Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 312/шш2025/01932

 

 

 

 

 

 

 2025 10 21 312/ШШ2025/01932

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******, утас: *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар:, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 84 208 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.

Хариуцагчийн төлөөлөгч С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ************** ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багт харъяалагдах Үйлчилгээний төв гэж нэрлэгдсэн худалдаа үйлчилгээний зориулалттай 9349 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар /үл хөдлөх эд хөрөнгө оршин байрладаг/ эзэмшдэг. Уг худалдаа үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн баруун талд ******* од рөус оф шарон ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө манай компаний Үл хөдлөх эд хөрөнгийн барилгын үндсэн сууринд нөлөөлөх хэмжээний газарт барилгын ажлыг гүйцэтгэх ямарч зөвшөөрөлгүй дур мэдэн ухаж барилгын үндсэн суурь хэсэгт сөргөөр нөлөөлөн манай компаний өмч хөрөнгө эвдэрч нурах байдлыг үүсгэлээ. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн газар доорх хэсэгт дулааны бүх шугам сүлжээ, дулааны узель, мөн ухсан нүхний яг доогуур бохирын шугам байдаг бөгөөд өвөл болж хүйтэрч халаалт дулаанаа авахад, уг подвалийн дулаалгыг хуулсан учир эдийн засгийн алдагдал гарч, дулааны алдагдал үүсэх /их хэмжээний уур савсах, цантах/ зэрэг сөрөг нөлөө үзүүлж манай болон бусдын эд хөрөнгө болон барилгын сууринд шууд нөлөө үзүүлж, маш их хохирол үүснэ гэж сануулан, захирал гэх С. гэгчид энэ үйл ажиллагааг зогсоо гэсэн шаардлага тавихад, чамд хамаагүй гэж элдвээр доромжлон дайрч, шаардлагыг хүлээж аваагүй тул энэ талаар ГХБХБГазар болон, Орхон аймгийн прокурорын газарт 2024 оны 10 дугаар сарын 12-ний өдөр тус тус гомдол гаргасан.

Гомдлын дагуу ГХБХБГазраас зөрчлийн хэрэг нээн хариуцагч С.д зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2025 оны 02 дугаар сарын 27 -ны өдөр биелүүлэхээр даалгасан боловч тогтоосон хугацаанд зөрчлийн үр дагаврыг арилгаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4.5-д зааснаар С.д зөрчлийн үр дагавар арилгуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2525000283 дугаартай зөрчлийн хэргийг хүргүүлсэн. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д. хүсэлтийг буцаасан. Иймд манай компани өмч хөрөнгө одоог хүртэл эвдрэлтэй мөн ухсан нүхнээс болж дэлгүүрийн үйлчлүүлэгчийн зорчих хэсгийн шат нурах аюултай эрсдэл үүсээд байна. Иймд манай зүгээс хэвийн байдалд нь буцаан оруулж хохирсон эд хөрөнгөө сэргээн засварлахад шаардлагатай дараах учруулсан хохирлыг барагдуулах төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хууль зөрчсөн зөрчлийн үр дагаврыг өнөөдрийг хүртэл арилгаж хуучин байдалд нь оруулахгүй байгаа, дараах зардлыг гаргуулж энэ үр дагаврыг арилгах шаардлагатай боллоо.

1.    Зоорийн ханын дулаалга 12 мкв зардал /5.000.000/төгрөг

2.    Бетонон ханан бэхэлгээ 14 мкв зардал /5.320.000/ төгрөг

3.    Дүүргэлтийн элс дайрга, 20мкуб зардал угаасан элс 1 мкуб 48.0000 төгрөг, зардал /10.000.000/төгрөг

4.    Ажиллах техникийн түрээс 1 цаг 250.000 төгрөг өдрийн 8 цагаар ажлын 10 өдөр зардал /20.000.000/ төгрөг

5.    Ажиллах хүчний зардал 1 хүн өдөр 165.000 төгрөг зөвхөн мэрэгжлийн бус ажилтан 6 хүн ажиллуулахад ажлын 21 хоног 20.970.000 төгрөг

6.    Битон зуурмагийн зардал 10 мкуб 1 мкуб 380.000 төгрөг, зардал 3.800.000 төгрөг

7.    Үйлчлүүгчдийн явах зориулалттай шат цутгаж угсрах 9,6 мкуб зардал 3.648.000 төгрөг

8.    Хэв хашмалын түрээс 1.000.000

9.    Орчны тохижилтыг сэргээх 2.000.000 төгрөг

10.  Зоорийн давхрын ус нэвтрүүлэхгүй чигжээс 3.000.000

11.  Хаяавч битон цутгалт 10 мкуб зардал 3.800.000 төгрөг

Мэргэжлийн инженер 1 хүн, 1 өдрийн 270.000 төгрөг, ажлын 21 хоног 5.670.000 төгрөг, бүгд нийт зардал 84.208.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд манай ******* ******* Рөүс ОФ ХХК-д холбогдуулан ************** ХХК-с 84 208 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Тухайн нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрийнх нь компаний өмч хөрөнгөд манайхыг халдсан. Түүний улмаас 84 208 000 төгрөгийн хохирол үүссэн гэж тайлбарлаж байна. Тухайн газрын өмчлөл эзэмшилтэй холбоотой 25 аж ахуй нэгж байгууллагын газрын асуудлыг Орхон аймгийн Засаг даргад хандан хуулийн дагуу шийдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талаар энэхүү маргаж буй нураасан хэсэг нь нэхэмжлэгчийн өмч биш манай өмч юм. Өөрөөр хэлбэл анх манайд энэхүү газрыг зарсан иргэн өөрөө холбогдох баримтаараа түүнийг нотолж өгсөн байгаа тул манай байгууллага хүйтэн салхинаас хамгаалах хамгаалалт барих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын шат хийх зорилгоор түр нурааж дараагийн барилгын ажил хийгдэхээр бэлдэж байхад нэхэмжлэл гаргаж иргэний маргаан үүсгэжээ. Мөн нэхэмжлэгч өөрийн өмч бүхий хөрөнгөдөө хохирол үүссэн талаар маргаж байгаа бол өөрийн өмчөө нотлох үүрэгтэй. Гэтэл өөрийн өмчид нь манай байгууллага учруулчихсан байгаа бодит хохирол тогтоогдохгүй байгаа тул барилгын мэргэжлийн хөндлөнгийн шинжээч томилж өгөхийг хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, бараа бүтээгдэхүүний үнийн санал хүргүүлсэн тухай албан бичиг /хх-6/, зөрчлийн хэргийн хуулбар /хх-8-19/, Орхон аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, тогтоол, албан бичиг /хх-20-23/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 704 дугаартай газар эзэмшлийн нэгж талбарын зураг /хх-93-94/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-43-57/, Орхон аймаг, Баян-Өндөр сум И март дэлгүүрийн өргөтгөлийн барилгын зураг хуулбар /хх-58-76/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-64-66/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 565 дугаартай газар эзэмшлийн нэгж талбарын зураг, зөрчлийн хэргийн хуулбар, шийтгэлийн хуудас /хх-123-147/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан хохирол 84 208 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Манай ************** ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багт харъяалагдах Үйлчилгээний төв гэж нэрлэгдсэн худалдаа үйлчилгээний зориулалттай 9349 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар /үл хөдлөх эд хөрөнгө оршин байрладаг/ эзэмшдэг. Уг худалдаа үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн баруун талд ******* од рөус оф шарон ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө манай компаний Үл хөдлөх эд хөрөнгийн барилгын үндсэн сууринд нөлөөлөх хэмжээний газарт барилгын ажлыг гүйцэтгэх ямарч зөвшөөрөлгүй дур мэдэн ухаж барилгын үндсэн суурь хэсэгт сөргөөр нөлөөлөн манай компаний өмч хөрөнгө эвдэрч нурах байдлыг үүсгэлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн газар доорх хэсэгт дулааны бүх шугам сүлжээ, дулааны узель, мөн ухсан нүхний яг доогуур бохирын шугам байдаг бөгөөд өвөл болж хүйтэрч халаалт дулаанаа авахад, уг подвалийн дулаалгыг хуулсан учир эдийн засгийн алдагдал гарч, дулааны алдагдал үүсэх /их хэмжээний уур савсах, цантах/ зэрэг сөрөг нөлөө үзүүлж манай болон бусдын эд хөрөнгө болон барилгын сууринд шууд нөлөө үзүүлж, маш их хохирол үүснэ гэж сануулахад захирал С. нь чамд хамаагүй... гэсэн. Иймд ухсан нүхийг хэвийн байдалд оруулахад гарах зардал 84.208.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: ...энэхүү маргаж буй нураасан хэсэг нь нэхэмжлэгчийн өмч биш манай өмч юм. Өөрөөр хэлбэл анх манайд энэхүү газрыг зарсан иргэн өөрөө холбогдох баримтаараа түүнийг нотолж өгсөн байгаа тул манай байгууллага хүйтэн салхинаас хамгаалах хамгаалалт барих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын шат хийх зорилгоор түр нурааж дараагийн барилгын ажил хийгдэхээр бэлдэж байхад нэхэмжлэл гаргаж иргэний маргаан үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч өөрийн өмч бүхий хөрөнгөдөө хохирол үүссэн талаар маргаж байгаа бол өөрийн өмчөө нотлох үүрэгтэй. Гэтэл өөрийн өмчид нь манай байгууллага учруулчихсан байгаа бодит хохирол тогтоогдохгүй байна. *******оо би ухсан газраа булчихсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төв худалдаа үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх эд хөрөнгөд ************** ХХК болон ******* од рөус оф шарон ХХК-иуд үйл ажиллагаа явуулдаг байх ба 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө ******* од рөус оф шарон ХХК-ийн захирал С. нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн өмнө хэсэгт байрлах гадагш гарсан шатыг буулгаж, газрыг ухсан гэдэгтэй маргаагүй бөгөөд энэ үйл баримт нотлогдож байна.

6. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ, 134.2.-д хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж заасан.

7. Талуудын тайлбараар ************** ХХК болон ******* од рөус оф шарон ХХК-иуд нь Үйлчилгээний төв гэх худалдаа үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгө дотор тус тусын үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг байх ба энэ хоёр аж ахуй нэгжийн үл хөдлөх хөрөнгө аль хэсгээрээ хөрш залгаа болох нь тодорхойгүй, газар нь бүхэлдээ ************** ХХК-ийн эзэмшилд байдаг болох нь нотлогдож байна.

8. Нэхэмжлэгч нь, хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас Үйлчилгээний төв үл хөдлөх эд хөрөнгийн барилгын үндсэн суурь хэсэгт сөргөөр нөлөөлөн манай компаний өмч хөрөнгө эвдэрч нурах байдлыг үүсгэсэн, тус газар доорх хэсэгт дулааны бүх шугам сүлжээ, дулааны узель, бохирын шугам байдаг, өвөл болж хүйтэрч халаалт дулаан авахад, уг подвалийн дулаалгыг хуулсан учир эдийн засгийн алдагдал гарч, дулааны алдагдал үүсэх /их хэмжээний уур савсах, цантах/ зэрэг сөрөг нөлөөтэй тул маш их хохирол үүснэ гэж байгаа боловч энэ байдлаа нотлох баримтаар нотолсонгүй.

Тодруулбал, барилгын суурьт нөөлөн нурах байдлыг үүсгэсэн гэдгийг юунд үндэслэсэн, энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан талаар баримтгүй, мөн тус газар доор /ухсан нүхний доор/ дулааны бүх шугам сүлжээ, дулааны узель, бохирын шугам байдаг гэх боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, подвалийн дулаалгыг хуулсан гэх боловч энэ нь мөн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

10. Хэдийгээр нэхэмжлэгч нь Эрдэнэт самушил ХХК-иар зардлын тооцоог гаргуулсан гэж байгаа боловч энэ нь албан ёсоор шүүхээс томилогдон дүгнэлт гаргаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийгдсэн дүгнэлт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн хариуцагч ******* од рөус оф шарон ХХК-ийн захирал С.д Зөрчлийн тухай хуулийн 8.1. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон гэж үзэхээргүй байна.

11. Иймд ******* од рөус оф шарон ХХК-иас 84 208 000 төгрөг гаргуулах ************** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 990 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1., 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэгт заасныг баримтлан ******* од рөус оф шарон ХХК-иас 84 208 000 төгрөг гаргуулах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА