| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0191/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/204 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, Ч.Будхүү
Шүүгдэгч Б.Д-, Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М- нарт холбогдох 1838003490205 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Д-,
Монгол улсын иргэн, Т.М-,
Шүүгдэгч Б.Д- нь “2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 116.900 /нэг зуун арван зургаан мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Т.М-, Б.Д- нар бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн I Рhопе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Яллагдагч Т.М-, Б.Д- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, авахаар довтлох үедээ хохирогч Ж.Н-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Ш.Д-гийн “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 116.900 /нэг зуун арван зургаан мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг,
2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө бүлэглэн Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн “I Рhопе” маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг,
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа бүлэглэн хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө бүлэглэн Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн “I Рhопе” маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг,
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа бүлэглэн хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг шөнө сумын төв ороход дэлгүүрүүд хаалттай байсан. Би дэлгүүрийн хүнийг дуудаад пиво авах санаатай байсан. Дэлгүүрийн гадаа дуудсан боловч ямар ч дэлгүүрийн хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь би гудамжинд байсан 40 см орчим урттай төмөр аваад Галаа, ченж Амраа гэх айлуудын дэлгүүрийн хаалгыг хөшсөн боловч онгойлгож чадаагүй. Би цаашаа Ш.Д- гэдэг айлын дэлгүүрийн цоожийг нөгөө төмрөөрөө хөшсөн боловч онгойхгүй байхаар хаалганых нь зүүн талын цонхыг хагалаад орсон. Би энэ дэлгүүрээс парламент нэртэй тамхи 6 ширхэг, эссэ нэртэй тамхи 4 хайрцаг, хиам 2 ширхэг, жижиг ундаа 1 ширхэг, бохь 6 боодол, асаагуур 2 ширхэг, нокиа гар утас 1 ширхэг, 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи зэргийг авсан. …Баясахуй бүжгийн гадаа Т.М-тэй тааралдсан. МөнхЭрдэнэтэй тааралдахад 21-22 цагийн орчим байсан. …бид хоёрын урд нэг залуу гар утасныхаа гэрлийг тусгачихсан явж байгааг харсан. Тэгсэн Т.М- чи тэр залууг очоод бариад ав. Би гар утсыг нь авчихъя тэгээд зугтчихъя гэсэн. Тэгэхэд нь араас нь гудамж руу дагаж ороод би гараараа хүзүү хэсгээр нь баглаад доош тонгойлгоод дарсан. Энэ үед Т.М- тэр залуугийн халаасыг нь ухаж байсан. Гарт нь байсан гар утсыг нь авах гэсэн нөгөө залуу тавихгүй байгаа бололтой нэг хэсэг зууралдсан. Тэгснээ нөгөөг залууг өшиглөөд цохиод байсан. Би бас барьж байхдаа нуруу руу нь хоёр удаа гараараа цохисон. Тэгтэл Т.М- гар утсыг нь авчихлаа хаяач гэхээр нь би тавиад шууд зугтаасан. Тэндээс зугтааж гүйж байхдаа Т.М- тэр залуугаас авсан гар утсыг өгөөд гэрлийг нь унтраачих гээд өгсөн. Би маргааш өглөө нь босоод Мөрөн сумын төв зам дээр байрлах АНУ дэлгүүрийн 2 давхарт утас засдаг намхан ахад нөгөө дээрэмдсэн гар утсаа 30.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг / хх-ийн 43, 105 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дээрэм хийх санааг анх Б.Д- гаргасан. Би тухайн үед энэ хүнийг 2 удаа элэгдээд утсыг нь авсан. Надад энэ хэрэгт өөр оролцоо байхгүй гэв. Хохирогч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө нэг танихгүй дугаараас миний утас руу залгаж танай голын ард байдаг дэлгүүрийн цонх хагарсан байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн ... сумын цагдааг аваад дэлгүүр дээр очиход манай дэлгүүрийн урд талын цонх хагарч, цонхны хамгаалалтын торыг сөхөж эвдсэн байсан. Мөн дэлгүүрийн хаалганы цоожийг цохиж онгойлгосон цоож нь газар хэвтэж байсан ... орж үзэхэд дэлгүүрийн лангуун доогуур байсан эд зүйлсийг эмх замбараагүй болгож, хяналтын камерын залгуурыг салгасан байсан. Дэлгүүрийн худалдагчийн хэлж байгаагаар тамхи, хиам, гар утас зэрэг алга болсон байна гэж хэлсэн ... “ гэх мэдүүлэг/хх-ийн 7-9-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…Б.Д- гэх залуу манай худалдагч Б.Б-т 100.000 төгрөг өгсөн байсан. Одоо надад болон манай ээжид ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би дэлгүүр дээр яваад очиход дэлгүүрийн урд цонх хагарсан, хаалга онгорхой, цоож нь эвдэрч газар унасан байдалтай байсан. Тэгээд цагдаа бид хоёр дэлгүүр лүү орж үзэхэд дэлгүүрийн тавиур дээр өрөөтэй байсан. Бараа эмх цэгцгүй хүн орсон мэт харагдаж байсан ... нийт 167600 төгрөгийн хохирол учирсан байсан ... “ гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өглөө ... би дуудлага хүлээж аваад шууд хулгай орсон гэх дэлгүүр дээр очиход дэлгүүрийн урд талын цонх хагарч, гадна талын төмөр хаалт эвдэрсэн, дэлгүүрийн үүдний цоожийг эвдэж газар хаясан байсан. Дэлгүүр дотор ороход дэлгүүрийн лангуун дээр өрөөлттэй бараа зарим хэсгүүд нь эмх замбараагүй болсон байсан ... хяналтын камерыг нь шүүхэд камерт нүүрээ боосон юүдэнтэй малгайтай, дээлтэй хүн орж байгаа бичлэг байсан.Тэгээд манай сумын олон нийтийн цагдаа Энхбат бичлэгэн дээр гарч байгаа хүнийг Рашаант сумын харьяат Б.Д- гэдэг хүн юм шиг байна ... гэж хэлсэний дагуу Энхбат бид хоёр хулгай гарсанаас 1 хоногийн дараа Б.Д-ын гэрт очиж үзэхэд Б.Д- нь гэрийнхээ авдарны ар талд дэлгүүрээс хулгай хийсэн зүйлүүдээ нуусан байсан ... парламент 4 хайрцаг, эссэ 2 хайрцаг, ментос бохь 4 боодол, орбит бохь 3 боодол, асаагуур 2 ширхэг, 1 хиам гарч ирсэн ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Би бичлэг дээр гарч байгаа хүнийг Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Д- гэдэг залуу байж магадгүй юм шиг байна гэж сумын цагдаа Б-д хэлсэн гэх мэдүүлэг/ хх-ийн 28 дугаар хуудас/,.
Хөрөнгө үнэлсэн тайлан /-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны .... 01 цаг өнгөрч байхад би ганцаараа тэндээс гараад гэр лүүгээ явж байтал Мөрөн сумын 9-23-р гудамжинд гэрийнхээ наад талд явж байтал харанхуйд нэг хүн араас ирээд шууд хөөе гэнгүүтээ бариад авсан, хүзүү боогоод авсан гэтэл бас нэг хүн ирээд нүүр лүү шууд цохиж нүдээд халаас нэгжээд өмдний халаасанд байсан “I Рhопе” утасны цагаан цэнэглэгч, 1000-н 2 ширхэг дэвсгэрт гарт байсан гар утсыг маань хүчээр аваад зугтаагаад явсан. Утсаа өгөхгүй гартаа атгаад нэлээд удсан. Тэр хооронд нэг нь нэлээд хэд цохисон. Тэгээд нөгөө хоёр харанхуйд цувралдаад баруун зүг рүү зугтаад харанхуйд алга болон. Харанхуй байсан болохоор нүүр царай хувцас хунарыг нь анзаараагүй. Миний нүүр лүү асаагуурын гэрэл тусгачхаад байсан болохоор юм сайн анзаарагдаагүй. Ямар ч байсан уг хоёр хүн эрэгтэй залуувтар миний үеийнхэн бөгөөд надаас биеэр томгүй миний ойролцоо нуруутай байсан... тэр хоёрын араас яваад нэлээд эргэлдэж байгаад гэртээ ороход нүүр ам цус болчихсон байсан... Ардаас боосон нь эхлээд юу байна хөгшөөн гэж хэлсэн. Тэгэхэд хоолой нарийн сөөнгө дуутай боловч аялагагүй байсан. Мөн утсаа өгөхгүй байсан чинь хойноос боосон нь утсаа өгөхгүй бол ална шүү гээд байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
Гэрч Л.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ... Ж.Н- маань цус нөж болчихсон ороод ирсэн. Хүүе юу болов яав гэхэд 2 танихгүй залуу сая боож, зодож нүдэж байгаад утсыг маань аваад явчихлаа харанхуйд ямар хувцас царайтай болох нь харагдсангүй араас нь яваад олдсонгүй гэсэн...“ гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76-р хуудас/
Гэрч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 01 цагийн орчимд...Би тэгээд мөн араас үдийн унд уухаар урд талын цайны газар ороод ганцаараа сууж байтал нөгөө гар утасны код гаргуулна гээд явж байсан залуу орж ирээд та энэ утсыг худалдаж аваач гэхээр нь би 30.000 төгрөг өгөөд худалдаж авсан... Тэр залуу яваад өгсөн 1 цагийн дараа цагдаагаас Мөнхжаргал над руу утсаар залгаж сая өнөөдөр гар утас худалдаж авсан уу гэхээр нь би сая ийм утас авлаа гэж хэлэхэд цагдаа Мөнхжаргал нэг хүнтэй удалгүй ирээд нөгөө миний авсан утсыг цуг авсан хүндээ үзүүлэхэд миний алдсан утас мөн байна гэсэн ба камер шүүж нөгөө залуугийн зургийг хуулж авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83, 85-р хуудас/
Шинжээчийн хөрөнгө үнэлсэн тайлан, /хх-94-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаартай “...1.2 Ж.Н-ийн биед хамрын таславчийн муруйлт, баруун зүүн зовхинд цус хуралт, дээд уруулд няцралт болон язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Ж.Н-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 34-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Д- нь ганцаараа 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Ш.Д-гийн “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 116.900 /нэг зуун арван зургаан мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Д-, Т.М- нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн “I Рhопе” маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг,
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын хэрэгт тусгагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д-, Т.М- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Б.Д-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Т.М-ийг хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлгага хүлээлгэхдээ: Шүүгдэгч Б.Д-, Т.М- нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-3-т заасныг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах талаар дүгнэлт, санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна. Тухайлбал: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Хохирогч Ж.Н- нь шүүх хуралдаанд эмчилгээний зардал 50.000 төгрөг, урагдсан хувцасны мөнгө зэргийг шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Харин хохирогч нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд, Т.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож буюу 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Д-ын нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Т.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож буюу 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.М-ийн нийт эдлэх ялыг 1/нэг/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.М-д оногдуулсан 1/нэг/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 48 / дөчин найм / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1838003490205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Н- нь эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн батгалгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР