн байрлаж байсан Эвэр Грийн нэртэй зочид буудалд Пүрэвсүрэнг хүргэж өгөхөөр очоод 210 тоот өрөөнд ороод Пүрэвсүрэнг “хаалгаа цоожил, бид нар явлаа” гэхэд Пүрэвсүрэн согтсон байсан болохоор хаалгаа цоожлох чадваргүй байсан. Тэгээд уг буудлын угтагчаас уг тоотын түлхүүр асуухад угтагч манайд илүү түлхүүр байхгүй гэсэн. Тэгэхээр нь Эрдэнэ бид хоёр Пүрэвсүрэнтэй хамт буудалд хонохоор болж Адъяаг “явчих” гэхэд Адъяа Эрдэнэ бид хоёрыг хэл амаар доромжилж унтаж байсан Пүрэвсүрэнг угз татан сэрээж, Пүрэвсүрэнд хандан “цүнх, мөнгөө хямгадаарай” гэхэд нь Адъяад “чи бид нарыг юу гэж бодоод байгаа юм” гэхэд Адъяа миний баруун нүд рүү нэг удаа цохиод гараад явсан. Төмөр надад учирсан хохирол болох 300 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Төмөртэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэжээ. ( хэргийн 13, 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Эрдэнэ мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед манай найзууд уулзаж байна гээд дуудсан. Тэгээд очиход манай найзууд, бас нэг танихгүй залуу байсан. Бид нар нэг шил 0.75 литр архи хувааж уугаад гарахаар болоод Пүрэвсүрэнг согтуу байсан болохоор байрлаж байсан зочид буудалд нь хүргэж өгсөн. Тэгээд Эвэр Грийн нэртэй зочид буудлын 210 тоот өрөөнд Адъяа, Бат бид гурав Пүрэвсүрэнг оруулж өгсөн. Тэгээд Бат бид хоёр Адъяа гэх залууг “чи яв, найзтайгаа чамайг үлдээхгүй, бид хоёр хамт хононо” гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь Бат Адъяаг чи одоо яв гэсэн. Тэгэхэд Адъяа гарах гж байгаад Пүрэвсүрэнг согтуу унтаж байхад нь “чи мөнгөө хямгадаарай” гэсэн. Тэгэхэд Бат, Адъяад “чи бид нарыг юу гэж бодоод байгаа юм бэ, чи өөрөө тийм юм байгаа биз” гэсэн. Адъяа уурлаад Батгийн нүүр орчим, баруун нүд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд гараад явсан гэжээ. ( хэргийн 16 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6622 тоот дүгнэлтэд:

1. М.Батгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаагаар үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эоүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 7 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Төмөр нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 25 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Ж.Төмөр нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвэр Грийн” зочид буудалд хохирогч М.Батгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Бат, гэрч Б.Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6622 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Төмөрд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Ж.Төмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

Хохирогч М.Бат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаагүй боловч “Ж.Төмөрөөс эмчилгээний зардалд 300 000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Төмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Төмөр нь торгох ялыг 7 /долоо/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Төмөр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Төмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН