Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Оргих тайж овогт Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810008270432 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик инженер мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Оргих тайж овогт Г.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнын 2-42Б тоотод иргэн Д.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнын 2-42Б тоотод иргэн Д.Чын өмчлөлийн гар утсыг нь хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ахынхаа эхнэр Чтай ярилцахаар гэрт нь орсон. Учир нь манай ахыг эхнэр нь үл хүндэлдэг байдал ажиглагддаг байсан. Тэгээд маргаан үүсээд би хохирогчийг түлхэж унагаасан, пийшэнг нь өшиглөсөн, мөн ноцолдож байхад гар утас нь газар унасан. Хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн, бид эвлэрсэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнын 2-42 тоот гэртээ хүүхдээ унтуулаад байж байхад гэр дээр хүчтэй юм унахаар нь юу болов гээд гарах гэхэд О үүдний таамбарын хаалгыг татаад, хөмхийгөө зуучихаад шууд дайраад ороод ирсэн, эхнэр Болормаа ард нь зогсож байсан. ...О би та нарыг сайхан амьдруулах гэж ядарч байна гээд хувцасны шүүгээ рүү түлхэж унагаахаар нь би босоод яагаад байгаа юм бэ гэж хэлж амжаагүй байхад гараараа толгой руу цохиж унагаасан. Тэгээд О голомтыг чинь самраад газартай нь тэгшлээд өгье, бүгдийг чинь алаад өгье гээд орон дээр уйлаад сууж байсан хүүхдүүд рүү гараа зангидаад дайрсан. ...Би ор руу очоод Оыг хүүхдүүд аллаа гээд араас нь татсан. Тэгтэл гараа зангидаад толгой руу цохиод унагаасан. Тэгээд би дахиад босож чадахгүй байж байгаад нэг харахад сүх барьчихсан зогсож байсан. Тэгээд би 2 гараараа толгойгоо хаагаад хойшоо ухрахад далайсан сүх нь зүүн гарын бугуйг шүргээд өнгөрсөн. ...Утас аваад 102 руу залгах гэхэд намайг ор руу түлхэж унагаагаад утсыг пийшэн рүү шидэхэд утас хэд хэдэн хэсэг хагарч бутарсан. Би Оыг үүд рүү түлхэх гээд дийлээгүй. Тэгтэл дахиад зүүн гараараа толгой руу цохиод пийшэн рүү түлхэж унагаачихаад газар хэвтэж байхад гэдэс нуруу руу өшиглөж байгаад нэг мэдэхэд гараад явсан байсан. ...Тэгээд О үүдний таамбарын урд усны тэрэг барьчихсан бүгдийг нь алчихья гээд эргүүлээд байхаар нь усны тэрэгнээс  зууралдаж байгаад тэргийг элсэн дээр аваачиж шидсэн. Тэгээд би эргээд л хойшоо харахад намайг бас толгой дундуур манартал гараараа цохиод унагаасан. Тэгснээ эхнэрийгээ гараараа цохиж унагааж өшиглөчихөөд хашаанаас гараад явсан...” /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн,

 

Гэрч Ц.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед манай нөхөр О согтуу гэртээ байж байгаад манай хашаанд байх ах Очирбадрахынд ороод эхнэр Чыг чи миний ахыг олон жил зовоож дарамталж ханахгүй байна уу гээд Чыг гэрийнх нь хоймор руу түлхэж унагаасан. Тэгээд эргэж хараад пийшэнг түлхэж унагаад хөмөртөл Ч ирээд Отай зууралдах үед гарт нь байсан утас нь газар унасан. Тэгээд Ч Оын нүүрийг маажих гэхэд О түлхээд унагаатал хөмөрсөн пийшэнгийн хөлөнд нь гарынхаа бугуйн дотор талыг урсан. Тэгээд О гарч явахдаа үүднийх амбаарт байсан сүхийг авахаар би сүхийг нь булааж авсан. Тэгээд О гараад явсан, би гэр рүүгээ орсон. ...Чыг түлхэж унагаахад шалан дээр унасан. Дараа нь унахдаа пийшэнгийн хөлөнд нь гарынхаа шууны дотор талыг урсан...” /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Даваамаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ...О ах ...би та нарыг тэжээх гэж ядарч байна гээд ...ээжийн толгой руу гараараа цохиод газар унагаад өшиглөсөн. Мөн сүх барьж орж ирээд бүгдийг нь алаад хаячихья гээд байсан. Тэгээд ээж рүү сүх далайтал ээж гараараа нүүрээ халхалтал сүхээрээ гар руу нь цохисон. Тэгснээ гэрийн пийшинг аваад шидтэл хоёр дүү айгаад уйлсан. Тэгээд ээжийг босож ирэхээр нь дахин толгой руу цохиод, бид гурав руу дайраад муусайн юмнуудыг газрын хөрснөөс арчаад өгье гээд байсан. Тэгээд би дүүгээ тэврээд гарах гэтэл О ах үүдэнд зогсоод байхаар нь айгаад буцаад орон дээр ирсэн. Тэгээд ээж Болороо эгч рүү нөхрийгөө аваач гэтэл цаашаа яваад өгсөн...” /хх-ийн 16/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ч нь манай ахыг нөхрийн дайтай хүндлэхгүй болохоор нь тэр өдөр жаахан ярилцъя гэж бодож ороод үл ойлголцон маргалдсан юм. Урьд нь бид хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай хашаанд сүүлийн 7-8 жил амьдарч байгаа. Тухайн үед би бага зэргийн архи уусан байсан, гэхдээ хийсэн үйлдлээ санах чадвартай байсан...” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №4347 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Чын биед баруун чамархай, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн сарвуунд шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

- “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 39-43/,

- Шүүгдэгч Г.О-ын ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-35/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 53/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнын 2-42Б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Чыг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн сарвуунд шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнын 2-42 Б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Чын өмчлөлийн ЛЖ Икс повэр маркийн гар утсыг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Чын “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед ...О үүдний таамбарын хаалгыг татаад, хөмхийгөө зуучихаад шууд дайраад ороод ирсэн, эхнэр Болормаа ард нь зогсож байсан. ...О би та нарыг сайхан амьдруулах гэж ядарч байна гээд хувцасны шүүгээ рүү намайг түлхэж унагаахаар нь би босоод яагаад байгаа юм бэ гэж хэлж амжаагүй байхад гараараа толгой руу цохисон. ...Би ор руу очоод Оыг хүүхдүүд алаа гээд араас нь татсан. Тэгтэл гараа зангидаад толгой руу цохиж унагаасан. Тэгээд би дахиад босож чадахгүй байж байгаад нэг харахад сүх барьчихсан зогсож байсан, би хоёр гараараа толгойгоо хаагаад хойшоо ухарахад далайсан сүх нь зүүн гарын бугуйг шүргээд өнгөрсөн. ...Утас аваад 102 руу залгах гэхэд намайг ор руу түлхэж унагаагаад утсыг пийшэн рүү шидэхэд утас хэд хэдэн хэсэг бутарч хагарсан. Би Оыг үүд рүү түлхтэл дийлэхгүй байсан. Тэгтэл дахиад зүүн гараараа толгой руу цохиод пийшэн рүү түлхэж унагаачихаад газар хэвтэж байхад гэдэс, нуруу руу өшиглөж байгаад нэг мэдэхэд гараад явсан байсан...” /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн,

Гэрч Ц.Болормаагийн “...2018 оны 03 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед манай нөхөр О согтуу ...Чыг гэрийнх нь хоймор руу түлхэж унагаасан. Тэгээд эргэж хараад пийшэнг түлхэж унагаад хөмөртөл Ч ирээд Отай зууралдах үед гарт нь байсан утас нь газар унасан. Тэгээд Ч Оын нүүрийг маажих гэхэд О түлхээд унагаахад хөмөрсөн пийшэнгийн хөлөнд нь гарынхаа бугуйн дотор талыг урсан. Тэгээд О гарч явахдаа үүднийх амбаарт байсан сүхийг авахаар нь би сүхийг булааж авсан. Тэгээд О гараад явсан, би гэр рүүгээ орсон. ...Чыг түлхэж унагаахад шалан дээр унасан. Дараа нь унахдаа пийшэнгийн хөлөнд нь гарынхаа шууны дотор талыг урсан...” /хх-ийн 14-15/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Ч.Даваамаагийн “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ...О ах ...би та нарыг тэжээх гэж ядарч байна гээд ...ээжийн толгой руу гараараа цохиод газар унагаад өшиглөсөн. ...Тэгээд ээж рүү сүх далайхад ээж гараараа нүүрээ халхалтал сүхээрээ гар руу нь цохисон. Тэгснээ гэрийн пийшинг аваад шидтэл хоёр дүү айгаад уйлсан. Тэгээд ээжийг босож ирэхээр нь дахин толгой руу хэдэн удаа цохиод, бид гурав руу дайраад муусайн юмнуудыг газрын хөрснөөс арчаад өгье гээд байсан...” /хх-ийн 16/ гэсэн,

Шүүгдэгч Г.Оын “...Ч нь манай ахыг нөхрийн дайтай хүндлэхгүй болохоор нь тэр өдөр жаахан ярилцъя гэж бодож ороод үл ойлголцон маргалдсан юм. Урьд нь бид хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай хашаанд сүүлийн 7-8 жил амьдарч байгаа. Тухайн үед би бага зэргийн архи уусан байсан боловч хийсэн үйлдлээ санах чадвартай байсан...” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4347 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Ч-ын биед баруун чамархай, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн сарвуунд шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.О нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтэж байгаа нь нийлмэл гэмт хэргийн шинжтэй, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-ын биед баруун чамархай, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн сарвуунд шарх, зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний  улмаас хохирогчийн ЛЖ Икс повэр маркийн гар утас эвдэрч 384,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч Д.Ч хохиролд 1,500,000 төгрөг төлснийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 53/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810008270432 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.О-ын нийт ялыг 900 /есөн зуун/ нэгж буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.О-т оногдуулсан 900 /есөн зуун/ нэгж буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1810008270432 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР