Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-эд холбогдох эрүүгийн 1838004400224 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.Б-,

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Бүрэнхаан гэх газарт иргэн Л.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Бүрэнхаан гэх газарт согтуурсан үедээ иргэн Л.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 31-ний орой ... би тухайн үед жоохон пиво уусан байсан ба уурын мунхагаар Л.Л- эгчийг түлхэж унагаасандаа харамсаж байна.Би Л.Л-, Наран, Батцэцэг нараас уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хохирогч Л.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 5 дугаар арын 31-ний өдөр ... тэгээд намайг гэртээ ороод байж байтал Т.Б- орж ирээд миний хажуугаар зөрөх гэж байгаа юм байна гэж бодоод байж байтал намайг шууд гараараа цохисон. Би зөрүүлээд хагалсан түлээ барьж аваад нуруун тус газар нь нэг удаа цохиод Т.Б- эргэж гүйж ирээд над руу гар утас шидээд үснээс дараад баруун гар болон баруун талын хавирган тус газарт хөхөрч хавдсан байсан. Би эмчид үзүүлж рентгенд харуулахад баруун талын нэг хавирга цуурсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэгээд ээж Т.Б- гээг залуутай хэрэлдээд байсан. Тэр үед ээж чи ээж шигээ хүнтэй хэрэлдээд байж байхаар нь харьж унтаач гэхээр нь босож очоод ээжийг гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн ээжийг үснээс нь дараад газар унагаагаад ам руу гараараа салаавч гаргаад ингээд дуугар гээд байсан. Манай ээжийг эрэгтэй хүн шиг зодсон. Манай аав Наран бид нар арай гэж салгах гэж болиулаад Мөрөнгөөс цагдаа дуудаж эрүүлжүүлэх рүү явуулсан... /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд орой 22 цагийн үед гэртээ буугаад гэрлүүгээ орсон хойно Т.Б- хадам ээжтэй маргалдаад хадам ээж Л.Л-г үснээс нь татаад орны толгой дээр хавиргаар нь дарж унагаагаад барьж байсан гар утсаараа цохиод байсан ... Т.Б- зодсоны дараа ээж рүү хархад баруун нүд нь хавдсан байсан. Тэр оройгоо ээж гар өвдөөд байна гэхээр нь гарыг нь харахад баруун гарын тохой болон гарын шуу нь хөхөрч хавдсан байсан ... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тэгээд орой намайг малынхаа ажил хийж дуусгаад гэрт орж ирэхэд Т.Б- намайг зодлоо гэж Л.Л- надад ярьсан. Гэрт бөөн хэрүүл маргаан болж байсан ... /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Гэрч М.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т.Б- Лхагваа эгчийн үснээс нь татаж унагаагаад барьж байсан, гар утсаар толгой руу нь 1 удаа цохисон. Би гүйж очиж Т.Б-ийг салгаж аваад гэрлүүгээ оруулсан ... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 260 дугаартай: Л.Л-гийн биед баруун шууны зөөлөн эдэд няцралт, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдэнэ. Л.Л-гийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Бүрэнхаан гэх газарт согтуурсан үедээ иргэн Л.Л-г зодож эрүүл мэндэд нь баруун шууны зөөлөн эдэд няцралт, баруун хацарт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хэрэгт тусгагдсан дээрх баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч М.Б- нь хохирогч Л.Л-д 1.000.000 /нэг сая/ төгрөгийгн хохирол төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 50 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838004400224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838004400224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээ хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ЭРДЭНЭ-ОЧИР