Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/237

 

 

 

Б.Б-өд

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Ц.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-өд холбогдох 2408034961672 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.      

М овгийн Б-ийн Б, /РД: .............../, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... дүгээр цэцэрлэгийн гадна үл ялих шалтгаанаар Ц.О-ын биед халдаж “хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацар, хоёр суганд цус хуралт, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт, дух, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 6,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-т олгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 183,120 төгрөгийг, хохирогчийн эмчилгээний баримтаар нотлогдсон зардалд 430,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй хохирогч нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Б.Б-ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүхээс,  сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн 2 дугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг 5-12, 99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн олговор олгохоор заасан. Гэтэл шүүх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж зөв дүгнэсэн атлаа шүүгдэгчээс нөхөн төлбөрийн хэмжээг 10 хувиар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 6,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгөхийг хүссэн боловч шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2. Хууль буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...’’-өөр хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Б.Б-ийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно. Өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ийг бодит хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөөгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” байхыг шаардсан ба Б.Б-ийн хувьд бодит хохирлоо нөхөн төлсөн болох нь дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Гэтэл шүүх хуульд заагаагүй үндэслэлээр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь учир дутагдалтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр Б.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 5 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн олговор олгохоор зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Хохирогч Ц.О- шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Хохирогч Ц.О-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээхгүй байсан бөгөөд мэтгэлцээний явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Б.Б-ийн цохилтын улмаас Ц.О- гэмтэл авсан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл өмгөөлөгч нь шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гэж үзэж байна. Учир нь, хохирогч Ц.О-ын биед гэмтэл учирсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг буруу тогтоосон гэж байгаа боловч хохирогчийг хүүхдийнх нь дэргэд цохиж зодсон тул хохирогч, хүүхдийнх нь хэн аль нь хүнд байдалд орж, хүүхэд нь сургуульдаа явж чадахгүй байдалд орсон. Иймд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн нь хуульд нийцсэн. Учир нь, хохирогч шүүх хуралдаанд гомдолтой гэдгээ илэрхийлсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой гэм хорын хохирол бүрэн арилаагүй. Мөн шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгчээс 6,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн нөхцөл байдал  болон хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б-өд холбогдох 2408034961672 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... дүгээр цэцэрлэгийн “эмэгтэй хүн цохилоо” гэсэн шалтгаанаар Ц.О-ын биед халдаж, улмаар харилцан ноцолдож, Б.Б- нь хохирогч Ц.О-ын бие махбодид “хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацар, хоёр суганд цус хуралт, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт, дух, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... дүгээр цэцэрлэгийн гадна бусдад зодуулсан” /хх-ийн 4/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирлагын тасаг Дуудлага лавлагааны хуудас: “Зодоон болоод байна” /хх-ийн 5/,

хохирогч Ц.О-ын “...2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би 62 дугаар сургуулиас ширээ сандлаа аваад хүүхэд Н-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ..... дүгээр цэцэрлэгийн хашааны гадна ирэхэд хашааны хаалга хаалттай байсан. Хашааны дотор эцэг, эхчүүд байгаа нь хашааны завсраар харагдсан. Манай охины ангийн хүүхэд Б-ын ээж Н байсан ба ширээ сандлыг янзалж угсарч өгөх хүмүүс байна гэж бодсон. Тэгээд би буугаад хашааны том хаалгыг онгойлгож байхдаа тухайн хүмүүст “өө та нар яасан өөдгүй юм хаалга онгойлгоод өгчихгүй” гэж хэлэхэд нэг эмэгтэй араас ирээд “би чиний хаалгыг онгойлгож өгөх ёстой юм уу, үгүй юм уу” гэж хэлсэн, гар утсаараа бичлэг хийгээд байсан ба доогуур хоёр удаа хөлөөрөө өшиглөөд гар утсаараа нүүрний ойролцоо бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь авах гэж байгаад шанаа руу нь самардаад цохичихсон. Тэгэхэд тухайн эмэгтэй “намайг зодчихлоо” гээд орилсон ба нэг залуу хүрч ирээд намайг барьж аваад миний толгой руу 10 орчим удаа мөргөсөн...” /хх-ийн 11-14/ гэх мэдүүлэг,

хохирогч Ц.О-ын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Г.Н-ийн “...О гэх хүн том хар өнгийн ачааны машинтай хашааны хаалганы гадаа зогссон ба бууж ирээд “Та нар хашааны хаалга онгойлгоод өгчихгүй” гэж зандарч уурлаад хашааны хаалгыг онгойлгож машинаа дотогш оруулсан. Түүний дараа тухайн машины жолооч О бууж ирээд хашаанд байсан Х гэдэг нэртэй эмэгтэйтэй маргалдаад байсан ба улмаар нүүр лүү нь алгадаад авсан. Тэгтэл Б гэх ах шууд Х, О хоёрын голоор ороод салгах гээд очиход О тухайн Б гэх ахтай ноцолдоод зодолдоод байсан. О гэх хүн Б гэх хүнийг татаад газарт унагаагаад байсан ба Б Оын нүүр лүү нь 2 удаа цохисон. ...” /хх-ийн 24/, Ц.Х-ийн хохирогчоор өгсөн: “...“хүүхдүүдээ муухай орчинд суулгахгүй” гэсэн үзэл санаагаар эцэг эхчүүд ....-р цэцэрлэгийн хашаан дотор эсэргүүцэл хийж байхад цэцэрлэгийн хашааны хаалгаар сурагчдын сандал, ширээ ачсан машин орж ирэх гээд жолооч нь болох үл таних эрэгтэй хашааны хаалга онгойлгож байхдаа “хаалга онгойлгоод өгчихгүй, сэтгэлгүй юм” гэж хэлээд эцэг, эхчүүдэд уурлахаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь тухайн машины жолооч эрэгтэй миний гар утсыг булааж авах гэхээр нь бултсан чинь миний баруун шанаа руу 2 удаа гараараа цохьсон. Би өөрийгөө хамгаалж зөрүүлээд 1 удаа цээж рүү нь цохисон. Намайг өмөөрч өөр нэг үл таних эрэгтэй машины жолоочтой харилцан зодолдсон. ...” /хх-ийн 8/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11578 дугаар “...Ц.О-ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацар, хоёр суганд цус хуралт, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт, дух, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх-ийн 60-61/, 11556 дугаартай “...Б.Б-ийн биед зүүн зовхинд цус хуралт, хоёр бугалга, баруун даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 64-65/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн: “...цэцэрлэгийн хашаагаар нэгэн хар өнгийн том машин ороод ирсэн бөгөөд нэгэн бичлэг хийж байсан эмэгтэй тухайн машины жолоочтой маргалдаад байсан ба улмаар тухайн жолооч залуу “Чи яагаад бичлэг хийгээд байгаа юм” гээд тухайн эмэгтэй нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би шууд явж очоод тухайн залууг барьж аваад “хүүе ээ яаж байгаа юм болиоч” гэхэд тухайн жолооч залуу намайгбарьжаваад нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би мөн адил барьж аваад бид хоёр зууралдсан бөгөөд тухайн жолооч залуу намайг эхэлж миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд бид хоёр түлхэлцэж байгаад модон дотор унасан бөгөөд тухайн залуу намайг барьж аваад цохиод байсан. Тэгэхээр нь би тухайн жолоочийн нүүр лүү 1-2 удаа цохисон ба бид хоёр барьцалдаад байж байтал тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ба төд удалгүй цагдаа нар ирж бүгдээрээ хэлтэс рүү явсан. ...” гэх мэдүүлэг /хх-85/,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оын 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/5646 дугаар албан бичиг: “...Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.О- нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-, Ц.Х нарын биед хохирол учруулахгүйгээр халдсан болох нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж, 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11556 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл “Хүний биед халдах”-д “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахаар материалыг хуулбарлан хүргүүлэв” /хх-ийн 96/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн Ц.О-ын биед халдсан санаатай үйлдлийн улмаас Ц.О-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх, Б.Б-ийн хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зүйлчилсэн байна. 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас торгох ялыг Б.Б-өд сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт хуульд заасан дарааллыг зөрчсөн, хууль зүйн үр дагавар үүсч болох зүйлийг нэг дор хамтруулан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс тодруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах ёстой зүйлийн дарааллыг тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх тогтоолын тогтоох хэсгийн хамгийн сүүлийн 8 дахь заалтаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар дүйцүүлэн солих талаар заасан, заахдаа мөн холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг тайлбарлан сануулсан нэмэлт заалтуудыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэлээ.

4. Хавтаст хэрэгт хохирогч Ц.О-аас гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нягтлан шалгахад, нийт 590,900 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ц.О-т анхан шатны шүүх хуралдааны үед 430,000 төгрөг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэлийн 8, 9 дэх тал, хх-ийн 143-144/ байх тул үлдэх 130,900 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох үндэслэл бүрдсэн байхад шийтгэх тогтоолоор уг хохирлыг гаргуулаагүй нь буруу байна.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг” гэмт хэргийн хохирогч Ц.О-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн зэргээр сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,

“...“Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.

Иймд дээрх үндэслэлээр хохирогч Ц.О-ын сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, мөрдөгчөөс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Ц.О-т сэтгэцийн 2 дугаар зэрэглэлийн хохирол  учирсан гэж тогтоосноор сэтгэцийн хохирол гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, хохирогч Ц.О-ын сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулж байна.

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан “...Ц.О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, сэтгэцэд учирсан хохирлыг багасгуулах...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/1398 дугаар шийтгэх тогтоолын:

А. Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн олох ёстой байсан цалин 27 сая төгрөг, Ачит эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн зардал болон хагалгаанд орох шаардлагатай гэх 4500000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.О- нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Б.Б-ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэйг дурдсугай. ...” гэснийг “...Хохирогч Ц.О- нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.Б-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилж,

Б. Тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-өд мэдэгдсүгэй.”,

- “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 130,900 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.О-т олгосугай.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

В. Тогтоох хэсгийн 3, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ