Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01700

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01700

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НДЕГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын даргын Б/100 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/100 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж 128/ШШ2018/0512 дугаар шийдвэр гарсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/MA2018/0600 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байх тул 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 589 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Албан тоотыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс энэхүү нэхэмжлэлийг гаргасан өдөр хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 895577+5%*10 /9 403 558 төгрөг /Нийслэлийн захиргааны хэргийн анхан шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 895577+5%-аар тогтоосон/-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0512 дугаар шийдвэртэй холбоотойгоор холбогдох мөнгөн төлбөрийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс өгч дууссан. Ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага одоогоор хараахан биелэгдээгүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 9 403 558 төгрөг нэхэмжилсэн ч нэхэмжлэгч маань өөрөө тус хугацаанд буюу 2018 оны 10, 11, 12 дугаар сард Улсын их хуралд давхар ажиллаж байсан. Тиймээс энэ 3 сарын төлбөрийг төлөх боломжгүй. Үлдсэн мөнгийг 2020 оны төсөвт суулгаж төлөх боломжтой гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас 9 403 558 төгрөг гаргуулж Б.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны Б.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НДЕГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 165 406.93 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч НДЕГ- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 600 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговор нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг НДЕГ- биелүүлж ажилласан. Нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 10 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж 2018 оны 10 дугаар сард 864 654.82 төгрөг, 11 дүгээр сард 951 120.30 төгрөг, 12 дугаар сард 951 120.30 төгрөгийн цалин хөлс авч байсан талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд дурдагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б- нь орон тооны ажилтнаар ажиллаж байсан. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 1-д Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасан ...орон тооны албан тушаал... гэдгийг аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагын бүтцэд багтдаг, цалин хөлстэй, тодорхой чиг үүрэг бүхий байнгын шинжтэй ажлын байр гэж ойлгохоор заасан. Тус заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу Төрийн албаны тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан албан тушаалыг хашиж буй албан хаагчид хамаарах ба төрийн жинхэнэ албан хаагч 15 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд 26 дугаар зүйлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай.

Хариуцагч НДЕГ- нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1333 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид олгох 9 403 558 төгрөгийг олгох боломжгүй. Шүүх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч Б.Б- нь тухайн маргаан бүхий хугацаанд орон тооны ажилтнаар ажиллаж байсныг авч үзээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч НДЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 9 403 558 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгээс татгалзан, үндэслэлээ ... 2018 оны 10-12 дугаар сард давхар ажил хийсэн хугацааны олговрыг төлөх боломжгүй .. гэж тайлбарлан, маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Б-ийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 761 423 төгрөгөөс татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0600 дугаар магадлалаар хянаад хэвээр үлдээснээр уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх4-12/

Хариуцагч НДЕГ- нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээс нэхэмжлэгч Б.Б-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 761 423 төгрөг олгож, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хэсгийг биелүүлсэн атлаа өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх30-32/ Иймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүргээ тус тус зөрчсөн гэж үзнэ. Үүний улмаас үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэг хариуцагчид үүссэн тул нэхэмжлэгч Б.Б- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг давхар ажил эрхэлж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гэхдээ нэхэмжлэгч Д.Батхуяг өөр газар ажиллаж байсан нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД