Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/238

 

 

 

 

П.О-т

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, 

шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.О-т холбогдох 2405000001652 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овгийн П-ийн О /РД: .................../, .........................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

П.О- нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж Э А” ХХК дотор хохирогч Г.М-тэй “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа баруун чих рүү алгадаж баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 4,106,550 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч П.О- нь М-ийн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

1. Нэг удаа алгадсаны улмаас чихний хэнгэрэг цоорох боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь чихний хэнгэрэг цохилтын улмаас цоорох уу, хатгалтын улмаас цоорох уу гэдгийг шинжээч тодорхой тусгаагүй. Мөн мөрдөгч, прокурор шинжээчээс мэдүүлгээр тодруулаагүй байдаг.

2. Хохирогч М- эхний мэдүүлэгтээ “Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө ажилдаа ирээд гал тогоо руу орж кофе уучихаад гарах үед О хаалган дээр зөрөхдөө “чи дайрч унагаалаа шүү дээ” гээд хэрүүл хийгээд байхаар нь миний зүрх салгалаад, ажил хиймээргүй санагдаад захиралтай уулзах гээд захирлын өрөөнд очиж захиралтай юм ярьж байхад О орж ирээд намайг эргээд харсан чинь миний баруун чих рүү 1 удаа алгадсан” гэдэг /хх 17/. М- яагаад “чи дайрч унагаалаа шүү дээ” гэж хэлсний төлөө зүрх нь салгалаад, ажил хиймээргүй санагдсан юм бол. Зүрх салгалж, ажил хиймээргүй нөхцөл байдал юунаас болсоныг тодруулах шаардлагатай. Гэрч Б.Б-ийн мэдүүлэгт “...М- орж ирээд би өнөөдөр ажиллаж чадахгүй. О надтай хэрэлдээд байна. Би явлаа гээд зогсож байхад нь О араас нь орж ирээд юм хэлэхгүй М-ийн баруун талын чих рүү 2-3 удаа цохисон. Гэрч, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг. М- 30 минутын дараа чих өвдөөд байна. Эмнэлэгт үзүүлэнэ гэхээр нь чөлөө өгөөд явуулсан...” /хх 24-25/ гэдэг. М-ийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар мед эмнэлэгт үзүүлсэн 50,000 төгрөгийн баримт, мөн 420,000 төгрөгийн эрүүл мэндийн ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй баримт байдаг. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх баримтууд нь нотолбол зохих баримт мөн эсэх, тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмчлэгч эмчийн эмчилгээний бичилт, хэд хоног хэвтсэн зэргийг тодорхой бичсэн баримт байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл, заалтыг хангана. Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох эсэхэд, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэснийг зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргаж байна. Баримтын 1, 2 дугаарт 2024.12.15-ны өдрийн шатахууны баримт байх жишээтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч П.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.М-тэй  2023 оноос хойш хамт ажиллаж байна. Ажлын шаардлага тавихад дандаа ам хэл уралдсан, өдсөн байдалтай байдаг. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн болсон явдлыг бусдаар худал гэрчлүүлж намайг ийм байдалд оруулж байна. Би Г.М-ийн чих рүү нь алгадаагүй, зүүн гараараа хацар руу нь алгадсан. Эмэгтэй хүний нэг удаагийн алгадалтаар чихний хэнгэрэг хагарна гэдэгт эргэлзэж байна. Чихний хэнгэрэг нь өмнө хагарсан байсан эсэхэд хүртэл эргэлзэж байна...” гэв.  

Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг эсэргүүцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.     

Хохирогч Г.М өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн талаар үнэн зөв дүгнэлт хийж, тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирол төлбөрийг гаргуулахдаа НӨАТ-ын баримттай, эмнэлгийн баримттай, эрүүл мэндийн карт, эмчийн тодорхойлолт зэргийг үндэслэсэн. Хэнгэрэг нөхөх мэс засал хийлгэхэд 1 өдөр болдоггүй, заавал урьдчилж хоног авч, хэвтэн эмчилгээ хийлгэж, мэс засал хийлгэсний дараа 6 сар хяналтад байдаг. Унтуулгатай хагалгаа тул амар мэс ажилбар биш. 6 сарын хугацаанд боолт хийлгэж, хяналтад байсны эцэст бүрэн эдгэрсэн эсэх нь тогтоогдох тул эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Г.М-ийн хувьд доргилт үүссэн учраас хамаагүй хөдөлж болохгүй, чихний сонсгол бууралттай болох учир 2 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй. Хэнгэрэг нөхсөн ч сонсгол хэвийн болж, бүрэн эдгэрдэггүй тул эмчилгээ хийлгэж, листний мөнгө гэж 32 хоногийн мөнгө олгогдсон байдаг. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин, эмнэлэг явахад зарцуулсан унааны зардал, шатахууны зардал, өмгөөлөгчийн зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ нэхэмжилсэн. Анхан шатны шүүх цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоож өгөөгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж хохирогчоос мэдүүлэг авсан ч тодорхой хийсэн ажиллагаагүй байгаагүй. Иймд сэтгэл санааны хохирол болон цаашид гарах бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.      

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүх хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, шинжээчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Шүүгдэгч П.О-т холбогдох 2405000001652 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч П.О- нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж Э А” ХХК дотор хохирогч Г.М-тэй “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа баруун чих рүү алгадаж баруун чихэнд нь “хэнгэргэн хальсны цооролт” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.М-ийн шүүгдэгч П.О-т чих рүүгээ цохиулсан, цохиулснаас баруун чихнийх нь хэнгэрэг хальс цоорч гэмтсэн болохыг мэдүүлсэн “...кофе уучихаад гарж байхад О хаалгаар зөрөхдөө, дайрч унагаалаа шүү дээ чи гээд хэрүүл хийх гээд байхаар нь миний зүрх салгалаад ажил хиймээргүй санагдаад захиралтай уулзах гээд захирлын өрөөнд очиж захиралтай юм ярьж байхад миний араас О орж ирээд юм ярьж эхлэхээр нь эргээд харсан чинь миний баруун чих рүү нэг удаа алгадсан. Тэгээд манай менежер болох Б босож ирээд салгаж, О-ийг хаалгаар гаргаад явуулсан. Намайг нэг удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

хохирогч Г.М-ийг П.О- нь баруун чих рүү нь алгадах байдлаар цохисон, цохисноос чихээр нь өвдөөд эмнэлэг рүү явахаар ажлаасаа чөлөө авсан талаар мэдүүлсэн гэрч Б.Б-ийн “...Г.М нь соортлогч, О нь мөн соортлогч албан тушаал дээр ажилладаг ба тухайн өдөр яаж маргалдсаныг мэдэхгүй захирлын өрөөнд манай компанийн захирал болох Мухаммедтэй юм яриад сууж байхад Г.М орж ирээд би өнөөдөр ажиллаж чадахгүй, О надтай хэрэлдээд байна, би явлаа гээд зогсож байхад нь О араас нь орж ирээд юм хэлэлгүй шууд Б.М-ийн баруун талын чих рүү нь хоёроос гурван удаа цохисон. Эхний цохилт чихэнд нь оноод, хоёр, гурав дахь цохилтыг хамгаалсан. Би босоод салгаж аваад Оийг гаргаад явуулсан дахиж орж ирээгүй. Г.М гэдэг хүн бас араас нь гарж явчихаад 30 минутын дараа орж ирээд чих өвдөөд байна эмнэлэгт үзүүлчхээд ирье гэхээр нь чөлөө өгөөд явуулсан. Г.М орж ирсэн араас нь О орж ирсэн, өөр хүн байгаагүй. Хяналтын камер байхгүй. ...” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэг,

Г.М-ийн биед шинээр үүссэн баруун чихний хэнгэргэн хальсны цооролт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар дүгнэсэн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13167 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч П.О-ийн “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар Г.М-ийн гараараа баруун чих рүү нь алгадаж “баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн П.О-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж П.О-ийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байх тул шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан “П.О-ийн үйлдлээс Г.М-ийн баруун чихний хэнгэрэг цоорсон гэмтэл үүсээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас П.О-т нийтэд тустай ажил хийлгэх  ялыг сонгон 300 цагийн хугацаагаар оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан ялын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ийн “баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт”-ыг эмчлүүлэхэд зарцуулсан зардлаа нотлон гаргасан баримтуудыг үндэслэлтэй тооцож, 4,106,550 төгрөгийг П.О-ээс гаргуулан хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэжээ.

Ингэхдээ, анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаар заасан ерөнхий заалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэж, харин бусдын эрүүл мэндэд хохирол учруулсантай холбоотой үүсэх үүргийг талаар зохицуулсан заалт болох Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Мөн шийтгэх тогтоолд хохирогчийн цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 4,106,550 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д олгосугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.О-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ