Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/174

 

 

 

 

 

    2025           01             30                                         2025/ДШМ/174

 

Б.Б-эд

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

шүүгдэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406059132767 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б.Б .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Б- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирогч А.Ж-тай “Во bi” гэх цахим хаягаар “Зүүн 4 замын Американ дэнж хотхонд байр түрээслүүлнэ” гэсэн зарыг оруулан Хаан банкны 585ххххххх тоот данс руу 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 50,000 төгрөг буюу нийт 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлийн гишүүн болох эхийн минь бие өвдөж Баян-Өлгий аймгийн Өлгийн 12 дугаар багт яаралтай очиж, удаан хугацаанд тэнд байх шаардлага тулгарсан тул надад оногдуулсан ялыг дахин хэлэлцэж өгөхийг хүсэж байна. Миний зүгээс хохирогч талд учруулсан 150.000 төгрөгийг төлсөн тул 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Б.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн гомдолдоо эхийн бие муу байгаа асрах шаардлагатай гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Б.Б- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Во bi” гэх цахим хаягаар “Зүүн 4 замын Американ дэнж хотхонд байр түрээслүүлнэ” гэсэн зарыг оруулан хохирогч А.Ж-тайгаас 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 50,000 төгрөг буюу нийт 150,000 төгрөгийг Хаан банкны 585ххххххх тоот данс руугаа шилжүүлэн авсан болох нь:

хохирогч А.Ж-ны өгсөн “...фейсбүүкээр “УБ-дан үй майлаймыз Шинэ зар” нэртэй группт хажуу өрөө түрээсэлж авна гэх зар тавихад, миний фейсбүүк чат руу Во Вi нэртэй фейсбүүк хаягаас казак хэлээр хаая, хэзээ орох юм гээд чат бичиж орж ирэхээр хаана юм гэхэд зүүн 4 замын Американ дэнж хотхон гэж хэлээд над руу зургаа явуулаад 2 өрөө байр байгаа сарын 400.000 төгрөг сар сардаа өгч болно гээд миний дугаарыг аваад зураг явуулсан чинь над руу өөрийн иргэний үнэмлэхийн зургаа явуулаад над руу 100.000 төгрөг шилжүүлээч гэхээр би казак хүн байсан болохоор итгээд асуусан мөнгийг нь 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөрийн шилжүүлсэн. Маргааш нь Хаан банкны 5653хххххххх тоот Б.Б гэх данс руу дахин 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр утас нь холбогдохгүй байхаар нь фейсбүүк чатаар холбогдоод таны байрыг хэзээ үзэх вэ гэхэд дүү минь би байраа түрээслэхээ больсон аав, ээж ирж байгаа ийм юм болно гэж бодсонгүй та нарын мөнгийг буцаагаад өгнө гэхээр би дансаа явуулахад над руу мөнгө хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, 

шүүгдэгч Б.Б-ийн Хаан банк дахь 5653хххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-42/, уг дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгч Б.Б- нь “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн гомдол, саналгүй болсон зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйл хэсэгт заасан торгох ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр оногдуулж хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1301 дүгээр шийтгэх тогтоолын: 

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг шүүгдэгч Б.Б-т мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ