| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00344/И |
| Дугаар | 141/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч …………….. оршин суух И.х овогт О Г “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1977 онд Баянтэс суманд бага ангид сурч байсан. 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Тэсийн тэжээлийн аж ахуйд туслахаар, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор, 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Асгат сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нарт ХХК-д тракторчин, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Манхаг компанид тракторчин, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нарт ХХК-д тракторчийн жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Асгат сумын Баянхайрханы тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Нарт ХХК-д тракторчин,
1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Манхаг ББХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч О.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О.Г нь 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Асгат сумын Баянхайрханы тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ………… тракторчин,
1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ……………. тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:
- И.х овогт О Г дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Асгат сумын Баянхайрханы тэжээлийн аж ахуйн боловсон хүчнээс О Год 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Баянхайрханы тэжээлийн аж ахуйд тракторчоор томилж ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхайрхан тэжээлийн аж ахуй тракторчийн ажлаас чөлөөлөв, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ……………. тракторчоор томилж ажиллуулав, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ………… зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тракторчний ажлаас чөлөөлөв, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Манхаг компанид тракторчиний ажилд томилж ажиллуулав, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ………….. зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөв, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нарт ХХК-д тракторын жолоочоор авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр трактороо хувьдаа авсан тул тракторын жолоочийн ажлаас чөлөөлөв...” гэсэн ажилласан жилийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,
- УАТХШБГ-ын мэргэжлийн комиссын даргын гарын үсэг бүхий “...О Г 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тракторч-машинч болсон №052230...” гэсэн үнэмлэхийн хуулбар,
- Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний О Год 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...1987 оны 1-12 сар, 1988 он 1-12 сар, 1989 он 1-12 сар, 1990 он 1-12 сар, 1991 он 1-12 сар...” гэсэн авч байсан цалингийн бичилт бүхий бат илэрхийлэхийн хуулбар,
- “...Хүндэт нөхөр О.Г танаа МАХН-ын их бүгд хурлуудын шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэн 1987 оны социалист уралдаанд хошуучлан ажиллаж техникийн бүтээлийн норм, уралдааныхаа үүргийг давуулан биелүүлсэн явдалд талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. Асгат сумын Баянхайрханы ТАА-н захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл 1987.12.29...” гэсэн баярын бичиг
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...О Г, РД:…. эрэгтэй, ……. төрсөн, Баянхайрхан тэжээлийн аж ахуй 3-р бригад тракторын жолооч ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Гэрч Д.Б: “...О.Г нь Баянтэс сумын харьяат байгаа юм. О.Г нь 1981 онд цэрэгт татагдаж 1984 онд цэргийн албанаас халагдаж байсан. 1985 онд Асгат сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1992 онд Нарт ХХК-д тракторчин, 1992 оноос 1994 оны дуустал Манхаг компанид тракторчноор ажиллаж байсан. Тус Баянхайрхан тэжээлийн аж ахуйн оныг нь сайн мэдэхгүй байна 6 компани болоход …………….. гэсэн компаниудад О.Г нь ажиллаж байсан юм. Нарт ХК-ний захирал нь Д гэж байж байгаад Б гэдэг хүн захирал нь болж байсан. Харин Манхаг компаний захирал Г гэдэг хүн ажилладаг байсан. Тэгэхэд би Д захирлын үед буюу 1994 онд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бид хоёр нэг нутгийнх мөн нэг газар ажиллаж байсан учраас би О.Гыг 1985 оноос 1994 оныг дуустал хаана ямар ажил хийж байсан талаар мэддэг юм...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.Д: “...О.Г нь Баянтэс сумын харьяат байгаа юм. Бид хоёр нэг нутгийнх мөн нэг газар ажиллаж байсан учраас О.Г талаар би сайн мэднэ. О.Г 1985 онд Асгат сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1992 онд Нарт ХХК-д тракторчин, 1992 оноос 1994 оны дуустал Манхаг компанид тракторчноор ажиллаж байсан. Баянхайрханы тэжээлийн аж ахуйн даргаар Балчин, Нарт ХК-ний захирал нь Д гэж байж байгаад Б гэдэг хүн захирал нь болж байсан. Харин Манхаг компаний захирал Г гэдэг хүмүүс тус тус ажилладаг байсан. Тухайн үед 3 бригадтай 3 салаатай байсан. 1 салаанд 25 гаран хүн тракторын жолоочоор ажилладаг байсан. 3 салаа нийлээд 60 гаран тракторын жолооч ажилладаг байсан. Тухайн үед эхлээд Баянхайрхан сумын Тэжээлийн аж ахуй гэж байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад 1986 онд Асгат сум байгуулагдаж Асгат сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуй гэж нэрлэх болсон юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 161 дугаартай “... Асгат сумын …………… регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр татан буугдсан байна... Асгат сумын “……. регистрийн дугаартайгаар 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр татан буугдсан байна...” гэсэн лавлагаа авагдсан байна.
Иймд нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан И.х овогт О Гыг нь 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Баянхайрханы тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ……………тракторчин,
1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ………….. тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ