Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2025/00366

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Налайх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, утас *******, *******ийн *******гийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******эд холбогдох,  

зээлээр олгосон 8,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр утсаар холбогдож 10,000,000 төгрөг байна уу хөдөө хэдэн адуу авсан чинь мөнгө дутаад байна гэж ярьсан. Тэгээд надаас 2020 оны 04 дүгээр сарын 17, 18, 21-ний өдөр 8 удаагийн гүйлгээгээр 8,350,000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хойш 5 хонуулаад мөнгөө авахаар залгахад миний утсыг авахаа больсон. Иймд М.*******ээс 8,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд харилцан тохиролцож, Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,350,000 төгрөгийг 5,997,000 төгрөгөөр багасгаж, 2,353,000 төгрөгийг хариуцагч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2025 оны 10-р сарын 03-ны өдөр Ц.******* миний ХААН банкны ******* тоот дансанд тушаахаар тохиролцсон. Учир нь Ц.******* миний бие урьд М.*******ээс 3 тооны адуу авч байсан. Тиймээс 3 тооны адуугаа 5,997,000 төгрөгт тооцсон. гэх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******эд холбогдуулан зээлээр олгосон 8,350,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага 8,350,000 төгрөгийг 5,997,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,353,000 төгрөгийг хариуцагч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2025 оны 10-р сарын 03-ны өдөр Ц.*******гийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,550 төгрөгийн тал хувь 74,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 74,275 төгрөгийг хариуцагч М.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******эд холбогдуулан гаргасан зээлийн 8,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5,997,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,353,000 төгрөгийг хариуцагч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2025 оны 10-р сарын 03-ны өдөр Ц.*******гийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,550 төгрөгийн тал хувь 74,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 74,275 төгрөгийг хариуцагч М.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА