Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00639

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00639

 

 

 Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Даваасүрэн тус СӨХ-ны даргаар 2013 оны 7 сарын 17-ны өдөр удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилогдон ажилд орсон бөгөөд ажилдаа, алдаа дутагдал гаргалгүй ажилласаар ирсэн. 2016 оны 8 сарын 8-ны өдөр СӨХ-ны үйлчлэгч Галтмаагийн авчирч өгсөн СБ-21 СӨХ-ны Удирдах Зөвлөлийн Хурлын тэмдэглэл, тогтоолтой танилцахад СӨХ-ны төсөв хүрэлцэхгүй байгаа тул орон тоог цомхотгохоор дурдсан байсан. Орон тоо цомхтгосон гэчихээд түүний оронд үйлчлэгч Галтмааг ажиллуулж байгаа нь тушаал үндэслэлгүй болохыг нотолж байна. Эрхэлсэн ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад эзгүй хойгуур хуралдаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа. Төсөв хүрэлцэхгүй байгаа тул орон тоо цомхтгосон гэж тогтоолд дурдсан байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дах заалтад хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж зааснаар мэдэгдэл өгөөгүй. Цомхтгосон гэх боловч зөрчил гаргасан гэж тайлбар гаргадаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захиралтай Удирдах зөвлөл гэрээ байгуулах, гэрээг дүгнэх үүрэгтэй Хяналтын зөвлөлтэй байх ёстой. Гэрээ байгуулаагүй, гэрээ дүгнэж байгаагүй байж гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт 1 950 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Даваасүрэн нь тэтгэвэрт гарсан хүн бөгөөд иухайн үеийн УЗ-ийн дарга Ишган 2013 оны 7 дугаар сарын 15-наас ямар нэг тушаал, УЗ-ийн хурлын тогтоол, шийдвэргүйгээр СӨХ-ны даргын ажилд авсан ба одоог хүртэл нэг ч удаа хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. Нэхэмжлэлд хавсаргасан УЗ-ийн 2013 оны 7 сарын 17-ны тогтоол, шийдвэр гэдэг зүйл огт байхгүй. Ийм тогтоол, шийдвэр үйлдээгүй гэдгээ тухайн үеийн УЗ-ийн дарга И.Ишган, УЗ-ийн ХЗ-ийн дарга Оюундэлгэр, УЗ-ийн гишүүд С.Хандсүрэн, Бадамханд, Отгонцэцэг, Төмөр нар 2016.10.04-ны УЗ-ийн хурал дээр нотолсон. Б.Даваасүрэн ажлаас чөлөөлөх тухай УЗ-ийн гишүүдийн санал 2015 оны бүх оршин суугчдын хурал дээр хэлцэгдсэн, гэвч тухайн үед зарим нэг Даваасүрэнтэй сайн харьцаатай байдаг оршин суугчдын зүгээс саналууд гарч, ажлаа сайжруул гэсэн сануулга өгч хойшлогдон УЗ-ийн гишүүдийн тоог нэмж хурал дууссан. 2016 оны эхээс эхлэн Даваасүрэнг ажлаас чөлөөлөх, орон тоог цомхотгох тухай, УЗ-ийг хуралдуулах санал удаа дараа ирсэн, миний бие удаа дараа өргөдлөө өг гэж амаар хэлж байсан. УЗ-өөс оршин суугчдын дунд Б.Даваасүрэнгийн ажил, байдалтай холбоотой санал асуулга явуулахад 30 айлаас 20 нь хангалтгүй, зөвхөн 5 айл хангалттай гэжээ. 2016 оны хагас жилийн тайлан хугацаанд нь гаргаж өгсөнгүй. Б.Даваасүрэнг СӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд СӨХ-ны цахилгааны сарын төлбөр зун 15-20 мянган төгрөг, өвөл 30-40 мянган төгрөг байснаа 240 мянган төгөрг болтлоо нэмэгдсэн, орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой хугацаа хоцорсон, эргэлзээтэй мөнгөний баримтын хуулбарууд ХҮТ-8 аас ирэх болсон. СӨХ-ны сарын хураамжийн биелэлт муу зэргээс болж СӨХ-ны хуримтлал муудаж ажилчдын цалин тавих боломжгүй болсон. УЗ-ийн шийдвэр 2016 оны 7 сарын 26-ны өдөр гарсан байхад ажлаа, болон ажлын өрөөгөө хүлээлгэж өгөхгүй танхайрсан. Энэ хооронд манай СӨХ-ны усны 2 тоолуурыг урагшлуулсан үйлдэл гарсан, өмнөх сар нь 8 м3 гарч байсан тоолуурт 155 м3 болж нэмэгдсэн. Үүнийг манай хүмүүс Б.Даваасүрэнтэй холбон тайлбарлаж байна. СӨХ-ны үйл ажиллагаа дампууралд ороод байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Даваасүрэнг СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 518 867,56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 431 132,44 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Даваасүрэнгийн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс 39 251 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул гомдол гаргаж байна. Иргэн Б.Даваасүрэн нь "СБ-21" Сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаар "СБ-21" Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярыг татсан байна. Гэтэл "СБ-21" сууц өмчлөгчдийн холбоо нь хамтын байгууллага бөгөөд Б.Даваасүрэнг ажлаас халсан тогтоол нь Ж.Сонинбаярын эрхийн хүрээний асуудал биш бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийи 10.8.2 дахь хэсэг заасан удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм. Иймд хэрэгт хариуцагчаар "СБ-21" сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярыг татсан байхад "СБ-2Г Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. "СБ-21" Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нь Б.Даваасүрэнтэй гэрээ байгуулаагүй атлаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.8-д заасныг хэрэглэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийгөө "СБ-21" сууц өмчлөгчдийн холбооны 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдож, ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан мөн хариуцагч тал уг шийдвэр байхгүй гэдэг боловч Б.Даваасүрэнг гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсныг үгүйсгэдэггүй. Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.8.8-т заасан гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хэнд холбогдуулж ямар шаардлага гаргаж байгааг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Даваасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр нь СБ-21 СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярт холбогдуулж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд заагдаагүй этгээдэд буюу СБ-21 СӨХ-ны удирдах зөвлөлд холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь СӨХ, иргэн хоёуланд нь, эсхүл аль нэгт холбогдуулж шаардлага гаргаж байгаа болохыг шүүх тодруулаагүй, өөрөө санаачилгаараа СӨХ-ны удирдах зөвлөлийг хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь СБ-21 СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж маргаж байгаа тохиолдолд холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээг тодорхойлсон дүрэм хэрэгт авагдаагүй, тухайн дүрэм ач холбогдолтой байхаас гадна СБ-21 СӨХ-ны эрх зүйн байдлыг тодорхойлсон бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч тал гэрчээр СБ-21 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ц.Ишганыг оролцуулан мэдүүлэг авах хүсэлт гаргасан /хх-ийн 51/ ба уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн, тухайн гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчтэй СӨХ гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол ямар төрлийн гэрээ байгуулсан болохыг тодорхойлох ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрийг ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид СБ-21 СӨХ-ны төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ