Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/367

 

 

 

 

 

     2025          03            25                                        2025/ДШМ/367

                                                                 

Л.М-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар /цахимаар/,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн Л.М-д холбогдох 2408 03954 0996 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Л-гийн М, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д самнах машинист ажилтай, ам бүл 2, эгчийн хамт ************* дүүрэг, ******** дугаар хороо ******** ** дугаар байр ** * тоотод оршин суух хаягтай,

урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД:********/,

Шүүгдэгч Л.М- нь "...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00:19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ********ын 11 дүгээр гудамжинд “Toyota Pruis” маркийн **-**УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: "а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн...." гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Л.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч А овогт Л-ы М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаap хасч, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Л.М-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий азрын Тээврийн цагдаагийн албанд тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Марал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.М-т оногдуулсан нэмэгдэл ялыг хэзээнээс эхлэх талаар дурдалгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.”  гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно", мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт "....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэсэнтэй нийцнэ. Шүүгдэгч Л.М-ийн хувьд гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа, хувийн байдал зэргээс хамаарч шүүхээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус түүнийг хөнгөрүүлэх, хуульд заасан хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу тэнсэн харгалзах шийтгэл ногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байгаа болно. Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан ба тус зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.М-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг торгох ялаар өөрчилж, эсхүл тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Л.М-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж байгаа. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээх, эсэргүүцлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг хэзээнээс тооцож эхлэхийг зааж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Л.М-ийг “2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00:19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ********ын 11 дүгээр гудамжинд “Toyota Pruis” маркийн **-** УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: "а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэхдээ прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтэд заасан зүйлчлэлд нийцүүлэн шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлтэй хэдий ч уг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.М- нь тухайн цаг хугацаанд дахин өөр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн байж болохоор байхад прокурор болон анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Тухайлбал, хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...миний ард талаас нэг машин мөргөсөн, буугаад очих гэтэл тэр мөргөсөн машин зугтаагаад яваад өгсөн. Би араас нь дагахад жалга тулаад зогссон. Жолооч нь согтуу байсан. Тухайн жолооч намайг хараад дахин ухраад миний машины урд талаас мөргөөд зогссон...” /хх 46/ гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байхад энэхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэлээ.

Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, прокурор болон анхан шатны шүүх тогтоосон үйл баримтынхаа эхний үр дагаварт анхаарч хэргийн зүйлчлэлийг тогтоосноос үүдэн хэргийн зарим нөхцөл байдлыг орхигдуулсан зөрчил гаргасан байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор А.Маралын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Л.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор А.Маралын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд тус тус хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдан, шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ