Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00920

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00920

 

 

Ж.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00665 дугаар шийдвэртэй Ж.Оийн хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэр, Хяналтын шатны шүүхийн 2018 оны 08 сарын 20-ны 001/ХТ2018/00449 дугаар тогтоолын дагуу Ч.Мөнхжаргалд 16 000 000 төгрөг төлөхөөр болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12 байр 7 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 62 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулж дуудлага худалдаа амжилтгүй болсны дараа дахин үнэлж 13 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хот төлөвлөлтөд орсон шинээр 2 өрөө байраар солих гэрээ хийсэн бөгөөд байр баригдаж эхэлсэн. Иймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрээр Ж.Оээс 16 387 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ж.От шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч сайн дураараа биелүүлээгүй тул 2018 оны 05 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхон Толгойт дахь цэргийн хотхоны 12 дугаар байрны 7 тоот орон сууцыг 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 144/004 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 144/05 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, авагч талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдэж, дуудлага худалдаанд оруулсан боловч анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй. Худалдан авагч Ч.Мөнхжаргал үнэлгээнд гомдол гаргаснаар 2019 оны 11 дүгээр сард үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд дахин шинжээч томилоход Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхон Толгойт дахь цэргийн хотхоны 12 дугаар байрны 7 тоот орон сууцыг 13 410 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Энэ үнэлгээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан ч худалдан борлогдоогүй. Хоёр дахь дуудлага худалдаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хэдийгээр нэхэмжлэгч энэ үнэлгээг зах зээлийн ханшнаас багаар үнэлсэн гэж байгаа ч нотлох баримт байхгүй гэв. 

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Цэргийн хотхон Толгойт дахь цэргийн хотхоны 12 дугаар байрны 7 тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийг 13 410 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Төлбөр төлөгч Ж.От төлбөрийг төлөх болон үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжит хугацаа олгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2018 оны 05 сарын 07-ны өдрөөс хойш төлбөр төлөх болон хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх боломжийг олгосон. Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг судлан үзэхэд зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээ 13 410 000 төгрөг, өртгийн хандлагаар тооцсон үнэлгээ 357 400 төгрөг, орлогын хандлагаар тооцох үнэлгээг хэрэглээгүй гэжээ. Үнэлгээний олон улсын стандартын 10.4, 10.8-д зааснаар хөрөнгийн үнэлгээний хувьд, үнэлгээчин нь тухайн үнэлгээний гэрээт ажлын бодит байдал ба нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон арга ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй. Мөн бүх нөхцөл байдалд тохирсон хэрэглэгдэх нэг хандлага буюу арга байдаггүй боловч идэвхитэй зах зээлээс авсан үнийн мэдээллийг ерөнхийдөө үнэ цэнийн хамгийн хүчтэй нотлох зүйл гэж үздэг. Өөрөөр хэлбэл 3 хандлага аргыг заавал хэрэглэх шаардлагагүй байдаг. Орлогын хандлага гэдэг нь цаашид ашиглах буюу түрээсийн төлбөр зэрэг үнэ цэнээр тодорхойлогддог. Төлбөр төлөгчийн үнэлгээ тоггоолгосон үл хөдлөх хөрөнгө нь ашиглах жил бага элэгдэл ихтэй учраас орлогын хандлагаар үнэлэх шаардлагагүй бөгөөд бусад зах зээлийн, өртгийн хандлагаар үнэлгээ бодит үнэлгээ гаргасан. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2361 дугаар тус шийдвэрт төлбөрт хураагдсан дээрхи хөрөнгийг харьцуулалтын хандлагаар Сэлэнгэ эстимэйт ХХК 36 729 000 төгрөгөөр үнэлсэн болохыг дурдсан бөгөөд энэхүү үнэлгээ нь Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр 13 410 000 төгрөг болж үнэ цэнэ буурсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3, Үнэлгээний олон улсын стандартын 10.4, 10.8-д заасны дагуу үнэлгээг тогтоосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрээр Ж.Оээс 16 100 000 төгрөг гаргуулж, Ч.Мөнхжаргалд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэр болон 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 102/ШЗ2018/06274 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 475 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлбөгч Ж.Оийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт дахь цэргийн хотхоны 12 байр 07 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 144/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 144/05 дугаар тогтоолоор хураасан байна. /хх 52-56/

Хэргийн 50 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 13 410 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 57-66/

Хариуцагч байгууллага нь дээрх үнэлгээний тайланг нэхэмжлэгч Ж.От 2019 оны 12 сарын 05-ны өдөр мэдэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан байна. /хх 67, 73/ Тодруулбал, нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байтал хариуцагч анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэн, дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан хөрөнгө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хамрагдсан бөгөөд шинээр баригдах орон сууцнаас 2 өрөө байрөөр солигдох тул үнэлгээ хэт доогуур байна гэх тайлбар үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын тодорохойлолт, Толгойт-20 орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, ерөнхий төлөвлөгөөний зураг, Толгойт-88 СӨХ-ны тодорхойлолт, хороолол баригдаж буйг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Хилийн цэргийн хотхоны суурин дээр шинээр баригдах Толгойт-20 орон сууцны хорооллыг барих төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан Чогсэрд констракшн ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрт хураагдсан 2 өрөө орон сууцыг 54.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар солихоор хэлцэл хийжээ. Уг хэлцлээс үзэхэд нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн чанар, байдал нь дээшилж, зах зээлийн үнэлгээ, үнэ цэнэ өсөх нөхцөл байдал үүссэн байна. /хх 89, 95, 110, 111-112/

Хэргийн 58-65 дугаар талд авагдсан хөрөнгө үнэлгээний тайланд ... хөрөнгийн үнэлгээг тодорхойлдог өртгийн, жишиг үнийн, орлогын гэсэн 3 хандлагаас 2 хандлагыг харьцуулан үзсэний үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тооцсон... гэжээ. Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн ... Үнэлгээний олон улсын стандартын 10.4, 10.8-д зааснаар нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон арга ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан орон сууцны талаарх дээр дурдсэн үйл баримтаас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргуудыг хослуулан хэрэглэх шаардлагагүй гэж үзэх боломжгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2361 дугаар шийдвэрээр шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 61 215 030 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь цаашид хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ