Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай /томилолтоор/,

хохирогч А.Н-, О.Ц-, П.Б-,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 1803000010090 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Батбэх ремкон” “Аматрейд” ХХК-д хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ……. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-ын Б- /РД:………./

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын үед Булган аймгийн Гурван булаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шандын эх” гэх газарт “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч П.Б-ийн эрүүл мэндэд хүнд, А.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Ц-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1803000010090 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын үед Булган аймгийн Гурван булаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шандын эх” гэх газарт “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг, мөн дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, ....машин, механизмыг ашиглахыг хориглоно: 3.5-т  “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч А.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.Ц- болон шүүгдэгч Д.Б-ий эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан болох нь:

Хохирогч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би машинд унтаж явсан болохоор ослын талаар мэдэх зүйлгүй. Эмчилгээний зардалд Д.Б-эс 500.000 төгрөг авсан. Миний биеийн байдал сайжирсан. Д.Б-эс нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэв.

           Хохирогч П.Б-ийн ... Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамт ажиллаж байсан найз Нарантуяа, Цэнгэл нарын хамт Булган аймаг руу явсан. Нарантуяа дүү Б-эр машинаа бариулна гээд дуудаж машинаа бариулсан. Би машинд арын сандал дээр унтсан байсан. Нэг сэрэхэд Дашинчилэнгийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний хавирганууд хугарч уушиг бяцарсан. Одоо зүгээр болсон. Надад жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,

           Хохирогч А.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “...Би машины урд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Машин хурдтай яваагүй, ойролцоогоор 60 км/цаг хурдтай явж байсан. Энэ машин манай хүүгийн нэр дээр байдаг боловч би хүүтэйгээ дундаа хэрэглэдэг. Би машины хохирол, эмчилгээний зардалд Д.Б-эс 4.500.000 төгрөг авсан. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй. Би Д.Б-ийг гуйж машин бариулсан. Д.Б-д хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

           Хохирогч А.Н-гийн ... Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгий нуур орохоор найз Б-, Цэнгэл нартай хамт явж байгаад Булган аймгийн нутаг дэвсгэрт осолд орсон. Тухайн үед би тээврийн хэрэгслийн урд, хойд суудалд Батцэнгэл, Цэнгэл хоёр сууж явсан. Автомашиныг Б- жолоодож явсан. Миний зүүн хөл хугарсан ба баруун хөл хөдлөхөд өвдөж байсан. Юунаас болж осол гарсныг мэдэхгүй байна. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

2018.02.14-ний өдөр: ... Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэгт хамт ажиллаж байсан найз Батцэнгэл, Цэнгэл нарын хамт Архангай аймгийн Өгий нуур руу дүүгийндээ очихоор хотоос гарахдаа хуурай дүү Болор-Эрдэнийг дуудаад өөрийн Т.Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодуулаад хөдөлсөн. Би жолоочийн хажууд урд сандалд, миний ард Батцэнгэл, жолоочийн ард Цэнгэл сууж явсан. Батцэнгэл, Цэнгэл хоёр согтуу ард суугаад унтаад явж байсан. Б- бид хоёр эрүүл байсан. Булганы “Шандын Эх” гэх газарт 18 цагийн орчимд машин зүгээр явж байгаад гэнэт их дуу гарсан. Тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. ... Би машины эвдрэлээс болж авто осол гарсан гэж бодож байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

Хохирогч О.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “...Би машинд хойд суудал дээр суугаад явсан. Би унтаж байсан болохоор ослын талаар сайн мэдэхгүй. Би Д.Б-эс эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч О.Ц-ийн ... Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр найз Нарантуяа, Батцэнгэл нарын хамт Булган аймгийн Өгий нуурт амрахаар явсан. Нарантуяа өмнө нь харваж байсан учир хол замд хүнээр машинаа бариулъя гээд Б- гэх хуурай дүүгээ дуудаад жолоо бариулаад хотоос хөдөлсөн. Б- жолоо бариад, би жолоочийн ард, миний хажууд Батцэнгэл, жолоочийн хажуу талын урд суудалд Нарантуяа сууж явсан. Ингээд Булган аймгийн “Шандын Эх” гэх газрын орчим орой 18 цагийн үед машин онхолдсон. Би унтаж байсан болохоор осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Би хөнгөн гэмтсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

Гэрч Н.Б-гийн “... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед Гурванбулаг сумын 1-р баг “Шандын Эх” гэдэг газар машин зогсоод хүн гүйлдээд байхаар нь очтол приус машин онхолдоод дээшээ харсан байдалтай, 3 хүн газар, 1 хүн машин дотор байсан. Машин дотор байсан хүнийг гаргаад цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Иргэний хариуцагч Г.Н- “ ... ... улсын дугаартай Т.Приус маркийн автомашин нь миний нэр дээр байдаг боловч ээж Нарантуяа машиныг унадаг. Осолд орсон талаар ээж Нарантуяагаас сонссон тул надад мэдэх зүйл байхгүй. Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 145-р хуудас/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны №80 дугаартай дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн Д.Б- гэх цусанд спиртийн агууламж илэрсэнгүй. /хх-ийн 12-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №12258 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Н-гийн биед зүүн дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 45-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №12452 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Ц-ийн биед зүүн хөмсөг, доод уруулын дотор салстын язарсан шарх, эрүү, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлийн зураасан зулгаралт, баруун хөхий цус хуралт, зүүн ташааны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 48-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед эзлэг хийсэн шинжээчийн №12257 дугаартай дүгнэлтэнд:

1. П.Б-ийн биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавиргануудын хугарал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, сээрний 5, 7-р нугалмын шахагдсан хугарал, зүүн чихэнд шарх, эрүү, зүүн бугалга, зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 52-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №12449 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Б-ий биед баруун цавь, гуяны дотор хэсгийн тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 57-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6364 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Үзлэг ба шинжилгээ хэсэгт: автомашины зүүн хойд дугуй хийгүй, Pirell фирм, winter марк, 205/65R16 хэмжээ 95Q-/95-690 даацын дээд хэмжээ, Q-хурдны дээд хязгаар/ заасан.

-баруун хойд дугуй нь хийгүй, Kumbo фирм, Solus марк,  P205/60R 16 хэмжээ заасан, 94H-/94-670 даацын дээд хэмжээ, H-210км/цаг дээд хэмжээ,

-зүүн урд дугуй нь хийгүй, Yokohama фирм, 205/65R16 хэмжээ, 95Q-/690 кг даацын дээд хэмжээ, ...хаймар дугуйн хээ элэгдэж эдэгдэлийн хязгаарт хүрсэн, хээний гүн 1.4 мм хэмжээтэй байна.

-автомашины зүүн хойд дугуй нь хагарсан эсэхийг тогтоох зорилгоор ...хийгээр хийлж хөөстэй ус асган шалгахад хаймар дугуйн хээ салсан хэсгээр ус хөөсөрч хий гарч байна.

Дүгнэлт: 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Приус-20” маркийн автомашин их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн автомашины баруун, зүүн талын лонжерон гулзайсан, баруун урд талд байрлах автомашины чирэгч дотогш шахагдаж гулзайсан, баруун урд талын далбаан дээр байрлах дохионы гэрэл хагарч салж унжсан, далбаа хонхойсон, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, толь суурь хэсгээрээ хугарсан, баруун урд талын хаалга зурагдаж хонхойсон, баруун урд талын багана бүхэлдээ зурагдаж хонхойсон, баруун урд, баруун хойд талын хаалганы тотого бүхэлдээ зурагдаж хонхойсон, баруун хойд талын хаалганы цонхны шил хагарсан, баруун хойд талын далбаа хонхойсон, баруун хойд талын гэрэл хагарч салсан, автомашины хойд бамбай байхгүй, тээшний тагны цонхны шилнүүд, тээшний таган дээр байрлах салхи зүсэгчний зүүн талын булан хагарсан, зүүн хойд талын гэрэл хагарсан, зүүн хойд талын далбаа бүхэлдээ хунирч, далбаан дээр байрлах цонхны шил хагарсан, зүүн хойд талын хаалганы цонхны шил хагарсан, хаалганы гадна хавтас хонхойсон, зүүн хойд талын багана бүхэлдээ зурагдаж хонхойсон, зүүн хойд, зүүн урд талын хаалганы тотого бүхэлдээ зурагдаж хонхойсон, зүүн урд талын цонхны шил хагарсан, толь суурь хэсгээрээ хугарч салсан, зүүн урд талын хаалга хонхойсон, зүүн талын хаалганы цонхны хавтас ангайсан, зүүн урд талын далбаа дохионы гэрлийн хэсэгт дотогш хонхойсон, урд булан хонхойж будаг халцарсан, зүүн, баруун талын их гэрэл байхгүй, капотны дунд хэсэг зурагдсан, автомашины урд салхины шил бүхэлдээ дотогш шахагдаж хагарсан, шил арчигчийн сойз байхгүй, автомашины дээвэр бүхэлдээ дотогш хонхойж нугарсан. Автомашины баруун, зүүн талын явах эд анги гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна /хх-ийн 77-92-р хуудас/,

Замын Цагдаагийн албаны шинжээчийн №163/нэмэлт/ дугаартай дүгнэлтэнд:

Тээврийн хэрэгслийн дугуйнуудад хийсэн үзлэг, хэмжилтээр “Автомашины зүүн хойд дугуй нь хийгүй, Pirell фирм, winter марк, 205/65R16 хэмжээ, 95Q/95-690 даацын дээд хэмжээ, Q хурдны дээд хязгаартай.../, “Баруун хойд дугуй нь хийгүй, Kumho фирм, Solus марк, 205/65R16 хэмжээ заасан ...хэмжээтэй.../ байх тул мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, ...ашиглахыг хориглоно. 3.5 Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.”, мөн үзлэг, хэмжилтээр “Зүүн урд дугуй нь хийгүй,...Хаймар дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн, хээний гүн 1,4 мм хэмжээтэй.” байх тул “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, ...ашиглахыг хориглоно. 3.1 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм...-ээс бага болсон.” гэсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан /ашигласан/ нь Т.Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ашиглахыг хориглосон зөрчилтэй байсан гэж үзэхээр байна.

Осол хэргийн газарт хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэг болон шороон зурваст гарсан хаймар дугуйн шарваж үлдсэн ул мөр, замын хажуугийн хөрсний гадаргад гарсан цохигдсон, нидрэгдсэн бусад ул мөр, автомашины эвдрэл, онхолдолтын дараах байрлал, эд анги, хагарч бутарч унасан эд зүйлсийн байрлал, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээс үндэслэхэд Д.Б- нь Т.Приус маркийн 02- 96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна /хх-ийн 208-209-р хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,

Зам тээврийн хэрэг, осол гарсан газрын схем зураг /хх-ийн 5-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээний тайланд: Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай автомашиныг 4.505.500 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 15-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүгдэгч Д.Б-ий гэм буруугийн талаар маргаж, техникийн гэнэтийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн хэрэг, осол гарсан газрын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6364 дугаартай автотехникийн шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 163 /нэмэлт/ шинжээчийн дүгнэлтийг харьцуулан дүгнэхэд: Шүүгдэгч Д.Б-ий жолоодож явсан “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай автомашинд урьдчилан мэдэх боломжгүй техникийн шинжтэй эвдрэл, гэмтэл гарсны улмаас осолдсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Харин жолооч Д.Б- нь Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн жолоочийн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу замын хөдөлгөөнд оролцохын өмнө “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай автомашины дугуйны бүрэн бүтэн байдал, нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, дугуйны элэгдэл зэргийг шалгаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас зам тээврийн осол гарсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “жолооч Д.Б- буруутай эсэх нь эргэлзээтэй тул шүүгдэгчийн гэм буруугүй”  гэх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай дүгнэлтийг гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс шүүгдэгч Д.Б-ий хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж, эсхүл тэнсэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.

            Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

            Шүүгдэгч Д.Б-  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

            Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч П.Батцэтгэлийн биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавиргануудын хугарал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, сээрний 5, 7-р нугалмын шахагдсан хугарал, зүүн чихэнд шарх, эрүү, зүүн бугалга, зүүн шуу, цээжинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт  бүхий хүнд хохирол учирсан ба хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ, сувилгааны болон бусад зардлын талаар баримт ирүүлээгүй ба шүүгдэгчээс 500.000 төгрөг авч эмчлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж,

Хохирогч А.Н-гийн биед зүүн дунд чөмөгний хоёрлосон зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээ сувилгааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба шүүгдэгчээс 4.500.000 төгрөг хүлээж авсан нэхэмжлэх зүйлгүй гэж.

Хохирогч О.Ц-ийн биед зүүн хөмсөг, доод уруулын дотор салстын язарсан шарх, эрүү, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлийн зураасан зулгаралт, баруун хөхий цус хуралт, зүүн ташааны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба эмчилгээ сувилгааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, шүүгдэгчээс 400.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Б-ийг энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б-ий жолоодох эрхийн үнэмлэх болон иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.