Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00637

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/00637

 

 

 Ш.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Очирбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Очирбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Очирбат миний бие Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-т 5 дах жилдээ багшаар ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сарын 29-ний бямба гаригт ажил тарах гэж байхад менежер М.Янжинбадам намайг ажлаас халсан тухай захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг танилцуулсан ба тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, төлбөр тооцоог дуусгаж, ажлаас чөлөөлсүгэй гэсэн байсан. Би тушаалтай танилцах үедээ цалингийн зээлтэй, ганцаараа ажил хийдэг, амьдрал хэцүү байна, сарын дараа ажлаа олоод гаръя, тушаалыг авч чадахгүй гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажил дээр ирэхэд намайг оруулахгүй байсан бөгөөд захирал "битгий оруул" гэж хэлсэн гэсэн. Аргагүйн эрхэнд тушаалаа авъя гээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг 2016 оны 11 сарын 3-ны өдрөөр гаргуулж авсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдөр ажилласан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөр тушаалаа авъя гэсэн. Би шүүхэд өргөдөл гаргахгүй, харин нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн" юм гээд тушаалын он, сарыг өөрчлүүлсэн. Намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр халсан. Гэвч би сахилгын зөрчил гаргаагүй. Өмнө нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надад цалингийн 10 хувь хассан сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг усанд орох гээд явсан хойгуур н.Эрдэнэбилэг багшийг байх үед хүүхэд ус руу үсэрч, амандаа ус балган шоконд орсон талаар хүүхдийн ээж гомдол гарган н.Эрдэнэбилэг багш бид хоёрт арга хэмжээ авсан. Миний хувьд архи уусан асуудал байхгүй. Намайг ажлаас халсныг зөвшөөрөхгүй тул ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1 cap, 14 хоногийн буюу 34 хоногийн цалин 802 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Очирбатын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Очирбат 2015, 2016 онд нийт 6 удаа сахилгын зөрчил гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын байранд архидан согтуурч зодоон хийсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 тоот тушаалаар цалинг нь 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан шийтгэл ногдуулсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ажлын байранд архи үнэртүүлж ирсэн ба ажиллах чадваргүй байсан. Энэ тухай 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцсэн ба Ш.Очирбат согтуурсан байдлаа хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан.

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл уусан нь тогтоогдсон. Улмаар ажлын байр болон үйлчлүүлэгчээ олон удаа орхин гарч нийт 3 цаг бассейнд байгаагүй болох нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 3.2.5, хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.2, 10.3.1-ийг тус тус зөрчсөн. 2016 оны 4 дүгээр сард санал хүсэлтийн хайрцаг онгойлгож үйлчлүүлэгчдээс ирсэн сэтгэгдлийг устгасан, дараа нь өөрөө нөхөж бичсэн нь тогтоогдсон.

2015 оны 11 дүгээр сард Ш.Очирбат санаачлан удирдлагын зөвшөөрөлгүй М.Янжинбадам гэх хүнийг ажлаас халуулахаар санал, асуулга ажилчдын дунд явуулан засаг даргад хүргүүлсэн байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.2.9-д заасныг зөрчсөн зөрчил. Энэ тухай 2015 оны 11 сарын 09-ний өдөр ажилчдын хурлаар, дараа нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хурлаар дахин хэлэлцсэн. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй ба 2016 оны 2 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал нийт таслалт 24 цаг, хоцролт 18 цаг, 25 минут, чөлөө 68 цаг, 33 минут, эрт явсан цаг 2 цаг, 13 минут байна.

Ш.Очирбатыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн боловч гуйгаад байхаар нь тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болгон өөрчилсөн. Ш.Очирбат нь 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Солонгос Улсад ажиллахад нь 3 сарын цалингүй чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалж байсан. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу Ш.Очирбатад сануулах болон сахилгын шийтгэл ногдуулсан ба хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.4, байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2.2, 10.2.4, 10.3.1, 10.3.2, 10.4.1-ийг удаа дараа зөрчин, сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас нь халсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай Ш.Очирбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн нэхэмжлэх очсоны дараагаар Б.Оюундэлгэр нь хариу илгээхдээ манай байгууллагын зарим ажилчдаар /өөрийн ойр дотно хүмүүсээр/ миний эсрэг мэдүүлгийг бичүүлж өгсөн. Мөн шүүх хуралдаанд зарим ажилчдыг гэрчээр оруулан худал яриулж миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. 2016.10.01-ний өдөр болон 2016.01.15-ны өдөр тус тус сахилгын зөрчил гаргасан гэж худлаа хэлж гүжирдсэн. Урьд өмнө нь зөрчил гаргасан, сануулах арга хэмжээтэй байсан гэх зэргээр худал ярьж, гүтгэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Миний бие багшийн ажлыг 5 жил хийхдээ ажилдаа хариуцлагатай, идэвх зүтгэл гарган ажиллаж байсан төдийгүй мэргэжлийн усанд сэлэлтийн хүүхдийн дугуйланг хичээллүүлж, улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцон байгууллагынхаа нэрийг гаргаж байсан. Мөн үйлчлүүлэгчдээс сайн багш гэсэн үнэлгээг авч, дүүргээс мөн шагнал, урамшууллыг хүртэж байсан. Иймд үндэслэлгүй ажлаас халж, өөрийн ойр дотныхоо /өөрөө ажилд авсан/ хүмүүстэй нийлж худал гүтгэн, шүүхийн шийдвэрийг худал гаргуулж, анхан шатны шүүх ч үнэн зөв шийдвэр гаргаагүйд гомдолтой байгаа тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ш.Очирбат нь хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-ын багшаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.2.1, 10.2.10 дах хэсэгт тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгч Ш.Очирбат нь уг тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ холбогдуулж шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ш.Очирбат нь сахилгын зөрчил давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Очирбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаас үзэхэд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, томилогдсон ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдийг заасан байна.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 тоот тушаалаар ажилдаа хайнга хандаж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болон зөрчил гаргасан үндэслэлээр Ш.Очирбатад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд нэхэмжлэгч Ш.Очирбат гомдол гаргаагүй байна. /хх-88/

 

Мөн хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажилдаа хайнга хандаж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болон зөрчил гаргасан Ш.Очирбат, Н.Эрдэнбилэг нарт үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан /хх-87/ ба уг тушаалд нэхэмжлэгч Ш.Очирбат гомдол гаргаагүй байх тул тэрээр өмнө нь сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацааны дотор дахин сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Очирбат нь 2015 оны 10 дугаар сарын 01-нд ажлын байранд согтуу ирсэн, 10 дугаар сарын 01-нд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хариуцагч байгууллагын хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэлтэй байхдаа сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан-ыг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж заасан ба нэхэмжлэгч Ш.Очирбат нь дээр дурдсанаар сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон байна.

 

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2 дах хэсэгт ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхийг хориглож, хөдөлмөрийн гэрээний 5.2.2 дах хэсэгт ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажилд ирэхийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Ш.Очирбат нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох зөрчил гаргасан тул ажил олгогч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/34 тоот дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-ын захирлын Б/34 тоот дугаар тушаалын огноо 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байсныг мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болгож өөрчилсөн үйл баримтын талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Очирбат нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр байхад 24 000 төгрөгийг төлүүлсэн нь буруу байх тул буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ