Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 315/ШЗ2025/01703

 

 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...-р баг, Жаргалантын ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******гийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..-р баг, ... ... тоотод оршин суух, утас *******, *******ы *******д холбогдох,  

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт авто машины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******

Хариуцагч: Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч С.******* нь, хариуцагч Х.*******д холбогдуулан авто машины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

2.1. Миний бие 2025.02.12-ны өдөр *******д аавынхаа эзэмшлийн ******* СҮҮ улсын дугаартай Kluger маркийн тээврийн хэрэгслийг зарсан. Тухайн үед аав Улаанбаатар хот руу эрүүл мэндийн онош тодруулахаар явсан байсан. Тэгээд намайг үнэ тохирвол зараарай гэсэн. ******* нь машинаа авахдаа шалгаж, унаж үзээд авсан. Гэтэл одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

3. Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь С.******* гэдэг хүнээс Kluger маркийн авто машиныг аман гэрээгээр худалдан авсан. Уг машин нь намайг авснаас хойш 4 хоног яваад мотор нь цохисон. Би анх авахдаа шинэ мотортой гэж ойлгож авсан. Тэгээд засварчинд шалгуулахад боож тавьсан мотор халалт үүсээд зуурсан байна гэсэн. Тиймээс моторын үнэ 4,000,000 төгрөг, ажлын хөлс 500,000 төгрөгийг хасаж тооцох саналтай байна гэв.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөг төлсөн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.  

5. Хариуцагчаас хариу тайлбар, ******* СҮҮ улсын дугаартай Toyota Kluger маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт авто машины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

2. Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Х.*******д худалдан борлуулсан ******* СҮҮ улсын дугаартай Kluger маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Дамдинсүрэнгийн *******а болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. (хх 8-9, 30х) 

3. Харин нэхэмжлэгч С.******* нь Д.*******ыг төлөөлж, түүний өмчлөлийн автомашиныг бусдад худалдан борлуулж, тус гэрээний үүргийг шаардах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

4. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан ...Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон тул С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт авто машины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Х.*******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт авто машины үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.БОЛОРМАА