| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01328/И |
| Дугаар | 312/шш2025/01839 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 312/шш2025/01839
2025 10 06 312/ШШ2025/01839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумын ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: , утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын баг Төрийн үйлчилгээний нэг цэгийн байранд байрлах ХХН /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, өрхийн эрүүл мэндийн төв-ийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Ж.Сангичимаа,
Хариуцагчийн төлөөлөгч Э.,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Түмэнжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Ганбаатар овогтой ******* нь -д 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Үүнээс хойш өдийг хүртэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон үндэсний болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдлөг болгон тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг өөрийн мэдлэг чадварыг дайчлан хөтөлж, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангаж ирсэн. Миний үндсэн ажил үүрэг болон хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг бол тус байгууллагын нягтлан бодогчийн хувьд хэрэгцээтэй байгаа, шаардлагатай материалын захиалгаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг байгууллагын санхүүжилттэй уялдуулан өр төлбөр гаргахгүй байх, мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг санхүүгийн эх үүсвэрт тохируулан үр ашигтай зүйлд зарцуулахад удирдлагад зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн хөрөнгийг зориулахад нь 2-р гарын үсэг зурж ажилладаг. Гэтэл тус нөхөрлөлийн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э. нь 2023 оны 11 сард хэн ч захиалаагүй байхад 16 000 000 төгрөгний шинжилгээний тест материалыг Аавын богц ХХК-иас өөрөө авчирч мөнгийг нь шилжүүлэхийг шаардсан ба миний бие оны сүүл болж байхад ийм их үнэтэй юм авбал мөнгийг нь шилжүүлж чадахгүй санхүүгийн тайлан өртэй гарна, хэзээ хэрэглэх нь тодорхойгүй, шаардлагатай материалын захиалгад ороогүй үр дүнгүй худалдан авалт гэнэт хийх шаардлага байхгүй юм бишүү гэж зөвлөсний дараа өөрөө худалдан авалт хийхээс татгалзаж, миний зөвлөгөөг хүлээн авсан. Үүний дараа тус нөхөрлөлийн 2023 оны санхүүгийн баримтанд Санхүү Хяналт дотоод аудитын албанаас шалгалт ороод Э., Ц. нарт 2,530,000 төгрөгний акт тавигдахад нөхөрлөлийн хурлаар өөрсдөө төлөхгүй байгууллагаас төлөх шийдвэр гаргуулж төлүүлсэн. Мөн Орхон аймгийн төрийн аудитын шалгалтаар тусламж үйлчилгээнд явах авто машиныг зориулалтаар нь ашиглаагүй тухайн үед дарга байсан С.Мандах нь хувьдаа унаж байгаад засварын зардлыг байгууллагаас төлсөн 893,000 төгрөг дээр акт тавигдахад нөхөрлөлийн хурлаар байгууллагаас төлөх шийдвэр гаргаж байгууллагаас актыг төлүүлсэн. 2024 онд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн төлөвлөгөөт шалгалтаар өрхийн эмч, сувилагч 2 дээр тавигдах торгуулийг лиценз нь сунгагдахад сөрөг нөлөөтэй гээд байгууллагын нэр дээр гаргаж төлүүлсэн. Энэ мэт хууль бус үйлдлийг нягтлан бодогчоор ажиллаж байгаагийн хувьд санхүүгийн зөрчил дахин гаргаж болохгүй гэж хэлж, зөвлөхөд тушаал хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол ЗАЙЛААРАЙ гэж хашгирч улмаар одоо бүр өөрийнх нь хууль бус үүрэг даалгаврыг эсэргүүцдэг гэж намайг халахаар шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна. Тус байгууллагын мөнгөн хөрөнгө болон санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг тул төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг зориулалтынх нь дагуу үр дүнтэй зарцуулах улмаар хууль тогтоомжийг мөрдөн ажиллахыг зөвлөдөг миний үүргийг өөрийнхөө эсрэг ажилладаг гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2024 оны 06 сард 2019-2024 оны санхүүгийн баримтанд Дотоод хяналтын баг их эмч , эмч , сувилагч нараас бүрэлдэхүүн дээр нэмж эмч Т., хүний нөөцийн ажилтан Т. нарыг оруулж тус нөхөрлөлийн дарга Э., эмч нарын өргөдлийн дагуу санхүүгийн шалгалт хийгээд надаас ямар нэгэн тайлбар, тодруулга авалгүй өөрсдөө ойлгохгүй санхүүгийн асуудлыг алдаа, зөрчил гэж үзэж, нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж ажлаас чөлөөлөх хурлын тогтоолыг өгсөн. 2024 оны 4 дүгээр сард дарга Э. намайг дуудаж ажилчдын цалинг сүүл цалин бодохоос өмнө нөхөрлөлийн хурал хийж цалингаа нэмэгдүүлнэ гэсэн. Эмч нарыг 1 900 000 төгрөг, сувилагч нарыг 1 600 000 төгрөг болгоно гээд намайг тооцоолол хий гэсний дагуу миний бие ажил үүргийн хувьд цалингийн тооцооллыг хийж өгсөн. Ингээд 4 сараас цалин нэмэгдэх юм чинь гээд 4 дүгээр сарын 15- нд амралтаа авсан Ч. эмчийн амралтын мөнгийг нэмэгдсэн цалингаар бодоод өг гэсний дагуу бодоод өгсөн боловч нөхөрлөлийн хурал хийлгүй хойшлуулсаар байгаад 6 дугаар сарыг хүргэсэн. Энэ асуудал нь цалин нэмэгдэх тушаал гараагүй байхад цалинг нэмж бодож олгосон гэсэн миний ажлаас халагдах 1 шалтгаан болж байгаад гомдолтой байна.
Тус нөхөрлөлийн дарга буюу эмнэлгийн дарга Э. нь 2019 оны 10 сард Солонгос яваад хувиараа ажил хийгээд өмнөх дарга байсан С.Мандахтай ярилцаж манай байгууллагын захиалгаар суралцаж байгаа тул түүний нийгмийэ даатгалын шимтгэлийг манай байгууллагаас төлж бай гэж үүрэг өгсний дагуу миний бие нийгмийн даатгалын тайланг гаргаж, тухай бүрт нь тухайн үеийн дарга С.Мандах гарын үсэг зурж баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллагад илгээж байсан. Уг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлаа далимдуулан Э. нь жирэмсний өмнөх болон дараах тэтгэмжийг авч байсан бөгөөд дээрх зөрчил нь Санхүү аудитын шалгалтаар зөрчил болж акт тавигдахад С.Мандах нь намайг дарамталж Э.ын нийгмийн даатгалын шимтгэлд тооцон төлсөн мөнгийг намайг төл гээд үүний дагуу миний бие Э.ын нийгмийн даатгалын шимтгэлд 833 700 төгрөгийг төлсөн. Харин Э. нь надаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлчихээд санаа зовохгүй, тэр ч бүү хэл хууль бус шахалт дарамт үзүүлж, төрөөс олгосон мөнгөн хөрөнгийн өөрийн дураар захиран зарцуулах үйл ажиллагаа үргэлжлүүлж, тэр ч бүү хэл уг хууль бус үйл ажиллагааг нь буруу болохыг хэлж зөвлөдөг намайг ажлаас халж байгаад гомдолтой байна. Уг асуудлаар Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.
Иймээс ХХН-ийн 2024.06.26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, өрхийн эмнэлгийн төвийн даргын 2024.07.02-ны өдрийи Б/41 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус нөхөрлөлийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Г.*******ийн нэхэмжлэлтэй, -д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт нэхэмжлэгчийн шаардлагаа ажилгүй байгаа хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэмэгдүүлж байна... гэжээ.
3. Хариуцагч ХХН нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Манай өрхийн эмнэлэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төв бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл билээ.
Г.******* нь Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, -ын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн яагаад тус тогтоол болон тушаалыг хүчингүй болгох талаар тайлбарлаж бичээгүй байна. Г.*******ийг ажлаас чөлөөлөхтэй холбоотойгоор түүний гаргасан зөрчлүүдийг тайлбарлаж, танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариуд: ...Ганбаатар овогтой *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төв бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд "Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл билээ. Г.******* нь Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдриийн 08 дугаар тогтоол, -ын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн яагаад тус тогтоол болон тушаалыг хүчингүй болгох талаар тайлбарлаж бичээгүй байна.
Манай -өөс Г.*******т 2024 оны 07 сарын 02-ны өдрийн Б/41 тоот ажлаас чөлөөлөхтэй холбоотой тушаал, түүний гаргасан зөрчлүүдийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нөхөрлөл ХХН-ын бүх гишүүдийн 09 дугаар хурлаар танилцуулж, Г.*******өөс хариу тайлбар авч танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-4/, ХХН-ийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай Г.*******ийг ажилд авах тухай тушаал /1хх-5/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /1хх-6-10/, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай ХХН-ийн хурлын тогтоол /1хх-11-12/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай ХХН-ийн даргын Г.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1хх-13/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-14/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай хурлын тэмдэглэл /1хх-15-18/, итгэмжлэл /1хх-19/, ХХН-ийн цалингийн шинэчлэн тогтоохоор хийсэн тооцоолол /1хх-218/, нэхэмжлэгчийн Төрийн банкны 130100294390 дугаартай дансны хуулга /1хх-219/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар /1хх-44-49/, ХХН-ийн ажилтнуудын өргөдөл /1хх-50-56/, ХХН-ийн төлбөрийн даалгавар /1хх-57/, нэхэмжлэх, төлбөрийн баримт /1хх-58-61/, ХХН-ийн цалингийн карт /1хх-62-66/, ХХН-ийн кассын чек /1хх-67-72/, ******* *******ийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Нөхөрлөлийн бүх гишүүдийн 09 дугаар хурлаар Г.*******т хурлын шийдвэрийг танилцуулсан хурлын тэмдэглэл /1хх-87-141/, 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Нөхөрлөл ХХН-ийн бүх гишүүдийн хурлын 08 дугаар тогтоол /1хх-142-143/, Хөдөлмөрийн дотоод журам /1хх-144-179/, ажлын байрны тодорхойлолт /1хх-180-182/, -ийн ХХН-ийн гэрээ /1хх-183-185/, Г.*******ийн ажил хүлээлцсэн тэмдэглэл /1хх-186-187/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай ХХН-ийн даргын Г.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1хх-188-/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
6. Шүүх талуудын хүсэлтээр: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/10 дугаартай ХХН-ийн даргын Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал /1хх-191-192/, ХХН-ийн Дотоод хяналтын багийн 2024 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө /1хх-226-234/, нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт /1хх-235/, ХХН-ийн 2024 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга /2хх-24-29/, Орхон аймгийн Засаг даргын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах 09/25 дугаартай гэрээ /2хх-30-33/, Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлага, улсын байцаагчийн акт /2хх-34-56/, ХХН-ийн бүтэц орон тоо батлах тухай тушаал /2хх-57-73/, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дотооод хяналтын багийн удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар нягтлан бодогч Г.*******т танилцуулсан тэмдэглэл /2хх-74-78/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн -ийн ХХН-ийн гэрээ /2хх-80-82/, -ийн санхүүгийн бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийх ажлын удирдамж /2хх-83-91/ зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь ХХН-д холбогдуулан ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 24 725 862 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би -д 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон. Миний үндсэн ажил үүрэг бол байгууллагын нягтлан бодогчийн хувьд хэрэгцээтэй байгаа, шаардлагатай материалын захиалгаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг байгууллагын санхүүжилттэй уялдуулан өр төлбөр гаргахгүй байх, мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг санхүүгийн эх үүсвэрт тохируулан үр ашигтай зүйлд зарцуулахад удирдлагад зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн хөрөнгийг зориулахад нь 2-р гарын үсэг зурж ажилладаг. ...Нөхөрлөлийн даргын хууль бус үйлдлийг нягтлан бодогчоор ажиллаж байгаагийн хувьд санхүүгийн зөрчил дахин гаргаж болохгүй гэж хэлж, зөвлөхөд, тушаал хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол Зайлаарай гэж хашгирч, одоо бүр өөрийнх нь хууль бус үүрэг даалгаврыг эсэргүүцдэг гэж намайг халсанд гомдолтой байна. Тус байгууллагын мөнгөн хөрөнгө болон санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг тул төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг зориулалтынх нь дагуу үр дүнтэй зарцуулах, хууль тогтоомжийг мөрдөн ажиллахыг зөвлөдөг миний үүргийг өөрийнхөө эсрэг ажилладаг гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай өрхийн эмнэлэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 багийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл билээ. Г.******* нь Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, -ын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн яагаад тус тогтоол болон тушаалыг хүчингүй болгох талаар тайлбарлаж бичээгүй байна. Г.*******ийг ажлаас чөлөөлөхтэй холбоотойгоор түүний гаргасан зөрчлүүдийг тайлбарлаж, танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Г.******* нь -д 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байх ба тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5., 110 дугаар зүйлийн 110.3., Хөдөлмөрийн гэрээний 2.4.3.5., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.5., 13.7., 20.2.4., 20.2.5., 20.2.8., 20.2.9., Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, түүний тэмдэглэлийг үндэслэжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж тус тус заасан байна.
6. Г.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4.-д хөдөлмөрийн гэрээг цуцлах болон дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх ба 2.4.3.5.-д Өмч хөрөнгө үрэгдүүлж ашиглан, дутагдуулснаас байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон бол гэжээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсан ба ажил олгогч нь Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.4.3.5.-д Өмч хөрөнгө үрэгдүүлж ашиглан, дутагдуулснаас байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4.3.5.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тохиролцсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-д заасан ноцтой зөрчлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоолын 15.5.2.-д Мөн хэсгийн "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж заажээ.
Нэхэмжлэгчийн хувьд -д нягтлан бодогчоор ажилладаг тул мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний гаргасан зөрчил нотлогдож байх учиртай.
9. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч, ...даргын тушаалгүйгээр ажилтны үндсэн цалин хөлсийг нэмж олгосон, мөн н.Алимаа үйлчлэгчийн урьдчилгаа цалинг өөрийн данс руу шилжүүлэн авсан, 3 жилийн тэтгэмж авах эрх үүссэн ажилчдын мэдээллийг илгээгүй, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүд болон ажилчдаас гаргасан өргөдөлд үндэслэн нөхөрлөлийн бүх гишүүдийн саналаар... ажлаас чөлөөлсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан.
10. өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/04 дугаар тушаалаар Дотоод хяналтын баг-ийг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/41 дугаар тушаалаар Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, баримт бичигт дотоодын хяналт шалгалт хийх баг-ийг томилж Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2023 он хүртлэх байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн баримт бичгүүдэд дотоодын хяналт шалгалт хийх багийг нэгдүгээр хавсралтаар баталж, хяналт шалгалтаар илэрсэн зүйлсийг албан бичгээр гаргаж нөхөрлөлийн бүх гишүүдэд танилцуулахаар тушаал гарсан байна.
-н Санхүүгийн бичиг баримтанд Дотоод хяналт шалгалт хийх ажлын удирдамжид /2-р хавтас хх83/ Хяналт шалгалтын ажлын зорилго: 2019 оноос хойш санхүүгийн баримт бичигт шалгалт хийж санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, дотоодын хяналтын ажлыг баримтжуулж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох, Хяналт шалгалтын зорилт: 1. Сүүлийн 5 жилийн нийт төсвийн хуваарилалтыг шалгах, 2. Сүүлийн 5 жилийн нийт төсвийн зарцуулалтыг шалгахаар байна.
11. Байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийсэн ажлын дүгнэлт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан, нэхэмжлэгч Г.*******ийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө дээрх дүгнэлтийг хэлэлцсэн Нөхөрлөлийн гишүүдийн хурлын 8 дугаар тогтоол, түүний тэмдэглэлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан бөгөөд Г.*******т мэдэгдсэн, тайлбар авсан талаар баримтыг ирүүлээгүй.
13. Хариуцагч тал, нэхэмжлэгчийг Нөхөрлөлийн гишүүдийн хуралд оролцсон, энэ хурлаас Г.*******ийг ажлаас халах шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч тус хурлын тэмдэглэлийн оролцсон хүмүүсийн нэрсэд Г.******* бичигдээгүй, мөн оролцсон хүмүүс гарын үсэг зурсан ч түүнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна. Мөн хариуцагч, дууны хуурцагийг хэрэгт ирүүлж үзлэг хийлгэсэн ч Г.*******ийн дуу хойлой мөн эсэх, түүнд хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж буй байдал тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 123.5.-д Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
Нөхөрлөлийн гишүүдийн 8 дугаар тогтоол нь Г.*******ийг ажлаас халах үндэслэл болсон бөгөөд энэ тогтоолоор Дотоод хяналтын багийн дүгнэлтийг хэлэлцсэн. Дотоод хяналтын баг нь тус Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019-2023 он хүртлэх хугацааны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн баримт бичгүүдэд дотоодын хяналт шалгалт хийгээд түүнд үндэслэн сахилгын шийтгэлийн үндэслэл болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасантай нийцээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 60.1.1.-д ээлжийн амралттай байх хугацаанд гэж заасан байна. Г.*******ийг ээлжийн амралттай байхад дуудан ирүүлж ажил үүргийг гүйцэтгүүлсэн, энэ хугацаанд түүний ээлжийн амралт үргэлжилж байсан, үүнээс хойш ажилласан хугацааныхаа хоногийг эдлэх байтал 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн ажилчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг ажил олгогч шалгаад байгууллагад Г.*******ийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас ямар хохирол учирсан нь тодорхойгүй, мөн н. эмчид цалин нэмэгдээгүй байхад нэмэгдсэн хувь хэмжээгээр олгосон ч буцаагаад илүү цалинг байгууллагад шилжүүлсэн, үйлчлэгч н.Алимаагийн цалинг нягтлан бодогч түүний өөрийнх нь гуйлтаар өөрийнхөө дансаар гаргаж өгсөн гэдгийг гэрчүүд өөрсдөө мэдүүлсэн. Мөн тухайн байгууллагад бараа материалыг худалдан авахдаа нэгдүгээр гарын үсэггүй төлбөрийн даалгавараар хийгдэж байсан нь тогтсон үйлдэл байсан байх ба, бонус картын барааг авсан гэдэг нь байгууллагад хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болох эсэх үүний улмаас байгууллагад ямар хохирол учирсан нь нотлогдоогүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа анхан шатны байгууллагын ажилтан 3 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг ба тухайн эрүүл мэндийн төвд ажилладаг нягтлан бодогч нь мэдээллийг цааш илгээгээгүйд нягтлан бодогч буруутай гэх боловч энэ нь ямар тушаал шийдвэрээр түүнд энэ асуудлыг хариуцуулж өгсөн, ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгагдаагүй, өмнө нь тогтсон байсан гэдгээр буруутгах боломжгүй, үүнд дарга өөрөө хяналт тавих үүрэгтэй.
15. Ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн байх учиртай бөгөөд Г.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан өөрөөр хэлбэл байгууллагад хохирол учруулсан нь нотлогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай тушаал үндэслэлгүй байна.
16. Өрхийн эрүүл мэндийн төв хязгаарлагдмал хариуцлагтай нөхөрлөл нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болон өөрчлөн зохион байгуулагдсан байх ба хуулийн этгээдийн төрөл өөрчлөгдсөн ч өмнөх хуулийн этгээдийн хүлээсэн эрх үүрэг өөрчлөгдөхгүй.
17. Хариуцагчийн өмгөөлөгч, нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал нь эрх барих байгууллага байна гэж заасан, иймд хариуцагчаар нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг татаагүй гэх тайлбар үндэслэлгүй.
Тодруулбал, Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.-д Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, 2.-д Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно гэж заасан байх ба Өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээний 2.1.-д нөхөрлөлийн гишүүн Энхтүвшин овогтой нь нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй гэж заасан байна.
Харин Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал нь тусдаа аж ахуйн нэгж, ажил олгогч хуулийн этгээд биш бөгөөд Нөхөрлөлийн удирдлага, үйл ажиллагааны зохицуулалт юм.
Иймд эрүүл мэндийн төвийн дарга Э. нь тус эрүүл мэндийн төвийг төлөөлөх эрхтэй этгээд байх ба нэхэмжлэгч нь Өрхийн эрүүл мэндийн төв ХХН-ийг /одоо ББН болсон/ хариуцагчаар татсан нь үндэслэлтэй.
18. Нэхэмжлэгч Г.*******ийн цалинг хариуцагч байгууллага 1 802 000 төгрөг гэж тодорхойлсон байх ба нэг жил 2 сар 6 хоногийн хугацаагаар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнээс хэтэрч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24 725 862 төгрөгийн хэмжээгээр нөхөх олговрыг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, ХХН-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоол, өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгоно гэж дурдсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шүүхийн шийдвэрт тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн. Харин хариуцагчаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
19. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас 351 779 төгрөг /70 200₮+281 579₮/ гаргуулан улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******ийг өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, өрхийн эрүүл мэндийн төв ББН-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 24 725 862 төгрөг гаргуулан олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан Г.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг өрхийн эрүүл мэндийн төв ББН-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ББН-с улсын тэмдэгтийн хураамжаар 351 779 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА