| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00314/И |
| Дугаар | 315/ШШ2025/00439 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ...-р баг, ... айлын орон сууцны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******т холбогдох,
2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин 20,541,576 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 2,965,827 төгрөг, хүн амын орлогын албан татварт 2,282,397 төгрөг нийт 25,789,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгч: Ч.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: Р.*******
Хариуцагчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Р.*******т холбогдуулан 2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин 20,541,576 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 2,965,827 төгрөг, хүн амын орлогын албан татварт 2,282,397 төгрөг нийт 25,789,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2024 оны орон нутгийн сонгуульд Уулбаян суманд ардчилсан нам олонх болсон. Уулбаян сумын сонгуулийн хорооны 2024.10.15-ны өдрийн 34 тоот тогтоол гарч Ардчилсан нам 11, Ардын нам 10 суудал авсан. 2024.11.01-нд орон нутгийн 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг хийж Ч.******* намайг Ардчилсан намаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нэр дэвшүүлж, олонхын санал авсан. Гэтэл Уулбаян сумын МАН-ын дарга, сумын засаг дарга Д.Амартайван нь иргэдийн хурлын тамгыг хуралдаан даргалагчийн ширээн дээрээс авч хуралд сонгогдсон 9 төлөөлөгчдийн хамт хуралдааныг орхин гарсан. Ингээд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай шүүгчийн захирамж гарснаар би бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон. Орон нутгийн сонгуулийн 9 дэх удаагийн анхдугаар хуралдаанаас Р.*******ын бүрэн эрхийг нь дуусгавар болгосон байхад ямар ч эрх зүйн акт, шийдвэргүйгээр 6 сар цалин авсан нь хууль зөрчиж, миний сонгогдох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Ийм учраас Р.*******ыг хууль бусаар ажиллаж төрөөс цалин авч, миний сумын ИТХ-ын даргаар ажиллаж авах байсан цалинг авч, намайг хохироосон гэж үзэж байгаа учраас цалин, НДШ, ХХОАТ зэрэг 25,789,800 төгрөг нэхэмжилж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын цалин 25,789,800 төгрөг бөгөөд үүнээс хүн амын орлогын албан татварт 2,282,397 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,965,827 төгрөг, өөрт 20,541,576 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын намын 10 суудал, Ардчилсан нам 11 суудал авсан боловч АН-ын төлөөлөгч овогтой нь Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2.18 дахь заалтыг илтэд зөрчиж төлөөлөгчөөр сонгогдсоныг Уулбаян сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 36-р тогтоолоор 2024 оны 10 сарын 15-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 24-р тогтоолын хавсралт дахь А.д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан тул тухайн цаг үед АН олонх болоогүй бүрэлдэхүүнтэйгээр анхдугаар хуралдаанаа хийсэн учраас МАН-аас сонгогдсон төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдааныг орхин гарч хууль бус хуралдааны талаар болон хууль зөрчсөн А.д холбогдох гомдлоо МАН-аас сонгогдсон төлөөлөгч нар нийт сонгогчдын эрх ашгийг төлөөлж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 122/Ш32025/0005 дугаар захирамжаар анхдугаар хуралдааны шийдвэрүүд болох Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 3 дугаартай, ИТХ-ын даргыг чөлөөлөх тухай 4 дугаартай, ИТХ-ын даргыг батлах тухай 5 дугаартай тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлсэн. Тиймээс Р.******* миний бие хуулийн хүрээнд шүүхээс гарсан шийдвэрүүдийг хүндэтгэж тухайн цаг хугацаанд хууль ёсны дарга хэвээр байсан бөгөөд хуулийн үндэслэлгүй хүнтэй ажлаа хүлээлцэх боломжгүй байсан. Ажлыг хүлээлгэн өгөх эрх зүйн нөхцөл нь дээд шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 2025 оны 05 сарын 07-ны өдөр албан ёсоор ажлаа, тамгаа хүлээлгэн өгсөн. Би тухайн үед хүчин төгөлдөр албан тушаалтны хувиар байгууллагын тамгыг хуульд заасан журмын дагуу хадгалж хамгаалах үүрэгтэй. Түүнчлэн тамга нь албан бичигт хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг хангадаг тул шүүхийн шийдвэр гартал шилжүүлж өгөх боломжгүй байсан. Ажлаа хүлээлцээгүй үндэслэлээр цалин хохирол нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.11.01-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06 дугаартай тогтоолууд, ИТХ-ын даргын 2024.11-2025.04 сарын цалингийн тооцооны хүснэгт, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай захирамж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг,
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын сонгуулийн хорооны 2024.10.31-ний өдрийн 36 дугаартай тогтоол, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.01.06-ны өдрийн 122/ШЗ2025/0005 дугаартай, 2025.01.17-ны өдрийн 122/ШЗ2025/0015 дугаартай захирамж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.19-ний өдрийн 122/ШШ2025/0006 дугаартай шийдвэр, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024.12.30-ны өдрийн А/37 дугаартай, 2025.02.12-ны өдрийн А/02 дугаартай, 2025.03.12-ны өдрийн А/03, А/04 дугаартай, 2025.04.26-ны өдрийн А/06 дугаартай захирамжууд, Уулбаян сумын ИТХ-ын ажилчдын цагийн 2024 оны 01, 02, 03 сарын баланс, 01-04 сарын ажлын цагийн бүртгэл зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраас Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай хэргээс флашинд буулгасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга авч гарсан бичлэгийг хуулбарлан авч хавтаст хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Р.*******т холбогдуулан 2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин 20,541,576 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 2,965,827 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 2,282,397 төгрөг нийт 25,789,800 төгрөг гаргуулах тухай Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Орон нутгийн сонгуулийн 9 дэх удаагийн анхдугаар хуралдаанаас Р.*******ын бүрэн эрхийг нь дуусгавар болгосон байхад ямар ч эрх зүйн акт, шийдвэргүйгээр 6 сар ажиллаж цалин авсан нь хууль зөрчиж, миний сонгогдох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Ийм учраас Р.*******ыг хууль бусаар ажиллаж төрөөс цалин авч, миний сумын ИТХ-ын даргаар ажиллаж авах байсан цалинг авч намайг хохироосон гэж үзэж байгаа учраас цалин, НДШ, ХХОАТ-ын нийт 25,789,800 төгрөг нэхэмжилж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын цалин 25,789,800 төгрөг бөгөөд үүнээс хүн амын орлогын албан татварт 2,282,397 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2,965,827 төгрөг, өөрт 20,541,576 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
4. Хариуцагч нь Р.******* ажлыг хүлээлгэн өгөх эрх зүйн нөхцөл нь дээд шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 2025 оны 05 сарын 07-ны өдөр албан ёсоор ажлаа, тамгаа хүлээлгэн өгсөн. Би тухайн үед хүчин төгөлдөр албан тушаалтны хувиар байгууллагын тамгыг хуульд заасан журмын дагуу хадгалж хамгаалах үүрэгтэй. Түүнчлэн тамга нь албан бичигт хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг хангадаг тул шүүхийн шийдвэр гартал шилжүүлж өгөх боломжгүй байсан. Ажлаа хүлээлцээгүй үндэслэлээр цалин хохирол нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй гэж татгалзсан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч Ч.*******г Уулбаян сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны 2024.11.01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.4 хувийн саналаар Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар баталсан.
5.2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ний өдрийн 122/ШЗ2024/0136 дугаартай захирамжаар Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024.11.01-ний өдрийн 05 дугаартай тогтоолын биелэлтийг захиргааны хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тус шүүхийн 2025.05.12-ны өдрийн 122/ШШ2025/0009 дугаартай шүүгчийн захирамжаар уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч нь ИТХ-ын шийдвэрээр олонхын санал авч Уулбаян сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдох болзлыг хангасан байхад бүрэн эрхийн хугацаа нь дууссан хуучин Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын тамга өгөлгүй, авч зугтаан, ажлаа хүлээлгэж өгөөгүй хууль бус үйлдлийн улмаас миний ажиллаж авах байсан цалин хөлсийг авч надад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж хариуцагчаар Р.*******ыг тодорхойлсон нь нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлж ирүүлээгүй гэж шүүх үзлээ.
Учир нь: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар байна.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* Ч.*******д цалинг олгох нь зүйтэй. гэх дүгнэлтийг гаргав.
8. Хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар цалин 20,541,576 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 2,965,827 төгрөг, хүн амын орлогын албан татварт 2,282,397 төгрөг нийт 25,789,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,899 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.*******аас 2024.11.01-ээс 2025.05.12-ыг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт 25,789,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,899 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Н.БАЯРБААТАР
С.НАСАНБУЯН