Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч: А.Гоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гоод холбогдох эрүүгийн 1805 0300 90614  дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ял  шийтгэлгүй, Гоо.

 

             Шүүгдэгч А.Гоо нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудалд Б.Баяр ын гарыг архины шилээр зүсэж, эрүүд мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Гоо мэдүүлэхдээ:

Би хохирогч хат буудалд байхад тэр “би энд ч хэнтэй, тэнд ч түүнтэй зодоон хийсэн” гэж янз бүрийн юм яриад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд би уурлаад түүний гарыг архины шилээр зүсэж, биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ би хохирогчид санамсаргүй гэмтэл учруулсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ажлаа хийж, өвөө, эмээгээ асарна. 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хохирогчид 500 000 төгрөг, 7 дугаар сарын 09-ний өдөр 300 000 төгрөг, нийт 800 000 төгрөг өгч, фейсбүүкийн чатаар холбогдож, уучлалт гуйсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Баяр  мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад “Болор” зочид буудалд өрөө аваад өөрийн танил Гоо, бусад найз нараа дуудаж ярьж, ууж, сууж байгаад Гоо үлдээд бусад найз нар явсан. Ингээд нэмж архи уугаад унтсан байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өглөө сэрэхэд Гоогийн найз Маралаа ирчихсэн байхаар нь дахин архи авч, нэмж уусан. Сайхан ирж бид 4 нэмж архи авч уугаад нилээн согтсон. Ингээд юм ярьж сууж байгаад Гоо “би хусдаг хүн шүү” гэхээр нь “харъя” гэхэд газар байсан архины шил аваад  миний зүүн гар руу зоогоод гэмтээсэн. Миний гарнаас цус гоожоод байхааар нь “түргэн дуудаад өг  л дөө” гэхэд Цасаа би юу хийчих вэ? намайг уучлаарай гээд уйлаад байхаар нь би өөрөө түргэн дуудах гэтэл цагдаа дуудчихна гээд миний гар утсыг өгөхгүй байсан. Маралаа айгаад гараад явчихсан. Харин Сайхан гадагш гарч бинт авчрахаар гарсан боловч байхгүй байна гээд хоосон ороод ирсэн. Тэгэхээр нь би өөрийн дүүгээ хүрээд ир гэхэд дүү ирж намайг Гэмтлийн эмнэлэг авч явсан. Гэмтэл дээр очоод үзүүлэхэд цус алдалтыг зогсоож, миний гаранд 4 оёдол тавьсан гэжээ.  (хэргийн 9-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Сайхан мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад Цасаатай  түлхүүрээ авах гээд ярихад хорооллын “Таац” зочид буудалд Шинээ,  Маралаа нартай хамт байна ирээд авчих”  гэсэн. Тэд нар дээр очиход буудалд 2 хонож байна гэсэн. Бид архи авч уугаад би нэг хэсэг унтчихсан байсан. Маралаа намайг сэрээгээд, босоорой “Цасаа Шинээгийн гарыг зүсчихлээ” гэхээр нь босож ирээд хартал Шинээгийн гарнаас цус гарчихсан гараа дараад сууж байсан гэжээ. (хэргийн 12-13 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 6976 дугаар дүгнэлтэд:

1. Б.Баяр ын биед  зүүн бугалганы доод хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх булчин, мэдрэл /n.ulnaris/-ийн  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг  гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ.  (хэргийн 16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Гоо нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 41 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч А.Гоо нь архи ууж, согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудалд хохирогч Б.Баяр тай маргалдаж, улмаар архины шилээр зүүн гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь зүүн бугалганы доод хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, булчин, мэдрэлийн гэмтэл  бүхий хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баяр , гэрч Б.Сайхан нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 6976 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Гоод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Хохирогч Б.Баяр  нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн гэж А.Гоогоос эмчилгээний зардалд 800 000 төгрөг авсан, гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гоог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Гоог 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Гоо нь торгох ялыг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Гоо торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

6. Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН