Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

   2018           8            06                                    642        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал, 

шүүгдэгч: Т.Биш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бишэд  холбогдох эрүүгийн 1805024870646 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Өлзийт суманд мал маллаж амьдардаг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй,

             Шүүгдэгч Т.Биш нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” нэртэй дэн буудалд хамтран амьдрагч Б.Мааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Биш мэдүүлэхдээ:

Би 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөөнөөс ээжтэйгээ ирсэн байсан юм. Архи уусан байсан тул гэртээ очихгүй гэж бодоод Маа бид хоёр зочид буудалд хонох талаар ярилцсан. Тэгж байгаад би буудалд хонохгүй, найзынхаа гэрт очно гэж хэлэхэд Маа надад “чи найзынхаа эхнэртэй янхандах гэж байгаа юм уу” гэхээр нь миний уур хүрээд хацар руу нь алгадаад, араас хувцаснаас зуураад байхаар нь түүний гар руу нь цохисон. Би өмнө Мааг нэг удаа алгадаж байсан. Энэ талаар түүний ах, эгч нь мэдэж байгаа. Би согтууруулах ундааны зүйлийг хэрэглээд байдаггүй, найз нөхөдтэйгөө уулзахаараа л хааяа архи уудаг юм. Тэр өдөр Маагийн хүргэн ах нь намайг “чи наанаа байж байгаарай, би чамайг очиж ална” гээд байхаар нь би түүнээс айгаад цагдаа дээр очоод “би энэ хүний гарыг гэмтээчихлээ” гэж хэлээд эрүүлжүүлэхэд орсон. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрт хэдэн төгрөг өгсөн гэдгээ санахгүй,  Маагийн  гарыг гипсдүүлэх, эмчлүүлэх зардлыг нь бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. Дариймаа бид хоёр одоо хамт амьдарч байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.Маа мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Биш Архангай аймгаас ирээд надтай хамт дүү Ням-Очирын гэрт очиж байж байгаад бид хоёр танил ах Батболдын гэрт очоод Биш 0.5 граммтай “Соёрхол” архи 1 шил, 2 сав 2 литер 500 граммтай пиво уусан. Тэгээд би Бишийн хамт орой гарсан. Би пиво уусан байсан учир яг хэдэн цаг болж байснийг санахгүй байна. Тэндээс гараад явж байх үедээ замын дэргэд зам дагуу байрлах “89” гэх нэртэй дэн буудалд ороод, 25 000 төгрөгийн өрөө түрээслэн аваад уг зочид буудлын өрөөнд жижиг нийтийн караокений хэсэг байхаар нь тэр рүү орж, бид 2 тус тус 0.5 граммтай Нийслэл нэртэй 2 шил пиво авч уусан. Тэгээд бид 2 байж байтал Биш намайг өрөөндөө ороод байж бай, би тусдаа явна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр маргалдаад өрөөндөө хамт орсон. Тэгээд би явуулахгүй гээд уурлаж байтал Биш тамхи татаж сууж байснаа гэнэт гараа атгаж байгаад зүүн талын гарын шуу хэсэгт рүү 2 удаа цохисон. Гар руу цохихоор нь өвдөөд би доошоо унасан. Тэгтэл миний эрүү хэсэгт гараараа цохиж, газар унасан байхад зүүн шанаа руу гутлаараа 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод ирсэн. Тэгээд хоёр гарнаас барьж аваад “гар өвдөөд байна, гар мэдрэлгүй болоод бадайраад байна” гэж хэлтэл намайг зодохоо больсон. Тэгээд би уурлаад өрөөн дотор явж байх үедээ цагдаагийн хэсэг рүү залгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхгүй байхаар нь бид хоёр тэр хооронд эвлэрээд Хархорин захын урд байдаг. “Вест” бааранд орсон. Тэгээд баарнаас гарч ирээд дахин гар өвдөөд байна, цагдаад өгнө гэж хэлээд дахин утсаар цагдаад дуудлага өгөөд тэр дуудлагын дагуу цагдаа ирээд бид хоёрыг авч явсан. Ингээд тухайн үед гар хөдлөхгүй өвдөөд байсан учир би гомдол гаргасан. Миний зүүн гарын шууны яс хугарсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, эрүүний доод хэсэг хөхөрч улайсан, хамрын хэсэгт хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй. Урьд өмнө Биш надад 3 удаа гар хүрч байсан. Миний толгойг хагалж байсан. Тэр болгонд би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.

Миний хувьд Биштэй сайн дураар эвлэрсэн, бид хоёр одоо хамт амьдарч байгаа ба цаашид хамт амьдрах бодолтой байгаа. Бишээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, би өөрөө ажил хийгээд тэр мөнгөнөөсөө дансандаа хийхээр ах эгч хоёр бараа хамт татаж өгдөг ба эмчилгээний гарсан зардалыг би өөрийн мөнгөнөөс гаргасан. Биш бид хоёр хамт амьдарч байгаа, дундаа мөнгөө зарцуулдаг учир эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлэхгүй. Хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 12-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Энхтөр мэдүүлэхдээ:

Би Маагийн төрсөн эгч Чимэдзаяагийн нөхөр нь буюу Маагийн хүргэн ах нь байгаа юмаа. 2017 оны 11 сараас эхлэн Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн байранд хамт амьдардаг ба энэ хугацаанд хэд хэдэн удаа зодсон. Зодох үедээ нүүрийг нь аймар хавдар болгож зодож байсан. Нэг бол гарыг нь гэмтээсэн байсан ба Маа нь сүүлийн үед архи уудаг болчихоод байгаа ба энэ байдлаасаа болоод Биштэй нийлээд яваад өгдөг. Маа зодуулсан байх үедээ намайг удаа дараа дуудаж байсан. Маа нь зодуулаад манай гэрт хэсэг байж байгаад, тэгээд хэд хоноод гэрээс гараад Бишийг дагаад явчихдаг. Тэгээд дахиад зодуулчихаад манайд хүрээд ирдэг. Ер нь бол Биш хэд хэдэн удаа айхтар их гэмтэал учирхаар зодсон. Зүгээр зодох биш гар нь хугартал, нүд, ам толгой нь хэн бэ гэдгийг нь мэдэгдэхгүй болтол зодож байсан. 5-6 сар хамт амьдарч байгаа. Миний мэдэхийн 5-6 удаа зодож байсан. Үнэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа. Маа хаширахгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд яваад байдгийг мэдэхгүй байна. Маа зодуулах үедээ дандаа Сонгинохайран дүүргийн цагдаагийн хэлтэст удаа дараа өргөдөл гаргаж байсан ба гомдолгүй гээд гомдлоо авчихдаг гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)


Мөрдөн байцаалтад гэрч- Г.Уянга мэдүүлэхдээ:

Би 2018 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө уг дэн буудлын ресепшинээр ажиллаж байсан юм. Бүртгэлийг харахад 18-19 цагийн хооронд Биш гэх хүн манай дэн буудлын 4 номерийн өрөөг хоногоор аваад 1 цаг болоод гарсан бүртгэл байна. Миний санаж байгаагаар гаднаас халамцуу, эрэгтэй эмэгтэй 2 хүн, 4 дугаартай өрөөнд хонохоор орсон. Ороод удаагүй өрөөний дотор талд хүн зодолдоод байгаа юм шиг түчигнээд байхаар нь би очоод “яаж байна” гэхэд хаалгыг бүдүүн эрэгтэй хүн онгойлгоод “зүгээр, ахын дүү энд гэр бүлийн маргаан болоод байна” гэсэн. Тэр үед би үүдэнд байхад нэг эмэгтэй хүн “аллаа” гэж хашгирахаар нь би гүйж очсон юм. Ингээд хэсэг чимээгүй болж байснаа дахиад хүн орилох шиг болохоор нь яваад очтол эрэгтэй нь коридорт гарсан хаалга цохиод нөгөө хүүхэн нь “би эгчийгээ дуудна, чи цаашаа зайл” гээд байсан. Тэр эрэгтэй үүдэнд зогсож байгаад нөгөө эмэгтэйгээ эвлэрээд буудлаас гарч явсан гэжээ. (хэргийн 64-65 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Чимэдзаяа мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 22-23 цагийн орчим манай нөхөр Энхтөр Саппорагийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж дуудаж байна гээд явсан. Тэгээд дүү Маа “хамтран амьдрагч Бишэд зодуулсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлж байна” гэж яриад шөнө гэрт Мааг дагуулж ирсэн. Тэгтэл Маагийн нүүр нь хавдаж, гар нь хугарсан байсан. 2012 онд Маагийн нөхөр, хүүхэд хоёр нь авто аваарт орж нас барсан ба 10 настай охинтой. 2017 оны 10 сард Биш гэх залуутай танилцсан ба уг залуутайгаа тусдаа гарч хөлсний байр түрээслэн амьдардаг болсон. Маа нөхөр, хүүхдээ нас барсанаас хойш архи уудаг болчихсон ба 2017 оны 11 дүгээр сард Биш гэх залуутайгаа нийлж архи уугаад зодуулаад гээд толгой нь хагарсан байдалтай, 2017 оны 12 сард мөн уруул нь цохиулж хавдсан байдалтай гэртээ ирж байсан гэжээ (хэргийн 67 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5275 тоот дүгнэлтэд:

1. Б.Маагийн биед зүүн гарын богтос ясны хугарал, хамрын нуруу, хацар, шанаа, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Биш ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Биш нь нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” нэртэй дэн буудалд хамтран амьдрагч Б.Мааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны хугарал, хамрын нуруу, хацар, шанаа, зовхи, эрүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Маа, гэрч Г.Уянга, Н.Энхмөнх, Б.Чимэдзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5275 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Бишийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Маагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй

 

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаагүй, “хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй, Т.Биштэй би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бишийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бишид хорих ялыг оногдуулахгүйгээр  1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Т.Бишд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Т.Биш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.Маа нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Биш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бишид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН