Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00284

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 44 188 686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* яамны харьяа ******* ТӨҮГ-тай 3 сарын хугацаатай 27 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа буюу 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээний тал болох ******* ТӨҮГ-ын дарга *******д хандаж зээлийн хүүд 1 620 000 төгрөг авсан. Үүний дараа зээлийн гэрээний хугацаа дуусч үндсэн зээл 27 000 000 төгрөг, нэг сарын хүү 810 000 төгрөг, нийт 27 810 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа, таны мөнгийг удахгүй өгнө гэсэн. Ингээд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Зээлдэгч байгууллага ******* яамны сайдын тушаал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа өөрчлөгдөж, эрх залгамжлагчтайгаа татан буугдах зэргээр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг тухайн үеийн удирдлага нарт хандаж шаардсан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй. Зээлсэн 27 000 000 төгрөг нь нэхэмжлэгчийг. ******* ТӨҮГ-ын дарга ******* ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна туслаач гэсэн тул гэрээ байгуулан ******* ТӨҮГ, ******* яаманд итгэж тэтгэвэрт гарахад улсаас олгосон 27 000 000 төгрөгийг зээлсэн боловч олон жил хохироож байна. Зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, уг 27 000 000 төгрөгийг өгсөн бол зээлийн гэрээний хугацаа дуусмагц 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд 1 жилийн 14.4 хувийн хүүтэй хадгалуулсан бол жилийн 27 000 000 төгрөг дээр нэмж 66 сарын хүү буюу 21 378 686 төгрөгийг нэмж нийт 48 378 686 төгрөг болох байсан. Үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилнэ. Энэ нь зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлсэн бол зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид олох байсан зайлшгүй орлого юм. Үүнээс 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2 000 000 төгрөгөөс зээлийн гэрээний үндсэн сарын хүү болох 810 000 төгрөгийг хасч 1 190 000 төгрөг дээр 2014 онд авсан 3 000 000 төгрөгийг нэмж нийт 4 190 000 төгрөгийг хадгаламжид үүсэх байсан 21 378 686 төгрөгийг хасч, 17 188 686 төгрөгийн хүүг нэмж, нийт 44 188 686 төгрөгийн тооцоо гарч байна. Нэхэмжлэгчийн хувьд 2014, 2015 онуудад Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг байсан. Иймд 44 188 686 төгрөгийг хариуцагч ******* аж үйлдвэрийн нэгдлээс гаргуулж, 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн түр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримтаас татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* яамны харьяа ******* ТӨҮГ-ын захирал байсан ******* агсантай 27 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул үүнээс үүссэн хохирлыг ******* ТӨҮГ-аас нэхэмжилжээ. Учир нь тус гэрээ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн байсан. Энэ нь албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа ******* ТӨҮГ-ын захирал ******* нь ******* амралтын газрын захирал *******гийн дарга байсан бөгөөд уг ******* рашаан сувиллын газар нь ******* ТӨҮГ-ийн харьяа байгууллага байсан. ******* нь нэхэмжлэгч ******* болон бусад 8 хүнээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаалт болон прокурорын тогтоолоор нотлогдсон. ******* нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн байгаа. Тус гэмт хэргийг үйлдсэн ******* нас барсан учир хариуцагчийн хохирлыг хариуцах хуулийн этгээдийг ******* аж үйлдвэр төрийн өмчит газрын ажил олгогч буюу ******* яам гэж үзэж байна. Учир нь Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ******* яамны харъяа байгууллага байдаг бөгөөд эзэмшигч нь төр буюу харъяа яам байдаг. ******* ТӨҮГ-ын ерөнхий захирлыг ******* яамны сайдын тушаалаар томилж, ******* яамны төрийн нарийн бичгийн дарга хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Тиймээс Иргэний хуулийн дагуу *******тэй гэрээ хийж хохирол учруулсан ******* ТӨҮГ-ын захирал ******* бол ******* яамны ажилтан учир хариуцлагыг ажил олгогч ******* яам хариуцна. Энэ нэхэмжлэл ******* ТӨҮГ-тай холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ******* ТӨҮГ-аас 25 810 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 18 378 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 893.43 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагчаас 287 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас 25 810 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 18 378 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ******* нэхэмжлэлдээ 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* яамны харьяа ******* ТӨҮГ-ын захирал *******тай 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг зээлж, бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг мөнгөн хөрөнгийг би үр, хүүхэд, ач, зээ нарынхаа ирээдүйд зарцуулахаар хадгаламжид хийсэн байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан ажлын газрын дарга ******* "манай байгууллага санхүүгийн байдалд хүнд байна, ажилчдын цалингаа тавьж чадахгүй байна, туслаач" гэсэн тул хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулан ******* ТӨҮГ, цаашлаад Засгийн газар, ******* яаманд итгэж өгсөн боловч олон жил хохироолоо гэжээ. Хариуцагч байгууллагын гаргасан гомдлоор анх 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ******* ТӨҮГ-ын захирал *******д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5/214 дугаар тогтоолоор хяналтын прокурор Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах харьяалал тогтоосны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч ******* ******* ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа ашиглан нийт 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 681 555 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож, дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллагдагчаар татаж хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 13 дугаар тогтоолоор *******д холбогдох хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай бидэнд мэдэгдсэн. Тус тогтоолд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэг бүрчлэн заасан бөгөөд ******* нь "*******" амралтын газрын даргаар ажиллаж байсан *******тэй 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 27 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 16 000 000 төгрөгийг байгууллагын кассын орлогод авч хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан 11 000 000 төгрөгийг хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон гэсэн байна. Мөн яллагдагч ******* 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газарт өгсөн байцаалтад би 11 000 000 төгрөгийг *******гээс өөрөө хувиараа зээлж авсан асуудал, 16 000 000 төгрөгийг байгууллагын цалинд тавьсан. Хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт "энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна 10.9 дэх хэсэгт хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугын асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ" гэж заасан байна. ******* мөнгийг бусадтай бүлэглэж болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгөд санаатай үйлдлээр гэм хор учруулсан нь Нийслэлийн прокурорын газрын тогтоол, Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.9 дэх заалт, яллагдагчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт "хэдийгээр татан буугдсан ******* ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан *******д эрүүгийн хэрэг үүсгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байх боловч уг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн гэмт хэргийн үйлдэл холбогдолд энэ нэхэмжлэлийн зүйл хамааралгүй" гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талыг барьж үнэлж шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт харин Нийслэлийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаар тогтоолоор *******д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон байдаг байна гэж яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуурамч нотлох баримтыг үндэслэл болгосон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт "ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан тул хуульд заасны дагуу *******гийн хохирлыг түүнд гэм хор учруулсан *******ыг ажиллуулж байсан ажил олгогч ******* яам хариуцах ёстой тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 44 188 686 төгрөгийг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ гэрээний үүргийг хариуцах этгээд нь ******* яам гэж маргажээ.

2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* ТӨҮГ, ******* нарын хооронд 27 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, түр зээлийн гэрээ байгуулагдсан, /хх5/ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, харин төлбөрийг хариуцах этгээд нь ******* ТӨҮГ биш гэж маргажээ.

******* ТӨҮГ-ын эрх, үүрэг ******* ТӨҮГ-т шилжсэн талаарх нотлох баримт хэргийн 80, 94 дүгээр талд авагдсан ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй.

Гэрээнд зээлдэгч талыг ******* ТӨҮГ гэж тодорхойлон, тус байгууллагын санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч ******* төлөөлөн хийж, гарын үсгээр баталгаажуулсан, талууд гэрээний нөхцөл, харилцан хүлээх эрх, үүргийг тодорхойлсноос гадна төлбөрөөс 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1 620 000 төгрөг /хх6/, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг /хх8/, нийт 3 620 000 төгрөгийг төлжээ. Мөн тус төрийн өмчит үйлдвэрийн газрын өглөгийн жагсаалт хэрэгт авагдсаны дотор *******гээс авсан зээл тусгагдсан байна. /хх46/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх ба зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч шаардах эрхтэй, шүүх хариуцагчаас 25 810 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь зөв байна.

Талууд зээлийн гэрээний нөхцлийг харилцан тохиролцож тогтоосон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулагдсанд тооцох тул *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгчийн зайлшгүй орох ёстой орлого буюу хохиролд тооцож 17 188 686 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдал тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч тал тайлбар татгалзал гаргаагүй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/03618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.ОТГОНЦЭЦЭГ