| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0178/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/193 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Р.П-,
Шүүгдэгч П.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-т холбогдох эрүүгийн 1838000000195 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Г-,
Шүүгдэгч П.Г- нь 2017 оны 08 дугаар сараас өөрийн төрсөн эцэг Р.П- болон төрсөн дүү П.Н- нарт харгис хэрцгий хандаж, догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Г- нь 2017 оны 08 дугаар сараас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Р.П-, төрсөн дүү нарт харгис хэрцгий харьцсан, догшин авирлан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Хан-Уул дэлгүүрийн урд талд дүү П.Н-, аав Р.П- нартайгаа таарсан. Би тухайн үед П.Н- дүүгээ шууд зодох гээд дайрахад аав Р.П- маань урдуур ороод байсан. Тэгэхээр нь аавтай зууралдаж байхдаа түлхэж холдуулаад нэг удаа өшиглөсөн. … Би аавыгаа архи уугаад байхаар нь маш дургүй. Архи хэрэглэсэн үедээ надтай хэрэлдэж маргаан үүсгэдэг. Үүнээс болоод би аавыгаа зоддог байсан. …би аав Р.П-ийгоо наснаасаа илүү зодолдож байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 51дүгээр хуудас/,
Хохирогч Р.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүүдээ гомдолгүй. Миний буруу байдаг юм… гэв. Хохирогч Р.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... П.Г- надад чамайг алчихсан байхад ялыг нь үүрчих нас надад байгаа шүү гээд байнга заналхийлж ална гэж дайрч зодох бүртээ хоолой боож, гараа атгаж толгой, нүүр лүү цохиж, гар хөл өчиж, газарт унагааж хавирга, ходоод гэдэс рүү өшиглөдөг. 2013 оны 01 дүгээр сард гэртээ түлээ авах гэж байсан мөнгийг П.Г- авч үрээд тэрнээс болж бид хоёр маргалдаж П.Г- намайг зодож миний зүүн талын хоёр хавирга хугарч байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, яс нь товойж бороолж эдгэрсэн, одоо гаднаас нь яс мэдрэгддэг. Тэгээд удаагүй П.Г- Улаанбаатар хот руу ажилд яваад 6 сард Мөрөнд ирээд миний хадгалуулсан мөнгийг үрсэн байна гээд намайг зодож миний нүүр битүү хавдаж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гомдолгүй гээд салж байсан. 2017 оны 08 дугаар сард П.Г- намайг гэрт гал түлсэнгүй гэж уурлаж миний гарыг ард минь гавлаж нүүр ам, гар хөл рүү өшиглөж зодсон. Тухайн үед мөн л цагдаад дуудлага өгөөд П.Г- уйлж унжаад дахиж тэгэхгүй гээд уучлалт гуйгаад байхаар нь гомдлоосоо татгалзаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын эхээр П.Г- бага охин Н-г манай эхнэрт хувцаснаасаа өгсөнгүй гэж зодож хоолойг нь боож, хөл гар руу нь өшиглөж зодож цохиод байхаар нь би салгах гэж байгаад бас зодуулж хоолойгоо боолгож нүүр ам руугаа цохиулж байсан. 2018 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн 4-нд П.Г- эхнэртэйгээ золгож ирээд манай эхнэрийг хүндэлсэнгүй гэж намайг газарт унагаагаад гарыг минь ард өчиж байгаад миний толгой чих рүү хэд хэд хүчтэй цохисон. П.Г-ийн эхнэр нь салгаад аваад явсан. 2018 оны 03 дугаар сард цэргийн баярын өмнөхөн П.Г- намайг бас л дайрч давшилж зодоод авдарны урд зогсож байтал П.Г- эргэж үсрээд хөлөөрөө цээж рүү өшиглөхөд би арагш унахдаа авдарны ирмэгт толгойгоороо цохигдож унаад ухаан балартаж, таталт өгсөн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр П.Г- намайг бас л толгой тархигүй зодож гэмтээсэн. Би өргөдөл бичиж цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр П.Г- охин дүү П.Н-тэй маргалдаж хэрүүл хийгээд байхаар нь урдаас нь ганц үг хэлтэл П.Г- намайг барьж аваад боож нүүр нүдгүй цохиод ухаан балартаж унасан байсан. …Миний хааяа архи уучихдаг нь буруу ч би сүүлийн үед архи уухгүй байгаа. П.Г- намайг эрүүл ч байсан согтуу ч байсан байнга зоддог … гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … П.Г- уурлаж аавыг орон дээр сууж байхад нь барьж аваад боож унагаагаад алгадаж газарт унагаагаад цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг салгаж чадахгүй байсан тул ээж цагдаагийн газарт дуудлага өгсөн. …Тэр өдөр гэртээ байж байтал П.Г- надруу залгаад “пизда минь чи мөнгө төгрөг гүйцээгээд хийчихгүй яасан юм бэ” гэхээр нь би “надад одоогоор мөнгө төгрөг олдохгүй байна. Та ч гэсэн надаас зөндөө юм аваад нэгийг нь ч гэсэн буцааж өгч байгаагүй шүү дээ” гэхэд П.Г- “чамайг одоо очиж нөхөртэй чинь хамт ална шүү” гэж утсаар заналхийлсэн. …Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хажууханд явж байтал урдаас П.Г- гарч ирээд намайг цохих гэхэд аав миний урдуур ороод П.Г- аавын хамар луу нь цохиж цусыг нь гоожуулсан. ... Манай охин дүү Н-г сургуульд сурдаг байхад нь П.Г- 2-3 удаа алгадаж зодож байсан. Энэ өвөл Н-г амраад ирэхээр нь өмсөж ирсэн хувцсыг нь П.Г- хүчээр авч найз охиндоо өгөөд буцааж авч өгөөгүйгээс болж Н- П.Г- ах хоёр маргалдаж П.Г- ах Н-г алгадаж зодож байсан... П.Г- ах 15-16 настай байсан санагдаж байна, манайхыг 1-30-04 тоотод байдаг байхад аав, ээж хоёрыг зодож эхэлж байсан. П.Г- одоог хүртэл аавыг зодож байгаа. Тэрнээс хойш би сайн мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... П.Г- намайг байнга л ална шүү янхан минь гичий минь гэж доромжилж бид нарыг үргэлж л ална гэж сүрдүүлж та нарыг алчихсан байхад ялыг нь эдлэх нас надад байна гэж заналхийлдэг. Одоогоос 7-8 жилийн өмнө П.Г- намайг зодож толгойг минь хагалж байсан. П.Г- намайг түлээ модоор цохиж зоддог байсан. Харин өнгөрсөн өвлөөс миний бие өвдөж хөл хөдлөхөө больж нуруунд суулт өгснөөс хойш П.Г- намайг зодож цохиогүй. П.Г- аавыгаа байнга зодож цус нөжтэй нь хольж байдаг, аавынхаа толгойг нь хэд хэдэн удаа хагалж байсан. Бид нар ойртож чаддаггүй. П.Г- дүү охидуудаа ч бас зодож цохиж дарамталдаг. …гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Н.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шиг санагдаж байна. Үдээс хойш өнгөрч байхад надруу П.Г- гэх залуу залгаад: Би П.Н-ийг очиж ална, миний эхнэрийг янз бүрээр хэлээд байна гэж хэлээд утсаа тасалчихсан. …Тэгээд би ажил дээр байж байхад Далайцэрэн өрөө рүү орж ирээд П.Г- шүүхээс зугатаахаар нь аваад ирлээ. Аавыгаа дахиад зодсон байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэн Даваагаас ирүүлсэн Мөрөн сумын 13 дугаар баг мах маркетийн хажуугийн хашаанд хүү П.Г- нь аав Р.П-ийгоо зодсон гэх гомдол мэдээллийг шалгаж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэн П.Г-оос мэдүүлэг авахад байцаагчийн өрөөнд аав Р.П- руугаа залгаад: Цагдаагийн хажууд хэлчихье би та нарыг очиж алаад шоронд чинь явна. Юмыг дутуудуулахаар ийм байдаг юм. Нэг мөсөн гүйцээнэ гэх мэтээр заналхийлж байсан. … би жолооч цагдаа Бямбасүрэнгийн хамтаар албаны машинтай П.Г-ийн араас явж Мөрөн сумын 7 дугаар багт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гадна очиход П.Г- нь дэлгүүрийн урд сууж байсан. Тухайн үед П.Г-ийг машинд суу гэж хэлэхэд суухгүй цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжилж олон нийтийн газар орилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Р.-, Д.Б- нарын мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.25-ны өдрийн 155 дугаартай П.Г-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил үйлдсэнд” баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэвэр/ хх-ийн 63 дугаар хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн “П.Г-ийн гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хүнийг зодсон талаарх” торгуулийн хуудасны бүртгэл/ ххийн 66-67 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.05.29-ний өдрийн 245 дугаартай: Эмнэлгийн бичиг баримт болон бусад холбогдох баримт байхгүй тул тухай үед учирсан гэх гэмтлүүдийг тогтооох боломжгүй байна гэх дүгнэлт/ хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч П.Г-ийн хувийн байдлын талаарх: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 56-61 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн 1838000000195 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч П.Г- нь хохирогч Р.П-ийн согтуурсан үедээ зүй бус үйлдэл гаргадаг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг, эх, ах дүү нарын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2017 оны 08 дугаар сараас төрсөн эцэг Р.П- болон төрсөн дүү нарт байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн.
Хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалд нийцсэн гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч П.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн 1838000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1838000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР