| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00367/И |
| Дугаар | 141/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ……………. багт оршин суугаа Т овогт Б Э нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг шүүх хуралдаан болох өдөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул очих боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын харьяа Т сумын Байгаль хамгаалах хэсэгт цаг уурын харуулын ажиглагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Т сумын цаг уурын ажиглагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Т овогт Б Э…………. дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Усны аж ахуйн техникумаас Б Э 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Усны аж ахуйн техникум цаг уурын 1-р ангид авч суралцуулав, 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Усны аж ахуйн техникумын цаг уурын 4-р анги төгссөн тул БОХ яамны мэдэлд шилжүүлэв, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын харьяа Т сумын Байгаль хамгаалах хэсэгт цаг уурын ажиглагч, техникчээр томилон ажиллуулав, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж Т сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлэв, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т сумын цаг уурын ажиглагчаар ажиллуулав, 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цаг уурын ажиглагчийн ажлаас чөлөөлөв...” гэсэн ажилласан жилийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,
- Завхан аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай “...Ажилд томилох тухай гээд Батдорж овогтой Эрдэнэчимэгийг Т сумын Байгал хамгаалах хэсэгт цаг уурын харуулын ажиглагчаар 1989 ооны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дугаартай “...Зарим хүмүүсийг өөр ажилд шилжүүлэх тухай гээд Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолыг үндэслэн сумдын ус, цаг уурын өртөөний ахлах техникч, техникчид, ажиглагч нарыг 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж сумын засаг даргын тамгын газрын мэдэлд 1-р хавсралтаар шилжүүлсүгэй, 74-р тушаалын 1-р хавсралт сумдад ажиллаж байгаа ус цаг уурын ахлах техникч, техникчид, ажиглагч нар ...16-р мөрөнд Т Э...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Т сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай “...Ажилд томилох тухай гээд Байгаль орчны хяналтын газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 74-р тушаалыг үндэслэн цаг уурын ажиглагчаар Б.Эийг 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Т сумын Засаг даргын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай “...Тооллогын комисс байгуулах тухай гээд гишүүдэд Эрдэнэчимэг цаг уурын ажиглагч...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Т сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай “...Эд аж ахуйн тооллогын комисс томилох тухай гээд комисс Эрдэнэчимэг ...” гэсэн тушаалын хуулбар,
- “...Б.Э 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 сар, Тамгын газар цаг уур 1994 оны 01 дүгээр сар...” гэсэн түүний авч байсан цалингийн тооцооны хүснэгт,
- Гэрч О.Ө: “...Намайг Завхан аймгийн Т сумын Тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхад Б.Э 1989 онд цаг уурын техникум төгсөж ирсэн. 1989 оны 07 дугаар сард Байгал орчныг хамгаалах газрын Байгаль хамгаалах хэсэгт цаг уурын ажиглагч, техникчээр ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй 1994 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Дарханд хүнтэй суугаад явахад оронд Тунгалаг гээд Жамсрандорж гээд хэсгийн төлөөлөгчийн эхнэрийг авч байсан. Тухайн үед бид хоёр нэг байгууллагад ажиллаж байсан учраас Б.Эийг 1989 оноос 1994 оныг дуустал тасралтгүй цаг уурын техникчээр ажиллаж байсан талаар нь мэддэг юм. Байгал хамгаалагч, цаг уурын техникч нь нэг байгууллагад харьяалагдаж ажилладаг байсан. Байгаль хамгаалагч нь Пүрэвням гэдэг хүн ажилладаг байсан. Тэр үед сум болгонд нэг байгаль хамгаалагч, нэг цаг уурын ажилтантай байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.Т: “...Б.Э нь 1989 оноос 1994 оныг хүртэл Завхан аймгийн Т сумын Байгал орчныг хамгаалах газрын Байгаль хамгаалах хэсэгт цаг уурын ажиглагч, техникчээр ажиллаж байсан. Тухайн үед бид нэг газар ажиллаж байсан учраас Б.Эийг 1989 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байсан талаар нь сайн мэддэг юм. Байгаль хамгаалагч, цаг уурын техникч нь нэг байгууллагад харьяалагдаж ажилладаг байсан. Тэр үед Б.Э нь Байгаль хамгаалагч П хамт нэг өрөөнд суудаг байсан. Тэр үед сум болгонд нэг байгаль хамгаалагч, нэг цаг уурын ажилтантай байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Т овогт Б Э 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын харьяа Т сумын Байгаль хамгаалах хэсэгт цаг уурын харуулын ажиглагчаар,
1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Завхан аймгийн Т сумын цаг уурын ажиглагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ