| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2408006901214 |
| Дугаар | 2025/ДШМ/173 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/173
С.Б-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1158 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр С.Б-д холбогдох 2408006901214 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
С.Б ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
С.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, Баянголын ам, Бор толгойн ..... тоотод байх хохирогч С.М-ийн зуслангийн хашааг эвдэж, өөрийн 19 тооны адууг өвс идүүлэх зорилгоор оруулж орхисны улмаас хохирогчийн тарьж ургуулсан олон тооны модыг хугалж гэмтээснээс 6,456,000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408006901214 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч С.Б- нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх үндэслэлээр эс зөвшөөрч, эсэргүүцэл гаргаж байна.
1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан хохирогч С.М-ийн “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхрийн хамтаар очиж шалгахад манай хашааны урд талын хэсгийг эвдэж мал оруулсан байдалтай байсан бөгөөд дотор байсан олон тооны модыг хугалж гэмтээсэн байдалтай байсан. Манай байшин нь гадаа 2 ширхэг хяналтын камертай бөгөөд уг камерыг шүүж үзэхэд, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл адуу байлгасан байсан. Яг оруулсан газарт бол камер тусаагүй байсан бөгөөд манай хайсан хашааны нэг хэсгийг нь гагнуурыг нь салгаж хаалга болгон ашигласан байсан. Иймд тухайн хүний үйлдэл санаатайгаар бусдын эд хөрөнгийг гэмтээх үйлдэл хийсэн учир цагдаад хандаж байна. Тухайн эвдэлсэн хэсэгт 2 ширхэг гутлын мөр байсан ба 2 өөр хүний мөр байсан. Ямар нэг зөвшөөрөлгүй бусдын хашаа орон байранд нэвтэрч эд хөрөнгө устгаж гэмтээсэн үйлдэл гаргасан тул буруутай этгээдийг олж хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,
гэрч Б.У-ын “...зуслангийн хашаа байшингийн хяналтын камерыг хянаж үзэхэд тухайн адуунууд нь хар азаргатай, алаг гүүтэй, нийт 19 тооны адуу манай хашаа руу орсон байсан ба хашаа байшин дээрээ очиж үзэхэд манай хяналтын камерт бичигдсэн байсан адуунууд нь манай хашааны гадаа гарчихсан бэлчиж байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгээ ухрааж үзэхэд 2023 оны 12 сарын 19-ний өдөр нэг үл таних, 45-55 орчим насны эрэгтэй хүн манай сараалжин төмөр хашааны гинжин цоожтой хаалгыг онгойлгож чадахгүй байж байгаад сараалжин хашаануудын дай бүрийг татаж үзэж дээшээ алхаж явж байгаад хаалганаас дээшээ 17 дахь хашааг /дайг/ эвдэлж онгойлгоод адуунуудаа оруулчхаад тухайн хашааг төмөр утсаар боосон байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн үед эхнэр бид хоёр хяналтын камерын бичлэгийн хадгалах хугацааг мэддэггүй байсан ба хадгалж аваагүй байж байтал хугацаа нь хэтрээд устчихсан байсан. Манай зуслангийн хашаа байшингийн хяналтын камер нь 7 хоногийн бичлэг хадгалах хугацаатай байсан. Би манай хашаа руу оруулсан адуунуудынх нь зургийг хяналтын камер дээрээсээ хадгалаад авчихсан байгаа. Зуслангийн хашаа руу мал оруулсан хүнийг би танихгүй, царай төрх нь манай хяналтын камер дээрээс сайн харагдаагүй” гэсэн мэдүүлэг болон 17 дахь хашааг /дайг/ эвдэлж онгойлгоод адуунуудаа оруулчхаад тухайн хашааг төмөр утсаар боосон байсан гэх гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт хангалттай үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолд шүүгдэгч С.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдээс субьектив талын гэм буруугийн шууд санаатай хэлбэр тодорхойлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хууль бус...” шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талд гэм буруу, сэдэлт, зорилго хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйд болон түүний улмаас учирсан хор уршигт хандаж буй ухамсар, хүсэл зоригийн байдлыг илэрхийлдэг. Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илрэх ба санаатай гэм буруу нь шууд санаатай, шууд бус санаатай хэлбэрээр, болгоомжгүй гэм буруу нь хайхрамжгүй хандах, хөнгөмсгөөр найдах гэсэн хэлбэрээр тус тус тодорхойлогдон ялгагддаг.
Шүүгдэгч С.Б- нь бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж, хохирогч С.М-ийн зуслангийн хашааг гагнаасаар эвдэж, хаалга болгон ашиглаж, өөрийн 19 тооны адууг өвс идүүлэх зорилгоор нийт 5 хоног оруулж орхисны улмаас хохирогчийн тарьж ургуулсан олон тооны модыг адуунууд хугалсан, зарим модны мөчрүүдийг идэж, гэмтээсэн байх ба үүний үр дүнд хохирогчийн 2-3 жилийн хугацаанд тарьж ургуулсан өөрийн өмчлөлийн моднууд нь сүйтгэгдэж, гэмтсэний улмаас хохирогчид 6,456,000 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүгдэгч С.Б-гийн хүний нүдэнд ил харагдахуйц мод тарьж ургуулсан хашааны хэсгийг хүчээр эвдэж, онгойлгож, олон тооны буюу 19 тооны адуу оруулсан үйлдэлд хайхрамжгүй хандах, хөнгөмсгөөр найдах хэлбэрийн аль нь ч хамаарахгүй байх ба шүүгдэгчийн тухайн санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд шууд бус санаатайгаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл бусдын хашааны хаалгыг бус үргэлжилсэн хашааг гагнаасаар нь салгаж, мод тарьсан байгааг мэдэх боломжтой нь илэрхий байхад өвс идүүлэхээр адуугаа оруулж байгаа үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирч болох хор аюултайг ухамсарласан, урьдчилан мэдсэн боловч түүний адуугаа оруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр болно. Харин шүүгдэгч С.Б- нь хохирогч С.М-т хохирол учруулахыг хүсээгүй ба түүний урьдчилан мэдсэн нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэгдсэн гэж үзнэ.
2. Хохирогч С.М- нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад хойшлуулшгүйгээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэдэн тооны ямар төрлийн мод гэмтсэн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй дурдаагүй байсан боловч прокуророос хэрэг бүртгэлтийн шатанд гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч С.М-, түүний нөхөр Б.У нар Дүүргийн ерөнхий прокурорын газарт 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр гомдол гаргахдаа “...нарс 18, гацуур 78, улаан агч 13, буйлс 20, чацаргана 21 ширхэг...” мод эвдэж, гэмтсэн талаар нэг бүрчлэн бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тэмдэглэсэн байдаг.
Хохирогч С.М- гомдол гаргаснаас хойш мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй, мөрдөгчөөс дуудсан боловч ирдэггүй, хэргийн материал танилцуулахаар мэдэгдсэн боловч “шүүгдэгч С.Б-тэй тохиролцсон, хэргийн материалтай танилцахгүй” гэдгээ илэрхийлж 88ххххххх дугаараас зурвас ирүүлээд биечилж хүрэлцэн ирэхгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан тул түүний албан ёсоор гэр бүлийн баталгаатай нөхөр болох Б.У-д шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь мөрдөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хэргийн материал танилцуулахаар боломжит бүхий л арга хэмжээг авсан нөхцөл байдал нь хэргийн материалд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдох бөгөөд энэ тохиолдол нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, шүүхийн тогтоолд дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтууд гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэргийн хохирогч С.М-ийн гаргасан гомдлын дагуу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 240800690 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн боловч мөрдөгчийн эд зүйлийн үнэлгээ гаргуулахаар томилсон шинжээчийн тогтоолд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж хэрэг нээсэн өдрөөс зөрүүтэй бичигдсэн нь техникийн шинжтэй алдаанд хамааруулж үзэхээр байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1158 дугаар цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос С.Б-г “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, Баянголын ам, Бор толгойн ..... тоотод байх хохирогч С.М-ийн зуслангийн хашааг эвдэж, өөрийн 19 тооны адууг өвс идүүлэх зорилгоор оруулж орхисны улмаас хохирогчийн тарьж ургуулсан олон тооны модыг хугалж гэмтээснээс 6,456,000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил үгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт цугларсан:
хохирогч С.М-ийн: “...нөхрийн хамтаар очиж шалгахад манай хашааны урд талын хэсгийг эвдэж мал оруулсан байдалтай байсан бөгөөд дотор нь байсан олон тооны модыг эвдэлж гэмтээсэн байсан. ...” /хх-ийн 13-14/,
гэрч Б.У-ын: “...манай зуслангийн хашаа руу нийт 19 тооны адуу орсон байхаар нь үдээс хойш 15 цагийн үед эхнэр М-ийн хамт ...зуслангийн хашаа байшин дээрээ ирээд харсан чинь тухайн адуунууд манай хашаанаас гарчихсан байсан. ...Манай хашаан дотор байсан моднуудыг тухайн адуунууд нь хугалж, гэмтээж, зарим моднуудын мөчрийг идчихсэн байсан. ...” /хх-ийн 17-18/,
С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “..Баянголын ам Бортолгойн баруун талд байрлах эзэнгүй хашаа байсан бөгөөд тухайн хашаа нь өвс ихтэй, мал идэнгэтэй хашаа байсан. Тэгээд би тухайн хашаа руу 12 цагийн үед... малаа өвс идүүлэхээр... тухайн хашааг тойроод урд талын хашаа руу нь очиход төмөр утсаар бэхэлчихсэн хашааны хэсэг байхаар нь би тухайн төмөр утсыг нь салгаад хашааг онгойлгож 19 адуугаа оруулсан юм. Тухайн хашаанд... янз бүрийн жижиг моднууд байсан бөгөөд манай адуунууд өвс идэж байхдаа тухайн моднууд дээр явж гэмтээсэн байх гэж бодож байна. Тэгээд манай адуунууд өвсөө идчихээд би адуунуудаа буцаагаад гаргаад явсан ба би төмөр утсыг нь боочхоод явсан. ...” /хх-ийн 47-48/ гэх мэдүүлгүүдээр С.Б-гийн үйлдэлд хашааны төмөр утсыг салгаж өвс идүүлэхээр адуу оруулсан үйлдэлд “...хашаанд байсан модыг устгаж, гэмтээх...” санаа зорилго тодорхойлогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн...” гэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг заасан бөгөөд С.Б-гийн бусдын өмчлөлийн хашааг онгойлгож адуугаа оруулсан үйлдэл нь санаатай боловч адуу нь модыг гэмтээж хор уршиг учруулна гэдэгт болгоомжгүй хандсан байна.
Мөн хохирогч С.М-ийн: “...Яг оруулсан газарт бол камер тусаагүй байсан. ...Манай хайсан хашааны нэг хэсгийн гагнуурыг нь салгаж хаалга болгон ашигласан байсан...” /хх-ийн 13-14/,
гэрч Б.У-ын: “...камерын бичлэгээ ухрааж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэг үл таних 45-55 орчим насны эрэгтэй хүн манай сараалжин төмөр... хашаануудын дай бүрийг татаж үзэж дээшээ алхаж явж байгаад хаалганаас дээшээ 17 дахь хашаа (дайг) эвдэлж онгойлгоод адуунуудаа оруулчихаад тухайн хашааг төмөр утсаар боосон байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан...” /хх-ийн 17-18/ гэж камерийн бичлэгт бичигдсэн эсэх асуудлаар зөрүүтэй мэдүүлсэн, хэргийн газрын үзлэг хийж тухайн моднууд нь гэмтсэн, эсхүл сэргэх боломжгүйгээр устсан эсэх, хашааг эвдсэн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, төмөр сараалжин хашаа нь 45,000 төгрөгөөр /хх-ийн 26 тал/ үнэлэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж заасан материаллаг хохирлын хэмжээнд хүрэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн хийсэн шүүгдэгч С.Б-гийн үйлдэлд субъектив талын гэм буруугийн шууд санаатай үйлдэл тодорхойлогдохгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр С.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/1158 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ