Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/249

 

                                     Б.У, Б.Э нарт

                                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Б.Уын түүний өмгөөлөгч Н.Болортуул,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Болортуул, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.У, Б.Э нарт холбогдох 24100 2073 0331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Б-ийн У, ******** оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********* мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******** дүүргийн ** дугаар хороо, ******** хороолол, *******  дугаар байрны * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***************/;

Ц овгийн Б-ын Э, ******** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ************** дүүргийн ** дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***************/;

1. Шүүгдэгч Б.У нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж, албан тушаалын тодорхойлолтын 2.1-д заасан “Хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын хүрээнд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах" албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа:

 Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

- Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,

- Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг,

- Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн дүрмийн 2.3.7-д заасан “албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төрд харшлах болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглахгүй байх... гэснийг тус тус зөрчиж,

- Өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийн дагуу иргэн Н.А-ын эзэмшлийн Хаан банк дахь ********************** дугаартай харилцах данс хязгаарлагдсан байхад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн мөрдөгч Б.Э-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Төв салбараас 23.650.000 /хорин гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус данснаас гаргуулан, үүнээс 9.650.000 /есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа,

- Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

- Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,

- Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг,

- Цагдаагийн алба хаагчийг Ёс зүйн дүрмийн 2.3.7-д заасан “албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төрд харшлах болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглахгүй байх...” гэснийг тус тус зөрчиж,

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Утай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, түүний мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийн дагуу иргэн Н.А-ын эзэмшлийн Хаан банк дахь ********************** дугаартай харилцах данс хязгаарлагдсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Төв салбараас 23.650.000 /хорин гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус данснаас гаргуулан, үүнээс 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон,

-Мөн хууль сахиулагчаар буюу Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллахдаа 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны 21 тоот өөрийн гэртээ байхдаа хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 67 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай” прокурорын тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.У-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, Б.Э-ыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд, мөн “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд түүний оршин нутаг дэвсгэрийг харьяалах нутаг дэвсгэрийг харьяалах ******** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эод 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Э-д энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр гэж тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У, Б.Э нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зайлсхийвэл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 23.500.000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нар нь Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 1009 0003 3401 тоот дансанд байршуулсныг улсын орлогод хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У, Б.Э нарт тус бүрд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч Б.У, Б.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:“... Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хөнгөрүүлж болно гэж заасан байна. Шүүгдэгч Б.Э нь ээж болон өвөө Б-ийн Д-ийн хамт амьдардаг бөгөөд өвөөгөө байнга асарч, сахидаг. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нь сайтар тогтоолгүйгээр ял оногдуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Өвөг эцэг минь хүнд өвчтэй байгаа. Хавдар судлал дээр өвөг эцгээ хүргэж өгдөг. “**-**-**” ХХК-д сагсан бөмбөг тоглодог. Уг байгууллагаас цалинжаад явж байгаа. Бэлтгэлээ их сургуулийн зааланд хийдэг тул зөвшөөрөгдсөн хязгаараас гаргах шаардлага үүсдэг тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, шүүхэд заавал биелүүлэхэд үүрэг хүлээлгэсэн. Нотариатын шинжтэй эрх хэм хэмжээ биш ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх зохицуулалттай. Шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Өөрийнхөө үйлдсэн гэм буруугийнхаа үр дагаврыг ухамсарласан. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Өөртөө маш их дүгнэлт хийж гэмшиж өнөөдөр шүүх хуралдаанд биечлэн ирсэн. Анхан шатын шүүхийн хуралдааны үед Б.Э хүүхэдтэй байсан. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Өнөөдөр Б.Э бага насны хүүхэдтэй холбоотой нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Түүний өвөг эцэг Б.Д-ийн элэгний хорт хавдар эцсийн шатандаа хүрсэн учраас байнгын эмчилгээ хийлгэдэг.Б.Д-ийг халдвар судлал руу хүргэж өгөх зэрэг туслалцаа үзүүлж байгаа. Б.Э “**-**-**” ХХК-д ажилдаг. Мөн сагсан бөмбөг тоглодог талаарх тодорхойлолт хэрэгт байгаа. Иймд дээрх хуульд заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг хэрэглээгүй бөгөөд үгүйсгэсэн няцаасан тайлбар хийгээгүй байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.У нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь одоо 7 сартай жирэмсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны хүүхдээ асардаг, Б.У нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс компанид үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажиллаж байгаа тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу ******** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Прокурор Г.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар хэргийн үйл баримт болон тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудалд маргадаггүй учраас эрүүгийн хариуцлагатай холбогдуулан тайлбар хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Анхан шатын шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал болон гэр бүлийн байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаад зорчих эрхийг хязгаалах ял болон торгох ялыг оногдуулсан. Прокуророос үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Авлига албан тушаалын гэмт хэргийн хувьд, олон нийтийн эрх ашиг хөндөгддөг. Олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулдаг. Нийгмийн аюулын шинж чанар өндөртэй гэмт хэрэгт тооцогддог. Тухайн эрх мэдэл албан тушаалын байдал урвуулан ашигласан гэмт хэргийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ял оногдуулах хуулийн санкцтай гэмт хэрэг, гэтэл хамгийн хөнгөн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.У, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

1. Шүүгдэгч Б.У нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийн дагуу иргэн Н.А-ын эзэмшлийн Хаан банк дахь **..........** дугаартай харилцах данс хязгаарлагдсан байхад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн мөрдөгч Б.Э-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Төв салбарт Н.А-ын итгэмжлэлийг эхнэр Г.Э-ийн нэр дээр хийлгүүлэн хамт очиж 23.650.000 /хорин гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус данснаас бэлнээр гаргуулан, үүнээс 9.650.000 /есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Утай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, түүний мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийн дагуу иргэн Н.А-ын эзэмшлийн Хаан банк дахь ............ дугаартай харилцах данс хязгаарлагдсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Төв салбараас 23.650.000 /хорин гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг тус данснаас гаргуулан, үүнээс 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

мөн хууль сахиулагчаар буюу Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллахдаа 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны 21 тоот өөрийн гэртээ байхдаа хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 67 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай” прокурорын тогтоолыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэг нээх тухай Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол /1хх 1/,

- 2024 оны 5 сарын 24-ны өдрийн Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Э.Билгүүний илтгэх хуудас /1хх 3/,

- гэрч Г.Э-ийн: “...Манай нөхрийн дансыг хэн ашигладгийг би сайн мэдэхгүй байна. 2024 оны 01 дүгээр сард миний ************** дугаар руу**************  гэж дугаараас У гэх мөрдөгч залгаад “танай нөхрийн Хаан банкны дансанд их хэмжээний мөнгө орсон, гаргаж аваад дансыг нь хаана, итгэмжлэл хийлгэж ав” гэж хэлээд тасалсан.

Тэгээд би нөхөртэйгөө интернэтээр холбогдоод У мөрдөгч залгасан талаар хэлээд, хоорондоо Хаан банкны данс болон юнителийн дугаар дээр итгэмжлэл миний нэр дээр хийлгэхээр болоод, Австралиас миний нэр дээр итгэмжлэл хийх код мэйл хаягаар ирсэн. Би дүүргийн зүүн хойд талд байрлах нотариатын газар орж итгэмжлэл хийлгэсэн. Ингээд дүүргийн Цагдаагийн газар дээр очиж У мөрдөгчтэй уулзахад дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын нэртэй, данстай холбоотой хүсэлтийг хэлж өгч бичүүлсэн. Тэгээд тухайн хүсэлтийг мөрдөгч аваад үлдсэн. Үүнээс хойш У мөрдөгч хэд хоногийн дараа залгаад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хүрээд ир” гэхээр нь би яваад очиход мөрдөгч гарч ирээд албаны машин бололтой жижиг хар өнгийн машинд намайг суулгаад явсан. Бид гурав “Наадам центр” хойд талд байрлах Хаан банкны Төв салбар дээр очоод У намайг дагуулж ороод теллер дээр очиж итгэмжлэл, иргэний үнэмлэхээ үзүүлээд, зарлагын баримт бөглөөд 23.0 сая гаран төгрөг /одоо яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна/ бэлнээр авсан. Мөнгийг надтай хамт зогсож байсан У мөрдөгч жижиг цүнхэнд хийгээд авч явсан. Мөрдөгч бид 2 банкнаас гараад үүднээс нь салаад явсан. Хүсэлт бичиж өгөөд нэг удаа, дараа нь Хаан банкнаас мөнгө авахад нэг удаа, нийт 2 удаа л уулзсан...” /1хх 5-6/ гэх мэдүүлэг,

- Хаан банкны 2024 оны 6 сарын 17-ны өдрийн ************** дугаартай албан бичиг, Г.Э, Б.У, Н.А- нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын мэдүүлэг баримтууд, Н.А-аас Г.Эд олгосон итгэмжлэлийн хуулбар /1хх 9-16, 24, 26, 28, 30, 32/,

- Хаан банкны 2024 оны 6 сарын 17-ны өдрийн ************** дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, Эд  мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 18-22, 74/,

- “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4/4913 дугаартай албан бичиг, ************** , ************** дугаар эзэмшигчийн мэдээлэл,  2024.03.01-2024.06.17-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт баримт /1хх 34-48/,

- мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын 2024 оны 5 сарын 31-ний өдрийн 193 дугаартай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31-ний өдрийн 193 дугаартай зөвшөөрлийн хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт үзлэг хийж, хуулбарласан авсан тэмдэглэл, баримтууд /1хх 52-53, 54-97/,

- гэрч М.А-ын: “...Уын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийн талаар надад тухайлан танилцуулж байгаагүй. Хавтаст хэргээс 2024.3.4-ний өдрийн мөрдөгч Б.Уын хязгаарлалт цуцлах саналыг харлаа, тухайн санал дээрх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Одоо бол санах зүйл алга. Би мөрийтэй тоглоомын дансны хязгаарлалтыг цуцлах санал гаргасныг огт мэдэхгүй байна, ийм санал дээр ч гарын үсэг зурснаа санахгүй байна…” /1хх 107-110/ гэх мэдүүлэг,

- гэрч Т.О-ийн: “...Би хэрэг бүртгэлтийн ************** дугаартай хэрэгт хяналт тавихдаа иргэн Н.А-ын эзэмшлийн дансыг хязгаарласан хязгаарлалтыг цуцлах тухай 67 дугаартай тогтоолыг гаргаж байгаагүй, тогтоолыг харлаа, миний гарын үсэг биш байна.

Мөрдөгч Б.У надад амаар “А Австрали улс руу явсан, тэндээс данс чөлөөлж өгөөч гэж байнга утасдаад байна, дансны хязгаарлалтыг нь цуцалъя, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэргийг нь хаая” гэж танилцуулж байсан, түүнийхээ дараа хэргээ прокурорын хяналтад оруулж ирсэн. Тухайн үед хэргийг хянасан чинь Н.А- нь “Австрали улс руу явсан” гэсэн хилийн лавлагаа баримт байхгүй, хэрэгт эхнэр гэж хүнээс “дансыг чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасныг хавсаргасан байсан. Би хэргийг хянах хугацаандаа Этэй нь утсаар нь холбогдоход “...манай нөхөр Австрали улсад байгаа, Хаан банкны дансаа яагаад ашиглах болсон талаар мөрдөгчтэй холбогдсон байх, намайг хүсэлт гарга гэхээр нь хүсэлт гаргасан юм” гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар тухайн үедээ тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан. Хаан банкнаас хавсралтаар нэг ширхэг СD ирүүлсэн боловч нээгдэхгүй байсан, банкны дансны лавлагаагаар 1.650.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн лавлагааг хэрэгт хавсаргасан байсан. Хэргийг хянахад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй, нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа ер нь дутуу байсан учраас мөрдөгчийн “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцлах” саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, энэ тухай 2024.03.11-ний өдөр 03 гэсэн дугаартай тогтоолыг гаргасан. Мөн хэргийг нэмэлт хэрэгт бүртгэлтэд буцааж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Харин иргэн Н.А-ын дансанд 23 сая төгрөг байсныг сүүлд буюу манай байгууллагад Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Б гэх нэртэй мөрдөгч ирээд үзлэг хийж, баримт авахад нь л анх мэдсэн…” /1хх 133-135, 136-137/ гэх мэдүүлэг,

- гэрч Х.Эийн: “...Би дээрх дансны үлдэгдлийг харахад тухайн үед 1.650.762 төгрөг байсан болоод л бичсэн байх, гэхдээ ажлын ачааллаас болоод ажилтны хайхрамжгүй байдлаас болж зарим тохиолдолд мэдээллийг андуурч гаргах, эсхүл дутуу мэдээлэл гаргаж өгөх, дансны мэдээллийг сольж гаргах, эсхүл хоосон СD-г хүргүүлэх зэрэг тохиолдол гардаг. Би тухайн дансны дугаарыг банкны системд хийж шалгахад тухайн данс эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаар, харилцагчийн гэрийн хаяг, утасны дугаар, манай банканд эзэмшиж байгаа бусад данснууд, дансны үлдэгдэл, хуулийн байгууллагын зөвшөөрлөөр барилт хийсэн эсэх, цуцлагдсан эсэх, барилт хийх үеийн үлдэгдэл, сүүлийн 10 удаагийн гүйлгээ, дансыг аль салбарт нээсэн тухай зэрэг мэдээллүүд харагддаг. Тэгэхээр би 50.........05 үлдэгдлийг гаргаж өгөхдөө андуурч анх барилт хийх үед байсан үлдэгдлийг гаргаж өгсөн байж магадгүй. Учир нь би системд нэвтрэн ороход дансанд барилт хийхэд хэдэн төгрөг үйлдэгдэлтэй байсан мэдээлэл нь харагддаг...” /1хх 146-148/,

- бичгийн хэв загвар, дээж авах тухай мөрдөгчийн тогтоол, шинжилгээнд зориулж бичгийн хэв, загвар, баримт бичиг авсан тухай тэмдэглэл /1хх 150-167/,

- Шүүх Шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3010 дугаартай: “…Шинжилгээнд ирүүлсэн 2024.03.13 гэсэн огноотой “Нийслэлийн дүүргийн Прокурорын газар, Прокурорын тогтоол, дугаар 67” гэсэн баримттын хэвлэмэл хуудас нь оффсет хэвлэлээр хэвлэсэн, хэвлэмэл хуудас байна. ...зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.О-ийн гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /1хх 170-174, 175-194/,

- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгч Б.Эыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал баримтууд, Цагдаагийн тангараг, төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас  зэрэг баримтууд /1хх 242-243, 244-250, 2хх 1-31/,

- нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрддөгч албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгч Б.Уыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал баримтууд, Цагдаагийн тангараг, төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшиний үнэлгээний хуудас зэрэг баримтууд /2хх 40-42, 43-88/,

- Хаан банкнаас эх хувиар гаргуулсан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 67 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай тогтоол 2 хуудас, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 30к1-1/1619 дугаартай албан бичиг /А5 хэмжээтэй 1 хуудас/ баримтууд /2хх 104-106, 107-111/, шүүгдэгч Б.Э, Б.У нараас хохирол төлсөн баримтууд /2хх 203-204/, шүүгдэгч нарын өөрсдөө бичгээр гаргасан мэдүүлэг /1хх 1-3, 131/, шүүгдэгч Б.У, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлдээ маргахгүй гэх мэдүүлэг /3хх 175-177, 2хх 187-188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн” гэсэн нь шинж тус бүрдээ санаатай үйлдэх шинж чанарыг агуулсан байдаг.

Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуурамчаар үйлдэх... гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субъекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субъекттэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргийг хэргийн оролцогчид болон иргэн үйлдэж болох бол хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийг “хууль сахиулагч...нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн байна” гэж хуульчлагдсан байна.

Иймд хэрэгт авагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгч Б.Эыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал баримтууд, Цагдаагийн тангараг, төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас /1хх 242-243, 244-250, 2хх 1-31/, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгч Б.Уыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал баримтууд, Цагдаагийн тангараг, төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас зэрэг баримтууд /2хх 40-42, 43-88/ болон Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус зааснаар шүүгдэгч Б.У болон Б.Э нар нь төрийн тусгай алба хаагч буюу нийтийн албан тушаалтан мөн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Уын үйлдлийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

Харин шүүгдэгч Б.Эын үйлдлийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, хатгагчаар хамтран оролцсон”, мөн “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.   

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус заасан.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр энэ гэмт хэргийг үйлдэхийг санаачилж төлөвлөсөн, мөн шүүгдэгч Б.Уын үүрэг оролцоог хуваарилж, бүлэглэн гүйцэтгэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэгт хатгагч” гэсэн заалтыг давхар журамлах шаардлагагүй гэж дүгнээд шийдвэрлэв. 

3. Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой билээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулсан шүүгдэгч Б.Эод нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдал зэрэгт тохиросон гэж үзэв.

Харин гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог харгалзан шүүгдэгч Б.Эод анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг “1 жил 9 сар” болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4.  Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Амаржаргал, Д.Цэрэнханд нараас “…шүүгдэгч Б.Эод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү…”, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Н.Болортуулаас “...Б.Ут оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар тэнсэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байх тул, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш түр зорчих, эсхүл удаан хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүсвэл энэ талаарх хүсэлтээ хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх боломжтой болно.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна…” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У, Б.Э нарын хууль бусаар олж авсан мөнгөн дүнг улсын орлогод оруулахдаа “23.500.000” гэж буруу бичсэн байх тул үүнийг зөвтгөх, мөн уг мөнгийг Авлигатай тэмцэх газрын дансанд хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “23.500.000 төгрөг” гэснийг “23.650.000 төгрөг” гэж зөвтгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 23.650.000 төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 1009 0003 3401 тоот данснаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Б.Эыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, хатгагчаар хамтран оролцсон...” гэснийг “...Б.Эыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон...” гэж,

2 дахь заалтын шүүгдэгч Б.Ут холбогдох хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил  9 сарын /нэг жил есөн сар/-ын хугацаанд ******** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 23.650.000 /хорин гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч нар нь Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 1009 0003 3401 тоот дансанд байршуулсныг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Н.Болортуул, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                             

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ