Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж

Шүүгдэгч М.З- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.З-т холбогдох эрүүгийн 1838000000101 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.З-,

Шүүгдэгч М.З- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Мөрөн сумын иргэн Д.Б-ын 200.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Мөрөн сумын иргэн Д.Б-ын 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Д.Б-ын: “...Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад саатуулагдаж, машинаа журамлуулсан...Маргааш өдөр нь асуудлаа шийдүүлж машинаа журмын хашаанаас гаргаж авах гээд найз Ёндонсамбуутайгаа цагдаа дээр ирж хашааны үүдэнд зогсож байтал Ёндонсамбуугийн танил нь гээд М.З- гэдэг залуу бид 2 дээр ирсэн. Би машинаа журамлуулсан талаараа ярьсан. Тэгсэн М.З- гэдэг залуу би асуудлыг чинь шийдээд өгье, та торгуулж, эрхээ хасуулж байхаар надад 200.000 төгрөг өгчих, би эрхийг чинь хасуулахгүй аргалаад өгье. Би журмын хашааны машин барьдаг гэсэн тэгэхээр нь би нээрээ тэгж болох юм байна гэж бодоод М.З-т бэлнээр 200.000 төгрөг өгөөд цагдаа руу орж байцаагчтайгаа уулзалгүй шууд харьсан. М.З- надад хэлэхдээ өнөөдөртөө машиныг чинь гаргаж өгнө. Чадахгүй бол маргаашдаа багтаагаад гаргаад өгье гэж ярьж тохирсон. Тэгээд маргааш нь М.З-тай утсаар ярихад цагдаа дээр хүмүүстэй уулзаад явж байна гээд өнгөрсөн. Нөгөөдөр нь ярихад ч бас уулзаад яваад байна гэж байсан. Тэгж байгаад гурав дахь хоног дээрээ надтай ирж уулзаад авахаар болчихлоо журмын хашааны мөнгө 15.000 төгрөг болсон байна гэхээр нь би 20.000 төгрөг өгөөд машины түлхүүрээ ч бас өгөөд явуулсан. М.З- тэр өдөртөө таг алга болоод араас нь хөөцөлдөж байж нэг юм олж уулзахад би журмын хашааны чинь мөнгийг өгчихсөн байгаа. Машины түлхүүрээ авч бай, өнөө орой машиныг чинь гаргах байх гэж хэлж яваад тэрнээс хойш утсаа ч авахгүй алга болчихсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р тал/,

            Гэрч Ж.Ё-ийн: “...Цагдаа дээр ирж Д.Б-ыг эрүүлжүүлэхээс гаргаад цагдаагийн урд зогсож байтал М.З- цагдаагийн урд талд машинтайгаа зогсож байхаар нь очоод уулзаад манай найз согтуу машин барьж яваад цагдаад саатуулагдаад машиныг нь гаргаж авах санаатай явна, одоо яахуу чамд таньдаг хүн байна уу, найзынхаа эрхийг хасуулахгүй гаргаад авчихмаар байна гэсэн чинь М.З- хүнтэй ярьж өгье гэхэд нь би мэдээж мөнгөний хэрэг болох байх хэдэн төгрөг болох бол гэж асуухад М.З- 200.000 төгрөг хэрэг болох байх гэсэн. Ийм яриа болоход Д.Б- эхнэртэйгээ хажууд сонсоод байж байсан. Тэгээд Д.Б- төрлийн хүнийхээ мотоциклийг ломбарданд тавиулаад 200.000 төгрөг авчираад М.З-т 200.000 төгрөгийг өгсөн. М.З- мөнгийг аваад за намайг утсаар ярьтал байж байгаарай гээд явсан. Тэгтэл М.З- утсаар ярина гээд алга болоод сүүлдээ утсаа авахаа байсан. 3 хоногийн дараа М.З- Д.Б-аас журмын хашааны мөнгө 20.000 төгрөг очиж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

            Гэрч Н.Ж-ны: “..Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад саатуулагдсан. Тэгсэн М.З- гэх залуу машиныг чинь асуудалгүй гаргаад өгье гээд манай нөхрөөс 200.000 төгрөг авсан. Мөнгө өгөхөд нь би хажууд нь байсан. Тэгж мөнгө авснаас хойш одоо удахгүй гаргаж өглөө, орой гэхэд асуудалгүй гэж худлаа ярьсаар 10 гаран хоносон. Тэгээд сүүлдээ аргаа бараад манай нөхөр зохих журмын дагуу асуудлаа шийдүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг залилан 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.З- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 35-38-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838000000101 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.З-ыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.З-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.АРИУНЖАРГАЛ