Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/358

 

 

 

 

 

  2025             03             20                                         2025/ДШМ/358

 

                                            У.Т-т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тусшүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сэлэнгэ /цахимаар/,

хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч У.Т-,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор У.Т-т холбогдох 2407 00000 0199  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт У-ын Т, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ***** дүүрэг, * дугаар хороо, **-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД: ************/,

Шүүгдэгч У.Т- нь 2024 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03:00 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "*****" нэртэй баарны үүд хэсэгт Ц.О-тэй тааралдаж зүс таних хүмүүсийн хувьд Ц.О-гээс мэнд асуусны хариуд зүй бус авирлан улмаар хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийхээр өдөөн турхирч нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож хохирогч Ц.О-гийн эрүүл мэндэд нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: У.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Т олхонууд овогт У-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Т-өөс 3,523,738 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3,959,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

            Хохирогч Ц.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хохиролыг шүүх буруу бодож гаргаж шийдвэрлэсэн. Учир нь сэтгэл санааны хохиролыг хохирогчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор хамсаатуулж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Чухамдаа намайг зодсон үйлдлийг У.Т- гаргасан болохоос би ямар нэгэн байдлаар өдөөн хатгалга хийгээгүй, У.Т- намайг зодох гэж ирээд намайг цохиж унагаснаас болж би гэмтсэн үйлдэл л байгаа. Гэтэл шүүх шууд миний буруу мэтээр дүгнэсэн нь бодит байдлыг буруугаар төсөөлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн гэрчүүд, хохирогч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй нөхцөл байдал үүсчихээд байхад тодруулаагүй, чухамдаа У.Т-ийн найз охинтой тухайн үед ямар ч холбоогүй байсан төдийгүй бидний дунд ямар нэгэн харилцаа болоогүй байхад яллах дүгнэлтэд У.Т-ийн уурлах болсон шалтгаан нь найз охинтой нь тухайн үед үүссэн харилцаанаас болсон гэж үзээд шүүх дүгнэсэн нь бодит байдлыг төөрөгдөж дүгнэсэн гэж үзэж байна. Чухамдаа тухайн үед найз охиныд нь би ороогүй аль хагас жилийн өмнөх цэнгээний газар таарч хамт суусан үйл явдлыг холилдуулж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нөхцөл байдлыг шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэсэн нь бодит байдлыг буруугаар дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн шийтгэх тогтоолд цаашид учрах эмчилгээтэй холбоотойгоор шаардлага гаргах, нэхэмжлэл гаргах эрхийг минь нээлттэй бус хаалттай байдлаар шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Хуралдааны үед миний зүгээс зөвхөн учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй шалтгаанаа тайлбарласан болохоос огт цаашид нэхэмжлэхгүй гэж тайлбарлаагүй болно. Гэтэл шүүх уг асуудлыг хэлэлцээгүй, нэхэмжлэл гаргах эрхийг хэрхэн эдлэх боломжтой талаар огт шийтгэх тогтоолд тусгаагүй нь надад учирсан хор уршгийг арилахгүйгээр тэр чигт нь дуусч байгаагаар шийдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгчид ял шийтгэл хэт хөнгөдсөн байгаа юм. Чухамдаа У.Т- маргалдаад цаашаа яваад өгч болох байсан боловч буцаж ирж намайг цохиж унагаж байгаа үйлдэл чинь шууд санаатайгаар намайг гэмтээе гэж урьдаас бодож ирсэн үйлдэл. Гэтэл тухайн үйлдэлд нь учирсан хохиролд нь хамгийн хөнгөн шийтгэл болох торгох ял 1200 000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн шийтгэл биш, хэт шүүгдэгч талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эцэст нь хэргийг бүхэлд нь хянаж зохих хуулийн дагуу шийдвэрлэж, буцааж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Хэдийгээр ял шийтгэлийг нэмэгдүүлэхгүй байгаа боловч ял шийтгэл бодит байдалд нийцсэн байх зарчимтай. Миний үйлчлүүлэгчийн нэг нүд хараагүй болсон. У.Т- санаатайгаар зодсон үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчийн биед халдан нүдэн тус газарт цохиж гэмтэл учруулснаар нэг нүдгүй, хорвоог тал байдлаар харна гэсэн үг юм. Энэ нөхцөл байдлыг харгалзахгүй шүүхээс торгох ял оногдуулсан нь бодит байдалд нийцсэн гэж үзэхэд бэрхшээлтэй байна. Хохирлын баримт гаргаж өгөөгөөгүй шалтгаан нь “Нэг нутагт байдаг юм байна, бие биеэ мэддэг юм байна, илүү дутуу юм яриад яах вэ” гэдэг байдлаар миний үйлчлүүлэгч анхнаасаа хандсан. Гэтэл шүүгдэгчийн зүгээс 2.000.000 төгрөг өгчихөөд болчихсон юм шиг байдлаар хандаад байгаа. Өнөөдрийг хүртэл Ц.О-д “Ямар эмчилгээ хэрэгтэй вэ ахаа” гэж хоорондоо ярилцдаггүй, уулздаггүй. Ц.О нь гэр бүлтэй. Сэтгэл санааны хохирлыг тооцохдоо бага хэмжээгээр тооцсон нь хуульд нийцэхгүй. Хохирсон тохиолдолд хор уршиг, үр дагаврыг тооцож гаргана уу гэхээс хохирогчийн илтэд буруутай үйлдэл байна уу, үгүй юу гэж сэтгэл санааны хохирлыг тооцохгүй. Тэгэхээр шүүх энэ нөхцөл байдлыг тайлбарлаж, сэтгэл санааны хохирлыг тооцсон нь хуульд нийцэхгүй. Шийтгэх тогтоолд хохирогчийн буруутай үйлдэл байсан гэж дүгнэсэн. Гэхдээ хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Өөрөөр хэлбэл, хоорондоо маргалдсан, салаад явахад Ц.О-г ганцаараа байхад У.Т- цохиж унагаасан үйлдэл байгаа. Ялих, ялихгүй зүйлээр далимдуулж түүнийгээ урьтал болгож цохих гэсэн хүсэл эрмэлзлээ илэрхийлж шууд очиж цохиж байгаа үйлдэл харагдаж байна. Шүүгдэгч гэм буруу, хор уршгаа ойлгохгүй байгаа нь зохимжгүй. Цаашид эмчилгээ хийлгэх эрхтэй эсэх дээр туйлын тодорхой бус дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг тусгаж өгөх нь зүйтэй...” гэв.

            Шүүгдэгч У.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

            Прокурор М.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй шалтгаанаа тайлбарласан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнтэй баримтаар нэхэмжилсэн зүйл байгаагүй. Шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн буюу 4.620.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.959.400 төгрөг хасаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх их хэмжээнийхээ хүрээнд хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

1. Шүүгдэгч У.Т- нь 2024 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03:00 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "*****" нэртэй баарны орчим Ц.О-тэй зүй бус авирлан хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь цохиж зодон хохирогч Ц.О-гийн эрүүл мэндэд нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Ц.О-гийн: “...Т-тэй таараад “Сайн уу ахын дүү” гээд мэндэлтэл "Чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон юм п... минь" гээд над руу дайрсан. Би зогсоол руу машин руугаа очтол У.Т- араас гүйж ирээд "Хоёулаа камергүй газар ороод үзье” гэхээр нь би “Үгүй” гэтэл миний нүүр рүү цохисон тэгээд би ухаан алдчихсан тэрнээс юу болсныг би мэдэхгүй байна...” /хх 9-10/,

- гэрч Э.О-ын: “...Тэр залуу муудалцаад О-тэй “Үзье” гээд байхаар нь очиж салгаад баар руу орсон. О городок руу явдаг таксины буудал дээр байж байхад О-тэй муудалцдаг залуу ирээд О-г цохичихоод машинд суугаад явсан...” /хх 11/,

- гэрч Ц.Т-ийн: “...О Т-ийн гэдэс рүү өшиглөсөн. О ардаас та нарыг ална, булшны нүхийг чинь өөрсдөөр чинь ухуулна гээд байхаар нь Т-ийг тэд нараас холдуулсан. Тэгээд Т- О-тэй уулзана гээд явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” /хх 14-15/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шинжээчийн “...Ц-ын О-гийн биед нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, тасвлавчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.11.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хх 18-19/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаар шинжээчийн “...У-ын Т-ийн биед уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үрэх, маажих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” /хх 21-22/,

Шүүгдэгч У.Т-ийн: “...Чамайг ямар ах гэх вэ гээд О-г түлхсэн чинь намайг зөрүүлж миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Манай найз Ц.Т ирж салгасан, О миний цээж рүү өшиглөөд “Маргааш та нарыг ална, нүдийг чинь ухна” гэж хэлэхээр бид нар салаад машин руугаа очоод цамцаа тайлаад машин дотроо сэнгүр нэртэй лаазтай пиво ууж байсан чинь О баарнаас гараад явж байхаар нь би очоод “Намайг яаж цохисон шиг таныг цохино” гээд нүүр хэсэгт нь -нэг удаа цохисон чинь газарт унахаар нь би яваад өгсөн...” /хх 28-29/,

Шинжээч эмч Р.Н-ын: “...2024 оны 7 дугаар сарын 5, 8-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээс харахад дээрх гэмтэл нь шинэ гэмтэл нотлогдож байна. О-гийн биед учирсан нүдний харааны цохицол саажилт нь хараагүй болохгүй...” /хх 111-112/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн: “...Ц-ын О-гийн сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 3- ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь байнгын эсхүл түр зуурын шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 124-126/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч У.Т-ийн гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч У.Т- хохирогч Ц.О-гийн биед нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, тасвлавчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Хохирогч Ц.О “...шүүхийн шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Т-т оногдуулсан торгох ял нь хөнгөдсөн байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж зохих хуулийн дагуу шийдвэрлэж, буцааж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Ц.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаагаа анхан шатны шүүх хуралдаан болон тус шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Мөн хэргээс үзэхэд хохирогч Ц.О-гийн биед нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан...” /хх 18-19/, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Ц-ын О-гийн сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь байнгын эсхүл түр зуурын шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 124-126/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан /асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг/ зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймээс хохирогч Ц.О энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Ц.О-гийн сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ... хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /хх 124-126/ гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээр тооцож хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул энэхүү хэмжээг өөрчлөх шаардлагагүй, харин Иргэний хуулийн 511 дүгээр 511.1 дэх хэсгийг хэрэглэж хохирлыг гаргуулсан нь үндэслэлгүй байх тул тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн ...511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн...511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ