Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/205

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө  даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Билгүүн,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2411 00000 0948 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Д-ийн Б, 19** оны ** дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “********” худалдааны төвд лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 2, эхийн хамт, **************дүүргийн * дугаар хороо, **-******** тоотод оршин суух,

Урьд: **************дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 71 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 91 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 809 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, /РД:****************/,

Шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 6 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд хохирогч М.Н-тэй архи согтууруулах ундаа хэрэглэж, тодорхой шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, ам руу гараа оруулж завж хэсгийн нь урсны улмаас М.Н-ийн биед баруун хацрын дотор бугалга, тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “... Шүүгдэгч Б овогт Дийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг оршин сууж байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон сон маршрутын дагуу хөдөлмөр эрхэлдэг "********" худалдааны төв байрлах Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр хооронд зорчин явах, мөн **************дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчийн хяналтад байдаг гэх тул эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар **************дүүргийн нэгдсэн эмнэлэг байрлах тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр рүү тогтоосон маршрутаар зорчих, яаралтай эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч шүүгдэгч Д.Б-д сануулж, шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж....” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- нь тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... ******** худалдааны төвд байрлах хувцасны лангууныхаа барааны татан авалтыг сард 1 удаа Эрээн хот орж, бусад үед сардаа 2-3 удаа каргоноос өөрийн биеэр татан авалт хийдэг тул, амьжиргааны гол санхүүжилт зогсох эрсдэлд ороод байгаа болно. Иймд өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа тул шийтгэлийг маань торгуулийн арга хэмжээ /ялаар/ сольж өгнө үү “... гэжээ.

Прокурор Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Шүүгдэгч Д.Б-гийн хувьд 2022, 2023 онд М.Н- гэх хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2023 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. Улмаар дахин жил хүрэхгүй хугацаанд дахин биед нь халдсан тогтоогдож, Чингэлтэй дүүргийн анхан шатын шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Д.Б-г “2024 оны 06 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бөмбөгөр худалдааны төвийн орчимд хохирогч М.Н-тэй архи согтууруулах ундаа хэрэглэж тодорхой шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, ам руу гараа оруулж завжийг нь урсны улмаас М.Н-ийн биед баруун хацрын дотор бугалга, тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, хэрэгт хохирогч М.Н-ийн “...найз залуу байсан Б- нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 00 цагийн үед машин дотор намайг хэл амаар доромжлоод бид 2 хэрэлдсэн. Б- намайг үсдээд хамар руу гараараа цохиж цус гаргаад, ам руу хуруунуудаа хийгээд завж хэсгээс татаад толгой руу цохисон. Намайг машинаас буулгахгүй, ам дараад би цонхоор хөлөө гаргаж тийчигнэсэн. Тэнд явж байсан хэдэн залуучууд цагдаад хандаж өгсөн. 2019 онд танилцаад үерхдэг байсан. Сүүлийн 2 жил харилцаа муудаад салж нийлж эхэлсэн. Өмнө нь 3 удаа зодож байсан. Сүүлийн 2 зодуулсан дээрээ цагдаагийн байгууллагад хандаж нийтэд тустай ажил хийх ял авч байсан. Би гомдолтой байна...” /хх 6/, шүүгдэгч Д.Б-гийн “...Н бид хоёр 2019 онд танилцаад үерхэж эхэлсэн. Бид хамт амьдардаггүй. Гэрлэлтийн баталгаа болон дундаасаа хүүхэд байхгүй. 2024 оны 6 дугаар сарын 17-ны шөнө Н бид хоёр маргалдсан. Н-ийг цохиж зодсон зүйл байхгүй. Н цонхоор хөлөө гаргаад машин дотор орилоод байсан чинь гаднаас хэдэн залуучууд ирээд цагдаагийн байгууллагад хандаж өгсөн. Өмнө 2 удаа зодож байсан...” гэх мэдүүлгүүд /хх 25/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, /хх 48-50/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 809 дугаар шийтгэх тогтоол /хх 51-54/ зэрэг баримтууд авагдсан байна.

Эдгээр баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч М.Н-ийг өмнө нь хоёр  удаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд  шүүхээс хоёр удаа ял шийтгүүлж байжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад ...хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...этгээд нэгэн адил хамаарна” гэж хуульчилсан.

Хохирогч М.Н болон шүүгдэгч Д.Б нар нь  2019 онд танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан нь тэдний мэдүүлгүүдээс тогтоогдсон, гэр бүлийн харилцаатай байхдаа шүүгдэгч нь хохирогч М.Н-ийг хоёр ч удаа зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд шүүхээс ял шийтгүүлсэн, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин зодож хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйлчлэлээр зүйлчлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Д.Б-гийн гаргасан “Ялыг хөнгөрүүлж, торгох ял шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/** шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                    Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ