Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар   2025/ДШМ/206

 

                                                                 

Б.Т-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө  даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Азжаргал,

шүүгдэгч Б.Т- /цахимаар/, өмгөөлөгч Г.З-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэлд тус тус үндэслэн шүүгдэгч Б.Т-д холбогдох 2402 00559 0346 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт Б-н Т-, ******** оны 07 дугаар сарын 11-ний өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ********* ******** *******их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт, ********* дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, ******* дүгээр байр, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***************/,

Шүүгдэгч Б.Т- нь нь 2024 оны 08 дугаар сард *********аймгийн ********* сумын 4  дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*********" зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol)-ын агууламж бүхий 29,078 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан,

улмаар 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********цэнгэлдэх хүрээлэнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol)-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй 29,078 грамм жинтэй, "шавар" гэх нэршилтэй 0,2892 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газар: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “... Шүүгдэгч Х- овогт Б-н Т-ийг "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт Б-н Т-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа цэвэр жин нь 16,1863 грамм жинтэй "sense" гэх бичиглэлтэй тамхины хайрцагтай бор ногоон өнгийн өвс мэт зүйл, цэвэр жин нь 12,8917 грамм жинтэй "Esse" гэх бичиглэлтэй тамхины хайрцагтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Parlament" гэх бичиглэлтэй тамхины хайрцагтай 2 ширхэг тамхины иш мэт зүйл, цэвэр жин нь 0,2892 грамм жинтэй ягаан өнгийн электрон тамхины хажуу талд наалттай шавар мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, AW9091503 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж....” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Т.З- давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Т- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлууд нь түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Шүүгдэгч Б.Т- нь эх, эцэг, бага насны 2 дүүгийн хамт амьдарч амьдралаа залгуулж явдаг бөгөөд ********* ******** *******их сургуулийн оюутан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах буюу үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид гэр бүлээ тэжээн тэтгэж, хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.... гэв.

 

Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Хоригдсон хоёр сарын хугацаанд хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшсэн. Дахиад хэзээ ч ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй. Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, ар гэртээ нэмэр болох боломжийг нээж өгөөч гэж эрхэм шүүгч нараасаа хичээнгүйлэн гуйж байна. Миний буруу, намайг уучлаарай...” гэв.

 

Дээд шатны прокурор А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт...шүүгдэгч Б.Т- нь...түүж бэлтгэн, олж авсан,...худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйл баримт нь нотлогдон тогтоогдож байна. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Т-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай" гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний *********мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах үр дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно. Мөн түүхий эдийг тариалсан, ургуулсан үйлдлийг ч гэмт хэрэгт тооцсон бөгөөд Б.Т-ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийн 3 шинжээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх хадгалсан гэх 1 шинжээр гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 2 шинжээр бичсэн ч тогтоох хэсэгт 1 гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул илтэд техникийн шинжтэй алдаа гэж үзэж, прокуророос залруулга хийлгэх хүсэлт гаргах боломжгүй гэж үзсэн болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд  гэмт хэргийн шинж бүрийг тусгайлан заасан байгаа. Прокуророос 3 шинжээр шүүгдэгч Б.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шүүх хадгалсан гэх 1 шинжээр гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Анхан шатын шүүх дээрх 2 шинжийг орхигдуулж зөвхөн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тохиолдолд хууль зүйн дүгнэлтийг тодорхой тусгах нь зүйтэй байсан. Иймд дээд шатын бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцэлд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Б.Т-ийг “2024 оны 08 дугаар сард *********аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*********" нэртэй зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol)-ын агууламж бүхий 29,078 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, улмаар 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********цэнгэлдэх хүрээлэнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tatrahydrocannabinol)-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй 29,078 грамм жинтэй, "шавар" гэх нэршилтэй 0,2892 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолоор Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэх шинжүүдээс зөвхөн нэг шинж болох хадгалсан гэсэн шинжээр гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана…” гэж хуульчилжээ.

Хэрэгт хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-38/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 39-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 51-56/, гэрч Б.У-ын “...**-**УНХ улсын дугаартай Toyota приус-30 загварын тээврийн хэрэгслийг салсан нөхөр маань Т-д авч өгсөн...” /хх 67/, шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5037 дугаар дүгнэлт /хх 115-120/, шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5039 дугаар дүгнэлт /хх 125-127/, шүүх сэтгэц эмгэг судлалын 827 дугаартай дүгнэлт /хх 131-132/, “********” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 142-148/, шүүгдэгч Б.Т- нь сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...миний биед байсан өвснүүд нь тамхины хайрцагнуудад хийсэн болон тамхины цаасанд хийсэн байсан өвснүүд бөгөөд мөн ахуйн хэрэглээний газ ашиглаж өвсийг үрж шахаад бэлтгэж гаргаж авсан байсан шаврууд нь бүгд миний эзэмшлийнх. Би өвснүүдийг ******** аймгийн *********ы ойролцоогоос түүхийн тулд 2024 оны 08 дугаар сарын эхээр өөрийн тээврийн хэрэгсэл болох **-**УНХ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг унаж очоод түүж байсан. Харин шаврыг бол "google"-ы харж байгаад хийж сурсан....” /хх 84-86, 89-90, 93-84, 97-98/ гэсэн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтууд авагдсан байна.  

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй буюу Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийн холбогдсон хэрэг, эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...улсын яллагчийн дүгнэлтийг...няцаан үгүйсгэсэн үндэслэл...”, 3.6 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...зүйлийг хураах үндэслэл...”-ийг тус тус тусгана гэснийг зөрчжээ.

Учир нь, прокуророос шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг ...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан... гэсэн шинжүүдээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолынхоо удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт өөр өөр байдлаар бичсэн, дээрх үйлдлүүдийг ямар үндэслэлээр “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэж үзсэн, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар “олж авсан” үйлдлийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн талаар огт дүгнээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “хадгалсан” гэсэн нэг шинжээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн талаар зохих хууль зүйн  дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай  эсэргүүцлийг хангасугай.
  2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.
  3. Шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ