Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/366

 

 

 

 

 

     2025          03            25                                        2025/ДШМ/366

                                                                 

Ц.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр /цахимаар/,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Энхбаярын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ц.М-д холбогдох 2406 00000 3614 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ц-ийн М, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр ********** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “**********” дунд сургуулийн газар зүйн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ********** аймгийн ********** сумын 1 дүгээр баг, ********** гэх нэршилтэй газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ********* дүүргийн *** дүгээр хороо, **********хотхоны **в-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: **********/,

Шүүгдэгч Ц.М- нь 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, **********хотхоны***байрны урд автомашины зам дагуу гудамжинд байсан Э.Б-ийн эзэмшлийн "Ай фоне 13 промакс" загварын гээгдэл гар утсыг хувьдаа завшиж, 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ц.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Цийн М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.М-авсан "хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б-ээс гар утсыг биет хураан авч, түүнд буцаан хүлээлгэн өгснийг, иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Төрийн сангийн 100900000707 тоот дансанд Ц.М- нь 29,800 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

Прокурор Д.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.М- нь хохирогч Э.Б-ийн гар утсыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор захиран зарцуулах, эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилго агуулаагүй, хохирогч Э.Б-т гар утсыг шилжүүлж өгсөн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд даруй хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.М- нь боломжит богино хугацаа болох даруй гэх хугацаанд хохирогч Э.Б- нь гээгдүүлсэн гар утсыг авсан Ц.М-ийг олж, очин түүнээс гар утсаа авахаар шаардлага тавьсны дагуу Ц.М- хүлээлгэн өгсөн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө болсон нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан үүргээ Ц.М-ийг биелээгүй гэж үзэхгүй юм. Нөгөөтээгүүр, хохирогч Э.Б-ээс гар утсыг хураан авч, "***" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2,025,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... хүний... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар" биш байх бөгөөд гар утасны зах зээлийн үнэлгээг тодорхойлсноос бус Ц.М- гар утсыг шамшигдуулах, худалдан борлуулах, захиран зарцуулснаас үүссэн материаллаг хохирол учирсныг нотлоогүй байна. Цагаатгах тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, **********хотхоны***байрны урд автомашины зам дагуу гудамжинд Э.Б- өөрийн эзэмшлийн "Ай фоне 13 промакс" загварын, 2.025.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа гээгдүүлж, улмаар гар утсаа хайх явцдаа шүүгдэгч Ц.М- авсан болохыг олж тогтоосон даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Шүүгдэгч Ц.М- нь гар утсыг олж авснаас хойш эрх бүхий байгууллагад мэдэгдэх боломжтой байхад Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д "Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй" гэж хуульчилсан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гар утасны үүрэн холбооны дугаартай сим картыг авч хаях, нууц үг хийх, гар утсанд байсан мэдээллүүдийг устгах, тухайн гар утсанд өөрийн цахим хаягаа хийсэн зэргээр ашигласан идэвхтэй үйлдэл хийж тухайн эд хөрөнгийн өөрийн эзэмшилд авч, завших сэдэл зорилгоо хэрэгжүүлснээр гэмт хэрэг төгссөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн шүүх цагаатгах тогтоолд аливаа гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг илрүүлэхээс өмнө цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн бол гэмт хэрэг мөн, хэн үйлдсэн болохыг илрүүлж, мэдсэний дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа бол гэмт хэрэг биш гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь бүхэлдээ ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно." гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно." гэж тус тус ямар нэгэн салаа утгагүй хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд хөрөнгийн үнэлгээний "***" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн гээгдүүлсэн гар утас нь 2,025,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох "...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан" гэх урьдач нөхцөл шүүгдэгч Ц.М-нь бусдын гээгдэл гар утсыг олж авсныхаа дараа эрх бүхий байгууллагад мэдэгдэх бүрэн боломжтой байхад мэдэгдээгүй, мөн гар утасны үүрэн холбооны дугаартай сим картыг авч хаях, утсанд шинээр нууц үг зохиож хийх, мэдээллүүдийг устгах, өөрийн цахим хаягаа хийсэн зэр завших сэдэл бүхий идэвхтэй үйлдэл хийснээр төгсөж, хангагдсан байхад шүүх " ... Ц.М- нь хохирогчийн гар утсыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор захиран зарцуулах, эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилго агуулаагүй, хохирогч Э.Б-т гар утсыг шилжүүлэн өгсөн, ... материаллаг хохирол хор уршиг учруулаагүй буюу нийгмийн аюулын хэр хэмжээ нь хүний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй" гэж илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана." гэж заасан байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан дүгнэлтүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-ийн "Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө би өөрийнхөө амьдарч буй гэртээ буюу Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо **********хотхоны***байрны урд талд автомашины зам дагуу таксинаас буусан. Тэр үедээ өөрийнхөө гар утсаа алдсан гэдгээ мэдээгүй гэртээ орж ирсэн бөгөөд гэртээ орж ирчхээд өөрийнхөө эд зүйлийг шалгахад байхгүй байгааг мэдсэн. Улмаар хаана алдсанаа мэдэхгүй байсан учраас байрны гадна талынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд таксинаас бууж ирээд гэртээ орж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд намайг буусны дараа ойролцоогоор 5 орчим минутын дараа миний гар утсыг газраас аваад цаашаа явж байгаа нь бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний "***" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б31-24-1935 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг улсын яллагчаас яллаж буй нотлох баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна...”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан процессын хэлбэрийн дагуу явагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дагаж мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон ажиллагаа, хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь эрүүгийн процессын бүхий л үйл явцыг бэхжүүлэх, шүүхийн өмнөх болон шүүхийн шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон нөхцөл, журмыг системчлэн төрөлжүүлж дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

 

Ийнхүү анхан шатны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ процессын ноцтой зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон, мөн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  1. Процессын ноцтой зөрчлийн тухайд:

Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 14-нд хүлээн авч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Отгонбаатар томилогдсон /хх 69/ байх бөгөөд шүүгч уг эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх болон хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх талаарх шийдвэр болон баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг асуудлыг шийдвэрлэсэн тухай шийдвэрийг гаргаж уг шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасан “...шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх, шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хаалттай явуулах эсэх, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх, зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх, энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай, шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ…” гэснийг тусгаж, үүний дараагаар шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацааны дотор хэргийн оролцогч нарт мэдэгдэх хуулийн нарийвчилсан зохицуулалттай болно.

Гэтэл Ц.М-д холбогдох эрүүгийн хэрэгт заавал байх хуульчилан зохицуулсан яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн эсэх талаархи шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн нэг болно.          

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Хэрэгт: эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, хохирогч Э.Б-ийн ...2024 оны 10 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, **********хотхоны***байрны урд зам дагуу таксинаас буусан. Гэртээ орж ирээд утсаа алга болсныг мэдсэн. Камер шүүхэд миний гар утсыг газраас аваад цаашаа явж байгаа нь бичигдсэн байсан.../хх 22/, Ц.М-ийн ...2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр замд гар утас хэвтэж байхаар нь авсан. Тэр утсыг асаагаад өөрийнхөө icloud хаягийг оруулж дэлгэцийн кодыг сольсон. Гэртээ байхад хаалга тогшоод камерын бичлэг үзүүлээд гар утсаа асуухаар нь буцааж өгсөн.../хх 32, 50/, *** үнэлгээ ХХК-ийн ...iphone 13 pro max маркийн гар утас 2.025.000 төгрөг... /хх 39/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн бөгөөд прокуророос эдгээр баримтуудыг үндэслэл болгон Ц.М-ийг 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, **********хотхоны***байрны урд автомашины зам дагуу гудамжинд байсан Э.Б-ийн эзэмшлийн "Ай фоне 13 промакс" загварын гээгдэл гар утсыг хувьдаа завшиж, 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд Ц.М-ийн дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа ...Ц.М- нь хохирогч Э.Б-ийн гар утсыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор захиран зарцуулах, эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилго агуулаагүй, хохирогч Э.Б-т гар утсыг шилжүүлж өгсөн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд даруй хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.М- нь боломжит богино хугацаа болох даруй гэх хугацаанд хохирогч Э.Б- нь гээгдүүлсэн гар утсыг авсан Ц.М-ийг олж, очин түүнээс гар утсаа авахаар шаардлага тавьсны дагуу Ц.М- хүлээлгэн өгсөн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө болсон нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан үүргээ Ц.М-ийг биелээгүй гэж үзэхгүй юм. Нөгөөтэйгүүр, хохирогч Э.Б-ээс гар утсыг хураан авч, "***" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2,025,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... хүний... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар" биш байх бөгөөд гар утасны зах зээлийн үнэлгээг тодорхойлноос бус Ц.М- гар утсыг шамшигдуулах, худалдан борлуулах, захиран зарцуулснаас үүссэн материаллаг хохирол учирсныг нотлоогүй байна.

 Тодруулбал, Ц.М- гар утасны "сим картыг авах, нууц үг хийх, мэдээлэл доторх зургийг устгах, цахим хаяг" хийснээс өөрөөр бодитойгоор эд хөрөнгийг шамшигдуулсан, захиран зарцуулж, материаллаг хохирол хор уршиг учруулаагүй буюу нийгмийн аюулын хэр хэмжээ нь хүний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй... гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдагаар уг гэмт хэргийн шинж нь тодорхойлогддог болно.

Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан... гар утасны сим картыг сугалж хаясан, кодыг өөрчилсөн, утсан доторх мэдээллийг устгасан “шүүгдэгчийн үйлдлүүдийг нотолсон хохирогч Э.Б-ийн мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн Ц.М-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг няцаан анхаарч үзэлгүй, няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж үзнэ. 

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Энхбаярын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ