Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ботокара овогт Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000383 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, Нью грийн лайф ХХК-ийн салбар болох Шувуун фабрикт барилгын хуурай хольцны үйлдвэрт ахлах оператор, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж.М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн замд Iveco ML 120 маркийн 72-34 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Э.Гыг /8 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.М: “...2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хийгээд машин унаад явж байхдаа сонор сэрэмжгүй байдал гаргаж осол гаргасандаа харамсаж байна. Миний амьдралыг бодож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчид 17,500,000 төгрөг төлсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шувуун фабрикийн төвөөс аавтайгаа хамт явж байгаад нэг мөнгөний машины хажуугаас дугуйгаа аваад зам гарах гэж байгаад нэг машинд мөргүүлсэн. ...Би машин ирж байгааг хараагүй осол гарсаны дараа ухаан алдсан байсан...” /1-р хх-ийн 29-30/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг болж байхад нөхөр Эрдэнэбулган утсаар залгаад хүүхэд машинд дайруулаад хөл нь хугарчихлаа, яаралтай гэмтлийн эмнэлэг дээр ир гээд дуудсан. Тухайн осол хэрэг гарах үед аав нь машинтай, араасаа дагуулаад явж байсан байна лээ. Осол гарснаас хойш манай хүү 7 удаа хагалгаанд орсон,  цаашид 4-5 удаа хагалгаа хийлгэнэ гэсэн...” /1-р хх-ийн 27-28/ гэсэн,

 

Гэрч Ж.Кенжабек мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Iveco маркийн автомашинд 8 тонн хар замаск ачаад Хан-Уул дүүргийн нутаг, Шувуун фабрикийн үйлдвэрээс Мишээл экспо төв орох гээд машиныг ах М жолоодоод, би хажуугийн суудалд суугаад төв замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй 30-40 км цагийн хурдтай явж байхад туслах замаас унадаг дугуйтай хүүхэд манай машины баруун хажуугаас гэнэт гараад ирсэн. Тэгээд ах дуут дохио өгөөд зайлуулж зүүн гар тал руугаа дараад эгнээндээ орж нөгөө хүүхдийг өнгөрчихлөө гээд машинаа замаас чөлөөлж зогсоод яасан тэнэг хүүхэд вэ гээд машинаас бууж харахад нөгөө хүүхэд дугуйтайгаа газар уначихсан байсан. ...Би тэр хүүхдийг туслах замаар явж байхыг бол харж байсан, харин хажуу талаас гэнэт ороод ирнэ гэж бодоогүй. ...Хүүхэд ирж байхыг 50 метр орчмын зайнаас харсан. Хүүхэд мөргүүлсэн гэх газраас 30 орчим метр газарт замаа чөлөөлж зогссон. ...Тоормос гишгэх боломжгүй байсан. Хэрвээ тоормос гишгэсэн бол хүүхэд урдуур ороод ирэх байсан байх. Яагаад гэвэл хүнд ачаатай явж байсан учраас хүүхдээс зугтааж эсрэг урсгал руу тойрч орсон...” /1-р хх-ийн 161, 2-р хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч Ц.Энхтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Аврах гал унтраах 65 дугаар ангийн баруун хойд талын харуулын цонхоор хүүхдээ ирж байна уу гээд хараад сууж байхад баруунаас зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн ачааны автомашин дуут дохио өгөхөөр нь зам руу харахад унадаг дугуйтай хүүхэд нь туслах замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан, тэгээд цагаан өнгийн ачааны автомашин төв замаар явж байхдаа дуут дохио өгөөд байхад дугуйтай хүүхэд зогсохгүй нөгөө цагаан машинтай юу юугүй зэрэгцээд ороод ирсэн, тэгсэн цагаан ачааны машины жолооч нь машиныхаа тоормосыг гишгээд эсрэг урсгал руугаа зайлуулж дарахаар нь би амжаад том машиныг гарчихлаа гэж бодтол унадаг дугуйтай хүүхэд газар дугуйтайгаа уначихсан байсан. ...Цагаан автомашины жолооч нөгөө хүүхдийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш нь дараад бараг шахуу эсрэг урсгалд орж хүүхдийн хажуугаар гарах үед нөгөө хүүхэд дугуйгаа зогсоож чадалгүй машины баруун хойд хэсэг рүү мөргөөд газар унасан...” /1-р хх-ийн 164, 2-р хх-ийн 16-17, 19, 53/ гэсэн,

 

Гэрч Н.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “..2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 300 тоот хашаанаас гараад найз Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нарын хамт үсчин орохоор явж байхад төв замаараа баруунаас зүүн гар тийш нэг цагаан өнгийн Майти маркийн автомашин ирж байгаа харагдсан. Тэр үед баруунаас зүүн гар тийш нэг цагаан өнгийн дугуйтай хүүхэд туслах замаар ирж байгаа харагдсан. Тэр үед бид нар зүүн хойноос баруун урагш явж байсан ба нөгөө цагаан өнгийн Майти хүүхдийг хараад нэг удаа дуут дохио өгөөд ямар нэг тоормоз гишгэсэн зүйлгүйгээр шууд орж ирээд нөгөө хүүхдийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тал руугаа дараад тойрч гарах хөдөлгөөн хийсэн ба машиныхаа баруун хойд хэсгээр нөгөө хүүхдийг шүргэж унагасан гэж бодож байна. Тэгээд нөгөө машин ойролцоогоор 100 гаран метр газар яваад зогссон...” /1-р хх-ийн 170/ гэсэн,

 

Гэрч С.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед манай хүүхэд Шувууны төвөөс дугуйгаа аваад би өмнө машинтай явж байгаад осол хэрэг гардаг газрын хойд талд замаас гараад замынхаа хойд талд зогсож байсан. Тэгээд байж байхад хот тал руу нэг цагаан өнгийн машин хурдтай ирж байсан ба би хүүхдээ эргээд хартал хүүхэд нөгөө цагаан өнгийн машинд дайруулчихсан замын голд хэвтэж байсан. Мөргөсөн машин нь осол хэрэг гарсан газраас нилээд хол гүүрний наад талд очоод зогсчихсон байсан...” /1-р хх-ийн 172-173/ гэсэн,

 

Гэрч Л.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт үсээ засуулах гээд гэрээсээ гараад байрны буудал руу орох гээд ШТС-ын зүүн талаар явж байсан. Тэр үед баруунаас зүүн тийш нэг цагаан өнгийн Майти маркийн автомашин явж байснаа замын урд талд явж байсан дугуйтай хүүхдийг хараад 3-4 удаа сигналдсан. Тэгээд явж байснаа зүүн гар тийш дарах шиг болохоор нь хартал нөгөө дугуйтай хүүхэд замын голын цагаан зураасан дээр унасан байсан. Тэгэхээр нь очиход замын голд толгой, гар нь зүүн тийш харсан байдалтай, дугуй нь нэг метр орчим газарт зайтай байсан...” /1-р хх-ийн 174-175/ гэсэн,

 

Гэрч М.Дайриймаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өнөрмаа бид хоёр байхад эмч байна уу гээд нэг эрэгтэй хүүхдийг аав нь тэвэрчихсэн орж ирсэн. Үзлэг хийгээд зүүн хөлний шагай шилбэ яс хугарсан байдалтай, шилбэ ясны урд хэсгээр зулгарсан байсан. Тэгээд чиг тавьж боолт хийгээд өвчин намдаагч тариа хийгээд гэмтлийн эмнэлэг рүү явуулсан...” /2-р хх-ийн 106/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Ц.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Iveco маркийн 72-34 УБИ улсын дугаартай машин нь Улаанбаатар такси ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа. Гэхдээ манай байгууллага түрээсийн гэрээг уг автомашиныг 2017 оны 02 дугаар сараас эхлэн хариуцаж байгаа. Уг автомашин 2017 оны 04 дүгээр сард үзлэг оношлогоонд орсон. Тухайн өдөр М өөрөө автомашинаа шалгаж ажил үйлчилгээндээ гарсан...” /1-р хх-ийн 181-182/ гэсэн,

 

Шинжээч М.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Гыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзэн, мөн өвчний түүхтэй танилцаж дүгнэлтийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Үзүүлэгчид учирсан дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духын дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь цохигдох, мөргөгдөх, шидэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь босоо байрлалаас үүсэх боломжтой. Тархины гэмтлүүд мөргөгдөх, цохигдох унах үед үүссэн байх боломжтой. Харин унадаг дугуйтай хүүхэд дугуй унаад явж байх үед машинд мөргөгдөөд дугуйндаа орооцолдож газар унасан тохиолдолд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд чөлөөт уналтын үед огт үүсэхгүй. ...Мөргөгдөх, цохигдох, шидэгдэх үйлчлэлийн дараа гэмтлүүд нь үүсэх боломжтой...” /2-р хх-ийн 88-89/ гэсэн,

 

Шинжээч Ж.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг дүгнэлт дээр 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг уг хавтаст хэрэгтэй танилцаад 201724000383 дугаартай хэргийн 2 дугаар хавтасны 14,15-р хуудсанд байх, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Л.Ууганбаярын асуусан гэрч Кенжэбекийн өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг мэдүүлгээр унадаг дугуйтай хүүхэд явж байхыг гэрч, жолооч аль аль харсан байдаг. Гэтэл аюул саад бий болж болзошгүй нөхцөл үүсч байхад жолооч зогсоох арга хэмжээ аваагүй. Уг нь дүрмийн дагуу зогсоох арга хэмжээ авсан бол хүүхэд мөргөхгүй байх боломжтой байсан. Жолооч хүүхдийг харчихаад дуут дохио өгөөд явж байсан. Тэгээд чигээрээ явж байхад нөгөө хүүхэд гэнэт орсон гэж байгаа нь аюул саад болохыг мэдсээр байж зогсоох арга хэмжээ аваагүй...” /2-р хх-ийн 174-175/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд би 72-34 УБИ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Шувуун фабрикт байрлах өөрийн ажлын үйлдвэрээс хар замаск ачаад Мишээл худалдааны төв орж буулгах гээд кабиндаа дүү Канжебекийн хамт Шувуун фабрикийн эцэс өнгөрөөд баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн төв замаар нь 40 орчим км/цагийн хурдтай явж байхад баруун гар талаас буюу урд талын туслах замаар унадаг дугуйтай хүүхэд баруунаас зүүн тийш чиглэлтэй ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би дуут дохио өгөөд явсан чинь нөгөө хүүхэд гэнэт миний машины баруун гар талаас ороод ирсэн. Тэгэхээр нь би зүүн гар талруугаа буюу эсрэг урсгал руу дарж зайлуулчихаад буцаад эгнээндээ орж зогсоод машинаасаа бууж нөгөө хүүхдийг загнах санаатай буугаад ирэхэд унадаг дугуйтай хүүхэд машины баруун хойд талд дугуйтайгаа мордсон чигээрээ уначихсан байсан. ...Би тэр хүүхдийг ойролцоогоор 50 орчим метрийн зайнаас хараад тэр хүүхдэд дуут дохио өгсөн. Тэгээд миний баруун талын дунд хэсэг рүү гэнэт ороод ирэх шиг болохоор нь зүүн гар тал руугаа зайлуулж дарсан...” /1-р хх-ийн 214-215, 2-р хх-ийн 103-105, 181-182/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №7078 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.Гын биед дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духын дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээас хамаарна...”  /1-р хх-ийн 185/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17/043736 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. 2. Уг автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд урд буфэрийн доод хэсэг нь хагарч унасан зүүн талын хойд гэрлийн гадна бүрхүүл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын урд гэрлийн подфор асахгүй байна. Уг автомашины тоормосыг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны механизм нь стандартын шаардлага хангаж байна. Уг автомашины тоормосны механизм хийн буюу ABS  системээр тоноглогдсон, тоормос гишгэх үед зам дээр тоормосны мөр үүснэ. Уг автомашины эд ангиудын эвдрэл гэмтэл нь: Урд буфэрийн доод хэсэг хагарч унасан зүүн талын хойд гэрлийн гадна бүрхүүл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын урд гэрлийн подфор асахгүй байна. Автомашины дугуйнуудын хээ болон дугуй нь стандартын шаардлага хангаж байна.

6.7.8 Уг автомашины урд гуперийн доод хэсэг хагарч унасан зүүн талын хойд гэрлийн гадна бүрхүүл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын урд гэрлийн подфор асахгүй байгаа гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх магадлалтай ба осолд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 191-199/ гэсэн,

 

 Замын цагдаагийн албаны 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №286 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Iveco маркийн 72-34 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ж.М нь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдод зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч 8 настай Э.Г болон түүний асран хамгаалагч нь МУ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй, Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 “Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс мопедийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 204/ гэсэн,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №118 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. ...Жолооч Ж.М нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам нь хурдтай квадрат хамааралтай гэж үзвэл жолоочийн мэдүүлгээр өгсөн “50 метр зайнаас харсан” 40 км/цагийн хурдтай явсан гэх хэмжээсүүдээр үзвэл тоормосыг шууд гишгэснээс хойш ойролцоогоор 16-25 метр зайд зогсох боломжтой, тээврийн хэрэгсэл бүрэн зогсох боломжтой зайд хүүхэд, саад, аюултай байдлыг харсан гэж шинжээчид үзэж байна.

3. 1. 2 дугаар асуултын хүрээнд хариулсан

4. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөнөөр хоёр эгнээтэй, сөрөг хөдөлгөөнтэй зорчих хэсэгт эсрэг урсгал руу орох шалтгаан нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, зорчих хэсэгт алдаа байдлаар үлдсэн хөдөлгөөнгүй /эвдрэл, нүх, унасан, мод, чулуу, зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл гэх мэт/ эд зүйлийг тойрон гарах үйлдэл байдаг ба уг осол хэргийн хувьд огтлолцсон хөдөлгөөнөөс зайлуулж дарсан үйлдэл байх тул зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.

5. Осол гарахгүй байх боломж нөхцлийн талаарх асуултад техникийн шинжээчид хариулт өгөх боломжгүй.

6. Ж.М нь Iveco ML 120 маркийн 72-34 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

7. 8 настай Э.Гыг унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулсан асран хамгаалагч эцэг С.Эрдэнэбулган нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 “Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”, “Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 дүгээр зүйлд “Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчсөн байна...” /2-р хх-ийн 84-85/ гэсэн,

 

- Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №306 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Iveco ML 120 маркийн 72-34 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.М нь жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Унадаг дугуй унаж явсан Э.Гыг унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулсан асран хамгаалагч эцэг С.Эрдэнэбулган нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 “Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Хэргийн газрын үзлэгийн схем, фото зураг дээр уг зам тээврийн осол хэрэг гарсан уулзвар нь туслах замын тэмдэгтэй бөгөөд уг уулзвараар хөдөлгөөнд оролцогчид нь гол ба туслах замын уулзвараар дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцоно.

4. 1. 2 дугаар хариултаар хариулагдсан.

5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем, фото зураг дээрээс дүгнэхэд зогсоох арга хэмжээ авсангэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Дээрх асуултын хүрээнд шинжээчийн зүгээс хариулах боломжгүй болно.

7. Хохирогч Э.Г тээврийн хэрэгслийг аль хэсгээр мөргөсөн эсэхэд техникийн шинжээч нараас хариулт өгөх боломжгүй байна...” /2-р хх-ийн 169-171/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-10, 13-14, 16-21, 2-р хх-ийн 28-32/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 11-12/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 33-88/,

- Э.Г-ын өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 130-160, 2-р хх-ийн 61-66/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 199/,

- Шүүгдэгч Ж.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /1-р хх-ийн 217-230/,

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 238/,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 241/,

- Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 244-248/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /2-р хх-ийн 159/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн замд 72-34 УБИ улсын дугаартай, “Iveco ML 120” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Э.Гыг /8 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духын дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Гын “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шувуун фабрикийн төвөөс аавтайгаа хамт явж байгаад нэг мөнгөний машины хажуугаас дугуйгаа аваад зам гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. ...Би машин ирж байгааг хараагүй осол гарсны дараа би ухаан алдсан байсан...” /1-р хх-ийн 29-30/ гэсэн,

Гэрч Ж.Кенжабекийн: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Iveco маркийн автомашинд 8 тонн хар замаск ачаад Хан-Уул дүүргийн нутаг, Шувуун фабрикийн үйлдвэрээс Мишээл экспо төв орох гээд машиныг ах М жолоодоод, би хажуугийн суудалд суугаад төв замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй 30-40 км/цагийн хурдтай явж байхад туслах замаас унадаг дугуйтай хүүхэд манай машины баруун хажуугаас гэнэт гараад ирсэн. Тэгээд ах дуут дохио өгөөд зайлуулж зүүн гар тал руугаа дараад эгнээндээ орж нөгөө хүүхдийг өнгөрчихлөө гээд машин замаас чөлөөлж зогсоод яасан тэнэг хүүхэд вэ гээд машинаас бууж харахад нөгөө хүүхэд дугуйтайгаа газар уначихсан байсан. ...Би тэр хүүхдийг туслах замаар явж байхыг бол харж байсан, харин хажуу талаас гэнэт ороод ирнэ гэж бодоогүй....” /1-р хх-ийн 161, 2-р хх-ийн 14-15/ гэсэн,

Гэрч Ц.Энхтөгсийн “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Аврах гал унтраах 65 дугаар ангийн баруун хойд талын харуулын цонхоор хүүхдээ ирж байна уу гээд хараад сууж байхад баруунаас зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн ачааны автомашин дуут дохио өгөхөөр нь зам руу харахад унадаг дугуйтай хүүхэд нь туслах замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан, тэгээд цагаан өнгийн ачааны автомашин төв замаар явж байхдаа дуут дохио өгөөд байхад дугуйтай хүүхэд зогсохгүй нөгөө цагаан машинтай юу юугүй зэрэгцээд ороод ирсэн тэгсэн цагаан ачааны машины жолооч нь машиныхаа тоормосыг гишгээд эсрэг урсгал руугаа зайлуулж дарахаар нь би амжаад том машиныг гарчихлаа гэж бодтол унадаг дугуйтай хүүхэд газар дугуйтайгаа уначихсан байсан. ...Цагаан автомашины жолооч нөгөө хүүхдийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш нь дараад бараг шахуу эсрэг урсгалд орж хүүхдийн хажуугаар гарах үед нөгөө хүүхэд дугуйгаа зогсоож чадалгүй машины баруун хойд хэсэг рүү мөргөөд газар унасан...” /1-р хх-ийн 164, 2-р хх-ийн 16-17, 19, 53/ гэсэн,

Гэрч Н.Буяндэлгэрийн “..2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед үсчин орохоор явж байхад төв замаараа баруунаас зүүн гар тийш нэг цагаан өнгийн Майти маркийн автомашин ирж байгаа харагдсан. Тэр үед баруунаас зүүн гар тийш нэг цагаан өнгийн дугуйтай хүүхэд туслах замаар ирж байгаа харагдсан. Тэр үед бид нар зүүн хойноос баруун урагш явж байсан ба нөгөө цагаан өнгийн Майти хүүхдийг хараад нэг удаа дуут дохио өгөөд ямар нэг тоормоз гишгэсэн зүйлгүйгээр шууд орж ирээд нөгөө хүүхдийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тал руугаа дараад тойрч гарах хөдөлгөөн хийсэн ба машиныхаа баруун хойд хэсгээр нөгөө хүүхдийг шүргэж унагасан гэж бодож байна. Тэгээд нөгөө машин ойролцоогоор 100 гаран метр газар яваад зогссон...” /1-р хх-ийн 170/ гэсэн,

Гэрч С.Эрдэнэбулганы “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед манай хүүхэд Шувууны төвөөс дугуйгаа аваад би өмнө машинтай явж байгаад осол хэрэг гардаг газрын хойд талд замаас гараад замынхаа хойд талд зогсож байсан. Тэгээд байж байхад хот тал руу нэг цагаан өнгийн машин хурдтай ирж байсан ба би хүүхдээ эргээд хартал хүүхэд нөгөө цагаан өнгийн машинд дайруулчихсан замын голд хэвтэж байсан. Мөргөсөн машин нь осол хэрэг гарсан газраас нилээд хол гүүрний наад талд очоод зогсчихсон байсан...” /1-р хх-ийн 172-173/ гэсэн,

Шинжээч М.Золжаргалын “...Үзүүлэгчид учирсан дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь цохигдох, мөргөгдөх, шидэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь босоо байрлалаас үүсэх боломжтой. Тархины гэмтлүүд мөргөгдөх, цохигдох, унах үед үүссэн байх боломжтой. Харин унадаг дугуйтай хүүхэд дугуй унаад явж байх үед машинд мөргөгдөөд дугуйндаа орооцолдож газар унасан тохиолдолд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд чөлөөт уналтын үед огт үүсэхгүй. ...Мөргөгдөх, цохигдох, шидэгдэх үйлчлэлийн дараа гэмтлүүд нь үүсэх боломжтой...” /2-р хх-ийн 88-89/ гэсэн,

Шинжээч Ж.Энхбатын “...унадаг дугуйтай хүүхэд явж байхыг гэрч, жолооч аль аль нь харсан байдаг. Гэтэл аюул саад бий болж болзошгүй нөхцөл үүсч байхад жолооч зогсоох арга хэмжээ аваагүй. Уг нь дүрмийн дагуу зогсоох арга хэмжээ авсан бол хүүхэд мөргөхгүй байх боломжтой байсан. Жолооч хүүхдийг харчихаад дуут дохио өгөөд явж байсан. Тэгээд чигээрээ явж байхад нөгөө хүүхэд гэнэт орсон гэж байгаа нь аюул саад болохыг мэдсээр байж зогсоох арга хэмжээ аваагүй...” /2-р хх-ийн 174-175/ гэсэн,

Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд би 72-34 УБИ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодон ...төв замаар нь 40 орчим км/цагийн хурдтай явж байхад баруун гар талаас буюу урд талын туслах замаар унадаг дугуйтай хүүхэд баруунаас зүүн тийш чиглэлтэй ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би дуут дохио өгөөд явсан чинь нөгөө хүүхэд гэнэт миний машины баруун гар талаас ороод ирсэн. Тэгэхээр нь би зүүн гар талруугаа буюу эсрэг урсгал руу дарж зайлуулчихаад буцаад эгнээндээ орж зогсоод машинаасаа бууж нөгөө хүүхдийг загнах санаатай буугаад ирэхэд унадаг дугуйтай хүүхэд машины баруун хойд талд дугуйтайгаа мордсон чигээрээ уначихсан байсан. ...Би тэр хүүхдийг ойролцоогоор 50 орчим метрийн зайнаас хараад тэр хүүхдэд дуут дохио өгсөн. Тэгээд миний баруун талын дунд хэсэг рүү гэнэт ороод ирэх шиг болохоор нь зүүн гар тал руугаа зайлуулж дарсан....” /1-р хх-ийн 214-215, 2-р хх-ийн 103-105, 181-182/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7078 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.Гын биед дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духын дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  /1-р хх-ийн 185/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17/043736 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. 2. Уг автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд урд буфэрийн доод хэсэг нь хагарч унасан зүүн талын хойд гэрлийн гадна бүрхүүл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын урд гэрлийн подфор асахгүй байна. Уг автомашины тоормосыг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд тоормосны механизм нь стандартын шаардлага хангаж байна. Уг автомашины тоормосны механизм хийн буюу ABS  системээр тоноглогдсон, тоормос гишгэх үед зам дээр тоормосны мөр үүснэ. Уг автомашины эд ангиудын эвдрэл гэмтэл нь: Урд буфэрийн доод хэсэг хагарч унасан зүүн талын хойд гэрлийн гадна бүрхүүл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын урд гэрлийн подфор асахгүй байна. Автомашины дугуйнуудын хээ болон дугуй нь стандартын шаардлага хангаж байна...” /1-р хх-ийн 191-199/ гэсэн,

 

Мөн техникийн шинжээчийн 2017 оны №286 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Iveco маркийн 72-34 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ж.М нь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч 8 настай Э.Г болон түүний асран хамгаалагч нь Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй, Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 “Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс мопедийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 204/ гэсэн,

Техникийн шинжээчийн 2018 оны №118 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. ...Жолооч Ж.М нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам нь хурдтай квадрат хамааралтай гэж үзвэл жолоочийн мэдүүлгээр өгсөн “50 метр зайнаас харсан” 40 км/цагийн хурдтай явсан гэх хэмжээсүүдээр үзвэл тоормосыг шууд гишгэснээс хойш ойролцоогоор 16-25 метр зайд зогсох боломжтой, тээврийн хэрэгсэл бүрэн зогсох боломжтой зайд хүүхэд, саад, аюултай байдлыг харсан гэж шинжээчид үзэж байна.

...4. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөнөөр хоёр эгнээтэй, сөрөг хөдөлгөөнтэй зорчих хэсэгт эсрэг урсгал руу орох шалтгаан нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, зорчих хэсэгт алдаа байдлаар үлдсэн хөдөлгөөнгүй /эвдрэл, нүх, унасан, мод, чулуу, зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл гэх мэт/ эд зүйлийг тойрон гарах үйлдэл байдаг ба уг осол хэргийн хувьд огтлолцсон хөдөлгөөнөөс зайлуулж дарсан үйлдэл байх тул зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.

...6. Ж.М нь Iveco ML 120 маркийн 72-34 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь  заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саа бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 84-85/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт насанд хүрээгүй хохирогч Э.Гын өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Мийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны буюу 8 настай Э.Гын эрүүл мэндэд дух, чамархай ясны уулзвар хэсэгт цөмөрсөн, хугарал, баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тавхай ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тавхайд шарх, зүүн дал, ташаанд зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардал 17,800,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул /2-р хх-ийн 159/ энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №118 тоот дүгнэлтээр “...Дүгнэлт: ...8 настай Э.Гыг унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулсан асран хамгаалагч эцэг С.Эрдэнэбулган нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 “Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ”,

“Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 дүгээр зүйлд “Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчсөн байна...” /2-р хх-ийн 84-85/ гэснээс дүгнэхэд гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг харгалзан хүнгүйгээр унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулсан насанд хүрээгүй хохирогчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг С.Эрдэнэбулган, эх Б.Г нарын буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн байгааг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Ж.М-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлууд, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, нөлөөлсөн шалтгаан зэргийг харгалзан шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс буюу албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ял оногдуулсантай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ж.Мийн №746368 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ботокара овогт Ж.М-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Ж.М-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.М нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 201724000383 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Ж.М-ийн №746368 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн 201724000383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР