Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 111/2017/0034/З |
Дугаар | 221/МА2018/0245 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0245
2018 оны 04 сарын 25 өдөр |
Дугаар 221/МА2018/0245 |
Улаанбаатар хот |
О.О нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.О нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч О.О 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх”-ийг хүсчээ.
Хоёр. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар “О.О ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.О урьд эрхэлж байсан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт ажлын 93 хоног буюу хуанлийн 4 сар 8 хоногийн цалин 3157722 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт үүрэг болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн. Маргаан бүхий ажлаас халах тухай 73 дугаар тушаал хуульд нийцсэн, холбогдох хууль, тогтоомжийг зөв хэрэглэж гаргасан. Шүүхийн захиргааны тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм журам батлан мөрдүүлнэ” гэж онцгой эрхийг зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч О.О Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ дүрэм журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах үүрэг нь Эрүүгийн хэргийн шүүх болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгогдсон.
Хэрэв О.О тусгайлан эрх олгогдсон “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг баталсан 61 дүгээр тогтоолыг ягштал мөрдөж ажилласан бол Шүүхийн тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас халах тухай” 73 дугаар тушаал гарахгүй байсан болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарна гэдэгт итгэж байна.
Мөн шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд О.О хандах үүргээ биелүүлээгүй байхад захиргааны шүүх нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж захиргааны хэрэг үүсгэхэд татгалзах шалтгааныг тодруулалгүй 2 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэсэн нь ашиг сонирхлын болон процессийн ноцтой зөрчил гэж үзэж байна.
Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 73 дугаар тушаал нь нэхэмжлэгч О.О эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзсэн бол Шүүхийн тамгын газрын дээд шатны байгууллага буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангах субъект болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд уг захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар хандсан бол өнөөдөр шүүхэд хариуцагч нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар биш харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл байх учиртай байсан.
Учир нь маргаан бүхий тушаал “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг ноцтой зөрчсөнийг үндэслэлтэй шалгасан, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан, ажлаас шууд халах ноцтой зөрчилд тулгуурлан гарсан тушаал байсан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа зарим зөрчлийг шүүгчийн туслахын гүйцэтгэх үүрэг биш мэтээр дүгнэн шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр 21.1.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн дагуу хариуцагч хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулахаар хүсэлтийг гаргахад шүүгч хангахаас татгалзаж 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 31 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас хэрэгт ач холбогдолтой, маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой хүсэлт болох эрүүгийн болон зөрчлийн хэргүүд, Эрүүгийн шүүхийн бүртгэл хяналтын систем болон 2017 оны холбогдох бүртгэлүүдэд үзлэг хийлгэх, Ц.У гэрчээр асуулгах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүгч ямар үндэслэлээр хангахаас татгалзсан тухайгаа тодорхой заагаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл байсан. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд үзлэг хийлгэхээр гаргасан бүх нотлох баримтыг шүүгч “...үзлэг хийх шаардлагагүй хэрэгт авагдсан нотлох баримттай хэн ч маргахгүй” гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульд зааснаар ойлгож байсан. Шүүх хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 17 цаг 00 минутад эхэлж 21 цаг 40 минутад дуусаж шийдвэрээ сонсгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшилсон бөгөөд дараагийн шүүх хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 23-ны 10 цаг 00 минутад зарласан.
Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад эхлэх шүүх хуралдааныг нотлох баримт цуглуулах гэсэн үндэслэлээр хойшлуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны явцад хийхээр шийдвэрлэж хойшлуулсан. Тухайн өдрийн 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдааны дундуур завсарлуулж Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага дээр очиж үзлэг хийсэн нь мөн л процессийн ноцтой зөрчил гэж үзэж байна.
Хариуцагчаас Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзаж учир шалтгааныг тодорхой дурьдсан байхад татгалзлыг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 111/ЗТ2018/0006 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ Ерөнхий шүүгч С.С л татгалзсан мэтээр ойлгож, нийт шүүгчдээс С.С оролцоогүй шүүх бүрэлдэхүүн дутуу хуралдаж тогтоол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг харуулна. Өөрөөр хэлбэл 3 шүүгч хуралдаж зөвлөгөөнөөс тогтоол гаргах учиртай байсан.
2.Шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан, энэ ажиллагааны явцад оролцогч тайлбар байхгүй, тайлбар гаргах шаардлагагүй гэсэн нь тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Иймд оролцогч сонсох ажиллагаанд тайлбар гаргах эрхээ алдсан” гэж тайлбарладаг бөгөөд О.О тайлбар гаргах эрхээ алдсан болохыг үгүйсгэхгүй байна. Харин сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтыг тусгах ёстой гэж заасны дагуу хэнд, ямар хуулийн дагуу, ямар арга хэмжээ авах гэж байгаагаа бичих ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны оролцогчид Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авах талаар заавал дурьдах ёстой бөгөөд зөвхөн зүйл заалтыг дурьдаад зогсохгүй, агуулгыг тодорхой тусгаж бичсэн байх ёстой боловч энэ ажиллагааг хийгээгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан бөгөөд нэхэмжлэгч О.О өөрийн ажлаас халагдах ноцтой зөрчлүүдийг хэлэлцэхээр мэдэгдэл хүргүүлснийг хүлээн зөвшөөрсөн байхад Шүүхийн тамгын газрыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүхийн тамгын газар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан холбогдох бүхий л ажиллагааг хийсэн бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлэх учиртай байсан. Захиргааны хэргийн шүүх шүүгчийн туслах О.О алдаа зөрчил гаргасан талаарх хариуцагчийн зүгээс цуглуулж, шүүхэд гаргасан нотлох баримт болох Эрүүгийн шүүхийн хурлын тэмдэглэл, О.О ажлыг шалгасан талаарх илтгэх хуудсанд заасан зөрчлийг бус Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичигт заасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна. Хэрвээ шүүгчийн туслах Ц.У гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан бол уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт бүрдэх байсан бөгөөд үүнээс дүгнэхэд нэг талыг барьсан шийдвэр гарсан.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичигт шүүгчийн туслах О.О нь гэр бүлийн хүнээ шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулсан асуудал байсан. Шүүх хуралдааны явцад Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын даргын тушаалуудыг шүүж үзэхэд 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Дэд жагсаалт батлах тухай” 10 дугаар тушаалын хавсралтад 15 хүний нэр байх бөгөөд 07 дугаарт Ц.М байна.
Харин дэд сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөөс Б.А нарт холбогдох ………… дугаартай эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр иргэдийн төлөөлөгч баталгаажуулсан 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд нөөцөд 07 дугаартай С.Н нар оролцохоор сонгогдсон байна гэж нотлох баримтыг үнэлсэн атлаа шийдвэр гаргахдаа Б.А нарт холбогдох ………. дугаартай эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй, нөхөр Ц.М шүүх хуралдаанд оролцуулсан гэх боловч Ц.М иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байсан байна гэж үзлээ. Хариуцагч иргэдийн төлөөлөгчийг сонгох тэмдэглэлд Ц.М нэр байхгүй нөөцөд 07 дугаартай С.Насанжаргал гэсэн хүн байна гэж маргаж байгаа боловч Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Дэд жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтад сонгосон 15 хүний дотор Ц.М нэр 07 дугаартай байдаг бөгөөд харин иргэдийн төлөөлөгчийг сонгох тэмдэглэлд Шүүхийн тамгын даргын тушаалд отг бичигдээгүй С.Н гэх хүний нэр бичигдэж харин Ц.М нэр байхгүй байгаа нь шүүхийн Тамгын газрын даргын тушаал, иргэдийн төлөөлөгчөөр сонгох хуралдааны тэмдэглэл болон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б захирамж зэрэгт шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Эндээс харахад шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Дэд жагсаалт батлах тухай” 10 дугаар тушаалын хавсралтад сонгогдсон 15 хүнээс Ц.М 07 дугаартай байсан.
Энэ нэрсийн жагсаалтаас тухайн хэрэгт сонгогдох 3 иргэдийн төлөөлөгчийг сонгох журамтай байдаг бөгөөд 07 дугаартай хүн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нь Ц.М байжээ гэж үзлээ. Иймд сонгогдоогүй иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Харин хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүх хуралд оролцох 15 хүнийг сонгож тушаалаар баталгаажуулдаг. Хэн гэдэг хүн иргэдийн төлөөлөгчөөр орох вэ гэдгийг тэмдэглэл хөтөлж сонгодог. Тэмдэглэл дээр Ц.М гэсэн хүн тусгагдаагүй. 2 тушаал гарсан. Тушаалын хавсралт хэсэг дээр нөөцөд Ц.Мбайсан. Иргэдийг төлөөлөгчөөр оролцох 3 хүний тоонд ороогүй байсан гэсэн тайлбар өгсөөр байхад үзлэгийн явцад авагдсан нотлох баримтыг буруу үнэлж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгон шалгаруулах журмыг буруу ойлгон шийдвэр гаргажээ.
Шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслах тангарагтаа үнэнч байж өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах үүрэгтэй бөгөөд шүүхээс гарсан эрхийн актыг хуульд заасан хугацаанд баталгаажуулахгүй байх, нэгдсэн системд бүртгэхгүй байх, хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулсан ялыг завших нөхцөл бүрдүүлсэн, улмаар буруутай үйлдлээ хаацайлах гэж хий хоосон дугаар бичих, хуурамчаар акт үйлдэж хэрэгт хийх зэрэг шүүгч болон шүүхийн тамгын газраа хуурч буй үйлдлүүд нь ёс зүйн болоод ажил мэргэжилдээ гаргаж байгаа ноцтой зөрчил юм. Шүүхээс алдаа дутагдлыг зөвтгөх нь цаашид шүүгчийн хараат бусаар ажиллах, үнэн зөв хэрэг маргааныг шийдвэрлэхэд муугаар нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсэж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдах зэрэг сөрөг үр дагаврыг үүсэж байгаа.
Хэрэв шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг мэргэжлийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд хандсаны дараа уг салбар зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэн шүүхийн маргаан үүсгэсэн бол өнөөдөр мэргэжлийн ноцтой алдаа гаргасныг үндэслэж маргаан бүхий 73 дугаар тушаал гарсан болоход шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж О.О нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан гэдэгт итгэлтэй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.О Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчин удаа дараа алдаа, зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас халсан нь гаргасан гэх зөрчлийн шинж байдалтай бүрэн нийцээгүй, өөрөөр хэлбэл тухайн зөрчилд ногдуулсан шийтгэл нь хүндэдсэн байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт маргаан бүхий акт нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувиар авагдсан боловч хариуцагчийн зүгээс энэ талаар гомдол гаргаагүй, түүнчлэн талууд хэрэгт авагдсан тушаалын үнэн эсэхтэй маргаагүй тул зөвхөн энэхүү үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж зохих хариуг авсан, түүнчлэн давж заалдах гомдолд дурдсанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл энэ хэргийн хариуцагч болох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлыг хянасан байгууллага, албан тушаалтны шийдвэр захиргааны актад хамаарахгүй.
Нэхэмжлэгчийг ажлаас халах болсон үндэслэл нь Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар албан бичигт заасан зөрчлүүд байх бөгөөд үүнд С.С нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн, Б.А нарт холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнд хэргийн материал танилцуулаагүй, мөн тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр хуульд заасны дагуу сонгогдоогүй өөрийн нөхрийг оролцуулсан, интернет цахим хуудсаар Ц.Д арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийтгэврийн хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар шалгах шаардлагатай гэх зөрчлүүд багтжээ.
Нэхэмжлэгчийн тухайд Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 26.2.6-д “Тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах” чиг үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүй алдаа зөрчил гаргасан, түүнийгээ ч өөрөөр хүлээн зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тайлбар гаргасан байдаг ч зөрчлийн шинж байдал, тухайн үеийн бодит нөхцөл байдал, үр дагавар зэргийг харьцуулан үзэхэд албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Төрийн албанаас халсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна.
С.С нарын болон Б.А нарын нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн тухайд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамжийн төслийг цаг хугацаанд нь гаргаж шүүгчээр хянуулж албажуулаагүй, мөн эрүүгийн хэргийн нэгдсэн бүртгэлийн системд бүртгэгдсэн огноо нь бичгээр гарсан захирамжийн огноотой зөрүүтэй буюу хугацаа алдсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлтэй.
Харин шүүх бүрэлдэхүүнд хэргийн материал танилцуулаагүй гэх зөрчлийн тухайд хэрэг шийдвэрлэх гэж буй шүүх, шүүх бүрэлдэхүүн тухайн хэргийн материалтай танилцалгүйгээр хуралдаанд оролцсон тохиолдолд энэ нь шүүгчийн туслахын бус харин ч шүүх, шүүх бүрэлдэхүүнд шууд хамааралтай асуудал болно.
Шийдвэрлэх гэж буй хэрэгтэйгээ танилцаж байж шүүх хуралдаанд оролцох нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг.
Үндсэндээ О.О нь шүүгчийн захирамжийг хуурамчаар үйлдээгүй, огноог засварлаагүй, гэмт хэрэгтэнд ял завшуулах зөрчил гаргаагүй, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хараат бусаар ажиллахад сөргөөр нөлөөлж болохуйц аливаа үйлдэл гаргаагүй, иймд бичгээр гарсан захирамж болон системд бүртгэгдсэн бүртгэлийн огноо зөрүүтэй байгаа нь дээрх үр дагаврыг бий болгосон гэж үзэхгүй.
Түүнчлэн Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтын 7 дугаарт Ц.М буюу нэхэмжлэгчийн нөхөр орсон, харин Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11:30 цагт товлогдсон Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээрх жагсаалтын 6-д орсон Б.Ц, 7-д орсон С.Н, 10-т орсон П.Г нар сонгогдсон болох нь дэд жагсаалтын сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг баталгаажуулсан 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 3 дугаар тэмдэглэлээр тогтоогдох боловч тушаалын хавсралтаар батлагдсан нийт 15 иргэдийн төлөөлөгчдөд С.Н гэдэг нэр байхгүй байна.
Иймд өөрийн нөхрийг иргэдийн төлөөлөгчөөр оруулсан гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Шүүх бүрэлдэхүүнийг татгалзсаныг зөвхөн Ерөнхий шүүгч С.С татгалзсан мэтээр ойлгож, хүсэлтийг шийдвэрлэсэн гэх гомдлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн асуудал болно.
Харин Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий тушаалыг нэхэмжлэгчид сонсгох ажиллагааг явуулаагүй гэж хариуцагчийг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлт төдийлөн үндэслэлтэй бус ч энэ нь шийдвэрийн хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН