Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02216

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/02216

 

 

Б.Батнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Батнарангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 770 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батнаран

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2016 оны 12 дугаар сард захиргааны мэргэжилтний албан тушаалд анх томилогдсон. Улмаар 2017 оны 01 дүгээр сард тус төвийн хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албанд дотоод аудитын мэргэжилтнээр томилогдсон. Дараа нь тус байгууллагад бүтцийн өөрчлөлт орж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн ажилд шилжүүлсэн. Ийнхүү тушаал гарч шилжүүлэх үед би гадаад улсад сургалтад явсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эргэж ирэхэд өөр ажилд шилжүүлсэн байсан боловч би гомдол гаргаагүй.

Гэтэл хэдхэн хоногийн дараа 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1, 55.1, 55.2 дахь заалтыг үндэслэн Б/83 дугаар тушаалаар намайг Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний албан үүргээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа надад тэтгэмж гэж 1 619 822 төгрөг олгосон. Би ажлаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрч тэтгэмжийг аваагүй, харин өөрсдөө өгсөн.

Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 390 018 төгрөгөөс бэлнээр авсан 1 619 822 төгрөгийг хасч тооцон 1 770 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалтыг баталж, мөн өдрийн Албан тушаалд томилох тухай Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албанд Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтнээр Б.Батнаранг томилсон.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус төвийн Ерөнхий захирлаар Б.Ганцэцэг томилогдсон. Ерөнхий захирал Б.Ганцэцэг хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүрэг, ажил, албан тушаалын жагсаалт, тухайн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагч төрийн чиг үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзсэн. Б.Батнаранг Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон 1 619 822 төгрөгийг бэлэн мөнгөний баримтаар олгосон.

Уг ажлын байранд эрүүл мэндийн чиглэлээр төгссөн мэргэжлийн хүн ажиллах ёстой байтал нэхэмжлэгч огт холбоогүй мэргэжлээр төгссөн байдаг. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа талаар Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл нэхэмжлэгчийг хүлээн авч, танилцуулахад энэ тухайгаа ойлгож, Америкийн нэгдсэн улсад суралцах гэж байгаа тухайгаа хэлж 6 сарын тэтгэмж хүссэн байдаг. Байгууллагаас хуулийн дагуу 3 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Түүнчлэн Б.Батнарантай Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батнаранг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 829 924 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батнаранд олгож, нэхэмжлэлээс үлдэх 940 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 24 468 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тус төвийн Захиргаа, санхүү дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажлын байрны тодорхойлолтоор батлагдсан шаардлагыг хангахгүй байгаа талаар мэдэгдхээр Б.Батнаранг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаад 2 сарын дундаж цалин хөлстэй тохирох цалин, хөлсийг олгохоор санал болгоход бодолцож үзье гэсэн. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин уулзахад АНУ-д суралцах хүсэлтээ илгээсэн хүлээж байгаа 3 сараар олгож өгөх саналыг тавьсны дагуу хариуцагч байгууллагын Ерөнхий захирал Б.Ганцэцэг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "Ажлаас халах тухай" Б/83 дугаар тушаалаар Б.Батнаранг чөлөөлж, ажилласан өдрийн цалин, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор, бусад нэмэгдлийг цалингийн картаар, ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмжийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон 1 619 822 төгрөгийг өөрийн гаргасан хүсэлтээр олгосон болно. Иймд ажлын байрны тодорхойлолтоор батлагдсан тухайн ажлын байранд шаардагдах мэргэжил, ажилласан туршлагыг хангахгүй байгаа талаарх нотлох баримтыг дахин хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Батнаран нь хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төв-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 770 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь Б.Батнарантай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг өөрийн байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн Дотоод аудитын мэргэжилтэнээр ажиллуулж байгаад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албанд эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэнээр томилсон байх ба ажил олгогчийн энэ шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй. Улмаар хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Б/83 тоот тушаалд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны Заавар, журам батлах тухай 166 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 17 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2018 оны А/21 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4.7.3, 4.7.6-д заасныг баримтлан Б.Батнаранг Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 

Ажил олгогчоос энэ ажлын байранд ажилтныг томилохдоо уг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шалгуурт заасан мэргэжил, ур чадвартай эсэхийг шалгаагүй нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй, үүнд ажилтны буруу байхгүй тул энэ талаарх анхан шатны шүүх дүгнэлт зөв болжээ.

 

Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх бол ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэх нөхцөл байдлыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан байх шаардлагатай юм. Түүнчлэн ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар тохиролцсон гэж тайлбарлах боловч уг тайлбараа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлийг баримтлаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 829 924 төгрөгөөр тооцож хариуцагч Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Батнаранд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА