| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2407000000254 |
| Дугаар | 2025/ДШМ/400 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/400
2025 04 03 2025/ДШМ/400
Б.П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оюундарь,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2407 00000 0254 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Б-ийн П, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "*******" ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт, *******дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, /РД:*******/;
урьд ***** аймгийн ***** сумын Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" амралтын газарт иргэн О.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "Баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстанд шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Б.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.П давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие "**" ресторанд хуриманд уригдаж очсон. Б- бид хоёр хашаанаас хол очоод маргалдсан, улмаар намайг цохиод авахаар нь зөрүүлж цохиод харилцан зодолдсон. Тухайн үед миний гар, хөл халцарсан, тохой, өвдөг шалбарсан, толгой тархи овойж хавдсан, уруулын дотор тал язарч хавдсан, баруун хацар шалбарсан, баруун нүд хөхөрсөн байсан.
Энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа дуудсан, "Тэр амралтын газар чинь манай харьяаллынх биш юм байна. Координатыг нь тогтооно" гээд явуулсан. Тэгээд нэг хэсэг таг чиг болохоор нь гайгүй юм байх гэж бодоод явж байхад Налайхын цагдаагаас 20-иод хоногийн дараа дуудсан. Тэр үед миний шарх сорви бараг эдгэж дууссан. Гэхдээ утсан дээр зураг хадгалагдаж үлдсэн байгаа.
Миний бие "*******" ХХК-д борлуулагчаар ажилладаг бөгөөд манай ажил Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Миний бие Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт явж борлуулалт түгээлт хийдэг учир өглөө эрт гараад орой гэртээ харьдаг. Б-тэй харилцан зодолдсоны улмаас түүнд хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байгаа бөгөөд гэм буруу дээрээ маргахгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.П нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны шөнө “*******” амралтын газар бусдын хуримд очсон үедээ бусадтай харилцан зодолдсон хэрэгт холбогдсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд ганцхан гэрч Б-аас мэдүүлэг авсан бөгөөд хохирогч О.Б-ийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн. Мөн Б- нь “манай ажлын Д хэлэхдээ Б нь зүгээр бүжиглэж байсан хүнийг өдөөд, томроод байсан. Дараа нь зодуулчихлаа гээд явж байсан” гэж мэдүүлсэн. Мөн энэ хэргийн талаар мэдэх эхнэр А болон П, Д, Н нарын нэр дурдагдсан байдаг боловч эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ганцхан гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Тухайн гэрчийн мэдүүлгээс харахад хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ гэмт хэрэг гархад нөлөөлсөн гэж үзсэн. Мөн хэргийн харъяаллаас болж Төв аймаг, Налайх дүүргийн хооронд шилжиж явахад миний үйлчлүүлэгчийн биед учирсан гэмтэл эдгэсэн бөгөөд сүүлд нь шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн боловч шүүгдэгчийн хацар болон биед нь гэмтэл тогтоогдсон гэж шинжээчээс дүгнэсэн. Иймээс тухайн үед болсон үйл явдлаас харахад хохирогч О.Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “толгойн тус газар танихгүй хүн юмаар цохичихлоо” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт байна. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн шүүгдэгч Б.П нь 2001 онд буюу 24 жилийн өмнө ял шийтгэл эдэлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын тухайд алслагдсан дүүрэгт борлуулалтын ажил хийдэг учраас шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй улмаар ажилгүй болох, ам бүлээ тэжээх боломжгүй болох учраас гэм буруугийн талаар маргаагүй тул ялын төрлийг сольж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан бөгөөд уг гомдлыг дэмжиж оролцож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар сольж өгнө үү...” гэв.
Прокурор Э.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Тухайн оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд нь тохирсон. Мөн ялыг шүүхээс Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дагуу оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.П-йн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан ялын төрлийг солих үндэслэлгүй байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.П-йн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" амралтын газарт иргэн О.Б-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, О.Б-ийн толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстанд шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,
- Хохирогч О.Б-ийн: “...2024 оны 8 дугаар сарын 7-нд хурим тарж байхад Б танихгүй залуутай маргалдаж байхаар нь “Хурим найр болж байна, боль” гээд салгасан. Нөгөө залуу нь намайг “Хоёулаа тамхилъя” гээд бид авто зогсоолын хойно очтол толгойн ар дагз хэсэгт нэг зүйлээр цохих шиг болсон. Нэг ухаан ороход би доошоо хараад хэвтсэн, нөгөө залуу миний нуруун дээр суучихсан намайг зодож байсан. Нүүр хэсэгт 13-14 удаа цохиж, зүүн гарыг хөшиж мушгиад байсан...” /хх 11-12/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төв аймаг дахь шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 494 дүгээр: “...О.Б-ийн биед баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстанд шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстаны шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” дүгнэлт /хх 25-28/,
- шүүгдэгч Б.П-н яллагдагчаар өгсөн: “...Хуриманд оролцоод согтсон байхдаа Б-тэй шүргэлцээд, бид хоёр маргалдсан. Б- бид хоёр хашаанаас гараад харилцан зодолдсон...” /хх 50/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.П-йг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.П-йн хохирогч О.Б-ийн биед баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстаны шарх гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.П “...гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, харин нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 250 (хоёр зуун тавин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахайнгай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ