| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2308024170227 |
| Дугаар | 2025/ДШМ/180 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/180
2025 02 04 2025/ДШМ/180
Е Ч Л /Y C L/-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Эрхэмбаяр,
хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч М.Батчулуун,
нарийн бичгийн дарга П.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/2920 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч М.Батчулууны гаргасан давж заалдах гомдлоор Е Ч Л /Y C L/-д холбогдох 2308024170227 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Е Ч Л /Y C L/, ....................;
Яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е Ч Л нь иргэн Б.Э- болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh X нараас 26 тонн хонь, ямааны гүзээг худалдаж авахаар Вичат аппликейшнээр харилцаж тохирсны дагуу 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б ф с” ХХК-аар Вьетнам Улс руу тээвэрлүүлэх явцад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барааны төлбөрийн урьдчилгаа 50.000 юань шилжүүлсэн боловч 2022 оны 6 дугаар сард гүзээг авсны дараа үлдэгдэл төлбөр болох 249.000 юань төлөлгүй хуурч иргэн Б.Э-т 67,604,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е Ч Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр товлон хуралдуулж, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягталж үзсэний үндсэн дээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх бөгөөд хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь, яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулгад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е Ч Л нь иргэн Б.Э- болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh X нараас 26 тонн хонь, ямааны гүзээг худалдаж авахаар Вичат аппликейшнээр харилцаж тохиролцсоны дагуу ...төлбөрийн урьдчилгаа 50,000 юань шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр төлөлгүй хуурч залилан иргэн Б.Э-т 67,604,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж тусгажээ. Харин яллагдагч Е Ч Л /Y C L/-н холбогдсон гэмт хэрэгт яллагдагчтай анх тохиролцсон болон барьцаа 50,000 юанийг хүлээн авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh X нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч оролцсон байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Харин хохирогч Б.Э-ийн “манай дарга Zh X 50,000 юанийг авсан. Тухайн үйлдвэрийг Zh X ажиллуулдаг байсан ба би анх 2021 оны 01 дүгээр сарын үед цехийг хариуцсан менежерээр ажилд орсон. 2021 оны 9 сарын үеэс хамтарч ажилладаг болсон. Тийм болохоор дээр дурдсан хохирол нь Zh X бид хоёрын хохирол байгаа юм...” /хх 32/ гэсэн мэдүүлгээс үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh X-н эрх ашгийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн аль нэг хувиар тогтоох ажиллагааг хийх нь “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах юм.
Мөн яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй нь 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн байдлыг болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г нотлоогүй. Түүнчлэн яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Учир нь яллах дүгнэлтийг үндэслэх хэсэгт гэмт хэргийн агуулгыг бичихдээ “Яллагдагч БНХАУ иргэн Е Ч Л нь иргэн Б.Э- болон БНХАУ-ын иргэн Zh X нараас 26 тонн хонь, ямааны гүзээг худалдаж авахаар харилцан тохирсны дагуу 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б ф с” ХХК-аар Вьетнам Улс руу тээвэрлүүлэх явцад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барааны төлбөрийн урьдчилгаа 50.000 юань шилжүүлсэн...” гэх боловч “...2022 оны 6 дугаар сард гүзээг авсны дараа үлдэгдэл төлбөр болох 249.000 юань төлөлгүй хуурч... 67.604.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Е Ч Л нь Б.Э-, Zh X нараас 26 тонн гүзээг худалдаж авахаар тохиролцсон гэх боловч гуравдагч этгээд болох “Б ф с" ХХК-р тээвэрлүүлэх явцад 50.000 юань хэнээс, хаашаа, хэнд шилжүүлсэн талаар мэдэгдэхгүй. Нөгөө талаар Е Ч Л нь 50.000 юаныг дээрх 2 этгээдээс залилж аваад байгаа юм уу аль эсхүл 249.000 юань залилж аваад байгаа эсэх нь ойлгомжгүйн дээр “...249.000 юань төлөлгүй...” залилсан гэж дүгнэсэн нь бүр ойлгомжгүй.
Тодруулбал, Е Ч Л 249.000 юанийг хэнд төлөлгүй залилсан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Дээрх нөхцөл байдал нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүйд тооцогдоно. Иймд шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх бөгөөд дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлд хамаарах тул яллагдагч Е Ч Лд холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн болно.
Харин яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс яллагдагч Е Ч Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авлаа. Яллагдагч Е Ч Л нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/2804 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг захирамж биелэгдээгүй бөгөөд харин орчуулга, хууль зүйн туслалцаа өгөх ажиллагаатай холбоотой хүрэлцэн ирээгүй шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нь тогтоогдож байх тул яллагдагч Е Ч Л-д холбогдох 2308024170227 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Е Ч Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч М.Батчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захирамжийн 4 дүгээр хуудаст гэрч Zh X-ийг хохирогч, төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн аль нэг хувиар тогтоох шаардлагатай, энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь алдаатай, буруу дүгнэлт болсон байна. Учир нь, Zh X нь гэрчээр оролцож тайлбар мэдүүлэг өгсөн нь зөв, бодит байдалтай болон хуульд нийцсэн. Энэ талаар хавтаст хэргийн 186-200 дугаар хуудаст авагдсан байгаа. Яллагдагч болон Zh X нар “Вичат”-аар харилцсан харилцан ярианаас харж болно. Товчхондоо яллагдагч болон Zh X нар нэг улсын иргэд ба хоорондоо харилцан ярилцахад хүндрэл бэрхшээлгүй учраас яллагдагч нь Zh X-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосны үр дүнд хохирогч өөрийн өмчлөлийн барааг гэрч Zh X-ийн хүсэлтийн дагуу илгээж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа өнөөдрийг хүртэл хохирч байна. Энэ үйл явдлыг нотлох баримтыг мөн хавтаст хэргийн 5 дугаар хуудаст Zh X нь тодорхойлолт бичих замаар гаргаж өгсөн.
Захирамжид мөн гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг нотлоогүй гэж дүгнэсэн нь мөн л алдаатай, шүүгч нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй болов уу гэх ойлголтыг төрүүлж байна. Учир нь яллагдагч нь хохирогчтой хамтран ажилладаг гэрч Zh X-г хуурч, зохиомол байдал бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж хохирогчийн барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт байхад нь гэрч, хохирогчийн хамтран ажилладаг компаниар тээвэрлэлтийг хийж эхлүүлснээр, урьдчилгаа төлбөрт 50,000 юаныг бараа замд явж байхад төлсөн, тиймээс гэрч Монгол Улсад байрлах тээвэрлэлтийн компанид очиж барааг хүлээн авах хаягийг яллагдагчийн өгсөн хаяг болгон өөрчлүүлснээр тус гэмт хэрэг төгссөн. Товчхондоо гэмт хэргийн харьяаллын тухайд яллагдагч цахим хэрэгсэл ашиглаж хохирогч, гэрчийг төөрөгдүүлж хохирогчийн барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт байхад нь тээвэрлэлтийг хийлгүүлж, өөрөө өгсөн гадаад улсад байх хаягт барааг авсан байдаг. Энэ талаар яллагдагч нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр гэрч Zh X-тэй вичат аппликейшнээр найзууд болж, дараах харилцан яриа өрнөсөн байгаагаас харж болно. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч нь гэрч Zh X-тай найзууд болсноос эхлэн Вьетнамд Улсад өөрийн хаяг дээр барааг хүлээн авах сонирхлоо илэрхийлж, удаа дараа бараа хэзээ илгээх, илгээсэн эсэх талаар асууж шалгаадаг. Ингээд яллагдагч, гэрчид барааг илгээчих, хүлээн авсан даруйд барааны төлбөрийг асуудалгүй төлнө гэх мэтээр ярьж итгүүлдэг. Гэрч Zh X-ийн зүгээс 100,000 юаныг урьдчилгаа төлбөрт шилжүүлэхийг хүссэн ч яллагдагч нь 50,000 юаныг шилжүүлэн өгөхөөр тохиролцож тус төлбөрийг гэрч Zh X өөрийн охины дансаар хүлээн авдаг. Яллагдагч нь эхний удаа 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 09 минутаас эхлэн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 52 минут хүртэл хугацаанд блок хийдэг. Урьдчилгаа төлбөрт 50,000 юань хийсэн тул хонины гүзээ замдаа тээвэрлэгдэж байх явцад гэрч Zh X 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авагчийн хаягийг яллагдагчийн өгсөн хаяг болгон өөрчлүүлсэн. Яллагдагч ийнхүү өөрийн өгсөн хаягтаа барааг хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6 ширхэг барааны зургийг илгээж барааг боосон нь таалагдахгүй байх тул үнийг бууруулах санал тавьж, гэрч Zh X хүлээн зөвшөөрсөн. Ингээд гэрч Zh X төлбөрийг төлөхийг удаа дараа шаарддаг, харин яллагдагч “...мөнгө орж ирээгүй байна, чамд өгөх мөнгө байхгүй байгаад байна, би ч гэсэн шахаад байж байна, аргагүй байгаад байна, мөнгө ороод л ирэх юм бол би чам руу өгье. Уучлаарай, тиймээс намайг битгий шахаад бай л даа, ямар ч аргагүй байгаад байна, би чамаас илүү сандарч байна, Би чамд хэлье ээ, хамгийн удаандаа л гэхэд хоёр, гурван өдрөөс өгчихнө. Чамд мөнгө өгөхгүй байна гэж байхгүй шүү дээ, ахаа. Ж ах аа, тэр хүмүүс над руу 500,000 гаран юань шилжүүлнэ, 540,000 юань байх. Би энэ хэдэн өдрүүдэд үнэхээр мөнгө байхгүй байгаад байна. Байсан бол би танд гаргаад өгчихнө, асуудалгүй. Та над руу байнга мөнгөө нэхээд шахаад байх юм, миний сэтгэл санаа ч бүүр хэцүү болчихлоо. Тэр хүн хэлэхдээ өчигдөр шилжүүлнэ гэсэн шилжүүлээгүй, өнөөдөр л гэхэд одоо өдийд шилжүүлээгүй байж байна. Би бас энд санаа зовоод байж байна, залхаж үхлээ, дарамттай байна. Ж гуай тэр хүмүүс надад жинхэнээсээ мөнгө өгсөнгүй ээ, би танд өгөх мөнгө алга байна. Та бараагаа өөрөө буцаагаад авчих уу, би холбогдоод утсыг нь танд өгье. Та санаа зоволтгүй ээ би таныг нэг ч зоосоор хуурахгүй ээ. Хэрэв та надад итгэвэл нэг хэсэг тэгээд тэндээ байж байг, хэрвээ итгэж чадхааргүй байвал бараагаа аваад явчих аа, би хэлчихсэн байгаа” гэж хэлдэг.
Харин гэрч Zh X нь яллагдагчид хандан “...Тэр барааг та авах юм уу үгүй юм уу, авахгүй юм бол надад буцаагаад өгчих өө, чи надад Вьетнам дахь холбоо барих утсыг явуулаад өгөөч, Е даргаа, бид хэнээс бараагаа буцааж авах вэ, чи холбоо барих утсыг нь надруу явуулчих л даа бид нар өөрсдөө авья, дахиад ингээд байлгаад байж болохгүй шүү дээ, одоо сар гаран хүлээлэгчихлээ шүү дээ.” гэж нэг талаас мессеж явуулсаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчид вичатад дахин блоклуулж дахин мессеж илгээх боломжгүй болсон байдаг.
Товчхондоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон байхад шүүх нөхөн гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Монгол хэлгүй атлаа Монгол крилл үсгээр орчуулагч байхгүй тул очих боломжгүй байгаа мэтээр хүсэлт ирүүлж шүүх хуралдаан ирээгүй. Энэ үйлдэл нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болж шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өөрчилсөн. Тэгсэн атлаа орчуулга, хууль зүйн туслалцаа өгөх ажиллагаатай холбоотой хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдсон хэмээн дүгнэж, шийдсэн байгаа нь мөн үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүх хуралдааны үеэр яллагдагчийн орчуулагч “....би шүүх хуралд оролцох өдөр өөрөө бэлэн байсан, харин яллагдагч, түүний өмгөөлөгч нар өөр лүү нь шүүх хуралд очих хэрэгтэй талаар өөрт нь хэлж шаардаагүй тул очоогүй” гэж хэлдэг. Харин яллагдагчийн өмгөөлөгчийн тухайд өөрөө урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, энэ талаар шүүх хуралд тухайлсан тайлбар хэлээгүй.
Харин хохирогчоос яллагдагчид нийлүүлсэн 26 тонн хонь, ямааны гүзээний хохирлыг хавтаст хэргийн 126 дугаар хуудаст авагдсан шинжээч 91,000,000 төгрөгөөр үнэлснийг тооцож, бараа тээвэрлэгдэж байх явцад өгсөн 50,000 юань буюу 23,395,500 төгрөгийг хасч, хохирогч Б.Э-ийг гагцхүү барааны төлбөр болох 67,604,500 төгрөгөөр хохирсон хэмээн яллах дүгнэлтэд тогтоосон байгаа нь тооцооллын алдаатай дүгнэлт болсон байна. Учир нь хохирогч энэхүү 26 тонн гүзээг илгээхэд шинжээч тогтоосон 91,000,000 сая төгрөгөөс гадна хавтаст хэргийн 26 дугаар хуудаст авагдсан баримтаас харахад яллагдагчийн авсан 26 тонн барааг түүний өгсөн хаяг болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу тээвэрлүүлэхэд 14,000 ам.долларын зардал гарсан. Тээвэрлэлтийн тус зардлыг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.доллар 3,096.72 төгрөгтэй тэнцэж байгаа албан ханшыг үндэслэл болгон төгрөгт хөрвүүлбэл нийт 43,354,080 төгрөг болж байна. Иймд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2024/ШЗ/2920 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид заасан ажиллагааг хийх бус яллах дүгнэлтийн хохирогчийн хохирлын хэмжээг 110,958,580 төгрөг болгон өөрчлөлт оруулж, хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхээр шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Е Ч Л /Y C L/-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Шүүгчийн захирамжид гэрчээр мэдүүлэг өгсөн Zh X-г хохирогч юм биш үү, хохирогчоор тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй гэдэг байдлаар дурдсан. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг голчлон үнэлээд байгаа. Б.Э-ийн мэдүүлэгт “Zh X-н үйлдвэрт би ажилд орсон. Е Ч Л /Y C L/-тай холбогдож 26 тонн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. “Zh X-н үйлдвэрээр бэлтгүүлсэн” гэсэн асуудал яригдсан. Хохирогч Б.Э-ийн мэдүүлэг болон Zh X-ийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан Zh X-ийн гаргаж өгсөн албан бичиг зэргээр “Zh X бэлтгэсэн бараа бүтээгдэхүүн нь Б.Э-ийн хөрөнгөөр бэлтгэгдэж хүргэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн, би Е Ч Л /Y C L/-тай зөвхөн вичатаар холбогдож бараа бүтээгдэхүүнийг зарах тухай тохиролцож байгаа” гэдэг энэ нөхцөл байдлыг дурдсан. Мөн дүгнэлтийн тогтоох хэсэгт “Е Ч Л /Y C L/ нь Б.Э- болон Zh X нартай харилцаа холбооны хэрэгслээр холбогдож” гэж байгаа. Zh X нь Е Ч Л /Y C L/-тай вичатаар холбогдож бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах тухай тохиролцоо хийж өгсөн этгээд юм. Тэгэхээр хохирогчоор тогтоогдвол зохих этгээд буюу залилуулсан эд хөрөнгийг гаргасан Б.Э-ийг хохирогчоор тогтоосон, зуучилсан Zh X-аас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн байх тул хэрэгт Zh X-ийг хохирогчоор тогтоох ажиллагааг нэмэлтээр хийх шаардлагагүй. Хоёрдугаарт, урьдчилгаа 50.000 юань шилжүүлсэн асуудлын тухайд Zh X-ийн охиноор дамжуулан Б.Э- 50.000 юань авсан гэх үйл баримт тогтоогдсон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нийт 26 тонн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд үүний үлдэгдэл төлбөр болох 240.000 юанийн хохирол Б.Э-т учирсан гэх үйл баримт тогтоогдсон. Хэргийн үйл баримтын тухайд бараа бүтээгдэхүүн Монгол Улсад бэлтгэгдэж Алтанбулагийн боомтоор гарч далайгаар тээвэрлэгдэж Вьетнам улсад Е Ч Л /Y C L/ бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, бараа бүтээгдэхүүнийг яасан нь тодорхойгүйгээр захиран зарцуулагдсан байгаа. Улсын ерөнхий прокурорын газраар хэргийн харьяаллыг тогтоолгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн нөхцөл байдлын тухайд Монгол Улсын иргэнийг гадаад улсын иргэн залилсан учраас хэргийн харьяаллын хувьд маргах зүйл байхгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Е Ч Л /Y C L/-д холбогдох 2308024170227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хяналаа.
1. Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh X хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн аль болохыг тогтоох ажиллагааг хийх,
- гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн байдлыг болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г нотлоогүй /Е Ч Л 249.000 юанийг хэнд төлөлгүй залилсан нь ойлгомжгүй/ гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
2. Яллах дүгнэлтэд дурдсан “...үлдэгдэл төлбөр болох 249.000 юань буюу 67,604,500 төгрөг...”-ийг хэн, хэнийг төөрөгдөлд оруулж авсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нягтлан шалгаж эргэлзээгүй тогтоох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох нь хэргийн үйл баримтыг тогтоох, улмаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шийдвэрлэдэг тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж дүгнээд хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч М.Батчулууны гаргасан захирамжийг үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ