Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ                                           нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Л.Чанцал,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Эрдэнэ,

шүүгдэгч: Б.Баатар, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8,

11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарт холбогдох эрүүгийн 1805 0058 30485 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,  

1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 11 сар 10 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, Баатар.

 

Шүүгдэгч Б.Баатар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Гэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоотод байх өөрийн гэртээ согтуугаар Ж.Борхүүгийн зүүн гар тус газарт нь таягаараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баатар мэдүүлэхдээ:

Би талийгаачтай 7 жил хамт амьдарсан.  Бид хоёр байнга архи уудаг, тэр өдөр бас архи уусан байсан. Би сар, өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Нэг өглөө Борхүү манайд 20 000 төгрөгтэй ирсэн. Тэгээд тэр архинд явахаар манай талийгаачтай хамт гарсан. Энэ үед манай гэрт архи байсан болохоор би түүнийгээ ганцаараа уух гээд тэр 2-той хамт явалгүй, гэртээ үлдээд, өөрийнхөө архийг ууж байсан. Гэтэл Борхүү, талийгаач нар архи авалгүйгээр хоосон ирсэн. Тэр архины шил өшиглөөд орж ирсэн ба  архины шил нь манай зууханд цохигдоод хагарсан. Энэ үед талийгаач маань ухаантай, ухаангүй хоёрын хооронд байсан,  Борхүү түүнийг түшиж гэрт оруулж ирээд, орон дээр тавьсан. Нэг харахад талийгаач орон дээр хөөсөрсөн цагаан юмаар бөөлжөөд байсан. Борхүү талийгаачийг орон дээр нь тавиад гараад явсан ба би архиа ууж байсан.  Би архины хордлогын талаар сонсож байсан тул тухайн үед талийгаачийг архины хордлого авчихаж гэж бодсон. Талийгаачийг цагаан юмаар бөөлжихөд нь би хойд айл руу орсон. Намайг айлд ороход гадаа гэгээтэй байсан санагдаж байна. Борхүү, талийгаач бид 3 хамт байсан. Би Борхүүгийн мөнгөөр нь архи уух гэж байсан болохоор түүний аясаар нь байсан. Түүнтэй маргалдаагүй. Тэр өдөр болсон асуудлыг би санаж байна. Би  Гэрэлийг зодоогүй. Талийгаач урьд нь ийм байдлаар ухаан алдаж, унаж байгаагүй. Би хүн амины хэрэг үйлдээгүй. Би Борхүүгийн биед ч хүндэвтэр гэмтэл учруулаагүй. Борхүүг манай гэрт орж ирэхэд  талийгаач бид хоёр муудалцаагүй байсан, бид хэрүүл хийх ямарч нөхцөлгүй байсан. Борхүү талийгаач хоёр хамт гэрт орж ирсэн, тэгээд талийгаачийг орон дээр тэр хэвтүүлсэн. Борхүү бид хоёр архиа уусан. Гэрэл бөөлжиж байхад манай эгч гал түлэх гэж орж ирэхдээ түүний амыг нь арчсан байх. Би талийгаачийг цохиж зодоогүй байхад шүүх эмнэлгийн дүгнэлт нь түүнийг тархины гэмтлээс нас барсан гэж гарсан. Талийгаачийг эмнэлэг рүү явуулж, намайг цагдаагийн хэсэг рүү аваачиж байцаасан. Намайг цагдаа руу авч явахад гадаа гэгээтэй байсан. Талийгаач Гэрэл бид хоёр тасралтгүй архи уудаг байсан. Бид урьд нь маргалдаад, би түүнийг гараараа зоддог байсан. Борхүү манайд эхлээд архитай орж ирж уугаад, үүний дараа дахиад архи авахаар манай талийгаачтай хамт явсан боловч сүүлд архигүй орж ирсэн. Тэр өдөр би талийгаачийг зодоогүй. Энэ хэрэг нэг өдөр болсон, 2 өдөр болоогүй, тэр өдрөө үргэлжилсэн гэж бодож байна. Би хүн алчихлаа гэж эгчдээ 1 өдөр л хэлсэн. Би Борхүүтэй ч,  Гэрэлтэй ч хамт архи уусан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Д.Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би ээжийгээ алдаж, надад нөхөж баршгүй гарз учирсан. Би Баатараас мөнгө аваад миний ээж босож ирэхгүй учраас шүүх хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр манай ээжийн биеэс архи илрээгүй. Баатар манай ээжийг зүгээр байхад нь цохиод алсан гэж би ойлгож байна. Би Баатараас оршуулгын зардал, хохирол, мөнгө нэхэмжлэхгүй. Гэхдээ энэ хүнд маш их гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Борхүү мэдүүлэхдээ:

2018 оны 01 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр яг цагийг нь хэлж мэдэхгүй байна, цайны цагийн дараа очиж Урнаа гэх эмчид өндөр, жингээ үзүүлээд шарлага хийлгэх эмчилгээ бичүүлж аваад шарлага хийлгэчихээд гарсан юм. Тэгээд шууд Баатарын гэрийн ойролцоо байдаг Батбаярынхаас төмс шарагчаа авах гэж очсон. Намайг Батбаярын гэрт очиход Батбаяр эхнэрийнхээ хамт байсан ба би замаас дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи авсан байснаа гэрт нь Батбаяртай хувааж ууж байгаад өөрийн 88615694 дугаарын утсаараа Отгонийн 91170361 дугаарын утас руу залгаж, “ороод ирээч” гэж дуудсан чинь Отгон удалгүй ороод ирсэн. Тэгээд би дэлгүүрээс 1 шил архи аваад Отгонийн дүү Баатарын гэрт орох чинь Отгон “Баатарын гэрт орж яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь би зөрөөд ганцаараа архи бариад Баатарын гэрт орсон шиг санагдаж байна. Тухайн үед би нэлээд согтуу байсан. Намайг Баатарын гэрт ороход Баатар, Гэрэл 2 байсан ба Гэрэл зүүн талынхаа орон дээр дээшээ харчихсан 2 хөлөө орноос унжуулчихсан нүдээ анисан хэвтэж байсан. Харин Баатар нэлээн согтуу өрөөнийхөө голд байдаг жижиг ширээнийхээ зүүн талд нь сандал дээр сууж байсан. Би ороод баруун талынх нь буйдан дээр суусан чинь Баатар ууж байсан “Нутаг” нэртэй 0.75 литрийн шилтэй дуусаж байсан архинаасаа надад хийж өгөөд, би өгсөн архийг нь уучихаад, өөрийн авч ирсэн 0.5 литрийн “Стандарт” гэдэг архиа гаргаад Баатар бид 2 хувааж уусан. Тухайн үед маш их согтсон байсан. Ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан Баатар намайг юунаас болсныг мэдэхгүй таягаараа миний зүүн гарын шуу хэсэгт цохиж байсныг санаж байна. Мөн гаднаас Отгон орж ирээд Баатарын галыг нь түлж өгөхдөө надаас “салфетка байна уу” гэж асуухад нь би цүнхнээсээ салфетка гаргаж өгсөн чинь Отгон, Гэрэлийн амнаас нь гарсан хөөсийг арчиж өгсөн. Тэгэхэд Гэрэлийн цамц нь сөхөгдсөн байсан ба Гэрэлийн хэвлий хэсэгт маажчихсан юм шиг улайчихсан байхаар нь “чи яачихсан юм бэ? наадах чинь согтоод уначихсан юм уу?, аль эсвэл унтаад байгаа юм уу?” гэхэд Отгон өөрийгөө маажчихсан юм байлгүй гэж хэлчихээд гараад явсан санагдаж байна. Нэг мэдэхэд шөнө дунд гэртээ унтаж байгаад сэрсэн юм. Маргааш орой нь Отгон манай гэрт ирэхэд нь “миний гар өвдөөд байна” гэхэд Отгон өчигдөр Баатарын гэрт орсны дараа орсон чинь “Гэрэл орон дээрээ толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан, чи согтчихсон, Баатар намайг таягаараа гар руу цохиод, архины шил шидээд Гэрэлийн толгойг цохичихсон гэж хэлээд, шалан дээр хөлөө жийгээд сууж байсан” гэж хэлсэн. Тэгээд хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гээд хамт гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь миний зүүн гарын шууны яс хугарчихсан байсан юм. Би Баатарыг ямар шалтгаанаар миний гарыг таягаараа цохиж гэмтээсэн, мөн Гэрэлийг яагаад Баатар архины шилээр цохисныг санахгүй байна. Тухайн үед би маш их согтсон байсан юм. Ер нь Баатар архи уухаараа агсам согтуу тавиад, таягаараа хүн амьтан цохиж зодоод байдаг юм гэжээ. (хэргийн  32-33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Отгон мэдүүлэхдээ:

            Манай хашааны зүүн байшинд манай дүү Баатар сүүлийн 4 жил талийгаачтай хамт амьдарч байна. Үргэлж архи ууцгаадаг. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой гэрт нь ороход талийгаачийн толгойных нь зүүн талаас цус гарчихсан байхаар нь Баатараас “яасан юм бэ” гэж асуухад “мэдэхгүй, та цусыг нь арчаад өгөөч” гэж хэлэхээр нь би цусыг нь арчиж өгч, галыг нь түлж өгчихөөд гарсан. Энэ үед гэрт Борхүү гэж хүн байсан ба Баатар “толгой руу нь шилээр цохьчихсон” гэж хэлж байсан юм. Тэгтэл 22 цагийн үед манайд нилээн согтуу орж ирээд “Оюунаа эгч ээ ”би хүн алчихлаа, болохгүй болчихлоо, та хараадхаач, амнаас нь юм гараад байна” гэж хэлэхээр нь гялс ороод түргэн тусламж дуудсан. Түргэн ирээд яаралтай эмнэлэг авч явна гээд аваад явсан. Баатар ганцаараа архи уугаад үлдсэн. Би талийгаачийг нас барсныг эгч нараас нь мэдсэн. Баатар намайг дуудаад юу болсныг яриад өгөөч гэж хэлсэн. Би “чи талийгаачийг цохисон биз дээ“ гэж хэлсэн чинь Баатар “тиймээ, би талийгаачийг цохисноо санаж байна, би цохиод алчихсан” гэж хэлсэн. Баатар “чи цагдааг 22 цагаас хойш дуудсан гэж хэлээрэй, өөр харсан үзсэн хүн байхгүй” гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баатарт “Борхүү чинь гадуур яриад яваад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Баатар өөрийгөө талийгаачийг цохьсон талаар санаж байгаа юм шиг байна лээ. Би тэдний гэр рүү ороход шилний үйрмэг энд тэнд тарсан, бутарсан байсан.

... Тэгээд маргааш өглөө буюу 2018 оны 01 сарын 25-ны өглөө 08-09 цагийн үед боссон ба би Баатарын ч гэр рүү ороогүй. Баатар Гэрэл 2 ч манайхаар орж ирээгүй, гарч явж байгаа ч харагдаагүй. Тэгээд гэртээ байж байтал үдээс хойш цагийг нь санахгүй байна. Борхүү, Баатарыг таягаар цохисон гар өвдөөд байна гэмтлийн эмнэлэгт хамт очиж үзүүлье гэж орж ирэхээр нь би хамт явж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь Борхүүгийн аль гарынх нь билээ шуу хэсгээр хугарчихсан байна гээд гипс тавиулчихаад буцсан юм. Тэгээд орой нь 22 цагийн үед би бэр Хажид ач охины хамт гэртээ байж байтал Баатар “Би хүн алчихлаа, түргэн дуудаадах, Гэрэл сонин болчихлоо” гээд орилж, орж ирсэн. Тэгэхээр нь би өөрийн Юнителийн 88191208 дугаараас 103 дугаарын утсанд түргэн тусламж дуудсан юм. Гэрэл урд өдөр нь амнаас нь хөөс гараад толгойноос нь цус гарчихсан байсан. Борхүү надад “Баатарыг шилээр Гэрэлийн толгой руу цохисон” гэж хэлж байсан болохоор Гэрэлийг нас барчихсан юм болов уу яасан юм бол гэж айгаад Баатарын гэр рүү оролгүй байж байтал түргэн тусламж ирсэн юм. Тэгээд түргэний эмчтэй хамт Баатарын гэрт ортол Гэрэл зүүн талын орныхоо урд шалан дээр дээшээ харчихсан амнаас нь хөөс гарчихсан хэвтэж байсан. Тэгээд эмч Гэрэлийг үзээд надаар гарыг нь бариулж байгаад тариа хийчихээд өнөө шөнийг авч чадах нь уу гэж хэлээд эмнэлэг рүү аваад явсан юм гэжээ. (хэргийн 38-42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Хажид мэдүүлэхдээ:

Баатар, талийгаач хоёр байнга архи ууж, муудалцдаг. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой би хадам Отгонийнд байж байтал Баатар 22 цагийн үед согтуу “би хүн алчих шиг боллоо, түргэн дуудаарай гээд” орилоод ороод ирсэн. Тэгээд түргэн ирээд “өнөө шөнийг даахгүй юм шиг байна” гэж хэлчихээд аваад явсан гэсэн.     Баатар, талийгаач хоёр сүүлийн хэд хоног архи ууж байгаа. Талийгаачийг нас барснаас хойш Баатар хадам ээжийг их дарамтлаад зодож, цохих гээд байдаг болсноос хойш ээж галзуурлын шинжтэй болчихсон. 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би хадам Отгонийн гэрт нь унтах гээд байж байтал Баатар “би хүн алчихлаа” гээд орж ирээд хадам ээж Отгонийг дуудаад гарсан юм. Тэгээд 20-30 минутын дараа хадам ээж Отгон орж ирэхээр нь би яасан юу болсон байна гэж асуухад “амьд байна” гэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ямар нэгэн дуу чимээ гараагүй. Гэрэл болон Баатар орж ирээгүй. Тэгсэн орой нь Баатар 22 цагийн үед би “хүн алчихлаа, түргэн дуудаарай гээд орж ирсэн. Түргэн ирээд Гэрэлийг аваад явсан гэжээ. (хэргийн  43-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Наран мэдүүлэхдээ:

Би Баатарыг Гэрэлийг хэд, хэдэн удаа зодож цохиж байхыг нь харж байсан. Баатар нь Гэрэлийг үсдэж байгаад таягаараа цохиж зоддог байсан. Гэрэл нь байнга л нүд ам нь хөхөрчихсөн явж байдаг байсан. Баатар заримдаа согтуу хорооны байран дээр ирээд элдэв янзаар агсам согтуу тавьж танхайрдаг, ер нь ааш зан муутай, танхай балмад хүн байдаг гэжээ. (хэргийн 54-55 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Рэгзэд мэдүүлэхдээ:

...Би Гэрэл, Баатар нарыг манай хороонд оршин суудаг болохоор нь танина. Баатар ер нь байнга архи уудаг, архи уусан үедээ манай хороон дээр ирж элдэв янзаар агсам согтуу тавьж байдаг муухай ааш авиртай хүн байдаг юм. Баатар, Гэрэлийг “энэ нэг муу юм чинь надаас салахгүй байна, надаас салгаад өгөөч” гээд орилж чарлаад агсам тавиад байдаг байсан гэжээ. (хэргийн 56-57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Амар мэдүүлэхдээ:

...9-37 тоотод Баатар гэж архичин байдаг. Гэртээ хүмүүс дуудаад архидаад байдаг. Хэрүүл маргаан болдог, сүүлийн 2 жилд жижиг биетэй эмэгтэй харагдаад, гэр орноор нь орж гараад байдаг. Хоёулаа согтуу хэрэлдэж, маргалдаад явж байдаг. Саяхан дулаахан байхад Баатар тэр эмэгтэйг нүцгэн хөөж байсныг харсан гэжээ. (хэргийн  60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Баяа мэдүүлэхдээ:

...2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цаг 04 минутад дуудлага аваад Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9-37 тоотод очоод ....дотогш ороход өрөөний гол хэсэгт байх ширээний доод шалан дээр толгой нь дээшээ урд зүгт хандсан хөл нь жийсэн байдалтай хурхирсан, арьс салст хөхөрсөн, амь тэмцэж амьсгаадсан байдалтай 35-40 орчим насны эмэгтэй хүн байсан. Биеийн ил харагдах хэсэгт нүүр уруул хөхөрсөн, толгой хавдсан, гарын долоовор хуруу шинэ зүсэгдсэн шархтай байсан. Гэрт нь анх ороход буйдан дээр 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан ба үл тоосон байдалтай “наадах чинь байнга ингэдэг юм” гээд тоохгүй суугаад байсан. Тэгэхээр нь би жолоочийн хамт өөрсдөө авч гарсан.  Тэр эрэгтэй хүн бол байшингаасаа ч гараагүй, үзлэг хийж байхад ч босоогүй. Өрөөний гол хэсэгт ширээ байсан бөгөөд гэр орон эль хуль, эмх замбараагүй байсан бөгөөд газраар өвчтөнг тойроод 4-5 архины шил хөглөрсөн байсан. Анх үзлэг хийхэд өвчтөн хүнд байсан ба би тархиндаа л битүү гэмтсэн байж болзошгүй байна гэж дүгнэсэн. Толгой нь хавдсан байсан гэжээ. (хэргийн  67-68 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Чимэг мэдүүлэхдээ:

...Ж.Борхүү нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирж үйлчлүүлж байсан байна. Бүртгэлийн дэвтрээс харахад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрөндөө шарлага хийлгэсэн байна. Баруун талын мөрний мэдрэлийн эмгэг гэж оношлоод шарлага эмчилгээ бичиж өгсөн байна гэжээ. (хэргийн 71-72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ганзориг мэдүүлэхдээ:

...дээрх толгойн гэмтлийг авсан хүн гэмтсэн судас, алдаж байгаа цусны хэмжээтэй холбоотой цус хуралдаж тархийг дарах хүртэл амьд байх боломжтой. Уг гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурсан цусан хураа нэмэгдэж, тархи дарах, амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл амьд байж идэвхитэй үйлдэл хийх боломжтой гэжээ. (хэргийн   95-96 дугаар хуудас)

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 342 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, духанд шарх, толгойн хуйхны дотор гадаргуу, духны хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, хүзүү, хоёр бугалга, шуу, зүүн суга, цээж хэвлий, баруун гуя, бүсэлхийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Их тархины зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт нь гэмтлийн хүнд, духны шарх, толгойн хуйхны доорх гадаргуу, духны хэсгийн цус хуралт гэмтэл хөнгөн, бусад гэмтлүүд тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

3. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд 24 цагаас дээш хугацаанд үүсгэгдсэн  байх боломжтой ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй

  1. Талийгаач нь нас. барах үедээ эрүүл байжээ
  2. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

6. Д.Гэрэл нь их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан  том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

           7.Гэмтсэн даруй цаг алдалгүй шаардлагатай оношлогоо, эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэжээ. (хэргийн 77-79 дүгээр хуудас)

                                                                  

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5911 тоот дүгнэлтэд:

1. Ж.Борхүүгийн биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн   93 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 392 дугаар дүгнэлтэд:

1. Б.Баатар нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Баатар нь сэтгэцийн өвчингүй байсан байна.  Б.Баатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Баатар нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн   89 хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Баатар нь 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 15 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 11 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (хэргийн 130 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР :

 

Шүүгдэгч Б.Баатар нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоотод байрлах  өөрийн гэртээ архи ууж, согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч Д.Гэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, архины шилээр толгой тус газар  нь цохиж, их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, духанд шарх, толгойн хуйхны дотор гадаргуу духны хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, хүзүү, хоёр бугалга, шуу, зүүн суга, цээж хэвлий, баруун гуя, бүсэлхийд цус хуралт бүхий гэмтлүүд учруулснаас талийгаач нь их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан,

 

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ согтуугаар хохирогч Ж.Борхүүгийн зүүн гар тус газарт нь таягаараа цохиж, зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д Оюун-Эрдэнийн

...Би ээжийгээ алдаж, надад нөхөж баршгүй гарз учирсан. Би Баатараас мөнгө аваад миний ээж босож ирэхгүй учраас шүүх хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр манай ээжийн биеэс архи илрээгүй. Баатар манай ээжийг зүгээр байхад нь цохиод алсан гэж би ойлгосон.  Би Баатараас оршуулгын зардал, хохирол, мөнгө нэхэмжлэхгүй. Гэхдээ энэ хүнд маш их гомдолтой байна,

 

хохирогч-Ж.Борхүүгийн

...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би дэлгүүрээс 1 шил архи аваад Отгонийн дүү Баатарын гэрт орох гэсэн чинь Отгон “Баатарын гэрт орж яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь би зөрөөд ганцаараа архи бариад Баатарын гэрт орсон шиг санагдаж байна. Тухайн үед би нэлээд согтуу байсан. Намайг Баатарын гэрт ороход Баатар, Гэрэл 2 байсан ба Гэрэл зүүн талынхаа орон дээр дээшээ харчихсан 2 хөлөө орноос унжуулчихсан нүдээ аничихсан хэвтэж байсан. Харин Баатар нэлээн согтуу өрөөнийхөө голд байдаг жижиг ширээнийхээ зүүн талд нь сандал дээр сууж байсан. Би ороод баруун талынх нь буйдан дээр суусан чинь Баатар ууж байсан “Нутаг” нэртэй 0.75 литрийн шилтэй дуусаж байсан архинаасаа надад хийж өгөөд, би хийж өгсөн архийг нь уучихаад, өөрийн авч ирсэн 0.5 литрийн “Стандарт” гэдэг архиа гаргаад Баатар бид 2 хувааж уусан. Тухайн үед маш их согтсон байсан. Ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан Баатар намайг юунаас болсныг мэдэхгүй таягаараа миний зүүн гарын шуу хэсэгт цохиж байсныг санаж байна. Мөн гаднаас Отгон орж ирээд Баатарын галыг нь түлж өгөхдөө надаас “салфетка байна уу” гэж асуухад нь би цүнхнээсээ салфетка гаргаж өгсөн чинь Отгон, Гэрэлийн амнаас нь гарсан хөөсийг арчиж өгсөн. Тэгэхэд Гэрэлийн цамц нь сөхөгдсөн байсан ба Гэрэлийн хэвлий хэсэгт маажчихсан юм шиг улайчихсан байхаар “яачихсан юм бэ? наадах чинь согтоод уначихсан юм уу? аль эсвэл унтаад байгаа юм уу?” гэхэд Отгон өөрийгөө маажчихсан юм байлгүй гэж хэлчихээд гараад явсан санагдаж байна. Нэг мэдэхэд шөнө дунд гэртээ унтаж байгаад сэрсэн юм. Маргааш орой нь Отгон манай гэрт ирэхэд нь миний гар өвдөөд байна гэхэд Отгон “өчигдөр Баатарын гэрт орсны дараа орсон чинь Гэрэл орон дээрээ толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Чи согтчихсон, Баатар намайг таягаараа гар руу цохиод, архины шил шидээд Гэрэлийн толгойг цохичихсон гэж хэлээд, шалан дээр хөлөө жийгээд сууж байсан” гэж хэлсэн. Тэгээд хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье гээд хамт гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь миний зүүн гарын шууны яс хугарчихсан байсан юм. Би Баатарыг ямар шалтгаанаар миний гарыг таягаараа цохиж гэмтээсэн, мөн Гэрэлийг яагаад Баатар архины шилээр цохисныг санахгүй байна,

 

гэрч Б.Отгонийн

...манай хашааны зүүн байшинд манай дүү Баатар сүүлийн 4 жил талийгаачтай хамт амьдарч байна. Үргэлж архи ууцгаадаг. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой гэрт нь ороход талийгаачийн толгойных нь зүүн талаас цус гарчихсан байхаар нь Баатараас “яасан юм бэ” гэж асуухад “мэдэхгүй, та цусыг нь арчаад өгөөч” гэж хэлэхээр нь би цусыг нь арчиж өгч, галыг нь түлж өгчихөөд гарсан. Энэ үед гэрт Борхүү гэж хүн байсан ба Баатар “толгой руу нь шилээр цохьчихсон” гэж хэлж байсан юм.

... Баатар намайг дуудаад юу болсныг яриад өгөөч гэж хэлсэн. Би “чи талийгаачийг цохисон биз дээ“ гэж хэлсэн чинь Баатар “тиймээ, би талийгаачийг цохисноо санаж байна, би цохиод алчихсан” гэж хэлсэн. Баатар “чи цагдааг 22 цагаас хойш дуудсан гэж хэлээрэй, өөр харсан үзсэн хүн байхгүй” гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баатарт “Борхүү чинь гадуур яриад яваад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Баатар өөрийгөө талийгаачийг цохьсон талаар санаж байгаа юм шиг байна лээ. Би тэдний гэр рүү ороход шилний үйрмэг энд тэнд тарсан, бутарсан байсан.

... Тэгээд маргааш өглөө буюу 2018 оны 01 сарын 25-ны өглөө 08-09 цагийн үед боссон ба би Баатарын ч гэр рүү ороогүй. Баатар Гэрэл 2 ч манайхаар орж ирээгүй, гарч явж байгаа ч харагдаагүй. Тэгээд гэртээ байж байтал үдээс хойш цагийг нь санахгүй байна. Борхүү, Баатарыг таягаар цохисон гар өвдөөд байна гэмтлийн эмнэлэгт хамт очиж үзүүлье гэж орж ирэхээр нь би хамт явж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь Борхүүгийн аль гарынх нь билээ шуу хэсгээр хугарчихсан байна гээд гипс тавиулчихаад буцсан юм. Тэгээд орой нь 22 цагийн үед би бэр Хажид ач охины хамт гэртээ байж байтал Баатар “Би хүн алчихлаа, түргэн дуудаадах, Гэрэл сонин болчихлоо” гээд орилж, орж ирсэн тэгэхээр нь би өөрийн Юнителийн 88191208 дугаараас 103 дугаарын утсанд түргэн тусламж дуудсан юм. Гэрэл урьд өдөр нь амнаас нь хөөс гараад толгойноос нь цус гарчихсан байсан. Борхүү надад Баатарыг шилээр Гэрэлийн толгой руу цохисон гэж хэлж байсан болохоор Гэрэлийг нас барчихсан юм болов уу яасан юм бол гэж айгаад Баатарын гэр рүү оролгүй байж байтал түргэн тусламж ирсэн юм. Тэгээд түргэний эмчтэй хамт Баатарын гэрт ортол Гэрэл зүүн талын орныхоо урд шалан дээр дээшээ харчихсан амнаас нь хөөс гарчихсан хэвтэж байсан, тэгээд эмч Гэрэлийг үзээд надаар гарыг нь бариулж байгаад тариа хийчихээд өнөө шөнийг авч чадах нь уу гэж хэлээд эмнэлэг рүү аваад явсан,

 

гэрч Д.Хажидгийн

... Баатар талийгаач хоёр байнга архи ууж, муудалцдаг. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой би хадам Отгонийнд байж байтал Баатар 22 цагийн үед согтуу “би хүн алчих шиг боллоо, түргэн дуудаарай гээд” орилоод ороод ирсэн. Тэгээд түргэн ирээд “өнөө шөнийг даахгүй юм шиг байна” гэж хэлчихээд аваад явсан гэсэн. 2018 оны 01 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би хадам Отгонийн гэрт нь унтах гээд байж байтал Баатар “би хүн алчихлаа” гээд орж ирээд хадам ээж Отгонийг дуудаад гарсан юм. Тэгээд 20-30 минутын дараа хадам ээж Отгон орж ирэхээр нь би яасан юу болсон байна гэж асуухад “амьд байна” гэсэн. 2018 оны 01 сарын 25-ны өдөр ямар нэгэн дуу чимээ гараагүй. Гэрэл болон Баатар орж ирээгүй. Тэгсэн орой нь Баатар 22 цагийн үед би “хүн алчихлаа, түргэн дуудаарай гээд орж ирсэн. Түргэн ирээд Гэрэлийг аваад явсан,

 

шинжээч Б.Ганзоригийн

...дээрх толгойн гэмтлийг авсан хүн гэмтсэн судас, алдаж байгаа цусны хэмжээтэй холбоотой цус хуралдаж тархийг дарах хүртэл амьд байх боломжтой. Уг гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурсан цусан хураа нэмэгдэж, тархи дарах, амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл амьд байж идэвхитэй үйлдэл хийх боломжтой гэсэн мэдүүлгүүд,

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн

      ...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, духанд шарх, толгойн хуйхны дотор гадаргуу духны хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, эрүү, хүзүү, хоёр бугалга, шуу, зүүн суга, цээж хэвлий, баруун гуя, бүсэлхийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Гэрэл нь их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан  том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэсэн 342 тоот дүгнэлт,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн

         ...Ж.Борхүүгийн биед зүүн богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 5911 тоот дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх ба шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

             Мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Баатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

          Шүүгдэгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан  “өөрийн  эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”  байх эрхийнхээ дагуу “би талийгаачийг зодоогүй, түүнийг алаагүй” гэж өөрийн үйлдсэн хэргийг хүлээхгүй байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч Ж.Борхүү, гэрч Б.Отгон, Хажид нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 342 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

  Шүүгдэгч нь амь хохирогчийн толгой руу архины шил шидэж, гэмтэл учруулснаас их тархины дух, зулай, чамархайн зүүн дэлбэн хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хурааны улмаас тархи нь дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Баатарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан болно.

 Шүүгдэгч нь үйлдвэрлэлийн осолд орж, гэмтлийн улмаас түнх ба гуя тайрагдаж, хөдөлмөрийн чадварын 80%-ийг алдсан нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0088342 тоот актаар тогтоогдож байх тул түүний эрүүл мэндийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд  эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хорих ялын доод хэмжээ 12 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-дНийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж заасан тул Б.Баатарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Баатарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн тооцож, 30 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялд нэмж нэгтгэн, Баатарын биечлэн эдлэх хорих ялыг 12 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Баатараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэ оршуулгын зардал, хохирол, хохирогч Ж.Борхүү нь эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баатарыг  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоотод байх өөрийн гэртээ согтуугаар Ж.Борхүүгийн зүүн гар тус газарт нь таягаараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн уг өдөр хамтран амьдрагч Д.Гэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож алсан үйлдлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн гэж яллаж, шүүхийн хэлэлцүүлэгт  талийгаач нас барсан өдрийг гэмт хэрэг гарсан гэж тайлбарлаж байгаа нь буруу байна. Учир нь гэмт хэргийн улмаас учрах үр дагавар нь хэзээ гарснаар бус гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар суга таягийг устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Баатарын үйлдлээс хохирогч шууд нас бараагүй, 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Отгон гал түлэхээр Баатарын гэрт ороход талийгаачийн амнаас нь хөөс сахарсан, дээшээ харсан байдалтай байсан, талийгаачид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэлгүй  цаг хугацаа алдсан. Хэрвээ эмнэлгийн тусламж үзүүлсэн  бол амь нас нь аврагдах боломжтой байсан, талийгаач хүнд гэмтлийн улмаас нас барсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зйүлчилнэ үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгч амь хохирогчийн толгой руу архины шил шидэж, гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас нас барсан нь шалтгаант холбоотой ба түүний энэ үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

1. Баатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Баатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 450 00 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, Баатарын биечлэн эдлэх хорих ялыг 12 жил, 30 хоногийн /12 жил, 30 хоног/ хугацаагаар тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Баатарт оногдуулсан 12 жил, 30 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Баатарын 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар  сарын  27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  таягийг устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ, хохирогч Борхүү нар гэмт хэргийн хохирол, хор, уршиг оршуулгын зардал, эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлээгүйг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧИД                                    Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ