| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2109015780805 |
| Дугаар | 2025/ДШМ/181 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ш.Э, Д.Д |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/181
Ш.Э, Д.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оргилболд,
нарийн бичгийн дарга П.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЦТ/950 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оргилболдын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлээр Ш.Э, Д.Д нарт холбогдох 2109015780805 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Ш-ын Э, /РД: /, ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
2. А овгийн Д-ийн Д, /РД: .........../, ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
Хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Ш.Э нь Д.Д-той бүлэглэн Баянгол дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю Ш Т З” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай хохирогч Ц.Н-д нүүрс тээвэрлэх вагоны эрх олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тус компанийн байранд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, улмаар 2021 он 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ю Ш Т З” ХХК-ийн 503хххххх дугаартай данснаас, “А ш” ХХК-ийн 506хххххххх дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,
Д.Д нь Ш.Э-тэй бүлэглэн Баянгол дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю Ш Т З” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай хохирогч Ц.Н-д нүүрс тээвэрлэх вагоны эрх олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тус компанийн байранд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, улмаар 2021 он 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ю Ш Т З” ХХК-ийн 503хххххх дугаартай данснаас, “А ш” ХХК-ийн 506хххххххх дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Э, Д.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Э, Д.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцон цагаатгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, “Ю Ш Т З” ХХК-д шүүгдэгч нар нь 60,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Оргилболд эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Э, Д.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэх боломжтой. Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт, гэрч, иргэний хариуцагч Т.Р-ийг оролцуулан хэрэгт авагдаагүй үйл явдлыг мэдүүлж, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж өөрсдийн гэм буруугийн талаар маргасан.
Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Э, Д.Д болон гэрч Т.Р- нар нь “...урьд ДГ компанийн менежер Г гэж хүнтэй хэлэлцэн тохирч 200 вагон түрээсээр авах тохиролцоонд хүрсэн байсан. Энэ вагоныг түрээслэх хүн байна уу гэхэд нь би Д-д хэлж вагон түрээслэх Хятад компани олсон. ...2021 оны 8 сарын сүүлээр манай оффист цай уугаад сууж байхад “М Т Л” ХХК-ийн менежер Г надтай утсаар ярьж нэг цуваа вагон түрээсээр авах гэж байсан. Би өмнө “М Т Л” ХХК-иас вагон түрээсээр авдаг байсан. Тухайн утсаар ярих яриаг Ш.Э сонсоод та надад вагон түрээслэх үү гэсэн би чамд түнш байвал нэг цуваа буюу 50 вагон түрээсэлье гэсэн яриа 2021 оны 8 сарын сүүлээр болсон. Одоо санахад 2021 оны 9 сарын эхээр Ш.Э надад Хятад компани байгаа 100 вагон түрээслэх гэж байгаа гэсэн танаас вагон түрээсэлье гэсэн. Би вагон түрээслэх юм бол чамтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулна гэсэн ийм яриа болсон” гэх мэдүүлэг өгсөн. Харин эрүүгийн 2109015780805 дугаартай хэрэгт авагдсан шүүхээр шинжлэн судлагдсан баримтуудын тухайд гэвэл хохирогч Ц.Н-, гэрч Ж, Т.Р-, Ө.Н, Ц.Ч, иргэний хариуцагч Т.Р-, Ц.Ч нарын мэдүүлэг болон “А ш” ХХК-ийн 506хххххххх дугаартай дансны хуулга, “Ю Ш Т З” ХХК-ийн захирал Ц.Н- болон “А ш” ХХК-ийн захирал Ш.Э нарын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 21/0902 дугаартай “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ”, мөн “М Т Л” ХХК-ийн албан бичгийн хариу, Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10/122 дугаартай албан бичиг, Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Ш.Э, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзээд, улсын яллагчаас тэдгээрийг гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлтийг шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим байгууллагаас ирүүлсэн албан бичиг бүхий нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн бол энэ талаараа цагаатгах тогтоолд дүгнэлт хийгээгүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй орхигдуулсан байна. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Тухайлбал, хэрэгт гэрч Т.Р-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...“М Т Л” ХХК-аас авахаар болж би уг компани руу албан бичгээр хандсан боловч хариу өгөлгүй явсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос эхлэн задгай вагоноор нүүрс тээвэрлэхийг хориглосон учир 100 вагоны асуудал хүлээгдээд байгаа...” гэх мэдүүлэг нь огнооны хувьд хэрэгт авагдсан “М Т Л” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22/51 дугаартай “...Т.Р- /РД: .........../, Ш.Э /РД: ............/ болон “М О Б” ХХК, “А ш” ХХК-тай хамтран ажилладаггүй талаарх албан бичгийн хариу, мөн Улаанбаатар төмөр замын хууль зүйн албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10/122 дугаартай нэр бүхий хуулийн этгээд нь ачилтын захиалга болон ачилт хийгдээгүй талаарх албан бичиг, мөн Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/311 дугаартай ачилтын захиалга ирж байгаагүй талаарх албан бичгийн хариу зэргээр няцаагдаж байхад дээрх албан бичгүүдийг үнэлсэн эсхүл няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй орхигдуулсан байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс гэрч Т.Р-оос “...2021 оны 8 сард Ш.Э, Д.Д нартай уулзахдаа нүүрс тээвэрлэх гэрээ байгуулах компани олж ир гэсэн яриа өгүүлэл гаргасан байсан уу” гэсэн асуултад “үгүй” гэж хариулсан шүүхийн хуралдааны тэмдэглэл авагдсан атал, шүүгч цагаатгах болсон дүгнэлт хэсэгтээ “...гэрч Т.Р- болон шүүгдэгч Ш.Э нар нь урьд ярилцаж байсны дагуу “А ш” ХХК болон “Ю Ш Т З” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан байх гэж дүгнэх үндэслэлтэй байна...” гэж бичсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдаагүй шүүхийн шатанд эргэлзээтэй байдлаар өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлж дүгнэн шийдвэр гаргасан.
Түүнчлэн залилах гэмт хэргийг хууль тогтоогч хохирогчид худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар түүний эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь залилах гэмт хэргийн үндсэн аргуудын нэг байхыг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд хуурах нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах нуун дарагдуулах зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглаж, гэрээнд оролцсон нөгөө талаа хохироодог онол зүйн ойлголт юм. Энэ ч утгаараа улсын яллагчаас зүгээс шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хохирогчоос шилжүүлэн авсан 60,000,000 төгрөгийн хариуд 14 хоногийн хугацаанд биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөнгө авснаас хойш ганц ч удаа холбоо барилгүй алга болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, үр дүн гараагүй, цаг хугацааны хувьд үр дүн гарахгүй нь тодорхой болсон нөхцөл байдал байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх 60,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа залилах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийн аргаар бусдын эд хөрөнгийг гэрээгээр халхавчлах замаар шилжүүлэн авсан гэж дүгнэж ирсэн бөгөөд, энэ талаар мөн шүүгч тогтоолдоо улсын яллагчийн байр суурийг дурдсан болно.
Мөн дээрх хэрэгт прокуророос Ш.Э, Д.Д нарт 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд тус тус өөрчлөлт оруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад, шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...Ш.Э, Д.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл анги буруу бичсэн, мөн хэргийн бусад асуудлын талаарх дүгнэлтдээ, “...хохирол төлөгдөөгүй...” болохыг дурдсан атлаа, тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...60,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” заалтыг хангахгүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон гэрчийн өгсөн мэдүүлэгтээ холбоотойгоор шүүхээс дүгнэхдээ “...шүүгдэгч Ш.Э, Д.Д нар нь “Ю Ш Т З” ХХК-с шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн залилах гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлсон гэмт санаатайгаар шилжүүлж авсан бол гэрч Т.Р- нарын хооронд бий болсон вагон олж өгөх талаарх аман хэлцлийн дагуу Т.Р-ийн хамаарал бүхий 503ххххххххх тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлэх шаардлагагүй эсхүл Т.Р-, Ш.Э, Д.Д нар нь гэмт үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм...” гэж үзсэн атлаа энэ талаарх шалгах ажиллагааг хийлгүүлэх шийдвэр гаргалгүйгээр “...шүүгдэгч Ш.Э, Д.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэж шийдвэрлэсэн боловч, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан “...хэргийн бодит байдалд нийцээгүй...”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” зөрчилд хамаарч байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЦТ/950 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Яллагдагч Ш.Э, Д.Д нарт холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэчимэгт хэрэг хэрхэн хуваарилагдсан талаар баримт хэрэгт байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих”-ийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ: 1.1. шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.
2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЦТ/950 дугаар цагаатгах тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”-ийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан эсэх нь тодорхойгүй, цагаатгах тогтоол гэж давтан бичсэн, хэргийг шийдвэрлээд гаргасан цагаатгах тогтоолын 2 дахь нүүр хавтаст хэрэгт байхгүй зэрэг алдаа зөрчлүүд /3-р хх-ийн 82-83/ гаргажээ.
Цагаатгах тогтоол нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ыг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 246 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг мөн зөрчсөн байна.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах, шүүхийн шийдвэр хуульд нийцсэн хэлбэрээр гараагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул прокурор Б.Оргилболдын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Ш.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЦТ/950 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Цагаатгагдсан этгээд Ш.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ