Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж, 

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч /хохирогч/ Б.У-, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч /хохирогч/ С.Б-, түүний өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын У-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт С-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 1702002370088 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум ……… тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-ын У- /РД:………../

2. Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 9-р баг ……..тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Цэргийн тусгай шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,

- Эрдэнэт хотын 2 дугаар хэсгийн шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 159 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 239 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд багтааж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/212 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 40/а дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д зааснаар 23 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б- овогт С-гийн Б- /РД:……../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.У- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Ганц мод балгас гэх газарт Монгол Улсын иргэн С.Б-ын нүд рүү ахуйн хэрэглээний модоор цохиж баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний склерийн урагдал, шиллэгийн гоожилт бүхий хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Ганц мод балгас гэх газарт Монгол Улсын иргэн Б.У-г зодож дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Наранбаатартай зодолдсон. Надад С.Б-той зодолдох санаа зорилго байгаагүй. Би С.Б-ын нүдийг нь цохисноо мэдээгүй ба Цагдаагийн газарт өргөдөл өгсний дараа мэдсэн. Би С.Б-од гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц модны балгаст Монгол хоолны газарт Наранбаатартай хамт орсон. Наранбаатар, Б.У- хоёр зууралдаж байхаар нь салгахын тулд пивоны шилээр Б.У-гийн толгой руу цохисон. Миний баруун нүд рүү Б.У- модоор цохьсноос болж хараагүй болсон. Б.У- надад эмчилгээний зардал болон 10.690.000 төгрөг төлсөн гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1702002370088 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.У-, С.Б- нарыг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Б.У- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Баяннуур аймгийн Ганц мод балгас гэх газрын “Монгол хоолны” газарт хохирогч С.Б-ын нүд рүү модоор цохиж “...баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдний скперийн урагдал, шиллэгийн гоожилт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Баяннуур аймгийн Ганц мод балгас гэх газрын “Монгол хоолны” газарт хохирогч Б.У-гийн толгойд шилээр цохиж “дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч С.Б-ын “...18 цагийн үед Наранбаатар бид хоёр Ариунаагийн ажилладаг “Монгол хоол” нэртэй хоолны газар очсон. Тэндээс Наранбаатар эхнэрээ аваад бид гурав хамт гэр рүү явах гэж байсан юм. Би ядраад нойр хүрээд байхаар цайны газрын хойд өрөөнд орж унтсан. Ойролцоогоор 30-40 минут унтаад босоод ирэхэд Наранбаатар, түүний эхнэр Ариунаа, цайны газрыг ажиллуулдаг Сувдаа гэх эмэгтэй, өөрийгөө У- гэх 30 гаран насны залуутай дөрвүүлээ пиво уугаад сууж байхаар нь тэд нартай нийлж пиво ууцгаасан. ... У- өөрийгөө Увсын Зүүнхангай гэл үү, Зүүнговийх гэлүү нутгийн хүн гэж танилцуулаад “энд ирээд нүүрсний машин 3-4 жил барьж байна” гэж ярьсан. ... У- тэр үед жаахан халамцуу байсан ба би У-д “Чи одоо нэмж битгий уу. Хүний нутагт явж байж зодуулав. Монголчууд энд аймар зодуулдаг юм байна лээ. Одоо нэмж уугаад яахав” гэхэд “Чи муу битгий хуцаад байгаарай” гэхээр нь жаахан маргасан. Гэхдээ сүртэй зүйл болоогүй. Наранбаатар ч У-д “Чи боль, ахыг тэгж болохгүй” гэж хэлэхэд У- ганцаараа цайны газраас гараад явсан.  Наранбаатарын гэр рүү явахаар цайны газраас гарахад У- 1 метр гаруй урттай мод барьчихсан “алнаа” гээд гүйж ирээд миний баруун нүд рүү модоор нэг удаа цохичихоод зугтаад явчихсан. Наранбаатар намайг хөтлөөд гэртээ харьсан. Тэр үед миний нүднээс юм гоожоод байсан. Миний зүүн нүд угаасаа бараг юм хардаггүй, муухан гэрэл мэдэрдэг байсан болохоор юм харагдахгүй байсан ба баруун нүд рүүгээ цохиулчихаар бүр юу ч харахаа больсон. ... баруун нүд сохорсон учир зүүн нүдний хараа сайжруулах уян болор суулгах мэс засал хийж миний зүүн нүдэнд хараа оруулсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-25, 26-28-р хуудас/,

Хохирогч Б.У-гийн “... “Б- Монгол” цайны газарт хоол идэхээр 20 цагийн үед ороход цайны газрыг ажиллуулдаг Алтансувд, туслах эмэгтэй Ариунаатай хамт ажиллаж байсан. Би гурилтай шөл, буузтай захиалаад сууж байхад гаднаас Б-, Наранбаатар хоёр согтуу орж ирэхэд нь би шөлтэй хоолоо идчихээд буузаа идэх гээд хүлээгээд сууж байсан. Наранбаатар цайны газраас 10 шил пиво аваад хажуу талын ширээн дээр суугаад “намайг пиво уу” гэхээр нь “уухгүй” гэхэд миний ширээн дээр 1 шил пиво тавиад “танилцъя, би хятад компанид орчуулга хийдэг” гэж өөрийгөө танилцуулсан. Тэр үед Ариунаагийн төрсөн өдөр гэсэн зүйл яригдаад намайг “ширээнд хамт суу” гэхээр нь би очиж хамтдаа сууцгааж Б-той гар барьж танилцсан. Б- нь 2 шил пиво уугаад арын өрөө рүү ороод унтсан. Би Наранбаатартай ярилцаад 2 шил пиво уусан. Тэдний авсан пиво нь дуусахад Ариунаа намайг “пиво худалдаж ав” гэхээр нь “би мөнгөгүй байгаа зээлээр авъя” гээд Аптансувд эгчээс 8 шил пиво авсан. Наранбаатар намайг “чи пиво зээлээр аваад байхдаа яадаг юм бэ, мөнгөтэй биз дээ” гэхээр нь “би олон хоног машин эвдрээд зогссон учраас мөнгө муу байна” гэхэд Наранбаатар миний хамар руу гараараа 1 удаа цохиход хамарнаас цус гарсан. Цусаа тогтоох гээд хамраа дарахад дахин толгой руу гараараа 1 удаа цохисон. ... Б- миний толгой руу пивотой шилээр 1 удаа цохиход шил нь хагарсан. Миний толгой хагарч цус гарсан. Тэр үед толгой эргээд би хэсэгхэн хугацаанд ухаан алдаад газар уначихсан байсан. Ухаан ороод сэргээд сандал дээр сууж байтал Б- над руу сандал бариад цохих гээд далайгаад дайрахаар нь Алтансувд эгч цайны газраас гаргасан. ... Би 20 орчим минут сууж байгаад гартал Наранбаатар намайг байшингийн булангаас Ариунаагийн хамт “наашаа хүрээд ир” гээд дуудаад “уучлаарай ахын дүү” гээд надтай гар барих үед Б- миний гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Намайг газар унахад Б- миний дээрээс дарсан. Газраас гарт мод баригдахаар нь Б-ын толгой руу 1 удаа цохиход Б- надаас салаад цаашаа явсан. Би босоод байшин тойрч зугтсан. Би тэр шөнөдөө Хятадын ганц модны эмнэлэгт очиж үзүүлээд толгойдоо боолт хийлгэсэн. Цайны газрын гадна Б-ыг цохиход Наранбаатар, Ариунаа хоёр хажууд зогсож байсан. Өөр хүн байгаагүй. ... Наранбаатар, Б- хоёр намайг зодож байхдаа “чамайг алчихна шүү” гэж хэлж байсан. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардалд 2800 юань буюу монгол мөнгөөр 850.000 төгрөг зарцуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-35-р хуудас/,

2018.03.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... Миний толгойны дагзны хуйханд үүссэн шархыг Б- пивоны шилээр толгой руу цохиж учруулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

 

Гэрч Д.А-ын “...У- хоолоо идээд сууж байхад гаднаас Наранбаатар, Б- хоёр согтуу орж ирсэн. ... Наранбаатар, Б-, У- нар нэг нэг шилтэй пиво аваад ширээнд суугаад машин техник ярьж байснаа хоорондоо танилцан нутаг ус, морь мал, багын явдлаа яриад 22 цаг хүртэл суусан. Б- нь нилээн согтсон байсан тул хойд өрөөнд цаг гаруй унтаад босч ирээд нөгөө хоёртойгоо хамт суусан. Миний ажил дуусч надтай хамт ажиллаж байсан Наранбаатарын найз эмэгтэй Ариунаа бид хоёр ширээнд хамт суусан. ... Наранбаатар куртикээ тайлж сандал дээр тавиад У-г заамдаж ширээ рүү шахаж ширээн дээр унагаад хамар руу нь цохиод цус гаргасан. Тэр үед Б- араас нь У-гийн толгой руу пивоны шилээр цохиход тэрүүгээр дүүрэн цус болж ширээн дээр байсан аяга, таваг газар унаад хагарсан. ...Б- У-гийн араас хоолойг боохоор нь “боль” гэхэд миний үгэнд орохгүй байсан. Би гарнаас нь татсан боловч хүч хүрэхгүй байхаар нь Б-ын үснээс нь зулгааж байж гарыг нь тавиулахад У- ухаан алдаж унасан. Б- ч гараад явсан. У- 2-3 минут ухаан балартан хэвтэж байснаа сэргээд “эгчээ би яасан бэ, нөгөө хүмүүс хаачсан юм бэ” гэхээр нь “гараад явсан, миний дүү одоо эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-40-р хуудас/,

 

Гэрч Л.А- “... Би Алтансувдын түрээсээр ажиллуулдаг “Б- Монгол” хоолны газар 5 хоног туслахаар ажилласан. У- орж ирээд хоол захиалж идсэн. ... Удалгүй Наранбаатар, Б- нар намайг авахаар ирэхдээ халамцуу байсан тэр хоёр хоол захиалж идээд пиво уусан. Удалгүй У-гийн сууж байсан ширээн дээр бөөндөө сууцгаагаад пиво ууцгааж байхдаа Б- ах шоронгийн талаар яриад байхаар нь “та энд шоронгийн талаар яриад яахав” гэж хэлсэн. ...Б- ах У-гийн хоолойг араас нь гараараа боочихсон У-гийн бие нь сулраад ухаан алдсан байдалтай нүүр нь хөхөрчихсөн байсан. Алтансувд эгч Б- ахыг “болиоч, хүн аллаа ш дээ” гээд үснээс нь зулгаагаад салгасан. … Б-, Наранбаатар бид гурав цайны газраас гарахад У- мод барьчихсан гүйж ирснээ намайг харчихаад “би эмэгтэй хүн цохихгүй” гэснээ миний хажуу талд зогсож байсан Б- ахыг модоороо цохих шиг болоход Б- ахын ёолох чимээ сонсогдсон. ... Намайг Б-, Наранбаатар хоёр орхиод гэр рүүгээ явчихсан байсан. Гэртээ очиход Б- ахын баруун нүднээс цус гарчихсан байсан. Тэр шөнөдөө унтацгаагаад маргааш өглөө нь босоход Б- ах “нүд юм харахгүй байна” гээд байсан. Тэр явдлаас хойш Б- ах манай гэрт 2 хоноод Монгол руу буцсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-43-р хуудас/,

 

Гэрч Н.Н- “... Цайны газар ороод Ариунжаргалыг “харих уу” гэхэд “арай болоогүй байна” гэхээр нь Б- ах бид хоёр ширээн дээр суугаад цай ууцгаасан. Хажуу талын ширээн дээр танихгүй залуу сууж байсан. Бид хоёр цайны газраас тус бүр 1 шил пиво авч уусан.... Тэр залуу /У-/ Б- ах бид хоёрыг хоорондоо юм ярих, Б- ахыг Ариунжаргалтай юм ярих бүрт голоор нь орж хэрүүлийн шинжтэй зүйл яриад байхаар нь “ахын дүү яв” гээд босоод мөрнөөс нь татахад намайг зүүн гараараа цохих гэхэд нь би бултаад оногдоогүй. Дахиж цохих гэхэд нь бид хоорондоо ноцолдсон. Ноцолдож байхдаа ширээний буланг имтэлж хагалсан. Би тэр залууг /У-/ цохиж зодсон зүйл байхгүй. Б- ах тэр залуу /У-/ бид хоёрыг салгасан. Алтансувд эгч цаанаас гарч ирээд “гадаа гарч зодолд” гээд орилоод байхаар нь тэр залууг /У-/ би цайны газраас түлхээд гаргасан. Б- ах бид хоёр ширээн дээр суугаад идэж ууж байсан зүйлээ дуусгаад цайны газраас гарахад Б- ах түрүүлээд гарсан. Би эхнэрийнхээ хамт араас нь гарсан. Цайны газрын үүдэнд харанхуйд нөгөө залуу “ална” гэж орилоод Б- ахыг цохиод унагаачихсан. Намайг гүйгээд очиход миний толгой руу 2 удаа, гар руу 1 удаа, 4-5 см харьцаатай модоор цохихоор нь модыг нь булааж автал нөгөө залуу /У-/  зугтаад явчихсан. Б- ахын нүүр нь цус болчихсон байсан. Гэр рүүгээ алхаж очоод нүүрнийх нь цусыг угаагаад унтацгаасан. Тухайн үед Б- ах “нүд өвдөөд байна” гэж хэлж байсан. Маргааш өглөө нь босч ирэхэд Б- ах “баруун нүд өвдөөд байна” гэсэн. Баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Б- ах “босч явж чадахгүй байна” гэхээр нь би гэртээ Өвөрмонгол эмч дуудаж үзүүлэхэд “Монгол руу явж үзүүл, хүнд гэмтсэн байна” гэхээр нь тэр өдөртөө гарах гэтэл цаг орой болж хил хаах дөхсөн байсан болохоор явж чадаагүй. ... Би Б- ахтай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гашуун сухайт боомт руу хамт яваад Улаанбаатар хот руу явах машинд суулгаж явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №216 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Б-ын биед баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдний скперийн урагдал, шиллэгийн гоожилт, баруун нүдэнд имплант /суулгац/ суулгах мэс заслын дараах байдал, баруун нүдний гадна буланд сорви /шарх/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1 -т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. С.Б-ын зүүн нүдний харааны бууралт урьд нь 6/7,5 буюу /0,8/, зүүн нүдний болор солиулах хагалгааны дараа 6/15 буюу /0,4/ байдалтай байна. Зүүн нүдний харааны бууралт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно. /хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1278 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.У-гийн биед дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Ч- мөрдөн байцаалтанд 2018.03.15-ны өдөр мэдүүлэхдээ: ... Үзүүлэгч Б.У-гийн биед дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдсон. Толгойн болон гарны гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Толгойн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гарны гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тархины доргилт нь толгойд хүч үйлчилсний улмаас үүсдэг. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тархины доргилт нь дагзны хуйханд үүссэн шархтай хамт нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 66-67-р хуудас/,

 

           Шүүгдэгч Б.У- мөрдөн байцаалтанд 2018.04.04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... “Б- Монгол” цайны газарт хоол идэхээр 19 цагийн үед ороход Алтансувд гэх эмэгтэй туслах эмэгтэйгийн хамт байсан. Би гурилтай шөл, 8 буузтай захиалаад гурилтай шөлөө идчихээд буузаа хүлээгээд сууж байхад Наранбаатар, Б- нар гаднаас согтуу орж ирээд хажуу талын ширээн дээр суусан. Наранбаатарын хамтран амьдрагч эмэгтэй Алтансувд эгчийн туслахаар ажиллаж байсан юм. Наранбаатар, Б- хоёр цайны газраас 1 сагстай 8 шил пиво авч уусан. “Намайг пиво уу” гээд 1 шил пиво өгөхөөр нь уугаад хамтдаа нэг ширээн дээр сууцгаасан. Нэг сагс пиво дуусахад Ариунаа намайг “дахиад нэг сагс пиво авчих” гэхээр нь би Алтансувд эгчээс зээлээр нэг сагс 8 ширхэг пиво аваад хамтдаа ууцгаасан. Б- пивондоо согтоод арын өрөө рүү нь ороод унтсан. Пивоо уугаад дуусахад Наранбаатар намайг “дахиж пиво ав” гэхээр нь “чадахгүй” гэж хэлээд бид хоорондоо маргалдаж Наранбаатар миний хамар руу гараараа нэг удаа цохиод цус гаргачихсан. Би хамраа дараад зогсож байхад дахиад толгой руу гараараа 1 удаа цохиход бид хоёрын голд байсан ширээ хугарсан. Наранбаатар миний цамцаар хоолой боож ширээн дээр дарж унагаахад Алтансувд эгч салгаж холдуулахад Б- миний толгой руу пивоны шилээр 1 удаа цохиод толгой хагалсан. Миний хоолойг цамцаар боох үед нь би ухаан алдаад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байгаа юм. Наранбаатар намайг дахиж боогоод цайны газрын буланд шахаж газар унагаасан. Тэр үед Алтансувд салгаад Б-, Наранбаатар нарыг цайны газраасаа гаргаж явуулсан. Би цайны газарт сууж байгаад 20 орчим минутын дараа гараад байшингийн булан тойроод явж байхад Б- байшингийн буланд Наранбаатар, Ариунаа нараасаа зайтай зогсож байсан. Наранбаатар намайг дуудахаар нь яваад очтол намайг дахин заамдсанаа хавсарч газар унагаахад Ариунаа Наранбаатарыг аваад явсан. Газраас бостол Б- над дээр ирээд барилцаад авахаар нь би байшингийн буланд байсан модыг аваад Б-ын толгой руу нь 1 удаа цохиход Б- надаас салсан. ... Би тэндээсээ эмнэлэг рүү очиж үзүүлсэн. ... Би Б-ын эмчилгээний зардалд 10.690.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 72-74-р хуудас/,

Шүүгдэгч С.Б- мөрдөн байцаалтанд 2018.04.04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Наранбаатар бид хоёр түүний Өвөрмонгол найзуудтай пиво уусан. Үдээс хойш нь Наранбаатарын эхнэрийг ажлаас нь авахаар “Б- Монгол” нэртэй цайны газарт очиход У- хоол идээд, пиво уугаад сууж байсан. Би цайны газарт ороод арын жижиг өрөөнд нь орж унтсан. Хэсэг хугацааны дараа гарч ирэхэд У-, Наранбаатар, Алтансувд, Ариунаа нар нэг ширээнд суучихсан пиво уугаад сууж байхаар нь би хамт сууж пиво уусан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Наранбаатар, У- хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Наранбаатарыг У- дараад унахаар нь би салгаж болиулаад салахгүй болохоор нь пивоны шилээр У-гийн толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд У-г цайны газраас гаргаад хэсэг хугацааны дараа араас нь Наранбаатар, Ариунаа бид гурав гарахад У- модоор миний баруун нүд рүү 1 удаа цохиход би газар сөхрөөд суучихсан. Хэд хоноод Улаанбаатар хотод ирж эмчилгээ хийлгэсэн. Би У-тай маргалдаагүй. ... Би баруун нүдэндээ хиймэл нүд хийлгэсэн. Хиймэл нүдний зардалд 690.000 зарцуулагдсан. У- эмчилгээний зардалд 10.690.000 төгрөг өгч бид хоёр нотариатаар орж баталгаажуулсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-77-р хуудас/,

Хохирол барагдуулах тухай гэрээ /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

 Шүүгдэгч С.Б-, Б.У- нар Монгол Улсын хилээр гарсан, орсон талаарх лавлагаа /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч Б.У-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

            Хохирогч С.Б-ын биед “баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдний скперийн урагдал, шиллэгийн гоожилт” бүхий гэмтэл учирсны улмаас, баруун нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Б.У-гийн модоор цохисон гэмт үйлдлээс,

           мөн энэ хэргийн хохирогч Б.У-гийн биед учирсан “дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Б-ын пивоны шилээр толгой руу цохисон гэмт үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

          

           Шүүгдэгч /хохирогч/ С.Б-, Б.У- нар нь нийлж архидан согтуурсан үедээ маргаж, зүй бус авирласан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж хохирогч С.Б-ын эрүүл мэндэд  хүнд гэмтэл санаатай учруулж буй шүүгдэгч Б.У-гийн гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,

         Хохирогч Б.У-гийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж буй шүүгдэгч С.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

         Иймд шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ тус тус хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

           Шүүгдэгч Б.У-гийн хохирогч /шүүгдэгч/ С.Б-ыг модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу учирч болзошгүй хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол учрахыг урьдчилан мэдэх ёстой байсан ч мэдэлгүй хор уршигт хүргэсэн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн “шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой” гэх саналыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Гэмт хэрэг БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц модны балгас гэх газарт гарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Б.У-, С.Б- нар нь тухайн улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, хохирогч С.Б- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-од тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

           Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч Б.У-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.У- нь хувиараа тээвэр хийж орлого олдог байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.

 

         Шүүгдэгч С.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ гэмт хэргийн улмаас тэрээр “баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдний скперийн урагдал, шиллэгийн гоожилт” бүхий хүнд гэмтэл авч, баруун нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 40/а дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор шүүгдэгч С.Б-ыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д зааснаар  23 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэрээр 18 жил 6 сар 3 хоногийн хорих ялыг эдэлсэн ба Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан баримт авагджээ.

           

           Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тус тус заасныг шүүх хэрэглэхдээ тухайн ялтны үйлдсэн гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болохыг тодорхойлж, оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд түүнд нийцүүлэх асуудлыг шийдвэрлэх учиртай.

 

          2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр хүний алах үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч С.Б-ын эдлээгүй үлдсэн ялыг “Хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ялыг дүйцүүлэн тооцох үндэслэлтэй байна.  

          2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба шүүгдэгч С.Б- нь өмнөх тогтоолоор оногдуулсан 23 жилийн хорих ялаас 18 жил 6 сар 3 хоногийн хорих ялыг эдэлсэн тул түүнийг ялаа бүрэн эдэлсэнд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын биед баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдний скперийн урагдал, шиллэгийн гоожилт” бүхий хүнд гэмтэл учирч баруун нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан болох нь,

          хохирогч Б.У-гийн биед “дагзны хуйханд шарх, баруун гарын сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

          хохирогч С.Б- нь “шүүгдэгч Б.У-гаас эмчилгээний зардалд нийт 15.690.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж

         хохирогч Б.У- нь “БНХАУ-ын Баяннуур аймгийн Линхэ эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримт ирүүлсэн боловч шүүгдэгч С.Б-од гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Б.У-, С.Б- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгч Б.У-, С.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.