| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00360/И |
| Дугаар | 141/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоо
Нэхэмжлэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ………… оршин суугч Б.Ш овогт Д Цын нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдлаа болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д овогтой Ц нь 1965 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 1982 онд сумын ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. 1984-1987 онд цэргийн алба 3 жил хааж 1988 оноос сумын НААҮ-ийн төв болон эрчим хүчний салбарт слесарийн албан тушаал хашиж байсан. 2025 онд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болоход дээрх хугацаанд ажиллаж байсан байгууллагуудад ажиллаж байсан баримт материал нь архивт нь хадгалагдаагүй байгаа тул намайг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Нийтийн аж ахуйн төвд уурын зуухны слесарь, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Түдэвтэй сумын эрчим хүчний салбарт слесариар тус тус ажилласан байснаа тогтоолгох мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохоо тогтоолгох хүсэлтэй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хааж байсан болохоо тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
1. Нэхэмжлэгч Д.Ц нь 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Нийтийн аж ахуйн төвд уурын зуухны слесариар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Түдэвтэй сумын эрчим хүчний салбарт слесариар тус тус ажиллаж байсан болох нь:
- Шандсан овогтой Д Ц дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлээс Д Цт 1987 онд хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хугацаат цэргийн албанд татав, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албаа хааж дууссан, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Түдэвтэй сумын УСНААҮ-ний төвд уурын зууханд слесариар авч ажиллуулав, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БНМАУ-ын СНЗ-ийн 142 дугаар тогтоолоор Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт зуухны слесариар шилжүүлэв, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БНМАУ-ын СНЗ-ийн 142 дугаар тогтоолоор шилжин ирсэн тул Түдэвтэй сум дахь Эрчим хүчний салбарт зуухны слесариар авч ажиллуулав, 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уурын зуухны слесариарын үүрэгт ажлаас чөлөөлөв...” гэсэн ажилласан жилийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,
- Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 254 дугаартай “...Мэргэжил, мэргэжлийн зэрэг олгох тухай гээд даргын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаар тушаалын хавсралт Түдэвтэй сумын эрчим хүч дулааны ажилчдаас шалгалт авсан жагсаалтын 2-рт Д.Ц, мэргэжил зуухны слесарь, мэргэжлийн зэрэг 3...” гэсэн тушаалын хуулбар,
- Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “...Цалин, нэмэгдэл тогтоох тухай ЭХНҮ-ийн даргын 1991 оны 39-р тушаалын 2-р хавсралтын 9-рт зуухны засварчин Д.Ц, зэрэг 3, зэргийн цалин 5,18...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Архивын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/1256 дугаартай “...1992 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын эрчим хүчний салбарт ажиллаж байсан Д.Цын цалингийн тодорхойлолт 1992 он 1 сар 1467.52 төгрөг, 2 сар 1649.60 төгрөг, 3 сар 1887,30 төгрөг...” гэсэн лавлагаа болон цалингийн тооцооны хүснэгт,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Ц, РД:……., эрэгтэй, 1965 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Түдэвтэй сумын нийтийн ахуй үйлчилгээнд слесарь ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Ц, 1965 онд төрсөн, 23 настай, Нийгмийн бүлэг: ажилчин, Ажилладаг байгууллага: Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд, Эрхэлдэг ажил: слесарь...” гэж тэмдэглэсэн 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлтэй гэрлэлтийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
- Гэрч Д.Б “...Намайг 1976 онд Завхан аймгийн Түдэвтэй эрчим хүчний салбарт галчаар ажиллаж байхад Д.Ц нь 1988 оноос эхлэн Завхан аймгийн Түдэвтэй сумын Нийтийн аж ахуйн төвийн уурын зууханд слесариар ажилд орж байсан. Тус Нийтийн аж ахуйн төв нь 1990 онд эрчим хүчний салбар болж нэгдэж байсан. Тэгэхэд Д.Ц нь мөн эрчим хүчний салбарт слесариар 1992 он хүртэл ажиллаж байсан. Би Д.Цтай хамт ажиллаж байсан учраас 1988 оноос 1992 оныг дуустал слесариар хийж байсан талаар нь сайн мэддэг юм...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Б: “...Намайг 1989 онд Завхан аймгийн Түдэвтэй эрчим хүчний салбарт моторчноор ажилд орж байхад Д.Ц нь Завхан аймгийн Нийтийн аж ахуйн төвд слесариарээр ажиллаж байсан. Д.Ц нь 1988 оноос эхлэн Завхан аймгийн Түдэвтэй сумын Нийтийн аж ахуйн төвийн уурын зууханд слесариар хийж байгаад 1990 онд эрчим хүчний салбар болоход мөн ажиллаж байсан. Тэгээд 1992 он хүртэл ажиллаж байгаад эрчим хүчний нүүрс тээврийн машины жолоочоор ажиллах болсон. Тухайн үед би тэндээ ажилдаад үлдсэн болохоор Д.Цыг 1992 оны хүртэл ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Анх Нийтийн аж ахуйн салбар нь Завхан аймагтаа харьяалагдаж байсан. Тэгэхэд даргаар нь Н.Цэгмид гэдэг хүн ажиллаж байсан. Бид хоёр нэг ангид буюу 8-р ангиа хамт суралцаж төгсөж байсан. Гэхдээ Д.Ц нь манай дээд ангиас орж ирж байсан.” гэсэн мэдүүлэг,
2. Нэхэмжлэгч Д Ц нь Хилийн ба дотоодын цэргийн 0119 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь:
- Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлээс Д Цт 1987 онд хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хугацаат цэргийн албанд татав, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албаа хааж дууссан...” гэсэн бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл,
“...542707 дугаартай Д Ц 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгов гээд түүний зургийг нааж, зургийн баруун өнцгийг оруулан тэмдэг дарж, цэргийн жинхэнэ албанд татаж 0119 дугаар ангид хуваарилав, Завхан аймаг аймаг, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, цэргийн жинхэнэ алба хаасан байдалд 0119-р ангид 1984-1987 он, цэргийн тангаргийг 0119 ангид 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өргөв. Цэргийн жинхэнэ албанаас 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэлээр халав...” гэж бичиж тэмдэглэсэн цэргийн үүрэгтний үнэмлэх /эх хувь/,
Нэхэмжлэгч Д.Цын цэргийн албанд байхдаа хамт алба хайж байсан алба хаагч нартай авхуулсан гэрэл зургууд /эх хувь/,
- Гэрч Д.Б: “...Намайг 10-р ангиа Завхан аймагт төгсөж байхад Д.Ц трактор компанийн авто сургуульд сурч байсан юм. Тэгэхэд цэргийн зарлан ирсэн гээд 1984 оны хавар цэрэгт явж байсан. Тэгээд 1987 онд намар халагдаж байсан. Тэгэхэд би цэрэгт татагдсан байсан учраас цэргээс Д.Цыг халагдаж байгаа талаар сонсож байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ш овогт Д Цыг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Нийтийн аж ахуйн төвд уурын зуухны слесариар,
1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Түдэвтэй сумын эрчим хүчний салбарт слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ш овогт Д Цыг Хилийн цэргийн 0119 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Цаас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад тохирох 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ