| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00342/И |
| Дугаар | 141/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ……………. оршин суух Х овогт Ш А “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие Ш.А нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1987 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор өөрчилж байна. Мөн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ш.А нь Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар 1987 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
- Х овогт Ш А ……. дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар 06-ны өдрийн 136 дугаартай “...Ажилтан, ажилчид ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай гээд Ш А 3-р үтрэмд ажилчнаар 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар 21-ний өдрийн 192 дугаартай “...Ажилчин ажилд томилох бас ажлаас чөлөөлөх тухай гээд Шагдаржав овогтой Аийг 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ш А, РД:……., эмэгтэй, …………… төрсөн, Тэжээлийн аж ахуйн 3-р үтрэмд ажилчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Гэрч В.Т.: “...Ш.А намайг 1987 онд Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн 3-р үтрэмд нормчноор ажилд орж байхад тус газар ажилчнаар буюу нормчноор ажиллаж байсан. Дээрх газраа 1989 он хүртэл ажиллаж байгаад 1989 онд хүнтэй суугаад нөхрийнхөө хамт хөдөө гарч мал маллах болсон. Бид хоёр нэг газар хамт ажиллаж байсан учраас Ш.Аийн 1987-1989 он хүртэл ажиллаж байсан талаар мэдэж байгаа юм. Ш.А нь тухайн үе будаа хутгагч буюу ялгах ажил хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч С.Б: “...Ш.А 1987 оноос 1989 он хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар ажиллаж байсан. Тэгээд 1989 онд манай найз болох Э сууж байсан. Бид нэг нутгийн мөн нэг газар хамт ажиллаж байсан учраас би Ш.Аийг 1987 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан талаар мэддэг юм. Ш.А нь будаа хутгагч ажлыг хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Ш.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Ш Аийг Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар 1987 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ