| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403007221053 |
| Дугаар | 2025/ДШМ/401 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/401
2025 04 03 2025/ДШМ/401
Г.Р-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Г.Р, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Р.Булгамаа,
хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Бат-Ерөөлт нарын болон хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Г.Р-д холбогдох 2403 00722 1053 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овогт Г-ын Р, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-нд Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, **- **тоотод оршин суух, /РД:*******/;
урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугааp шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан;
Шүүгдэгч Г.Р- нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12:50 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Наадам” центр төвийн баруун талын замд өөрийн эзэмшлийн “Royal-GT650” маркийн *****-**улсын дугаартай мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”., мөн дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно”., мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”., мөн дүрмийн 2-р хавсралтын 1.3-т “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3-т заасан (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”. гэж заасныг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явсны улмаас явган зорчигч Б.Л, Б.Х, Б.Мнарыг мөргөж, улмаар Б.Л-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Б.Х-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Г.Р-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хохирогч Б.Л-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар тогтоосон хууль зүйн дүгнэлт хэсгийн А-д “хохирогч Б.Л нь "Tedy" худалдааны төвөөр 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр iphone 14 рго загварын гар утас 1,000,000 төгрөгөөр засуулсан гэх баримт авагдсан байх боловч тухайн зам тээврийн осол хэрэг болсон 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Л-ийн гар утас эвдэрсэн талаар мэдээлэл авагдаагүй, хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг, гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, гар утас эвдэрсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул энэ хэргийн улмаас учирсан гэм хорын зардал гэж дүгнэх боломжгүй байна” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Осол болох 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ухаангүй байсан хүн өөрийн гар утсыг эвдэрсэн талаар мөрдөгчид мэдүүлэг өгөх боломжгүй байсан нь ойлгомжтой. Хохирогч Б.Л нь үхлүүт байдалтай, умдаг аарцагтаа дөрвөн хугаралтай, хойд талын сүүжний аарцаг хэсэгтээ бяцралттай, баруун хөлийн хоёр яс 6 хэмжээний хугарсан, осол болсноос хойш олон хоног ухаангүй хэвтрийн байдалтай байсан. Гэтэл шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр утсаа засуулсан нь буруу, тус засварын нотлох баримтыг үнэлэхгүй шийдэж байгаад гомдолтой. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг гүйцээлгэхээр хэргийг буцаан шийдвэрлэх боломжтой байсан. Эсвэл анхан шатны шүүх өөрөө энэ ажиллагааг хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад шинэчлэн мэдүүлсэн байцаалтыг үндэслэн гүйцэтгэх боломжтой байсан.
Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар тогтоосон хууль зүйн дүгнэлт хэсгийн Б-д "хохирогч Б.Л-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээр тогтоолгоогүй, шинжээчийн дүгнэлтгүй байх тул нөхөн төлбөрийг тооцоолж гаргах боломжгүй байна. Иймд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогч Б.Л нь хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна” гэсэн анхан шатны дүгнэлтийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх нь тус дүгнэлтдээ “сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж хуулийг үндэслэсэн хэрнээ хохирогч болох Б.Лид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоогоод, танилцуулан хавтас хэрэгт хийсэн баримтыг үнэлээгүй нь шүүх өөрийн дүгнэлтээс зөрүүтэй шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр улсын яллагч “манай байгууллага арга зүйн зөвлөгөөний дагуу мөрдөгч сэтгэл санаанд учирсан хохирлыг хүснэгтээр тогтоогоод, хохирогчид танилцуулан хохирлын хэмжээг тогтоож байгаа, иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хохирогч болох Б.Л-д олгох үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн. Хохирогч нь эрх бүхий байгууллагын тогтоон танилцуулж байгаа үйл ажиллагааг зөвшөөрсөн бөгөөд тухайн байгууллагуудын хоорондоо уялдаагүй, хуулийг зөрүүтэй хэрэглэж байгаа асуудалд хохирогч буруугүй юм.
Шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар тогтоосон хууль зүйн дүгнэлт хэсгийн В-д “хохирогч Б.Л-д сарын цалин хөлсний хэдэн хувиар тооцогдож эмнэлгийн магадалгаагаар цалин хөлс олгогдож байсан нь тодорхойгүй, зөрүү хэдэн төгрөг түүнд олгогдох ёстой талаар санхүүгийн анхан шатны баримтгүй, эмнэлгийн магадлагаа бусад баримтгүй, ажил олгогч хэдий хэмжээний мөнгийг түүнд олгосон нь тодорхой бус байх тул шүүх сар тутам авдаг цалингийн бүтэн дүнгээр тооцож 5 сарын цалин хөлсийг тооцож гаргуулах боломжгүй, зөрүүг тооцоолох нотлох баримтгүй байна. Тиймээс хохирогч Б.Л нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн шүүхээс шүүгдэгч Г.Р- нь хохирогч Б.Л-д төлөх хохирол төлбөр байхгүй тул түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн. Гэтэл шүүх өөрөө Б.Л-д сарын цалин хөлсний хэдэн хувиар тооцогдож эмнэлгийн магадлалгаагаар цалин хөлс олгогдож байсан нь тодорхойгүй гэж нөгөө талд хохирогч Б.Л-д тодорхой хэмжээний цалинг шүүгдэгч төлөөгүй гэдэг нь тогтоогдож байдаг. Ийнхүү хохирогчид цалин хөлсийг бүрэн төлөөгүй нь тогтоогдож байхад Г.Р-д хөнгөн ял оногдуулж байгаа нь ял завших боломж олгож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршихоор хууль зохицуулсан байхад бодит байдал дээр хохирогчийн эрх ашиг хамгаалагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн эрх зүйн зорилгын хүрээнд энэхүү шүүхийн шийдвэр хохирогчийн эрхийг хамгаалахгүй, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх бус харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтнийг ял завшихад тусалсан шийдвэр болсон.
Дүгнэлт: Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Г.Р-г хохирогч Б.Л-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв” гэж шийдсэн. Хохирогч хүнд гэмтсэний улмаас 5 сар ажилгүй байж 20 сая төгрөгийн цалингаар хохирсон, сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 30.353.400 төгрөг, гэмт хэргийн улмаас гар утас хагарч түүнийг засуулсан зардал 1,000,000 (нэг сая) төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Р- нь барагдуулаагүй байгаа болно. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол арилаагүй байхад анхан шатны шүүх нь “төлөх төлбөргүй болно” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна...” гэв
Хохирогч Б.Л давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчүүлэгч Г.Р- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргаагүй байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно. Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой асуудлын нэг нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрхийн асуудал мөн юм. Яллагдагч, шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх шүүгдэгч гэм буруугаа хүлээх эрх нь нийгэм, хууль зүйн үр дагавар бүхий хуулиар олгогдсон боломж бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхийн асуудал нь сонгодог болон ардчилсан улс орнууд түүний дотор мөрдөн шалгах ажиллагааны холимог хэв шинжтэй улсуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн хэрэгжиж яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохоос урьдчилан сэргийлэх аливаа эрүүдэн шүүлт “гэм буруугаа хүлээлгэх” шахалт дарамт, дур зоргоор авирлахаас хүний эрхийг хамгаалах, нөхөн сэргээх шүүхийн үүргийг тодорхойлдог. Гэм буруугаа хүлээх /peccavi/ эрх нь шүүгдэгчийн \conviction\ гэм буруугаа ухамсарлах \to ownones faults\ чин сэтгэлээсээ хүлээх гэсэн сэтгэхүйн дотоод харьцааг илэрхийлэх хандлага бодит байдлын нийлэмжтэй бүтцээр тодорхойлогддог хуульд заасан боломж байдаг. Эдгээр эрхийн агуулга шинжүүдийг бүрэн тогтсон тохиолдолд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хууль зүйн зохицуулалтыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 1 дүгээр зүйл “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйл “Тэнсэх” зэрэг эрүүгийн эрх зүйн институци буюу бие даасан ойлголтын хүрээнд зохих зүйлүүдэд хуульчилан заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхэд хамаарах хууль зүйн үндэслэлүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” 7.4 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус хуульчлан заажээ. Шүүгдэгч яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” ойлголтын онол арга зүйн үндэслэл, үзэл баримтлал, хууль зүйн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Гэм буруугаа хүлээх \ ресcavi\, шүүгдэгчийн \conviction\ гэм буруугаа ухамсарлах \to ownones faults\, чин сэтгэлээсээ хүлээх нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхээр нөхцөлдсөн шүүгдэгчээс хууль ёсны эрх ашиг, сонирхолоо хамгаалах, эрүү шүүлт түүний аливаа хэлбэрээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх хуулиар олгогдсон “боломж” юм. Шүүгдэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаар хязгаарлахгүй нь эрхийн хэрэгжилтийн баталгаа болох төдийгүй аль ч үе шатанд түүнчлэн бүх шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” эрхийг эдлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өмгөөлөгчийн дүгнэлт: Дээрх эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн зарчим, хууль зүйн зохицуулалтаас үзэхэд миний үйлчүүлэгч Г.Р-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нотлох баримт: үйлчүүлэгч Г.Р-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл нь миний үйлчлүүлэгчээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12 цагийн үед Наадам центрийн баруун талын замын хос хоёр цагаан шугам руу шахаад явж байхад гэнэт замын голоос хүн гарч ирээд мөргүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 187-189 дахь тал/ хохирогч нарт хэргийн улмаас учирсан зардал, хохирол төлсөн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар маргахгүй шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хуулийн хэрэглээ үйл баримтыг харьцуулан шалгахад: Миний үйлчүүлэгч Г.Р- нь мотоциклыг жолоодож явахдаа зорчигч Б.Л, Б.Х, Б.Мнарыг мөргөж Б.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл болон үйл баримт, гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан миний үйлчүүлэгчид эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн байр сууринаас дүгнэх үндэслэл бий болсон байна.
Санал: Миний үйлчлүүлэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдал нийцээгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Г.Р-г гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг ******* дүүргийн нутаг дэвсгэр болон ажил эрхэлдэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байна. Мөн шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр хохирогч Б.Х болон хохирогч Б.Л нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цалин хөлс, сэтгэцэд учирсан нөхөн төлбөр болон хожим, ирээдүйд гарах гэм хорын зардлыг тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан байдаг. Хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураар төлөхөө илэрхийлж, хохирогч гэмтсэн тухайн цаг үеэс эхлэн чадах чинээгээрээ хохирол төлбөрийг барагдуулж, хохирогчийг эмнэлэг дээр нь эргэж очин яаж тусалж, ямар арга хэмжээ авах талаар чин сэтгэлээсээ санаа зовинон анхаарал хандуулж байсан байдаг. Р- нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн учирсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлж улмаар хохирлоо төлсөн байдаг. Түүнчлэн цаашид гарах зардлыг хууль журмын дагуу бүрдүүлээд ирсэн нөхцөлд мөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Дээр дурдсан ирээдүйд гарч болох зардлыг төлж барагдуулахын тулд Г.Р-гийн хувьд ажилтай, орлоготой байх асуудал маш чухал. Г.Р-гийн тухайд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах чиг үүрэг бүхий хөрөнгийн борлуулагчаар ажилладаг. Энэ талаар анхнаасаа мэдүүлэгүүддээ тодорхой дурдсан байгаа. Энэ ажлын хувьд хаана ямар үл хөдлөх хөрөнгө, газар, орон сууц худалдах, арилжаалах зорилготой гарч ирнэ, түүн дээр үл хөдлөх хөрөнгийн агентын хувьд худалдан борлуулах захиалга авч, гэрээ байгуулан ажилласнаар үр дүн нь тооцогдож явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэр болсон энэ ажил нь Г.Р-гийн хүсэл зоригоос үл хамаарах байдлаар обьект байршил нь тодорхойлогдож байдаг гэсэн үг юм.
Тэгэхээр шүүхээс тогтоосон 2 дүүргийн хүрээд Монгол Улсын иргэний ажил хөдөлмөр хийх эрх хязгаарлагдаж, тэр чинээгээрээ орлогын эх үүсвэрээ алдах нөхцөл байдалд хүрч байгаа юм. Анхан шатны шүүхээс ажлаа хийх гол хэрэгсэл болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хязгаарлахын зэрэгцээ зорчих эрхийг 2 дүүргээр хязгаарласан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ирээдүйд бий болох хохирол, хор уршигтай холбоотой зардлыг төлж барагдуулахад сөрөг үр дагавар үүсэхэд хүргэж байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг дүгнэхдээ өнгөц байдлаар дүгнэж хохирогч Б.Л, Б.Х нарын Замын хөдөлгөөний дүрмийн 5,12-т заасан “Явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зорчсон, мөн “явган хүний гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахдаа ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх”, мөн дүрмийн 5,6-д заасан “явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна”... гэх хэм хэмжээг зөрчсөн нөхцөл байдалд төдийлөн ач холбогдол өгөөгүй төдийгүй дээрх зөрчил нь гэм хорыг багасгах хууль зүйн үндэслэлтэй талаар дурдаад орхисон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орщдог. Иймд эрүүгийн хуулийн 1.3-т заасан Шудрага ёсны зарчим, 1.4-т заасан Гэм буруугийн зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг барагдуулж гэм буруугаа ухамсарлаж буй байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. Г-ын Р-гийн хувьд чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, цаашид гарах хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйл, 7.1-р зүйлийн зохицуулалтын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг барагдуулж, хохирогчийг хохиролгүй болгох үүргээ биелүүлэх бодит боломжоор хангаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл нь хавтас хэргийн 164-165-р хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 202-р хуудсанд авагдсан хүсэлт, хавтаст хэргийн 187-189-р хуудсанд авагдсан мэдүүлэг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж барагдуулсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй зүйлчлэлийн асуудлаар маргаагүй зэрэг бодит байдал, холбогдох нотлох баримт зэргээр тодорхойлогдох юм. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг тал бүрээс нь авч үзэн бүхэлд нь хянаж Г-ын Р-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Р- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн зам тээврийн осол гаргаж хохирогчийн биед хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Гомдлыг шүүхээс тогтоож өгсөн тохиолдолд төлөхөө илэрхийлж байна. Хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөрийг баримтын хүрээнд төлсөн. Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилдаг бөгөөд хаана, хэн, юу заруулна гэсэн газарт очиж үл хөдлөх хөрөнгийг нь зарж өгч орлого, цалингаа олдог. Одоогийн байдлаар компаниас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 750,000 төгрөгөөр цалинждаг бөгөөд тухайн цалин надад өглөө, орой ажилдаа явах эсхүл өдөр цайндаа орох гэх мэтчилэн зардалд дуусдаг. Иймд би чөлөөтэй ажлаа хийгээд хохирогчоос гаргасан төлбөр тооцоог төлөхөө илэрхийлж байгаа байгаа тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.
Прокурор М.Билгүүтэй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай хөдөлмөрийн чадвар хүн учраас 2 дүүргийн хүрээнд зорчих эрхийг хязгаарлаж, тухайн дүүрэгтээ ажил хөдөлмөр эрхэлж гэм хорын асуудлыг бүрэн төлөх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүхээс хохирогчийн гар утас болон цалин хөлсний талаарх баримтыг үнэлээгүй.
Анхан шатны шүүхээс тухайн баримтуудыг үнэлээгүй ч гэсэн Иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр гуравдугаар зэрэглэлээр тогтоосон. Анхан шатны шүүхэд прокуророос гаргуулъя гэдэг саналыг тавьсан бөгөөд уг саналыг шүүгчээс татгалзсан боловч Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй тул өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Бат-Ерөөлт нар болон хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Р- нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12:50 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Наадам” центр төвийн баруун талын замд өөрийн эзэмшлийн “Royal Enfield Continental-GT650” загварын **-*****улсын дугаартай мотоциклыг жолоодон ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2-р хавсралтын 1.3-т “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3-т заасан (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”гэж заасныг зөрчиж үргэлжилсэн хос шугам дээгүүр явсны улмаас гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Л, Б.Х, Б.Мнарыг мөргөж, улмаар Б.Лийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Б.Х-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /1хх 6/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-14/,
- иргэний нэхэмжлэгч Б.М-ын: “...тухайн өдөр хэлтсийн дарга Л, хамт ажилладаг Б.Х нарын хамт наадам центрийн урдуур гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш алхаж байгаад төв зам дээр ирээд чигээрээ зам хөндлөн гарч байгаад бид 3 мотоциклтой хүнд мөргүүлээд унацгаасан. Түргэн тусламж ирээд Х, Л нарыг аваад явсан. Бид гурав явган хүний гарцаар гараагүй. Зам нилээн бөглөрөөтэй, машинууд аажуухан явж байсан. Би мотоциколтой хүнд мөргүүлээгүй. Х, Л нар мөргүүлсэн...” /1хх 17-18/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12258 дугаар шинжээчийн: “...Б.Лийн биед ууц ясны зүүн латерал масс ууц сүүжний үе дайрч бяцарч сэлтэрсэн болон сүүжний дэлбээ, хоёр талын умдаг ясны дээд, доод салаа хэсгийн хугарал /Мальгены хугарал/, бүсэлхийн 15-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, дух, зовхи, хөхлөг сэртэн, зүүн тохой, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” дүгнэлт /1хх 27-30/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13537 дугаар шинжээчийн: “...Б.Хгийн биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн сарвууны эрхий хурууны 1-р шивнүүрийн далд хугарал, дух, зүүн зовхи, зүүн шуу, сарвуу, дээд уруулд сорви, дух, баруун доод зовхи, зүүн хацрын төвгөр, хамрын самсаа, баруун бугуй, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралтын нөсөө, зүүн дух, зулайн хуйх, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /1хх 36-38/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2793 дугаар шинжээчийн: “...**-*****улсын дугаартай “Royal-GT-650” загварын **************** арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн урд талын их гэрлийн шил хагарсан, баруун гар талын чиглэл өгөх дохио байхгүй болсон, хянах самбар байхгүй болсон, яндан үзүүр хэсгээрээ гадна хэсэг шахагдаж гажсан гэмтэлтэй, хурдны хайрцгийн таг 10х6 см хэмжээтэй халцарсан гэмтэлтэй, суудал баруун гар талынхаа хойд хэсэгт 4 см урагдсан гэмтэлтэй байна. Урд, хойд тоормос тусдаа ажиллагаатай шингэн дамжуулгатай. Тоормос бүрэн ажиллагаатай хэвийн стандарт шаардлагад нийцэж байна. Дээрх тээврийн хэрэгсэл нь 648 сс, 34,9 kW хөдөлгүүртэй мотоцикл ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна. Үзлэг шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” дүгнэлт /1хх 55-64/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5129 дүгээр шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Х 24н эм" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” дүгнэлт /1хх 72-74/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар: “... хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрөв. Б.Х...” /1хх 82/,
- хохирогч Б.Хгийн: “...2024 оны 9 дүгээр сарын 02-нд “Хаан тауэр”-аас гараад баруун тийшээ алхаад төв замаар гарах явцад буюу замын голд явж байтал гэнэт урдаас мотоциклтой хүн ирээд бид нарыг мөргөсөн ба түргэн ирээд Л, бид хоёрыг авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Замын голын хоёр цагаан зураасан дээр мөргүүлсэн. Ослын улмаас зүүн хөл хугарсан. Мөн зүүн гарын хуруу хугарсан. Нүүр, гар болон биеэр сорвитой болсон. Эмчилгээнд 5.000.000 орчим төгрөг гарсан байгаа...” /1хх 84-85/,
- Б.Хгийн эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой баримт /1хх 87-101/,
- гэрч А.А-ын: “...2024 оны 9 дүгээр сарын 02-нд Мзалгаад бид гурав осолд орсон гэж хэлсэн. Осол болсон талаар хараагүй. Л, Х нар эмнэлэгт хэвтсэн байсан...” /1хх 103/,
- техникийн тодорхойлолт “Royal Enfield GT-650 загварын мотоцикл нь Г.Р-гийн эзэмшлийнх” /1хх 109/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13155 дугаар шинжээчийн: “...Г.Р-гийн баруун шагайн үений дотор дээд хэсэгт сорви, баруун мөрний зеелен эдийн няцрал, баруун бугалгын гадна доод хэсэгт зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдээс баруун шагайн үений дотор дээд хэсэгт сорви нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 118-119/,
- хохирогч Б.Лийн: “... 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байгаад цайны цагаар ажлаасаа Х, Мнарын хамт “Хаан тауэр” 120-н төв зам хөндлөн гарах гэж явж байтал гэнэт мотоциколтой хүнд мөргүүлсэн. Гэмтэл дээр ухаангүй байж байгаад сэрсэн. Зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байсан. Эмчилгээний зардал 3-4 орчим сая төгрөг гарсан...” /1хх 125/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар: “... хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл. Хүлээн зөвшөөрөв Б.Л...” /1хх 131/,
- Б.Лоос гаргаж өгсөн эрүүл мэндийн эмчилгээний баримт /1хх 132-140/,
- Зарлагын баримт “Тэргэнцэр 250.000 төгрөг, “Iphone-14” 1.000.000 төгрөг” /1хх 141/,
- мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1884 дүгээр магадлагаа: “...жолооч Г.Р- нь "Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно”. Мөн дүрмийн 1.3. “хэвтээ тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”. Мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоодож байна.
Явган зорчигч Б.Л, Б.Х нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, д/ “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” мөн дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоодож байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаяр би магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж бичгийг магадлагаанд хавсаргав...” /1хх 164-165/,
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг Б.Х эдэлсэн тухай мэдээлэл /1хх 171/,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт “...Б овогтой Х (**********), иргэний Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 2228673 /Хоёр сая хоёр зуун хорин найм зургаан зуун далан гурав/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2024 оны 11 сарын 27-нд төлсөн нь үнэн болно...” /1хх 172/,
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг Б.Л эдэлсэн тухай мэдээлэл /1хх 174/,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт “...Б овогтой Л (*********), иргэний Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 4033841 /Дөрвөн сая гучин гурван мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2024 оны 11 сарын 27-нд төлсөн нь үнэн болно...” /1хх 175/,
- шүүгдэгч Г.Р-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 12 цагийн үед Royal Enfield GT -650 загварын мотоцкилийг бариад 120-н уулзвараар хойшоо яваад наадам Центрийн баруун талын замын хос хоёр үргэлжилсэн цагаан шугам руу шахаад мотоциклтой урдаасаа хойшоо чиглэлд явж байхад машинуудын голоос буюу баруун гар талаас гэнэт хүн гарч ирээд мөргүүлсөн...” /1хх 187-188/,
- хохирлын тооцоо /1хх 195/, Б.Хгийн: “...Г.Р- эмчилгээний зардалд нийт 5.086.930 төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохиролгүй...” /1хх 202/, Хаан банкны шилжүүлгийн баримт “...3.748.810 төгрөгийг Б.Лид шилжүүлсэн...” /1хх 205/,
- Б.М-ын: “...тухайн ослоос би гэмтээгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” /1хх 206/ гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
2. Анхан шатны шүүхээс Г.Р-г “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Лийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г-ын Р-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг *******, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь хохирогч Б.Л, хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч Б.Мнарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэж, харин хохирогч Б.Х энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг; хохирогч Б.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цалин хөлс, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон цаашид гарах гэм хорын зардлыг тус тус нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Р.Булгамаа нар “... үйлчлүүлэгч Г.Р- гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй зүйлчлэлийн талаар маргаагүй болно. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг Монгол Улсын хилээр гарахгүй байхаар нутаг дэвсгэрийг зааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авахгүй үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтой.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно.
Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солих зохицуулалт нь уг ялын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болдог.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, эсхүл жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Р-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Р.Булгамаа нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
4. Хохирогч Б.Л болон түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар хамтран “...сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоогоод, хохирогч Б.Л хүлээн зөвшөөрсөн байхад олгоогүй, мөн гар утсаа 1.000.000 төгрөгөөр засуулсан баримтаа хэрэгт хавсаргасан байхад үнэлээгүй, 5 сарын цалин хөлсийг тооцож гаргуулах боломжгүй, иймд шүүгдэгч Г.Р- бусадад төлөх төлбөргүй гэж дүгнээд шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан тул анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Б.Лийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэжээ.
Дээрхээс үзэхэд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг шинжилгээний байгууллагаар хийлгэхээр журамласнаас гадна шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн Тавдугаар зэрэглэлд хамаарч байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоохдоо шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хүснэгтийн Дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоож хохирогчийн эрхийг зөрчигдөхөд хүргэжээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг нь хүснэгтийн аль зэрэглэлд багтсанаас хамаарч Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хувиар өсгөн нэмэгдүүлэх замаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор зохицуулсан бөгөөд энэ хэргийн хувьд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох эрхгүй этгээд дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа зэргээс үзэхэд явган зорчигч Б.Л, Б.Х нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, д/ “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” мөн дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хохирогч Б.Лийн “Ослоос болж эвдэрсэн гар утас засварласан 1.000.000 төгрөг нэхэмжилсэн”-ийг хэрэгсэхгүй болгож, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул хохирогч Б.Л болон түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Бат-Ерөөлт нар болон хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Бат-Ерөөлт болон хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ