| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2409000000842 |
| Дугаар | 2025/ДШМ/204 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/204
Б.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч З.Т,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/******** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.А-д холбогдох 2409 000000 842 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-ын А, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ********-*******аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “И” ХХК-йн "***************" сайтын эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт, *************** дүүргийн 6 дугаар хороо, **-* байр, 6 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД: ***************/,
Шүүгдэгч Б.А- нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Б-гийн биед толгойн бус газар нь цүнхээр цохих, цамцнаас нь татах зэргээр халдаж эрүүл мэндэд нь зулай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Б овгийн Б-ын А-ыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А- 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгож, хохирогч нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд нь эмгэг учирсан эсэхийг эхлээд шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах байдлаар тогтоож, түүнийг хав**************т хэрэгт хавсаргаж, улмаар тухайн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх тодорхой аргачлалыг баримтлан мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэх үйл ажиллагаа байхаар байна. Хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт байхгүй. Анхан шатны шүүх нь гэм буруугийн хуралдаан дээр хохирогч А.Б нь "...би цаашид яаж амьдрах аргаа олохгүй байна, ажлаа ч тайван хийж чадахгүй байна, Миний айдас түгшүүр одоо хүртэл арилахгүй байна" гэснийг үндэслэж сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн 2024/ШЦТ/******** дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч З.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын гол агуулга нь сэтгэцэд учирсан хор уршгийн үнийн дүн дээр маргаж байгаа. Анхан шатны шүүхээс А.Бгийн сэтгэл санааны хохирлыг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгөөр тогтоосон. Улсын дээд шүүхээс баталсан аргачлалын 3.8 дугаар зүйлд үнийн дүнг тогтоохыг шүүхэд эрх олгосон. Тодруулбал шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, бие махбод гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, хөдөлмөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ. 40.2.2-т энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; 40.2.3. хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно гэж заасан. Үүний 1 асуудал нь хамтарсан тушаалаар батлахдаа мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг хүснэгтийн дагуу гаргана гэж заасан. Энэ нь үзэл баримтлалын хувьд мөрдөгч шууд шинжээчийн дүгнэлтийг үндэслээд байгаа юм уу, мөрдөгч нь өөрөө шинжээчийн дүгнэлтийг батлаад байгаа юм уу гэх асуудал гарч ирнэ. Хохирогч А.Бгийн хариу үйлдэл, сэтгэцэд учирсан онош нь хэр зэрэг байгааг хараад шинжээч томилох эрхийг дээрх хуулиар зохицуулсан. Гэтэл үүнийг харахгүй, шууд тухайн хүснэгтийг гаргаад 5 дахин нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна.
Миний үйлчлүүлэгч Б.А яриад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно..” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатад ямар нэгэн байдлаар чирэгдэл үүсгээгүй. Тухайн гэмт хэрэг яагаад гарах болсон шалтгааныг шүүгдэгч Б.А- ярьсан. 04 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч Д.Б өөрийгөө амь хохироосон байдалтай олдсон. Үүний дараа хохирогч А.Б нь хоёр мэдээллийн сайтад Б.А-ыг өмгөөлөгч Д.Быг алсан гэх мэдээллийг гаргасан. Мөн 04 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк пэйжээр /хэргийн материалд авагдсан/ СЭМҮТ эмчид хүчиндүүлсэн гэх мэдээллүүдийг удаа дараа гаргасан. Түүний дараа Сүхбаатар дүүргийн прокурорын газарт энэ хоёр хүн тохиолдлоор таарсан. Хэрэгт авагдсан бичлэгээс харахад Б.А гараад урд зүг рүү чиглэлээ өөрчлөөд явж байхад, хохирогч А.Б дуудаж байгаа нь харагддаг. Тухайн үед “..алуурчин..” гэж дуудахад Б.А сэтгэлээ бариагүй. 6,7 жилийн өмнөөс гүтгүүлсээр ирсэн талаар шүүгдэгч өөрөө тайлбар дээрээ хэлсэн. Алуурчин гэж дуудсаны улмаас Б.А биеэ барилгүй, цохисон үйлдэл байгаа. Энэ үйлдэл нь буруу, хохирлыг төлсөн. Иймд бидний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргасан боловч анхан шатын шүүх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Б.А-ын хувьд хохирогчид 6,7 жил гүтгүүлээд, биеэ бариагүй улмаас хохирогчийн биед халдсан. Шүүгдэгч Б.А-ын хувийн байдлын хувьд нийтэд тустай ажил хийдэг, хандив мөнгө цуглуулдаг, нийгмийн сайн, сайхны төлөө ажил их хийдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Хохирогч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш олон жил таарамжгүй харилцаатай байсаар ирсэн. Үүнийг шүүх танхимд хэлэхээс ч ичмээр, санаа зовмоор зүйлүүд байгаа. Өмгөөлөгч Д.Б өөд болоход маш олон хүнд цочирдолд орсон. Тухайн үед талийгаач өмгөөлөгч бид хоёр хилс хэрэгт гүтгэгдээд, прокурор дээр би шалгагдаад явж байсан. Тэнд шүүгдэгч Б.А- явж байсан. Гэтэл энэ хүн “...ална чамайг...” гээд л ороод ирсэн. Прокурорын үүдэнд миний ээжийн дэргэд “..намайг ална аа..” гэж дайрсан гэв. Тухайн үед бид 2 маргалдсан нь үнэн. Гэхдээ би энэ хүнийг алуурчин, янхан гэсэн юм байхгүй. Энэ бол гүтгэлэг. Тэгээд ээж намайг прокурор луу ор гэхэд нь би прокурор луу ороход шүүгдэгч Б.А- араас гүйж ирээд “...чи яллагдагч биз дээ, чи яллагдагч биз дээ...” гэх аймшигтай, зохисгүй үг үйлдэл гаргасан. Энэ хүний тухайн үед хэлсэн үг, үйлдэл нь одоо болтол цахимд байдаг. Шүүгдэгч үнэхээр эрх зүйч мэргэжилтэй юм бол, өмгөөлөгч нь өмгөөллийн эрхтэй юм бол хав**************т хэрэгтэйгээ гүйцэт танилцах хэрэгтэй. Яагаад надад болон энд байгаа бүх хүмүүст ажил удаад байгаа юм бэ, Ялангуяа шүүгдэгч Б.А миний амьдралд олон удаа гай болсон. Арван жилийн турш намайг гүтгэж доромжилж, харлуулсан. Би үүнийг өнөөдөр шүүх танхимд ярихгүй. Гэтэл энэ хүн өнөөдөр шүүх танхимд жүжиглэж, худлаа хэлж, өөрийгөө өмөөрч байгаад нь гомдолтой байна. Нэмж хэлэхэд шүүгдэгч Б.А ганц надад гар хүрээгүй. Талийгаач Д.Б-ын эхнэр, охины биед халдаж байсан. Ийм л хүн. Тухайн хүмүүс хууль, шүүхийн байгууллагад хандаагүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчид давж заалдах эрх нь байгаа. Гэхдээ хав**************т хэрэгтэйгээ гүйцэт танилцсан бол давж заалдах шатын шүүхэд хандах шаардлага байхгүй байсан. Анхан шатын шүүх хэргийг, нотлох баримтын хүрээнд хангалттай шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.
Хохирогчийн А.Б-гийн өмгөөлөгч Д.Содномдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Б.А-ын хувьд гэм буруу дээрээ маргаж байгаа юм байна гэж ойлголоо. Сэтгэл санааны хохирлыг буруу тогтоосон буюу“...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар сэтгэл санааны хохирлыг А.Б дээр тогтоох ёсгүй байсан. Эмнэлгээр буюу мэргэжлийн байгууллагаар тогтоолгох байсан гэх зүйлийг тайлбарлаад байна. Улсын дээд шүүх тогтоохдоо хөнгөн зэргийн хохирол дээр 5-12,99 дахин буюу хоёрдугаар зэргийн хохирол гэж үзсэн. Хоёрдугаар зэргийн хохирлыг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаагч тогтоох эрх нь нээлттэй байдаг. Мөрдөн байцаагч заавал эмнэлгээр тогтоолгох уу эсвэл тухайн хохирлыг зөвшөөрөөд орох уу гэх саналыг оролцогчоос асууна. Иймд анхан шатны шүүх хохирлыг үнэн зөвөөр тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч юун дээр маргаад байгааг гомдлоос ойлгосонгүй. Иймд шүүгдэгч Б.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг бүрэн тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох дүгнэлт гаргах журмыг 2023 оны 07 дугаар сард баталсан. Тухайлсан таван гэмт хэргийн тухайд мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн маягтын дагуу хэргийг хохирогчид танилцуулаад. хохирогч тухайн маягтыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжилгээ хийлгэхээр зохицуулсан. Мөрдөгч маягтын дагуу хохирогч А.Бд танилцуулсан. Хохирогч А.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Холбогдох хууль журмын дагуу явагдсан. Мөн шүүхээс шийтгэх тогтоолд ямар нөхцөл байдлыг үнэлээд, хохирогч А.Бд учирсан сэтгэл санааны хор уршгийг 5,280,000 төгрөгөөр тогтоосон талаар дэлгэрэнгүй дурдсан. Мөн түрүүнд шүүгдэгч Б.А- хөлд гэмтэл учирсан гээд байна. Хөлд учирсан гэмтлийг прокурорын яллах дүгнэлт дээр гэмтлийн зэрэгт хамааруулж тусгаагүй. Шинжээч тухай хүний биеийг бүтэн үзээд, гэмтлийг дурдсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хөлд учруулсан гэмтлийг шүүгдэгч Б.А- учруулаагүй нь тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамруулж үзээгүй. Шүүгдэгч болон хохирогчийн зүгээс анхан шатын шүүхийн хэлэлцүүлэгт ч ярьдаг. Аль аль нь миний хувийн мэдээлэлд халдсан, худал мэдээлэл тараасан гэдэг. Үүнийг холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, шалгуулах нь зүйтэй. Иймээс анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.А- нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Бгийн биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтлийг цүнхээр цохих, цамцнаас нь татах зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
- хохирогч А.Б-гийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорт хүсэлт өгөхөөр очоод Б.А-тай таарсан. Энэ хүн хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгийн сэдлийн улмаас санаатайгаар хуулийн байгууллагын үүдэнд намайг “Ална” гэж миний биед халдсан. Үүнээс хойш миний толгой байнга өвдөж байгаа. ...Барьж явсан гар цүнхээрээ толгой хэсгийн орой дээр 1 удаа цохиход би манарсан.
Тэгээд би дахиж зодуулахгүйн тулд цүнхийг нь хөлөөрөө өшиглөж холдуулж байснаа санаж байна. Тэр үед Б.А намайг ална гэж сүрдүүлсээр байсан. Маргаан болж байхад ээж намайг прокурорын байгууллагад орох санал болгож дотогш орсон. Энэ үед Б.А- үг хэлээр хараан доромжилж араас орж ирээд маргалдсаар байсан бөгөөд би чамайг зодоогүй гэж улайм цайм худлаа хэлж байсан. Тэгээд ална гэж сүрдүүлсээр байсан тул би өөрийн өмгөөлөгч Ц.Г /***************/ руу залгаж хамгаалагч явуулахыг хүссэн. Тэгээд хамгаалагч иртэл би дотор байсан ба Б.А- нь намайг доромжилж байгаад өөрөө хамгаалагчтайгаа гараад явсан. Тэгээд өмгөөлөгчийн явуулсан хамгаалагч ирэхээр нь цагдаагийн байгууллага руу явсан. Уг бэртэл гэмтлийг Б.А- нь прокурорын байгууллагын гадаа маргалдаж байхдаа барьж явсан гар цүнхээрээ миний толгой хэсэгт 1 удаа цохиж учруулсан. Мөн Б.А- нь надтай ноцолдож байхдаа өмсөж явсан хувцаснаас татаж чангааснаас болж учирсан. Зүүн өвдөгт учирсан гэмтлийг хэрхэн яаж учирсныг мэдэхгүй байна....” /хх 12-13/,
- гэрч Т.О-ын: “...Тэгээд охин А.Б-г утсаар яриад хашааны үүдэнд зогсож байхад А- гэх эмэгтэй нөгөө хамт явсан залуугийн хамт гарч ирээд урагшаа алхаж байснаа эргэж ирээд барьж явсан гар цүнхээрээ толгой хэсэгт нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхлэх гэхэд А- миний гар утсыг гараараа цохиж унагасан... А- нь манай охин Бг “Яллагдагч минь” гээд орилоод цүнхээрээ шууд цохиод авсан. Гар у**************ны наалт хагарсан. У************** зүгээр байгаа...” /хх 16-17/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6567 дугаар шинжээчийн дүгнэлт: “...А.Б-гийн биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 23-24/,
- шинжээч С.Э-ийн: “...зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэл. Хүзүү, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” /хх 31/,
- бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-44/,
- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл “эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбар 3 хуудас, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтын хуулбар 1 хуудас баримт” /хх 57-61/,
- шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн: “...А.Б нь намайг прокурор Энхтулгатай уулзаад гарч ирэхэд гудамжинд олон нийтийн газар зогсчихсон “Алуурчин янхан” гэж орилсон. Би хүн алаагүй учраас намайг хүнд ноцтой гэмт хэрэгт буруутгаж олон жил нөхөр хүүхэд найз нөхдийг доромжилсон. Тэгээд ээжийгээ дагуулаад явж байхдаа ийм үйлдэл гаргаж байгаад нь эгдүүцээд хэрүүл хийх зорилготой очсон. Гэтэл Б өөрөө над руу дайраад эхэлсэн. А.Б намайг цохиод би өөрийгөө хамгаалах зорилгоор барьж байсан цүнхээр хамгаалах зорилготой савсан. Надад хэлэх үг хийх үйлдэл байхгүй байсан учраас аргаа бараад нулимсан шүү дээ. Б бүр ээжийнхээ цаанаас над руу дайраад байсан. Ээж нь дунд нь болиулах гээд байж байсан...” /хх 112-114/,
- шүүгдэгч Б.А- анхан шатны шүүх хуралдаанд: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт өмнө хяналт тавьж байсан прокурор нь сургалтад сууж байгаа учир шинээр томилогдсон прокурортой уулзахаар очсон. Тэр үед прокурорын газрын үүдэнд А.Бтай таарсан. Би прокурортой уулзахаар орсон, А.Б үлдсэн байх. Би тэр үед төрсөн дүүтэйгээ явж байсан намайг гарч ирэхэд А.Б утсаараа бичлэг хийж байгаа мэт ээжтэйгээ хамт байсан. Би хажуугаар нь дүүтэйгээ хамт зөрөхөд "алуурчин", "янхан" гэж гудамжинд намайг доромжилж орилсон. Би алуурчин биш, шүүх танхимд сууж байгаа та бүгдийг хүн алаагүй байхад алуурчин гэж дуудвал ямар хүнд тусах талаар тус бүрдээ бодож үзээрэй. Тэр үед надтай болон А.Бтай бусад хэвлэл мэдээллээр, олон нийтийн сүлжээнд олон жил холбож, доромжилж, гутааж байсан талийгаач н.Б гэгч нас бараад удаагүй байсан. А.Б фейсбүүк дээрээ тэр тухай н.Б ахын үхэлд "А, Б" гэж нэрийн эхний үсэг бичиж энэ хүмүүс буруутай, алсан гэж бичсэн байсан. Би тэр талаар уншаад удаагүй байсан. Тэгээд намайг прокурорын газраас гарч ирэхэд А.Б намайг ээжийнхээ хажууд "алуурчин", "янхан" гэж доромжилсон. Би төрсөн дүүгийн хамт явж байсан. А.Б чи өнөөдөр инээж байж болно, над руу хараад инээгээд байх юм. Намайг "**************.мн" сайт дээрээ сэтгэцийн эмчид хүчиндүүлсэн гэж миний зургийг тавиад олон удаа гаргаж байсан. Энэ үйлдлүүд чамд инээдтэй байж болно харин надад бол инээдэм биш, миний гэр бүлд маш хүндээр туссан. Тэр үед прокурорын газраас гарч ирэхэд "алуурчин", "янхан" гэж орилоход нь би тэсээгүй. Тэгээд утсаараа шууд бичлэг хийж эхэлсэн. Энэ хүний гэр бүлд ямар хүмүүжил байдгийг би мэдэхгүй байна. Тэгж доромжлохоор нь би урдаас нь очиход надтай зууралдаж барьж явсан цүнхээрээ савсан. Хүн инстинктээрээ савчихдаг юм билээ. Би энэ үйлдэлдээ гэмшиж сэтгэл санааны хохирол, эмнэлэгт үзүүлсэн зардлуудыг төлсөн байгаа. А.Б гар утсаараа хийсэн бичлэгээ “******** ** *******" гэж олон нийт нэрлэдэг "**************" гэх фейсбүүк хаягаар өгч дахин олон нийтээр намайг гутаан доромжлуулсан. Энэ хүн намайг ална гэж хэлсэн гэх гомдол гаргаж өнөөдөр энд сууж байна. Би ална гэх үгийг амьдралдаа хэзээ ч ашиглаж үзээгүй. Энийг миний ойр дотно найз нөхөд, хэнээс асуусан ч хэлнэ. Намайг "П" гэж дуудсан талаар хэллээ, гэхдээ би хараал хэлдэггүй хэн ч энэ талаар хэлнэ. Тэр бичлэг дотор А. Б намайг "Я минь", "П" гэж хараасан нь харагдана. Чиний "******** ** *******" гэх хүнд өгсөн бичлэг дотор байсан. Тэр өдрийн үйл явдлын дараа хохирогч А.Б "**************.мн” сайтад очиж ярилцлага өгсөн байсан. Энэ ярилцлагадаа бас худлаа ярьж "намайг ална", "П", "Я" гэж хараасан гэж худал хэлсэн. Би цохисон үйлдэлдээ гэмшиж хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Гэхдээ А.Б чи энэ олон жил намайг доромжилж, гэр бүл рүү дайрсан үйлдэлдээ шударга ёс гэж байдаг бол хариуцлага хүлээхэд бэлэн үү. А.Бгийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргасан байсан. Би олон жил маш ихээр хохирсон гэхдээ нэг ч удаа гомдол гараагүй. Хүний эрхийн үндэсний комисст хандсан байсан ба гаргасан дүгнэлтийн дагуу би н.Д гэгч гишүүнтэй очиж уулзахад тэр хүн А.Бг сэтгүүлчийн үйл ажиллагаагаа явуулж байхдаа хохирсон гэж үзсэн учраас дүгнэлт гаргаж прокурорт өгсөн гэж надад хариулсан. Түүний учир шалтгааныг ойлгоогүй, ямар учраас хандсаныг би мэдэхгүй байна. 300.000 төгрөгийг шүүхийн данс руу шилжүүлсэн. Мөн эмчилгээний зардалд шилжүүлсэн баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулж хэрэгт өгсөн байгаа...” /хх 204-205/ гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хохирогчийн биед халдсан үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхыг шаарддаг билээ.
Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.А- нь маргааны улмаас хохирогчийн толгойн тус газар нь цүнхээр цохисон хэргийн үйл баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулах гэсэн гэмт санаа зорилгыг агуулснаас гадна, уг үйлдлийн улмаас хүн бэртэж, гэмтэнэ гэдгийг урьдчилан мэдэх боломжтой үйлдэл юм.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
4. Шүүгдэгч Б.А-аас “...хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй, байхад сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч А.Бгийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 29/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 5.280.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй болно.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/******** дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/******** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
5 дахь заалтыг “Хохирогч А.Б нь эрүүл мэндэд учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ