Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 885

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Э*******

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Захиргааны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүний дараагаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б/908 тоот тушаалыг хүчингүй болгуулах байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тоот тушаалыг хууль бус гэдгийг тогтоолгож, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч Н.Э*******ыг төрийн албанаас халахдаа ажил үүргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргүүдийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр халсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэдэг байгууллагын ёс зүйн дүрмүүдийг шалгаж үзэхээр тийм зүйл тогтоогдохгүй байдаг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 3 сарын цалинг 20 хувь бууруулах санал ирсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ёс зүйн дүрэмд заавал шалгаад тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байдаг. Энэхүү сахилгаар тогтоогдсон баримтуудыг удаа дараа ирүүлээч гэсэн үндэслэлээр өмнөх шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Гэвч эдгээр баримтуудыг ирүүлээгүй. Ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй байна. Шалгалт гэдэг нь тухайн байгууллагын 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдоод тасгийг шалгаж байж тайлан нь хаана байгаа эсэх, албадан дуудлагыг хэрхэн зохион байгуулсан, алба хаагчдыг хэрхэн яаж удирдлагаар хангасан гэдгийг бүгдийг нь тогтоох шаардлагатай байсан. Гэтэл албаны дарга гэдэг хүн ажлын цагаар хэдэн өрөөгөөр явж байгаад ширээн дээр байсан нотлох баримтыг шалгахыг шалгалт гэж үзэхгүй. Н.Э*******д 3 сарын хугацаатайгаар 20 хувийн сахилгын шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон зүйл байхгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирсэн зүйл байдаг. Бидний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь албан үүргээ зохих ёсны дагуу биелүүлж явж байсан гэдгийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас энэхүү тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийн гаргаж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нэхэмжлэгч Н.Э******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд ахлах шийдвэр гүйцэтгэгч хийж байгаад 3 сарын хугацаанд 20 хувийн цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналын дагуу шийдвэр гүйцэтгэгч Т.Д******* болон Н.Э******* нарын гаргасан зөрчил адилхан байсан учраас нэгийг нь халах, нөгөөхийг нь 3 сарын хугацаанд 20 хувийн цалин бууруулах гэсэн сахилгын шийтгэл ирснийг хоёуланг нь халсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар дарга нар маань хоорондоо ярилцаад энэ хүнийг өөр ажил, албан тушаалд томилж, эргүүлэн авъя гэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас энэ хүн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах шаардлага хангахгүй, ажилласан жилийн туршлага нь ажлын байрны шаардлагад хүрэхгүй байна. Анхны шалгалтаар ажил үүрэг цалгардсан гэдэг нь тогтоогдсон, урьд нь шийдвэр гүйцэтгэлийн албанаас шалгалт хийгээд сануулах сахилгын шийтгэлтэй байна гэсэн. Төрийн албаны зөвлөлөөс хуралдаад өөр албан тушаалд томилъё, шийдвэр гүйцэтгэгчээр хөдөө орон нутагт ажлын байр байна очиж ажиллах уу гэхэд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчээр хөдөө орон нутаг ажилламааргүй байна, нийслэлд ажилламаар байна гэсэн. Ингээд нийслэлийн Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилсон. Одоогоор тэнд ажиллаж байгаа. Тухайн алба хаагч нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй учраас ажлын цалин хөлсийг олгох боломжгүй гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрээр гэсэн учраас бидний зүгээс дур мэдэн цалин олгох үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э******* “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тоот тушаалыг хууль бус байсныг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/158 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон төрийн тусгай албан хаагч байна. 

Маргааны үйл баримтаас үзвэл Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Н.Э******* нь албаны даргын биечлэн, хэсэгчлэн хийсэн шалгалтын үр дүнд урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй гэх алдаа дутагдлуудыг гаргасан тул зөвлөлийн гишүүдийн саналыг харгалзан түүнд сарын үндсэн цалинг нь 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн б/690 дүгээр тушаал гарах үндэслэл болжээ.

Дээрх тушаалаар нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон байна. 

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 02, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд Мандал сум дахь 80 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарт тойрог бүрт холбогдох гүйцэтгэх баримт бичигт хийгдвэл зохих бүх ажиллагааг бүрэн гүйцэтгэх, эцэслэн шийдвэрлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор албан даалгавруудыг өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг процессын алдаа гаргалгүй явуулах, бэлэн мөнгө хураах актыг хэрэглэх тохиолдолд журмыг чандлан сахих, гүйцэтгэх баримт бичиг бүрт хүрч ажиллах, хийгдвэл зохих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн гүйцэтгэх, хааж дуусгавар болгох зэрэг Шийдвэр гүйцэтгэх албаны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор нэн шаардлагатай үүрэг чиглэл, тухайлан төлбөр төлөгч иргэдтэй холбогдуулан хийж гүйцэтгэх албан даалгавруудыг доод шатны албан хаагчдад өгч байсан, мөн 2015 оны 04 дүгээр сард албаны даргад шийдвэр гүйцэтгэгч нарын гүйцэтгэх хуудас, баримт бичигт хийсэн шалгалтын дүнг илтгэсэн зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/82 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2-т заасан сахилгын нэг зөрчлийг давтан гаргасан эсэх, өөр бусад байдлаар ноцтой гэж үзэх зөрчил гаргасан эсэхийг тогтоолгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнчлэн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналыг нь харгалзаж үзэлгүй холбогдох хяналт шалгалтыг хийж, бодит нөхцлийг тогтоолгүй дээрх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гэж үзэх үндэслэлтэй байна. 

 Иймд нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн дундажтай тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-д заасныг тус тус баримтлан Н.Э*******ы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/690 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх тушаалыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Э*******д  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундаж хэмжээтэй тэнцэх олговор 2.019.461 (хоёр сая арван есөн мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөгөөс хуульд заасан татвар, шимтгэлүүдийг тооцож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН