| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00312/И |
| Дугаар | 315/ШШ2025/00440 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ...-р баг, ... тоотод оршин суух, утас *******5, *******гийн *******д холбогдох,
2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт нийт 25,917,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгч: Х.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,
Хариуцагч: Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлөгдвөл зохих нийт 25,917,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2024 оны орон нутгийн сонгуульд Уулбаян суманд ардчилсан нам олонх болсон. Уулбаян сумын сонгуулийн хорооны 2024.10.15-ны өдрийн 34 тоот тогтоол гарч Ардчилсан нам 11, Ардын нам 10 суудал авсан. 2024.11.01-ний өдрийн 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас Х.******* миний биеийг Ардчилсан намаас сумын Засаг даргад нэр дэвшүүлж, олонхын санал авснаар аймгийн Засаг даргад томилуулахаар 06 дугаартай тогтоолыг гаргасан. Гэтэл хуучин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь хурлын тамга, тэмдгээ өгөөгүй. Ингээд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай шүүгчийн захирамж гарч, 2025.05.14-ний өдөр аймгийн Засаг даргын Б/13 дугаар захирамжаар Уулбаян сумын Засаг даргаар томилогдсон. 9 дэх удаагийн орон нутгийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргаар Х.*******ыг томилуулахаар уламжилсан байхад хариуцагч Д.******* нь анхдугаар хуралдааны тогтоолыг үл хүндэтгэн 2025.04.25-ыг хүртэл ямар ч шийдвэргүйгээр Засаг даргын үүргийг гүйцэтгэсэн. Д.******* нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэргүйгээр 6 сар хууль бусаар ажилласан. Ийм учраас төрд болон иргэн Х.*******т учирсан хохирлыг хариуцагч Д.******* нь хариуцна гэж үзэж байна. Миний бие 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор 2024.11.01-ээс сумын Засаг даргад томилуулах иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан байхад 2025 оны 05 сарын 14-ийг хүртэл 6 сар Засаг даргаар ажиллах эрхийг хясан боогдуулсан нь хариуцагч Д.*******тай шууд холбоотой. Тиймээс 2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлөгдвөл зохих нийт 25,917,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 30-ний өдрийн Б/71 тоот захирамжаар Уулбаян сумын засаг даргаар томилогдон 2025 оны 04 сарын 25-ны өдрийн Б/09 тоот захирамжаар сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 2024 оны орон нутгийн хурлын сонгууль 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болж сумын Сонгуулийн хорооны Нэр дэвшигчдийг олонхын санал авсанд тооцох тухай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоол гарсан. Сумын сонгуулийн хорооны 34 тоот тогтоолын А.д холбогдох хэргийг хүчингүй болгуулах дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэтэл анхдугаар хуралдааныг хууль бусад тооцуулж, тус хуралдаанаас гарсан тогтоолуудын биелэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангаж, анхдугаар хуралдаанд холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэр дэвшигч А.тай холбоотой асуудал болон анхдугаар хуралдаантай холбоотой нэхэмжлэл шүүхэд шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхээс анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан тул миний бие төрийн ажлыг цалгардуулахгүй, төрийн ажил тасралтгүй байх үүднээс Засаг даргын ажил үүргээ гүйцэтгэж байсан. Миний Засаг даргын бүрэн эрх дуусаагүй, томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй байсан. Нэхэмжлэгч Х.*******ын хувьд сумын Засаг даргаар томилогдсон шийдвэр 2025 оны 04 сарын 25-ны өдөр гарсан тул үүнээс өмнөх цалинг нэхэмжлэх эрх байхгүй, түүний эрх ашиг хөндөгдөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.11.01-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06 дугаартай тогтоолууд, Засаг даргын 2024.11-2025.04 сарын цалингийн тооцооны хүснэгт, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай захирамж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2025.04.25-ны өдрийн Б/10 дугаартай, 2025.05.14-ний өдрийн Б/13 дугаартай захирамжууд зэрэг нотлох баримтуудыг,
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020.11.30-ны өдрийн Б/71 дугаартай, 2025.04.25-ны өдрийн Б/09 дугаартай захирамжууд, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.29-ний өдрийн 122/ШЗ2025/0136 дугаартай захирамж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.19-ний өдрийн 122/ШШ2025/0006 дугаартай шийдвэр зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраас Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай хэргээс флашинд буулгасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга авч гарсан бичлэгийг хуулбарлан авч хавтаст хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 2024.11.01-ээс 2025.05.14-ийг хүртэлх хугацааны цалин 20,643.129 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 2,980.490 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 2,293,681 төгрөг нийт 25,917,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Орон нутгийн сонгуулийн дүн гарч сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргаар Х.******* намайг томилуулахаар уламжилсан байхад хариуцагч Д.******* нь анхдугаар хуралдааны тогтоолыг үл хүндэтгэн 2025.04.25-ыг хүртэл ямар ч шийдвэргүйгээр Засаг даргын албан үүргийг гүйцэтгэсэн. Д.******* нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэргүйгээр 6 сар хууль бус засаг даргаар ажиллаж, тус хугацаанд миний авах байсан Засаг даргын цалинг авсан учраас Д.*******гаас 2024.11.01-ээс 2025 оны 05 сарын 14-ийг хүртэлх хугацааны буюу 6 сарын цалин 20,643.129 төгрөгийг, тус хугацааны НДШ-д 2,980,490 төгрөг, ХХОАТ-т 2,293,681 төгрөг нийт 25,917.300 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
4. Хариуцагч нь Д.******* нэхэмжлэгч Х.*******ын хувьд сумын Засаг даргаар томилогдсон шийдвэр 2025 оны 04 сарын 25-ны өдөр гарсан тул үүнээс өмнөх цалинг нэхэмжлэх эрх байхгүй, түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж татгалзсан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч Х.*******ыг Уулбаян сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны 2024.11.01-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.4 хувийн саналаар Уулбаян сумын Засаг даргад томилуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
5.2. Аймгийн Засаг даргын 2025.04.25-ны өдрийн Б/09 дугаартай тоот захирамжаар Д.*******г Уулбаян сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2025.04.25-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Уулбаян сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025.04.25-ны өдрөөс томилсон байна.
5.3. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ний өдрийн 122/ШЗ2024/0136 дугаартай захирамжаар Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024.11.01-ний өдрийн 06 дугаартай тогтоолын биелэлтийг захиргааны хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тус шүүхийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай шүүгчийн захирамжаар уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч нь ИТХ-ын шийдвэрээр олонхын санал авч Засаг даргаар томилогдох болзлыг хангасан байхад бүрэн эрхийн хугацаа нь дууссан хуучин Засаг дарга ажлын байраа чөлөөлж өгөөгүй миний ажиллаж авах байсан цалин хөлсийг авч надад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж хариуцагчаар Д.*******г тодорхойлсон нь нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлж ирүүлээгүй гэж шүүх үзлээ.
Учир нь: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар заасан байна.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* Хариуцагч Х.*******ыг Засаг даргаар томилсон тушаал гараагүй байхад цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэх дүгнэлт гаргав.
8. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол цалин болон НДШ, ХХОАТ-ын нийт 25,917,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,536 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас гэм хорын хохиролд 2024.11.01-ээс 2025.05.14-ийг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт 25,917,300 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,536 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Н.БАЯРБААТАР
С.НАСАНБУЯН