| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2406034051778 |
| Дугаар | 2025/ДШМ/260 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/260
Д.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/********дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2406 03405 1778 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Д Я овогт Д-ийн Н, ******** оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл *, нөхөр, хүүхдийн хамт *************** дүүргийн ** дугаар хороо, ********************** 1 хэсэг гудамжны *-******* тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч ************** дүүргийн ******* дугаар хороо, **-******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*****************************/,
Шүүгдэгч Д.Н- нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.Э-тай хэрүүл маргаан хийх явцдаа түүний тохой руу цохиж, улмаар аягатай цай нь нүүр болон цээж хэсэг рүү нь цацагдаж, эрүүл мэндэд нь дух, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Д Я овогт Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Н- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нөхөр Д.Э- нь 2024 оны 7 дугаар сарын 20-нд ходоодны хорт хавдрын сүүлийн шат гэсэн оноштой, үргэлж хажууд нь хүн байх шаардлагатай тул би асарч хажууд нь дагаж явдаг болно. Д.Э- бид хоёр 6 жил хамт амьдарч байгаа бөгөөд Э- архи ууж, гэр бүлийн хүчирхийлэлд нийтийн байр, түрээсийн байранд амьдруулж байсан. Амьдрах хугацаанд дэлгүүрт нүүрс, архины өр тавьдаг учир хэрүүл маргаан гарсан юмаа. Өр зээлтэй хүмүүс байнга дарамталж зовоож өр нэхдэг болохоор бид 2 муудсан болно. Иймд миний үйлдлийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “…Хэргийн нөхцөл байдлын тухайд илтгэгч шүүгч танилцуулсан, шүүгдэгч нь хохирогч Д.Э-тай хамтран амьдарч байх хугацаандаа хэрүүл маргааны улмаас түүний ууж байсан цайг түлхэж асгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр улсын яллагчийн зүгээс буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, өөрийн дотоод итгэл үнэмшил эрх мэдлийн хүрээнд шүүгдэгч Д.Н-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Д.Н-ын хувьд өөрийн үйлдлийг цагаатгаж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан бичгийг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналаа дэмжиж оролцож байна …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6652 дугаартай захирамжаар Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Шинэхүүг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүх хуралдааныг шүүгч А.Батмандах даргалж” гэж, мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********дугаартай шийтгэх тогтоолд “шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж” гэж бичсэн байна.
Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй...” гэсэн үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/********дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тодорхой шалтгаангүйгээр хэтрүүлж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн оролцогч нарт гардуулж өгсөн байгааг магадлалд анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдаж байна.
Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Д.Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ