Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, хохирогч Р.С, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810003080295 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Багануур дүүргийн шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б 2017 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хороололд хохирогч Р.С-ыг таксигаар үйлчилж хүргэхдээ мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох цүнхтэй шүрэн толгойтой, гартааман хөөргийг завшсаны улмаас 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Р.С: “...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би такси барьсан. Би хүрэн цүнхэндээ хөөргөө хийгээд явж байсан. Тэгээд цүнхээ мартаад буусан. Би дансаар тооцоо хийнэ гээд тухайн таксины жолоочийн дансны дугаар, утасны дугаар зэргийг нь тэмдэглээд авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Арав орчим хоногийн дараа над руу хүн залгаад “таны бичиг баримтыг олсон, та 50.000 төгрөг өгөөд ав” гэж хэлсэн. Би хүүхэд рүүгээ яриад “миний бичиг баримтыг авчих, хөөргийг нь асуугаарай” гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт авах үед хөөргийг маань өгөөгүйд гомдолтой байна. Хөөргөний үнэлгээний 8.000.000 төгрөг, бичиг баримтаа авсан 50.000 төгрөг, нийт 8.050.000 төгрөг нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч О.Б: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой хохирогчийг аваад Туулын талд хүргэж өгөхөд мөнгө байхгүй гээд миний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд цааш явж байгаад замаасаа хоёр эмэгтэй хүн авахад тэр хоёр энд цүнх байна гээд хохирогчийн үлдээсэн цүнхийг надад өгсөн. Цүнхэн дотор хөөрөг байсан. Би тэр өдөр явж байгаад машинаа мөргөлдүүлээд мөнгө хэрэгтэй болохоор нь хөөргийг нь Урт цагааны тэнд 200,000 төгрөгөөр зарсан. Дараа нь бичиг баримтыг нь 50,000 төгрөгөөр хохирогчийн охинд буцааж өгсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Р.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө рестораны гаднаас таксинд суугаад Вива Сити хороололд байдаг хүргэн Батбилэгийнд очихдоо сууж явсан Тоёота приус маркийн машинд хүрэн өнгийн жижиг гар цүнхтэй машины бичиг баримт, жолооны үнэмлэх, хар хүрэн өнгийн даалинтай шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын, гүйдэлтэй гартааман хөөрөг орхиж буусан байсан. Би тухайн таксины мөнгийг өгөхөөр хүргэн Батбилэгийн гэр рүү орчихоод гараад ирэхэд миний сууж ирсэн такси явчихсан байсан. Таксины жолооч надад утасны дугаараа өгсөн болохоор тэр дугаараар нь холбогдож асуухад надад машин байхгүй, би таксинд явдаггүй, мэдэхгүй гэж хэлсэн. ...Миний гар утас руу танихгүй хүн залгаад “Манай хүүхэд бичиг баримт олсон байна” гэж хэлэхээр нь хаанаас олсон бэ гэхэд Цэцэрлэгт хүрээлэнгийн хойноос олсон гэж хэлэхээр нь манай охин очиж Б гэх хүнээс 50,000 төгрөгөөр авсан...” /хх-ийн 24-28/ гэсэн,

 

Гэрч Н.Нарангарав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...10-16 УНД улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Уг машиныг миний нөхөр А.Б, хүү Б.Шинэхүү нар унадаг. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийн найз О.Б миний машиныг унаад таксинд явсан. ...О.Б миний машиныг барьж яваад хүний мартаж буусан хөөргийг зарчихсан гэж хэлж байсан...” /хх-ийн 34-36/ гэсэн,

 

Гэрч Г.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б гэдэг хүн цагаан сарын дараа би танд хөөрөг зарсан, тэр хөөрөг байна уу гэж хэлээд орж ирсэн. ...Б гэх хүнээс жижиг гартааман чулуугаар хийсэн жижиг шүрэн толгойтой хөөрөг байсан, би уг хөөргийг 200,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Уг хөөрөгний толгой 2 см-аас бага хэмжээтэй байсан, би тухайн хөөргийг 350,000 төгрөгөөр явуулын хүнд зарсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч С.Өлзийбуян мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим аав залгаад “удахгүй тарах гэж байна, такси бариад очьё” гэж хэлсэн. Тэгээд аав ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад авахгүй байж байгаад над руу буцаад залгачихаад ярихгүй цаанаа нэг хүнтэй юм яриад байсан. Тэгээд удалгүй гэрт орж ирэхдээ цүнхгүй орж ирээд таксинд мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би таксины мөнгө аваад гарахад такси байгаагүй. Би эргэж орж ирээд цүнхээ яасан талаар лавлахад саяны таксинд байгааш дээ гэж хэлсэн...” /хх-ийн 60-62/ гэсэн,

 

Гэрч Б.Номинтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав найзынхаа машинаар таксинд явж байгаад хөөрөг олоод, тэр хөөргөө урт цагаан дээр зарсан гэж хэлсэн...” /хх-ийн 63-64/ гэсэн,

 

Гэрч И.Энэбиш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Р.С нь гартааман судалтай, хар ногоон өнгийн, шүрэн толгойтой, хуучийн цагийн хөөрөг эдэлж хэрэглэдэг байсан...” /хх-ийн 80-81/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таксинд явж байгаад Цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос 50 орчим насны эрэгтэй хүн аваад Вива сити хороолол руу хүргэж өгсөн. Таксины мөнгө 7,000 төгрөг гарсан боловч тухайн хүнд бэлэн мөнгө байхгүй байсан болохоор өөрийн данс руу мөнгө хийлгэж авсан. Тэгээд тэр  хүн өөрөө буугаад явсан, дараа нь хоёр эмэгтэй хүн суугаад арын суудал дээр мартаж буусан цүнхийг надад өгсөн. Тэгээд цүнхийг үзтэл саарал өнгийн хөөрөг, хоёр машины бичиг баримт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлүүд байсан. ...Маргааш нь би А.Бийн машиныг авч таксинд явж байхдаа осол гаргасан бөгөөд машиныг засуулах гэхээр мөнгө олдохгүй байсан учир тухайн хөөргийг урт цагаан дээр нэг эмэгтэй хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Ойролцоогоор 5-6 хоногийн дараа цүнхэн дотор байсан нэрийн хуудасны дугаараар залгаж бичиг баримтаа ирж аваарай гэж хэлээд 50,000 төгрөгөөр бичиг баримтыг нь өгсөн...” /хх-ийн 72-73/ гэсэн мэдүүлгүүд,

 

-  Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/,

- Шүүгдэгч О.Б-ийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-48, 67-68/,

- 10-16 УНД дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-52/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хороололд хохирогч Р.Сыг таксигаар үйлчилж хүргэхдээ мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох цүнхтэй шүрэн толгойтой, гартааман хөөргийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 8,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Сын “...2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө рестораны гаднаас таксинд суугаад Вива Сити хороололд буухдаа машинд хүрэн өнгийн жижиг гар цүнхтэй машины бичиг баримт, жолооны үнэмлэх, хар хүрэн өнгийн даалинтай шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын, гүйдэлтэй гартааман хөөрөг орхиж буусан байсан. ...Миний гар утас руу танихгүй хүн залгаад “Манай хүүхэд бичиг баримт олсон байна” гэж хэлэхээр нь хаанаас олсон бэ гэхэд Цэцэрлэгт хүрээлэнгийн хойноос олсон гэж хэлэхээр нь манай охин очиж Б гэх хүнээс 50,000 төгрөгөөр авсан...” /хх-ийн 24-28/ гэсэн,

Гэрч Г.Наранцацралийн “...Цагаан сарын дараа Б гэдэг хүн ирээд би танд хөөрөг зарсан, тэр хөөрөг байна уу гэж хэлээд орж ирсэн. ...Б гэх хүнээс гартааман чулуугаар хийсэн жижиг шүрэн толгойтой хөөрөг байсан, би уг хөөргийг 200,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Уг хөөрөгний толгой 2 см-аас бага хэмжээтэй байсан, би тухайн хөөргийг 350,000 төгрөгөөр явуулын хүнд зарсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

Шүүгдэгч О.Бийн “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таксинд явж байгаад Цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос 50 орчим насны эрэгтэй хүн аваад Вива Сити хороолол руу хүргэж өгсөн. ...Тэгээд тэр  хүн өөрөө буугаад, дараа нь хоёр эмэгтэй хүн суугаад арын суудал дээр мартаж буусан цүнхийг надад өгсөн. Тэгээд цүнхийг үзтэл саарал өнгийн хөөрөг, хоёр машины бичиг баримт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлүүд байсан. ...Тухайн хөөргийг урт цагаан дээр нэг эмэгтэй хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Ойролцоогоор 5-6 хоногийн дараа цүнхэн дотор байсан нэрийн хуудасны дугаараар залгаж бичиг баримтаа ирж аваарай гэж хэлээд 50,000 төгрөгөөр өгсөн...” /хх-ийн 72-73/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Р.С түүний машинд хөөрөг, бичиг баримттай гар цүнхээ үлдээж буусныг буцааж өгөлгүй цүнхэн дотор байсан шүрэн толгойтой, гартааман хөөргийг бусдад зарж борлуулсан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Сын эд хөрөнгөд 8,000,000 /хх-ийн 41-42/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд О.Б нь гар цүнх, бичиг баримтыг “Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуунаас олсон, 50,000 төгрөг өгөөд аваарай” гэж хохирогч Р.Ст өгсөн, Р.С бичиг баримт, цүнхээ авсан 50,000 төгрөгөө нэхэмжилнэ гэснээс үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид нийтдээ 8,050,000 төгрөгийн хохирол учирсан нь төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээд болох О.Бөөс гаргуулж, хохирогч Р.Ст олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч О.Бийн үйлдэлд тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлөгдөөгүй нөхцөл, ажил хөдөлмөр эрхэлдэггүй түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810003080295 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч О.Б-ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оюуны Бийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с 8,050,000 /найман сая, тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Р.С -т олгосугай.

 

6. Эрүүгийн 1810003080295 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР