Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/236

 

 

                                Б.Д-д  холбогдох эрүүгийн

                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Д /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

***************************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох 2408000001047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******** овгийн Б-ын Д, ******** оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт ***************************** дүүргийн ** дүгээр хороо, Толгойт ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***********************/;

Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 09 цагийн үед ***************************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын тойрог гэх газрын ойролцоо хохирогч А.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний баруун гарын булчин болон нуруун тус газарт хатгаж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэг 6-7 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун бугалгын гадна дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

***************************** дүүргийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

***************************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Д-д 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Д- нь насанд хүрээгүй хохирогч А.Ө- болон Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт Б.Д- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******** дүгээр шийтгэх тогтоолд Эрүүгийн хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл гэдэг нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгодог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл байсан нь бүрэн гүйцэт нотлогдоогүй. Учир нь хохирогч А.Ө- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хутга байсан гэж мэдүүлээгүй бөгөөд хутга шиг жижиг төмөр байсан гэх бөгөөд миний нуруу руу шидсэний дараа газарт унасан байгааг нь харахад хайч шиг баттерфлай гэх зүйл харагдаж байсан гэж дурддаг. Б.Д- нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд харин хутга биш байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Б.Д-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь түүний эх Б-ынх бөгөөд уг машины жолоочийн талын хаалганы халаасанд байсан хутга мэт харагдсан зүйл нь хүүхдийн тоглоомын дэлгүүрүүдэд байдаг үзүүртэй баттерфлай гэх тоглоом байх бөгөөд түүнийг цаасан хайрцгийн туузан наалт /скоч/-ыг нээх онгойлгох зорилгоор ашиглаж байсан гэж дурддаг. Иргэдийн төлөөлөгч Г.Ж нь гэм буруутай гэж дүгнэхдээ мөн хутга байсан гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа дурддаг. Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-, гэрч Ү.Ннарын мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3-д заасны дагуу эх сурвалжаар нотлогдоогүй бөгөөд дангаараа яллах үндэслэл болохгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тогтоолд “Зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал хайч сэрээ, сүх, хөрөө, халив /отвертка/, хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м/ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан бөгөөд Б.Д-ын хэрэглэж хохирогчийн биед хохирол учруулсан зүйл нь уг тайлбарт заасан зэвсэгт хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 заасны дагуу зэвсэг хэрэглэсэн болохыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд Б.Д-ыг яллах талын нотлох баримтад зэвсэг хэрэглэсэн нь шууд нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д яаж үйлдсэн байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд хэргийн газрын үзлэг болон хавтаст хэрэгт цугларсан баримтаар хутга байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн, Б.Д-д ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчимд нийцнэ гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-аас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорих ангид хоригдсоноос хойш ар гэрийн эрх зүйн байдал дордсон. Эх минь эмнэлэгт хэвтсэн. Эцэг минь нас барсан маш их хэцүү байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Анхбаяраас тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны үндэслэж 4 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг харгалзан үзэж дээрх ялыг оногдуулсан байхад шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямаас “хутга хэрэглээгүй” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр зэргээр хохирогчийн эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний биед хүнд хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагийн үед ***************************** дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын тойрог гэх газрын ойролцоо хохирогч А.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний баруун гарын булчин болон нуруун тус газарт хатгаж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэг 6-7 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун бугалгын гадна дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/,

 - насанд хүрээгүй хохирогч Б.Ө-ын: “...2024 оны 6 дугаар сарын 5-нд Жавхлан, Лхамдорж, Баасанжаргал нартай уулзаж байхад тэд нар Д- гэх танил ахыг дуудсан. Хэсэг хугацааны дараа Баасанжаргал нь машинтайгаа ирсэн. Бид ойр зуурын юм яриад байж байгаад маргаад Д- миний нүүр хэсэг рүү жижиг төмрөөр хатгаад байсан. Төмрийг нь шидээд уурлахад Д- машиныхаа хаалганы халааснаас жижиг хутга гаргаж ирээд “Ална” гээд дайрсан бөгөөд миний нуруу болон булчин хэсэг рүү хатгасныг анзаараагүй байж байтал Л, Ж нар “Нуруунаас чинь цус гарч байна” гэхээр нь хутгалуулснаа мэдсэн. Мэс засалд орж, оёдол тавиулсан ...” /хх 7-8/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7825 дугаартай шинжээчийн дүгнэлт “...А.Ө-ын цээжний зүүн ар хэсэг 6-7-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун бугалгын гадна дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжний зүүн ар хэсэг 6-7-р хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун бугалгын гадна дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.../хх 14-15/…“...сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй...” /хх 53/,

              - шүүгдэгч Б.Д-ын: “...машиндаа суулгаад явж байхдаа Ө-тай маргалдаад миний нүүр лүү 3-4 удаа цохихоор нь машины жолооч талын хаалганы кирмаанд байсан жижиг хутга байсныг аваад айлгах гээд гар руу гараараа хатгасан. Ө- тойроод зугтаахад араас нь хутгаа шидэхэд Ө-ын биед хүрээд газар унасан...” /хх 50-51/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

              2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

              3. Шүүгдэгч Б.Д-ын хохирогч А.Ө-тай хувийн сэдэлттэйгээр маргалдаж, улмаар түүний цээжний зүүн ар хэсэг 6-7-р хавирганы түвшинд цээжний хөндий, баруун бугалгын гадна дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэг 6-7-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, баруун бугалгын гадна дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.

              Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

              4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь ялын сонгох төрөлгүй буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн тогтоож 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

              5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямаас “...Б.Д- нь хутга хэрэглээгүй, баттерфлай /butterfly/-аар хатгасан учир зүйлчлэлийг өөрчилж 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Учир нь Б.Д- “...бид хоёр маргалдсан. Ө.Ө-ыг айлгах гээд машины хаалганд байсан хутгыг гаргаж ирж гарт нь хатгасан... А.Ө- тойроод гүйгээд байхаар хутгаа шидэхэд биед нь хүрээд газарт унасан...”, насанд хүрээгүй хохирогч А.Ө “... хутга гаргаж ирээд ална гээд дайраад байсан. Б. Д- миний булчин болон нуруу хэсэгт хатгаад зугтаад явсан...цус гарсан байсан...” гэж тус тус  мэдүүлснээс дүгнэхэд, шүүгдэгч Б.Д- нь гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ хутга хэрэглэснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” хэмээн тодорхойлж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь өөрийн гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрөх байдлаар илрэх ба харин зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь ялгаатай ойлголт бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй зүйлчлэлийн талаарх эрх зүйн дүгнэлтийг шүүгдэгчийн байр сууринаас ялгаж, тэдний эрх зүйн байдалд хамааруулж үзэхдээ анхаарал болгоомжтой хандах нь зүйтэй юм.

            7. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн гэмт хэрэгт хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусдыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж хуульчилжээ.

            Насанд хүрээгүй хохирогч А.Ө- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах, эрхтэй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Шүүгдэгч Б.Д-ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ***************************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/******** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ